Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 20

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070008 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                             Л.Отгончимэг

Иргэдийн төлөөлөгч:                                 М.Мөнхдулам

Улсын яллагч:                                             Ж.Бүрэнжаргал

Хохирогч:                                                Э.Өнөрболд

Шүүгдэгчийн  өмгөөлөгч:                         Ж.Цэцэгээ

Шүүгдэгч:                                                 Б.Мягмарсүрэн нар оролцов.

            Монгол Улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэр Мөнх-Эрдэнийн хамт /иргэний үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалантын 4 дүгээр гудамжны 6 тоот хашаа/, одоо Багануур дүүргийн 5 дугаар хороо Багагүний 11 дүгээр гудамжны 8 тоот хашаанд оршин суух, Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 2 жил 1 сар хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, СБ68081017 дугаарын регистертэй, Шаргачин овгийн Бадарчийн Мягмарсүрэн.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Мягмарсүрэн согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Багагүний 11 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байх иргэн Ө.Эрдэнэчимэгийн гэрт хохирогч Э.Өнөрболдыг “найзыгаа өмөөрлөө” гэж дургүйцэн түүний цээжний баруун тус газарт хутгаар нэг удаа хатгаж, хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 12 сарын 29-ний орой хөрш айлын Эрдэнэчимэг нь “хотоос гарч байна, хоол хийж байгаарай” гэж утсаар ярьсан. Эрдэнэчимэгийг хотоос ирэхэд нь түүнтэй хамт гэрт нь 0.75 граммын “Ерөөл” нэртэй архийг хувааж уусан байсан юм. Тэгээд Эрдэнэчимэгийн гэрт байж байтал Өнөрболд нь Оюун-Эрдэнэтэй хамт орж ирэхээр нь би гэртээ орсон. Би Оюун-Эрдэнийг танина. Эрдэнэчимэгийнд хоол хийх гэтэл хутга нь ир муутай байсан учир би гэрээсээ хутгаа авчирч, тэднийд хоол хийхээр буцаж орж ирсэн. Би Өнөрболдод Эрдэнэчимэгийн бие муутай дүүг нь битгий оролдоорой” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ?” гээд бид хоёр ноцолдож байхдаа Өнөрболдыг гэрээсээ авчирсан хутгаараа хатгачихсан. Харин хэрэг гарах үед манай эхнэр гэртээ орчихсон, Эрдэнэчимэг гараад явчихсан байсан. Тухайн үед Оюун-Эрдэнэтэй муудалцаж уурласан зүйл байхгүй. Хохирол дээр маргахгүй, ямар ч байсан төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Э.Өнөрболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Оюун-Эрдэнэ бид хоёр Жаргалантад айлд очиж архи уугаад Оюун-Эрдэнийн таньдаг ах болох Мягмарсүрэнгийнд очтол эзэнгүй байсан тул хөрш айл нь болох Эрдэнэчимэгийн гэрт ороход Эрдэнэчимэгийн бие муутай эмэгтэй дүү нь Буянжаргал гэх залуутай хамт байж байсан. Тэднийд ороод Мягмарсүрэнг хүлээж байтал гаднаас Мягмарсүрэн нь эхнэр болон Эрдэнэчимэг нартай хамт согтуу орж ирсэн. Мягмарсүрэн нь гаднаас орж ирчихээд Оюун-Эрдэнийг “чи яах гэж ирсэн юм бэ? гээд өшиглөж цохиод дайраад байхаар нь би Мягмарсүрэнг “боль” гэж хориглоход намайг өшиглөөд гараад явчихсан. Мягмарсүрэнг ямар учраас Оюун-Эрдэнийг өшиглөөд түүн рүү дайраад байгааг нь ойлгоогүй. Оюун-Эрдэнэ нь Мягмарсүрэнгийн өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд Мягмарсүрэн нь буцаж орж ирээд над руу бас дайрахад нь Эрдэнэчимэг түүнийг хориод орон дээр суулгасан. Би архи хундагалаад сууж байтал суган доогуур цохих шиг болсон, тухайн үед хутгалчихлаа гэж мэдээгүй. Гэтэл гэрт байсан бие муутай эгч “чиний суган доороос цус гарч байна” гэж хэлсэн. Эрдэнэчимэгийн гэрт байсан бие муутай эмэгтэйг би оролдсон зүйл байхгүй, 50 орчим насны миний ээж шиг хүн байсан. Би урьд нь Мягмарсүрэнгийнд Оюун-Эрдэнэтэй хамт нэг удаа ирж байсан, түүнийг зүс танина. Эмчилгээний зардал 790.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн: “... би Мягмарсүрэн хэнийг хутгалж байгааг хараагүй. Гэрт байсан жижиг хар иштэй хутгыг аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 60/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Батболдын өгсөн: “...Зүүн талын гэр рүү нь ортол Мягмарсүрэн гэх залуу эхнэртэйгээ зүүн талын орон дээр тасарсан байдалтай сууж байхаар нь “бос” гэж хэлтэл Мягмарсүрэн өөдөөс гараа далайгаад босоод ирэхээр нь гарыг нь бариад хэвтүүлтэл баруун гарынхаа куртикны ханцуй дотор хар иштэй хутгыг ирийг нь шууны чиглэлд харуулчихсан барьсан байхаар нь хутгыг нь салгаж аваад гавласан. Мягмарсүрэн нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 65/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Отгонбатын өгсөн: “...Орон дээр сууж байгаа залуу дээр очтол хар иштэй хутгаа куртикныхээ ханцуй руу хийчихсэн сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 68/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Буянжаргалын өгсөн: “... би Эрдэнэчимэгийн гэрт очиход Эрдэнэчимэг нь бие муутай дүүтэйгээ хамт байж байсан. Эрдэнэчимэг Улаанбаатар хотоос ирсэн гээд бид нэг шил 0.5 граммын “Ерөөл” архи хувааж уугаад би тасраад унтаад өгсөн. Мягмарсүрэн нь өөрөө надад “хүн хутгалчихсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 69/

