| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ
улсын яллагч А.Баясгалан
шүүгдэгч Даваасамбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тар овогт Буянгийн Даваасамбууд холбогдох 2131000450032 тоот хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Монгол Улсын иргэн, 1955 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 66 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, Дархан Уул аймгийн Дархан сум, 8-р баг, Майхантолгой 1-р гудамж, 11-а тоотод оршин суух хаягтай,
Урьд Увс аймгийн шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154-р зүйлийн а-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,
Төв аймгийн Сум дундын 2-р шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Тар овогт Буянгийн Даваасамбуу, /РД:ОЮ55032811/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Даваасамбуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1-р баг, 3-р хэсэг, 68 тоотод хамтран амьдрагч А.Цолмонг нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь багалзуурдаж биед нь дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, хүзүү, цээжинд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, баруун гарын 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Даваасамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Даваасамбуу шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа,маргах зүйл байхгүй. Хохирогч А.Цолмонтой 2020 оны 8 дугаар сараас хойш хамт амьдарсан. ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн 3-р хэсгийн 68 тоотод хамтран амьдрагч А.Цолмонг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ маргааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь багалзуурдаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Хохирогч А.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Даваасамбуу бид хоёр гэртээ байсан бөгөөд тэр өдөр манай бэр, ач нар маань ирэхдээ бид хоёрт хоёр литрийн савлагаатай “сөжү” гэх нэртэй Солонгос архи өгсөн. Би уг архинаас хоёр хундага л уусан. Тэр архины хагасыг нь уучихаар нь би үлдсэнийг нь уулгахгүй гээд авчихсан. Тэгсэн тэр бага зэрэг уурлангуй байхаар нь гэртээ байсан 0.33 литрийн “Хараа” архийг гаргаад хуваагаад ууж эхэлсэн. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан. Тэр архийг ууж эхлэхдээ бид хоёр хөзөр тоглосон бөгөөд түүний уур нь нэг л гарч өгөхгүй над руу уурлаад, намайг хүнтэй холбож хардаад, хэрүүл хийгээд байсан. Би өөдөөс нь зүгээр байгаагүй мөн л хэдэн үг хэлтэл, миний цээж рүү хуруугаараа хатгахаар нь би цочсондоо өөдөөс нь барьж байсан архины хундагыг шидтэл уг хундага хөмсөгнийх нь тэнд цохигдсон. Тэгтэл тэр бүүр их уурлаад гараараа баруун хацар руу хоёр удаа, зүүн хацар руу гурван удаа цохисон. Мөн хоолой багалзуурдсан. Тэгэхээр нь би түүнээс “бие засмаар байна. гармаар байна” гэж хэлтэл намайг тавихгүй байсан. Удалгүй тэр “хутга авна” гэж хэлээд намайг тавиад босохоор нь би гэрээсээ гараад хашаандаа байхдаа цагдаа дуудсан. Цагдаа удалгүй ирсэн бөгөөд бид хоёрыг суулгаад намайг аймгийн Нэгдсэн эмнэлэг хүргэж үзүүлсэн. Харин Даваасамбууг цагдаагийн газар руу эрүүлжүүлэхээр аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Б.Даваасамбуу гэх хүнийг нь сайн мэдэхгүй. Дархан Уул аймгийн хүн юм шиг байсан. Төлөв томоотой гэмээр нэг хөгшин байсан. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.А.Цолмонгийн биед дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, хүзүү, цээжинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, баруун гарын 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.А.Цолмонгийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг үйлдсэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх дүгнэлт, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 48-60 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 68 дугаар хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Даваасамбуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1-р баг, 3-р хэсгийн 68 тоотод гэртээ хамтран амьдрагч А.Цолмонг нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь багалзуурдаж эрүүл мэндэд нь дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, хүзүү, цээжинд цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, баруун гарын 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Даваасамбуу шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа,маргах зүйл байхгүй. Хохирогч А.Цолмонтой 2020 оны 8 дугаар сараас хойш хамт амьдарсан. ...” гэх мэдүүлгээр,
