Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0263

 

 

 

 

 

 

 

 

 

“М С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “М С” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0062

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М С” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 тоот шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3, 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 56 дугаар зүйлийн 56.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 441 дүгээр зүйлийн 441..1,  441..3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 дүгээр шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. ...Төрийн албанд цаг үеийн асуудлаар хэзээ ч, хэдэн цагт ч шуурхай ажил зарлаж оролцох боломжтой байдаг бөгөөд энэ болгонд албаны даргын тушаал гардаггүй. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заасны дагуу М С ХХК нь өнөөдрийг хүртэл газраа чөлөөлөөгүй.

3.2. М С ХХК нь орон сууц ашиглалтанд хүлээлгэж өгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн тохиолдолд эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч ашиглалтанд өгсөн тухайн орон сууцанд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй шалтгаанаар эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу газар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх буюу оршин суугчдын эрх ашигт шууд халдахаар заалттай тул сууц өмчлөгчдийн холбоог байгуулан эрхээ шилжүүлэх талаарх шаардлагыг тухайн компанид хүргүүлсэн.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, ...гэж заасантай нийцээгүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх ажиллагааг хэрэгжүүлээгүй. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс асуулт асууж, хариулт авах, хариу тайлбараа тайлбарлах, дүгнэлт хэлэх боломжийг шүүгч олголгүйгээр М С ХХК-д олгосон нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчиж, алдагдуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд үндэслэл, нотолгоогүйгээр хэт нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид давуу нөхцөл байдал олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, хэрэг маргааныг шийдвэрлэх үндэслэл болж буй баримт бичгийг бүрэн судлалгүйгээр үндэслэлгүйгээр захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                             

                                                              ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “М С” ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 тоот шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.  

4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “М С” ХХК-иас хариуцагчид хаяглан хүргүүлсэн хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984 тоот албан бичгээр “...тус газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно. Иймд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Танай компаниас газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул газрын төлбөрийг төлөхгүй гэсэн байна. ...тус баригдсан байранд амьдарч байгаа оршин суугчдын эрх ашиг хөндөгдөх тул холбогдох материалыг бүрдүүлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

5. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дээр дурдсан албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй төдийгүй нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байхаас гадна эдгээр хоёр албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч компаний ямар зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна.

6. Нэхэмжлэгч нь өөрт хамааралтай асуудлаар буюу өөрийн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхээс эрх зүйн хамгаалалтыг хүсэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус үйл ажиллагаа байна.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгч “М С” ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/5984, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01-09/6481 тоот шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                                    Д.ОЮУМАА

           ШҮҮГЧ                                                                    Н.ДОЛГОРСҮРЭН