| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/02947/и |
| Дугаар | 02573 |
| Огноо | 2018-08-14 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 02573
| 2018 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2018/02573 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дилав хутагт жамсранжав гудамж, байр, тоотод оршин суух, Б овогт Г.М /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дилав хутагт жамсранжав гудамж, байр, тоотод оршин суух, Ц овогт Б.А /РД:/-т холбогдох,
гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурадаанд гаргасан тайлбартаа: Г.М миний бие 2010 онд Б.А тай танилцаж, улмаар 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү М.Э төрсөн. Бид бие биетэйгээ үл ойлголцож, зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2015 оны 7 дугаар сарын 29-ний шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулсан. Бид 2017 оны 12 дугаар сараас эхлэн бие биенээ ойлгож, хамтдаа амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие 2010 онд Г.М тай танилцаж, улмаар 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү М.Э төрсөн. Бид үл ойлголцсон асуудлаас болж 2015 оны 8 дугаар сарын 12-ны Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Бид 2017 оны 12 дугаар сараас хамт амьдарч байгаа тул гэрлэлтээ сэргээлгэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.М болон Б.А нар нь 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болсон бөгөөд гэрлэгчдийн дундаас 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүү М.Э төрсөн байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/04711 дүгээр шийдвэрээр Г.М, Б.А нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ /хх 9-15 хуудас/.
2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Г.М нь гэрлэлтээ сэргээлгэхээр шүүхэд хандсаныг Б.А ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан.
Талууд гэрлэлт цуцалснаас хойшхи хугацаанд хоорондоо эвлэрч, улмаар 2017 оноос эхлэн нэг гэрт, хүүгийн хамт амьдарч байгаа нь, мөн хэн аль нь бусадтай гэр бүлийн харилцаанд дахин ороогүй байгаа нөхцөл байдал нь хүү М.Э эрүүл өсч бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Г.М, Б.А нар нэг хаягт бүртгэлтэй байгаа талаарх Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа”-нууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Г.М, Б.А нарын гэрлэлтийг сэргээж шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ” гэж заасантай харшлахгүй гэж шүүх дүгнэв.
Гэрлэлтийг сэргээх эсэх асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заагдсан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх асуудалд хамааралгүй учир мөн хуулийн 125 дугаар зүйлд заасан ердийн журмаар хянан шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Г.М /РД:/, хариуцагч Ц овогт Б.А /РД:/ нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