Шүүгдэгч Б.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн 3-р хэсгийн 68 тоотод хамтран амьдрагч А.Цолмонг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ маргааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь багалзуурдаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр
Хохирогч А.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Даваасамбуу бид хоёр гэртээ байсан бөгөөд тэр өдөр манай бэр, ач нар маань ирэхдээ бид хоёрт хоёр литрийн савлагаатай “сөжү” гэх нэртэй Солонгос архи өгсөн. Би уг архинаас хоёр хундага л уусан. Тэр архины хагасыг нь уучихаар нь би үлдсэнийг нь уулгахгүй гээд авчихсан. Тэгсэн тэр бага зэрэг уурлангуй байхаар нь гэртээ байсан 0,33 литрийн “Хараа” архийг гаргаад хуваагаад ууж эхэлсэн. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан. Тэр архийг ууж эхлэхдээ бид хоёр хөзөр тоглосон бөгөөд түүний уур нь нэг л гарч өгөхгүй над руу уурлаад, намайг хүнтэй холбож хардаад, хэрүүл хийгээд байсан. Би өөдөөс нь зүгээр байгаагүй мөн л хэдэн үг хэлтэл, миний цээж рүү хуруугаараа хатгахаар нь би цочсондоо өөдөөс нь барьж байсан архины хундагыг шидтэл уг хундага хөмсөгнийх нь тэнд цохигдсон. Тэгтэл тэр бүүр их уурлаад гараараа баруун хацар руу хоёр удаа, зүүн хацар руу гурван удаа цохисон. Мөн хоолой багалзуурдсан. Тэгэхээр нь би түүнээс “бие засмаар байна. гармаар байна” гэж хэлтэл намайг тавихгүй байсан. Удалгүй тэр “хутга авна” гэж хэлээд намайг тавиад босохоор нь би гэрээсээ гараад хашаандаа байхдаа цагдаа дуудсан. Цагдаа удалгүй ирсэн бөгөөд бид хоёрыг суулгаад намайг аймгийн Нэгдсэн эмнэлэг хүргэж үзүүлсэн. Харин Даваасамбууг цагдаагийн газар руу эрүүлжүүлэхээр аваад явсан...” гэх мэдүүлгээр
Гэрч Б.Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Б.Даваасамбуу гэх хүнийг нь сайн мэдэхгүй. Дархан Уул аймгийн хүн юм шиг байсан. Төлөв томоотой гэмээр нэг хөгшин байсан. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Даваасамбууг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан” байхыг ойлгодог.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад уг хуульд хамаарах этгээдэд “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг” хамааруулахаар хуульчилсан.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дах заалтад зааснаар “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгодог.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж” гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамтран амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч Б.Даваасамбуу нь хохирогч А.Цолмонтой 2020 оны 08 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн хохирогч А.Цолмон нь гэр бүлийн баталгаа байхгүй, хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрүүлсэн, 2020 оны 01 дүгээр сараас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам согтуу тавьдаг болсон, хэд хэдэн удаа цагдаа дуудаж өгсөн, өмнө нь хэд хэдэн удаа гар хүрч зодож байсан, харин энэ удаа илүү их зодсон гэж хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар А.Цолмон, Б.Даваасамбуу нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс, Б.Даваасамбуу нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны дарамтад оруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Даваасамбуугийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч А.Цолмон нь эмчилгээний зардалд хэрэгт баримтаар нэхэмжилсэн 335.773 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Даваасамбуугаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Даваасамбуу нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.
Шүүгдэгч Б.Даваасамбууд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Даваасамбуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Даваасамбуу нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Даваасамбуугийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Б.Даваасамбууд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тар овогт Буянгийн Даваасамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасамбууг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Даваасамбууд шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Даваасамбууд мэдэгдсүгэй.
5. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Даваасамбуу нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч А.Цолмон нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 335.773 төгрөгийг шүүгдэгч Б.Даваасамбуугаас гаргуулан хохирогчид олгосугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