| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/02734/и |
| Дугаар | 1246 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 1246
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/01246 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ч.С-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:С.Г-д холбогдох
Орон сууцнаас албадан гаргуулж, барьсан өргөтгөлийг буулгуулах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай,
Шударга эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулах тухай С.Гын сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.С, түүний өмгөөлөгч Г.Мядагбадам, хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч С.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2012 оны 3 сард С.Гоос 15 000 ам долларыг, сарын 10 хувийн хүүтэй, хоногийн 1 хувийн алдангитайгаар зээлж авсан бөгөөд тус мөнгийг төлж чадалгүй үндсэн зээл, хүү, алданги нийлээд 26 500 ам доллар болсон.Тэр үед С.Г миний өмчлөлийн 2 өрөө байрыг нийт 47 500 ам доллараар авна гээд урьдчилгаа байрны төлбөрт дээрх зээл болох 26 000 ам долларыг авсан гэж үзэн үлдэгдэл 21 500 ам долларыг С.Гоос авахаар тохиролцсон боловч өгөхгүй байна.Үүнээс хойш надад мөнгө өгөхгүй байсаар 3-4 сарын дараагаар хүнээс мөнгө зээлээд өгье гээд 5000 ам долларыг, 20 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн алдангитайгаа 25 000 ам доллар болсон гэсээр ажил дээр ирж хүчээр 23 750 ам долларын гэрээ болгон нотариатаар батлуулсан, хуурамч гэрээгээ шүүхэд өгч бэлэн мөнгө авсан гэж 3 шатны шүүхийн шийдвэр гаргуулж 45 000 000 төгрөг гаргуулахаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан.Би 23 750 ам долларын хуурамч гэрээ хийлгэхээс өмнө С.Гын эхнэрийн дансанд болон бэлнээр 5000 ам долларын хүүнд 2 сая гаруй төгрөг төлж байсан, 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр надтай С.Г худалдах, худалдан авах гэрээний нөхцлийн талаар тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан боловч тухайн жилийн 5 дугаар сарын 9-ний дотор 4500 ам доллар, үлдэгдэл 7500 ам долларыг төлөх, Санзай дах зуслангийн гэр байшинг газрын хамт өгөхөөр тохиролцсон боловч эдгээр мөнгөө өгөлгүй 4 жилийн миний байранд амьдарч банкны зээлээ ч төлөхгүй миний өмчлөх эрхийг зөрчиж байна.Санзайн зусланд байгаа гэр байшинг газрын хамт миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч 2012 оны 6 сарын сүүлчээр газар дээр нь очиж үзэхэд газрын гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байсан.Үлдсэн мөнгө болон газраа шилжүүлж өгөөгүй ба энэ талаарх нотлох баримт байхгүй байхад удаа дараа цагдаа, прокуророор явж эрүүгийн хэрэг нь иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаа байна гэж хэрэгсэхгүй болсон.С.Г намайг удаа дараа худал гүтгэж байсан ба цагдаад мэдүүлэхдээ 75 000 000 төгрөгийг би Сандаг-Очирт өгсөн гэж гүтгэсэн.С.Г үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учраас Худалдаа хөгжлийн банкны зээлийг тасралтгүй төлж 18 560 000 төгрөгийг төлж байна.Би орон сууцны зээлтэй ба энэ зээлийг хааж чадахгүй байгаа учраас дахин орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй тул 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл сард 600 000-800 000 төгрөг төлж түрээсийн байранд амьдарч 4 жилийн хугацаанд дундажаар бодоход 28 000 000 төгрөг болж байна.Иймд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат байранд хууль бусаар амьдарч байгаа С.Гыг байрнаас албадан гаргаж өгнө үү, дур мэдэн хийсэн өргөтгөлийг албадан буулгах, банкны зээлд төлсөн болон миний байранд түрээсээр 4 жил амьдарсан 28 000 000 төгрөг нийт 46 560 000 төгрөгийг С.Гоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би С.Гтой 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 54-А байрны 6 тоотыг 47 500 доллараар худалдаж авахаар худалдах,худалдан авах гэрээ байгуулсан.Гэрээгээр С.Гоос өмнө нь зээлсэн байсан 15.000 долларын хүү алданги болох 26.500 долларыг байрны урьдчилгаанд өгснөөр тооцож, байрны үлдэгдэл 4.500 доллар, 7.500 доллар, Санзайд байрлах газар, гэр байшинг шилжүүлж өгөхөөр С.Гтой харилцан тохиролцсон боловч үлдэгдэл мөнгөө ч өгөөгүй, Санзайд байрлах газар, гэр байшин нь С.Гын нэр дээрх хөрөнгө биш байсан. Гэвч С.Г байрны мөнгөө өгсөн гэж надад эрүүгийн хэрэг үүсгүүлэн цагдаагаар шалгуулсан бөгөөд хэрэг нь хэрэгсэхгүй болсон.Би өнөөдрийг хүртэл Худалдаа хөгжлийн банкинд ипотекийн зээлэнд 23.500.000 төгрөг төлж, байрны зээлэнд хамрагдаж чадахгүй, түрээсийн байранд амьдарч байна.С.Г үлдэгдэл мөнгөө өгөөгүй тул өөрийн бүртгэлтэй орон сууцнаас С.Гыг албадан гаргуулах, С.Гын байрны урьдчилгаанд төлсөн 26.500 долларыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд өргөтгөлийг нураалган хуучин хэвэнд нь оруулах хүсэлтэй байна. Байрны үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байдлаас болж түрээсийн байранд амьдарч, түрээсэнд 23.060.000 төгрөг төлсөн.Хэрвээ би байраа С.Гоос авбал ипотекийн зээлэнд төлсөн 23.500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй бөгөөд байр түрээслэсэн 23.060.000 төгрөгийг С.Гоос гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа:Би Ч.Соос худалдан авсан орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй залилуулсан тухай 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, хэрэг дуусаагүй улсын прокурорын газар шалгагдаж байхад Ч.С удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Иргэний шүүхийн журмаар гурван шатны шүүхээр надад төлөх ёстой шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэжээ.
