| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/02285/и |
| Дугаар | 02409 |
| Огноо | 2018-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 02409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, урт цагааны гудамж, тоотод оршин байх Г.Д ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, АОС тоотод оршин суух, Боржигин овогт Г М /РД:/-д холбогдох,
7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.М нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг манай байгууллагаас ямар нэг хүүгүйгээр зээлж авсан. Гэрээний хугацаа дууссан боловч тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Бид түүнээс зээлж авсан мөнгөө эргүүлж төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүйгээр тогтохгүй, холбоо барих утасны дугаар, гэрийн хаягаа өөрчлөн ор сураггүй алга болж, манай байгууллагын эрх ашгийг хохироосоор ирлээ. Иймд хариуцагчаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид зөвхөн хариуцагчтай гэрээ байгуулсан бөгөөд тэрээр авсан мөнгөө хаана, яаж зарцуулсан нь бидний хариуцах зүйл биш. Манай байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй гэжээ.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М би танайд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ би оргож бултсан зүйл байхгүй, оршин суугаа хаяган дээр 6 жил гаруй тогтвортой амьдарч байна. Г.Д ХХК-иас 5,000,000 төгрөгийн зээл авч цагдаагийн ажилтан н.Ц зээлж өгсөн тул би уг мөнгийг төлсөн гэж ойлгосон. Тэр үед өөрөөсөө шалтгаалаагүй том эрсдэлд орсон. Үүнийг н.Ц мэдэж байгаа, одоо ч гүйцэд гарч чадаагүй байна. Шүүхийн бичиг авснаас хойш түүнтэй уулзах гэсэн боловч утсаа авахгүй байна. Би уг мөнгийг төлж чадахгүй. Хэрэв н.Ц тус ХХК-ийг хохиролгүй болгохгүй бол миний нэр дээр лизингээр авсан “Хьюндэй аксент” машиныг өгье. Уг машиныг 11,900,000 төгрөгөөр авч “Хас” банкинд төлбөр, хүүгийн хамт төлсөн. Иймд н.Ц-ыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Г.М шүүх хуралдаанд гаргаан тайлбартаа: Би нэхэмжлэгч Г.Д ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан болон уг гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх тал дээр маргахгүй. Гэхдээ би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би н.Ц гэж Цагдаагийн ажилтанд хоёр ч удаа банкнаас зээл авч өгсөн бөгөөд уг зээлийн төлөлтийг н.Ц төлөхгүй байсан учир би банкны зээлийг төлж байсан. Ингээд н.Ц дээр очиж зээлээ төлөхийг шаардахад тэрээр надад 10,000,000 төгрөг өгсөн. Дараа нь би түүнд “банкны зээлийн хүүг төлөөч” гэхэд тэрээр надад “Г Д” ХХК буюу нэхэмжлэгч компанийг зааж өгөөд “тэр газраас очоод мөнгөө авчих” гэж хэлсэн. Ингээд би нэхэмжлэгч байгууллага дээр очиж 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулан авсан. Энэхүү мөнгийг би н.Ц нэхэмжлэгчид буцаан төлнө гэж ойлгоод гэрээг байгуулсан. Гэтэл тэрээр төлөөгүй юм байна. Нэгэнт н.Цогтбаярын заавраар би 5,000,000 төгрөгийг хүлээн авсан учир би нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д ХХК нь хариуцагч Г.М аас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг буюу үндсэн зээл 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Г.Д ХХК болон хариуцагч Г.М нар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлж авчээ. Шүүхээс талуудын хооронд энэхүү гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Хариуцагч Г.М дээрх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан болон гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлын үндэслэлээ “...уг зээлийн гэрээг би н.Ц-ын заавраар хийж, мөнгийг авсан тул гэрээний үүргийг би биш харин н.Ц гэх хүн хариуцна” гэж тайлбарлаж байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Нэгэнт хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй болохыг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.
Түүнчлэн, хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан №2015/4/26 тоот “Зээлийн гэрээ”-ний 3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага татгалзлаа нотлох үүрэгтэйгээр оролцдог бөгөөд хариуцагч Г.М ын нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг бусад этгээд хариуцах учиртай талаар баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.М -аас 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г д” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М аас 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