Мөрдөн байцаалтад гэрч С.Баатар-Уулын өгсөн: “... 2016 оны 1 сарын 14-ний өдөр би Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд мэс заслын эмч шаардлагатай байна гэж дуудагдаж ирээд хүлээн авах тасагт байж байх хооронд цээжиндээ хутгалуулсан хүн гаднаас орж ирсэн. Тэр хүнийг үзэхэд цээжний баруун талын суганы арын шугамаар 6, 7 дугаар хавирганы завсар хатгагдаж шархтай, шархыг шалгаж үзэхэд цээжний  хөндий рүү нэвтэрсэн байсан. Шархыг цэвэрлэж, ариутгаад оёдол тавьж, цус тогтоож, шингэн сэлбэх, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Рентгэнд харахад цээжний баруун талд цээжний хөндийд шингэнтэй байсан тул хот руу хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Золжаргалын өгсөн: “... 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн №866 тоот дүгнэлт миний гаргасан дүгнэлт мөн. Асуултууд ерөнхийдөө ижил төсөөтэй байсан учраас 4 хариулт болгон дүгнэлт гаргасан. Асуултууд бүгд дүгнэлтэд тусгагдсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 76-77/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 сарын 08-ны өдрийн №866 дугаартай актын: “Э.Өнөрболдын биед цээжний баруун талд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт /400 мл/ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл ир, үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна”, шинжээч эмч М.Золжаргал гэсэн шинжээчийн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 1 сарын 28-ны өдрийн 886 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай цоорхой гарсан байна. Бор ноосон цамцанд гарсан 14 мм, цагдаан футволканд гарсан 14 мм уранхай нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай байна. Шинжилгээнд ирүүлсэн бор ноосон цамцанд 14 мм уранхай нь шинжилгээнд ирүүлсэн хар иштэй хутгаар гарсан байж болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 88/

Хэрэг учралын газар, хувцсанд үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-10, 29-31, 41-52/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “ 23 см урттай, 12 см урт хар өнгийн бариултай хутгыг эд мөрийн баримтаар тооцохоор тогтоосугай” гэх тогтоол /хх-н 56/

Б.Мягмарсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 110, 113-115 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

           Шинжээчийн 866, 886 тоот дүгнэлтүүд нь хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны гэж үнэлэв.

            Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Багагүний 11 дүгээр гудамжны 8 тоот хашаанд хөрш айл болох иргэн Ө.Эрдэнэчимэгийн гэрт орж ирээд Оюун-Эрдэнийг “пизда минь, чи яах гэж ирсэн юм бэ?” гэж уурлаад өшиглөхөд нь түүний үйлдлийг хориглосон Э.Өнөрболдыг мөн өшиглөөд гараад явсан. Улмаар буцаж орж ирэхдээ гэрээсээ хутга авчирч, Э.Өнөрболд руу дахин дайрч “Оюун-Эрдэнийг өмөөрсөнд” нь дургүйцэн түүний цээжний баруун талд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч Мягмарсүрэнгийн “ Өнөрболд нь Эрдэнэчимэгийн бие муутай дүүг нь оролдох гээд, энэ асуудлаас бол бид хоёр ноцолдож байгаад гэрээсээ авчирсан хутгаараа Өнөрболдыг хатгачихсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Өнөрболдын “Мягмарсүрэн нь гаднаас орж ирээд Оюун-Эрдэнэ рүү дайраад түүнийг өшиглөөд байхаар нь би болиултал намайг нэг өшиглөөд гарч яваад буцаж орж ирээд намайг хутгалсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Мөнх-Эрдэнийн “ Мягмарсүрэн нь гэрт байсан жижиг хар иштэй хутгыг аваад гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Батболдын “дуудлагаар очтол Мягмарсүрэн нь гэрийнхээ зүүн талын орон дээр тасарсан байдалтай сууж байгаад өөдөөс гараа далайгаад босоод ирэхээр нь гарыг нь бариад хэвтүүлтэл баруун гарынхаа куртикны ханцуй дотор хар иштэй хутга хийсэн байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Отгонбатын “дуудлагаад очтол орон дээр сууж байгаа залуу хар иштэй хутгаа куртикныхээ ханцуй руу хийчихсэн сууж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Буянжаргалын “Мягмарсүрэн нь өөрөө надад “хүн хутгалчихсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч С.Баатар-Уулын “...2016 оны 1 сарын 14-ний өдөр хүлээн авах тасагт байж байхад цээжиндээ хутгалуулсан хүн гаднаас орж ирсэн. Тэр хүнийг үзэхэд цээжний баруун талын суганы арын шугамаар 6, 7 дугаар хавирганы завсар хатгагдаж шархтай, шархыг шалгаж үзэхэд цээжний  хөндий рүү нэвтэрсэн байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 сарын 08-ны өдрийн №866 дугаартай актын: “Э.Өнөрболдын биед цээжний баруун талд хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт /400 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 1 сарын 28-ны өдрийн 886 дугаартай дүгнэлтэд: “Бор ноосон цамцанд гарсан 14 мм, цагаан футволканд гарсан 14 мм уранхай нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай байна. Шинжилгээнд ирүүлсэн бор ноосон цамцанд 14 мм уранхай нь шинжилгээнд ирүүлсэн хар иштэй хутгаар гарсан байж болно” гэсэн шинжээчийн дүгнэлт болон хэрэг учралын газар, хувцсанд үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэн нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь шүүгдэгчийн “би гэрээсээ хоол хийхээр авчирсан байсан хутгаараа Өнөрболдын цээж рүү нь хатгачихсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг үйлдэлдээ болон үр дагаварт нь санаатай хандсан гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Өнөрболд нь шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн дээрх үйлдлээс найз Оюун-Эрдэнийг өмөөрч, тухайн үед тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байна. 

           Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Б.Мягмарсүрэн нь 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 2 жил 1 сар хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаас үзэхэд тэрээр ялгүйд тооцогдсон байна. Иймд Б.Мягмарсүрэнг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Б.Мягмарсүрэнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.9 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд хохирогч Э.Өнөрболд нь биедээ хүнд гэмтэл авсны улмаас мэс засал хийлгэж, нийт 790.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь мэс заслын хийлгэсний төлбөр, хот хооронд болон хот доторх унааны зардал, гуурсны үнэ болон бусад эм тарианы зардлын баримтуудаар /хх-н 34-38 дугаар тал/ тогтоогдсон ба шүүх хуралдаанд шүүгдэгч нь “хохирол төлбөрийг төлнө, маргахгүй” гэж мэдүүлсэн бөгөөд уг зардлыг Б.Мягмарсүрэнгээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зохилтой.

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус

удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Шаргачин овгийн Бадарчийн Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Шаргачин овгийн Бадарчийн Мягмарсүрэнг 5/таван/ жил, 1/нэг/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Мягмарсүрэнгээс хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал болох 790.000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Өнөрболдод олгосугай.
  5. Б.Мягмарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  6. Б.Мягмарсүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мягмарсүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, 23 см урттай, 12 см урт хар өнгийн бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Мягмарсүрэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.ОЮУНБАТ         

             ШҮҮГЧИД                                     Б.БАЙГАЛМАА

                                                                   А.БЯМБАЖАВ