Хариуцагч С.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ч.Стой 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний 54-А байрны 6 тоотыг 47 500 доллараар худалдан авахаар тохиролцсон.Би тухайн үед нь 26 500 долларыг Ч.Ст бэлнээр өгсөн, удалгүй Ч.Ст 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4.500 доллар, 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 7.500 долларыг тус тус бэлнээр хүлээлгэн өгсөн.Мөн Ч.Ст Санзайд байрлах газар, гэр байшинг санал болгоход авахгүй байсан учраас 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр оронд нь 9.000 доллар өгч, байрны түлхүүрийг нь авч байрандаа нүүж орсон.Тэгэхэд Ч.С нь 5, 6 тоотын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад цуг өгсөн бөгөөд 2 хоногийн дараа ирээд байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гээд бичиг баримтуудыг авч яваад түүнээс хойш зугтааж эхэлсэн гэв.
Хариуцагч С.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Би 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Ч.Стой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 47 500 ам доллар буюу 62 598 535 төгрөгийг бүрэн төлж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54-А байрны 6 тоот орон сууцанд нүүж орсноос хойш Ч.С нь тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохгүй, санаатайгаар Худалдаа Хөгжлийн банкны барьцаанд тавьсан байх тул шударга эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулах шаардлага гаргаж байна.Би худалдах, худалдан авах гэрээнд заасан ёсоор 26 500 ам долларыг гэрээ байгуулсан өдөр төлсөн, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бэлнээр Ч.Ст өгсөн, үлдэгдэл 9000 ам долларыг 2012 оны 5 дугаар арын 24-ны өдөр бэлнээр өгч байрны түлхүүр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад байрандаа нүүж орсон.Ч.С үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2 хоногийн дараа нэр дээр шилжүүлж өгнө гэж буцааж аваад шилжүүлж өгөлгүй банкны барьцаанд байлгаж байна гэжээ.
Хариуцагч С.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ч.Ст мөнгийг нь төлж, байрандаа орсон.Иймд намайг 54-А байрны 6 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож, Ч.Соос байрны гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү, Би тухайн үед Ч.Ст итгээд удахгүй байрны гэрчилгээг шилжүүлж өгөх байлгүй гэж бодож мөнгийг нь өгсөн.Тэгээд байрны гэрчилгээ болон зээлсэн мөнгөө Ч.С өгөхгүй байсан учраас шүүх цагдаагаар шалгуулсан. Би байрны үнийг нь төлж, байрандаа 2012 оноос хойш амьдарч байгаа тул байрыг чөлөөлж өгөхгүй, доод болон дээд давхарын айлууд манайхыг байрандаа өргөтгөл хийхийг шахаж шаардсан тул өргөтгөлийг бариулсан гэв.
Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан тайлбартаа:С.Гын нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд 4500 ам доллар, 9000 ам доллар өгсөн гэж худлаа мэдүүлж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Г надаас байр худалдаж авсан үлдэгдэл мөнгөө өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй.С.Г олон жил намайг цагдаа сэргийлэхээр шалгуулж хохироосон.С.Г гэрээний үүрэг болох 4.500 доллар, 7.500 доллар, Санзайд байрлах газар, гэр байшингаа надад шилжүүлж өгөөгүй бөгөөд санал болгосон үл хөдлөх хөрөнгө нь С.Гын нэр дээрх хөрөнгө биш байсан.Тухайн үед С.Гтой хамт ажиллаж байсан учраас байрны түлхүүрээ өгч, байрандаа оруулсан, 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23.550 долларын гэрээг С.Г надаар хүчээр хийлгэсэн бөгөөд энэ маргаан нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, энэ асуудал нэгэнт 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн учраас энэ талаар дахиж ярих шаардлагагүй гэж бодож байна. Байрны гэрчилгээг С.Г гэртээ 2 хонуулсан гэж яриад байна.Би гэрчилгээг Худалдааны Хөгжлийн банкнаас зээлийн төлөлт дуусаагүй байхад авах боломж байхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.С хариуцагч С.Год холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай 45 метр квадрат орон сууцыг С.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, дур мэдэн хийсэн өргөтгөлийг албадан буулгах, 46 560 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч С.Г Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай 45 метр квадрат талбай бүхий орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргаж өгөхийг Ч.Ст даалгах тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч С.Г үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж зохигчид маргаж байх бөгөөд шүүх дараах үндэслэлээр Ч.Сын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, С.Гын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ч.С нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай, 45 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000166772 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Ч.С нь Б.Мөнхтуяагийн хамт Худалдаа хөгжлийн банкнаас 99 000 000 төгрөгийг, жилийн 13,8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай, 45 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 5 тоотод байршилтай, 79 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийг тавьсан болох нь Ч.С, Б.Мөнхтуяа нарын Худалдаа хөгжлийн банктай 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 157 дугаартай орон сууцны зээлийн гэрээ болон иргэдэд үйлчлэх автомат машины 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Ч.С, Б.Мөнхтуяа нар Худалдаа хөгжлийн банкнаас 36 855 000 төгрөгийг, 159 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай, 45 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг тавьсан болох нь Ч.С, Б.Мөнхтуяа нарын Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээ болон иргэдэд үйлчлэх автомат машины 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Ч.С 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр С.Гтой худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх бөгөөд энэхүү гэрээнд “Ч.С би өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат, 2 өрөө орон сууцыг С.Год 47 500 ам доллараар худалдаж байгаа бөгөөд 26 500 ам долларыг бэлэнээр төлсөн ба 2012 оны 5 дугаар сарын 9-ний дотор 4500 ам доллар, үлдэгдэл 7000 ам долларыг байрны гэрчилгээ шилжүүлэх үед төлөх ба Санзайн зуслан дах гэр байшинг газрын хамтаар миний нэр дээр шилжүүлэн өгнө” гэж тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан хэлцэл хийгдсэн байна.
Иргэний 243 дугаар зүйлийн 243.1-т худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Би С.Гтой 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж дээрх тохиролцоог хийсэн гэхдээ С.Г надад тухайн өдөр орон сууцны үнээс 26 500 ам долларыг бэлэнээр өгөөгүй, би С.Гоос 2011 оны сүүлчээр 15 000 ам долларыг зээлж аваад эргүүлж төлж чадаагүйн улмаас хүү, алдангийн хамт 26 500 төгрөг болсон гээд үүнийг орон сууцны үнийн урьдчилгаанд өгснөөр тооцож, С.Г үлдэгдэл 4500 ам доллар, 7000 ам долларыг надад одоо болтол өгөөгүй, Санзайн зуслан дах гэр байшинг очиж үзэхэд С.Гын нэр дээр байгаагүй, мөн 9000 ам доллар ч надад өгөөгүй тул би дээрх гэрээнээс татгалзаж байгаа гэж нэхэмжлэгч Ч.С тайлбарлаж байна.
Би Ч.Стой 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат, 2 өрөө орон сууцыг 47 500 ам доллараар худалдан авч, 26 500 ам долларыг бэлэнээр өгч, 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 4500 ам доллар, 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 7500 ам долларыг Ч.Ст өгсөн, Ч.Ст Санзайд байрлах гэр байшинг газрын хамт санал болгоход авахгүй гэсэн тул 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдөр 9000 ам долларыг Ч.Ст өгсөн гэж хариуцагч С.Г тайлбарлаж байна.
Хариуцагч С.Г Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот орон сууцанд 2012 оноос хойш амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх боловч тэрээр орон сууцны үнэ 47 500 ам долларыг Ч.Ст бүрэн төлж барагдуулсан тухайгаа баримтаар нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл С.Г нь худалдан авсан хөрөнгөө 2012 оноос хойш эзэмшиж байгаа боловч энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байх тул Ч.С Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч Ч.С Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан үндэслэлээр өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу С.Г нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж өгөх үүрэгтэй байх бөгөөд Ч.С нь орон сууцны үнийн урьдчилгаанд тооцсон 26 500 ам долларыг С.Год буцаан өгнө гэснийг дурдаж байна.
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Ч.С, С.Г нар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна.
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот орон сууцанд өргөтгөл барьсан гэж талууд тайлбарлаж байх боловч ямар зориулалтай, ямар хэмжээний өргөтгөл барьсан, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус байх бөгөөд энэхүү барилгын өргөтгөл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ямар байдлаар зөрчиж байгаа талаар үндэслэлтэй тайлбарлаагүй, энэхүү шаардлага нь баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар Ч.Сын Худалдаа хөгжлийн банкинд төлсөн орон сууцны зээлийн хүү 23 500 000 төгрөг, түрээсийн төлбөр 23 060 000 төгрөгийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй байна.
Ч.Сын Худалдаа хөгжлийн банкнаас авсан орон сууцны зээлийн гэрээнд С.Г оролцоогүй, Худалдаа хөгжлийн банкнаас авсан орон сууцны зээлийг хүүг С.Г төлөх үүргийг банк болон нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр хүлээгээгүй байхад түүнээс зээлийн хүү шаардах эрхгүй байна.
Мөн зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, талууд амаар ч үл хөдлөх хөрөнгө түрээслэх агуулга бүхий хэлцэл хийгээгүй байхад С.Г түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэггүй байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан байна.
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот орон сууцны өмчлөгч нь Ч.С болох нь баримтаар тогтоогдсон, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухайгаа С.Г нотлоогүй байхад түүний эзэмшил хууль ёсны байх боломжгүй байна.
Зохигчид 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хийгдсэн хэлцлээр “...үлдэгдэл 7000 ам долларыг байрны гэрчилгээ шилжүүлэх үед төлөх ба Санзайн зуслан дах гэр байшинг газрын хамтаар миний нэр дээр шилжүүлэн өгнө” гэж тохирсон боловч С.Г байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байж уг орон сууцны үнийг бүрэн төлсөн тухайгаа нотлох үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан байхад С.Гыг дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй, Ч.Сын өмчлөх эрх дуусгавар болоогүй байхад тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Год олгох үндэслэлгүй байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байхад С.Г нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй байх тул түүний эзэмшил хууль ёсны байх боломжгүй байна.
Эрхийн улсын бүртгэл үнэн, зөв байх зарчимд тулгаарлан хийгддэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж хуульд заасан байна.
Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хийгдсэн хэлцэлд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат, 2 өрөө орон сууцыг С.Год 47 500 ам доллараар худалдаж байгаа бөгөөд 26 500 ам долларыг бэлэнээр төлсөн ба 2012 оны 5 дугаар сарын 9-ний дотор 4500 ам доллар, үлдэгдэл 7000 ам долларыг байрны гэрчилгээ шилжүүлэх үед төлөх ба Санзайн зуслан дах гэр байшинг газрын хамтаар миний нэр дээр шилжүүлэн өгнө” гэж тохирсон атлаа худалдан авагч С.Г байрны гэрчилгээг шилжүүлж аваагүй байж үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна.
Иймд С.Г нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат, 2 өрөө орон сууцны шударга эзэмшигч байх боломжгүй байх бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг С.Гын нэр дээр гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгах үндэслэлгүй байна.
Ч.С нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот орон сууцыг 47 500 ам доллараар худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд С.Гоос 62 598 535 төгрөгийг хуурч мэхлэн авч өмчлөх эрхийг шилжүүлэхгүй залилан мэхэлж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 257 дугаар цагаатгах тогтоолоор Ч.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260004339 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Сыг цагаатгасан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 588 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 257 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 257 дугаар цагаатгах тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж зээлдэх шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 588 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ч.С шүүхэд 3 төрлийн шаардлага гаргасан байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 531 150 төгрөг төлөхөөс 750 800 төгрөг төлж 219 650 төгрөгийг дутуу илүү төлсөн байгааг, хариуцагч С.Г шүүхэд 2 төрлийн сөрөг шаардлага гаргасан байх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлөхөөс 474 000 төгрөг төлж 333 600 төгрөгийг илүү төлсөн байгааг тус тус буцаан гаргуулж, С.Гоос 70 200 төгрөгийг гаргуулан Ч.Ст олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ч.Сын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоот, 45 метр квадрат, 2 өрөө орон сууцыг С.Гын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг Ч.Ст хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Год үүрэг болгож, Ч.Сын өргөтгөлийн хэсгийг буулгуулах, 46 560 000 /дөчин зургаан сая таван зуун жаран мянган/ төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 54-А байрны 6 тоотод байршилтай 45 метр квадрат талбай бүхий орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргаж өгөхийг Ч.Ст даалгах тухай С.Гын сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хулаамжид нэхэмжлэгч Ч.Сын төлсөн 750 800 төгрөгөөс 531 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 219 650 /хоёр зуун арван есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг буцаан гаргуулж Ч.Ст, улсын тэмдэгтийн хураамжид С.Гын төлсөн 474 000 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 333 600 /гурван зуун гучин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг буцаан гаргуулж С.Год тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН