Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2526

 

“К” ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К” ББСБ ХХК,

Хариуцагч Г.Т, Ү.Д нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 251 866 924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Отгонжаргал,

Хариуцагч Г.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “К” ББСБ ХХК нь Ү.Д, Г.Т нартай 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ЗГ16/78 тоот зээлийн гэрээ, түүний баталгаа болгож ФГ16/59 тоот фидуцийн гэрээ, БГ16/28 болон БГ16/29 дугаартай барьцааны гэрээ, БДГ16/33 тоот батлан даалтын гэрээ, барьцаалбар үйлдэн 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралтаар эргэн төлөлт хийхээр тохиролцож гэрээ байгуулсан.

Эргэн төлөлтийн хувиараас хугацаа хэтрүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 86 удаагийн зээлийн эргэн төлөлтөд 45 373 950 төгрөгийг үндсэн зээл болон хүүнд төлсөн ба 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг огтхон ч төлөөгүй ба удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтрүүлсэн хүүг төлөх үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар нэг үйлдэл хийгээгүй байна.

Дээрх зээлийн гэрээний 3.1.2-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиодолд энэхүү гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хүчингүй болгож, зээлийн гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр барьцааны гэрээнд заасан журмын дагуу худалдан борлуулж зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, зээлийн үндсэн төлбөр бусад зардлыг нэн даруй төлүүлэх эрхтэй гэж, 7.1.1-т зээлдэгч нь зээлийн хүүг болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг хавсралт 1-т заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн зэрэг нь зээлийн гэрээг цуцлан үндсэн зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүү, үндсэн хүү нэхэмжлэх эрхтэй болох тухай заасан.

Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 185 488 872 төгрөг, зээлийн төлөөгүй хүүд 45 077 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 803 061 төгрөг, хууль зүйн туслалцаа, өмгөөлөлийн үйлчилгээний төлбөрт 16 475 836 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22 000 төгрөг, нийт 251 866 926 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т, Ү.Днар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “К” ББСБ ХХК-тай 200 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай 4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулах талаар тус ББСБ-д гаргасан хүсэлтдээ “109.72 м.кв 3 өрөө, 77.02 м.кв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөө 170 000 000 төгрөгөөр үнэлж, 3.5 хувийн хүү, Lexus-570 маркийн автомашиныг 30 000 000 төгрөгөөр үнэлж, 4 хувийн хүүтэй зээл авъя” гэсэн боловч хүлээж аваагүй. Учир нь, “К” ББСБ ХХК-иас олон нийтэд тараасан зар сурталчилгаандаа “зах зээл дэх бага хүү, барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр” гэх заалт оруулсан тул энэ мэдээллийн дагуу барьцаа хөрөнгийг өндрөөр үнэлж, зээлийн хүүг багаар тооцно гэсэн дүгнэлтэд хүрч тухайн хүсэлтийг гаргаж байсан.

“К” ББСБ ХХК-иас гаргасан зээлийн хүү 3,5 - 4,0 хувь хүртэл байна гэх зар сурталчилгаан дахь заалтаас ухарч зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөд ногдох 170 000 000 төгрөгийн зээлийн хүүг 4,0 хувь болгож, 30 000 000 төгрөгт ноогдох Lexus-570 маркийн автомашины зээлийн хүүг 4,0 хувь болгон тооцсон нь илт нэг талыг барьсан үйлдэл болсон.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Банкны болон банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалт хэсгийг тайлбарлах тухай 52 тоот тогтоолоор Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор доорх тайлбарыг гаргажээ. Уг тогтоолын 2.4-т хуулийн 7.4.3-т заасан өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх... зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг хамруулан ойлгоно гэж, 3.3-т хуулийн 12.1.2-т заасан өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх ... зээлийн хүү, зээлийн чанар зэрэг асуудлаар бодит байдалд нийцэхгүй сурталчилгаа, мэдээллийг олон нийтэд тараахыг ойлгоно гэж тус тус зааснаас үзэхэд “К” ББСБ ХХК нь зээлийн гэрээг байгуулахдаа олон нийтэд тараасан зар сурталчилгаа, мэдээллээсээ илт зөрсөн, нэг талыг барьсан гэрээ байгуулсан байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Д, Г.Т нараас 235 391 088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16 475 836 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ү.Д, Г.Т нараас 1 334 905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 417 284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, БЗД-ийн 4-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37-р байр, 27 тоотод байрлах Г.Т-ийн өмчлөлийн, БЗД-ийн 4-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37-р байр, 43 тоотод байрлах Ү.Д-ийн өмчлөлийн орон сууцууд барьцаалагдсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Т, Ү.Днар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна. Улсын Дээд шүүхийн 52 тоот тогтоолын заалтыг гаргахдаа зээлийн гэрээгээр авсан 200 000 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэсэн зорилго байгаагүй. Харин бид 45 373 950 төгрөгийн зээлийн хүүг хугацаандаа төлж, үүргээ биелүүлж байсан. Гэхдээ бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зээл хүссэн нөхцөл байдлыг ашиглаж зээл олгох сурталчилгааг буруу гаргасан. Энэ нөхцөлөө “К” ББСБ ХХК ашигтай ажиллуулах, зээлдэгчийн эрэлт хэрэгцээг ашиглаж өөрсдийн эрх ашгаа тулган тэнцвэргүй гэрээ байгуулсан талаар гомдол гаргасан юм.

Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нь энэ хурал болохоос гурав хоногийн өмнө зарлагдсан хурлын товоо мартсан тул түүнээс очиж лавлахад “... маргааш доор хурлын зар тавигдана аа, тэр хуваариа та үзээд хуралдаа ирнэ биз дээ” гэж хэлсэн. Тэр үед ажлаасаа гарч байгаагаа хэлээгүй. Түүний хэлсний дагуу 1 хоног буюу шүүх хуралдаан болохын өмнөх өдөр хурлын тов бичигдсэн хуваарь дээрээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад манай хурал хуралдах зар тавигдсан байсан, миний бие энэ өдрийн 09 цаг 15 минутад жижүүрт албан есоор бүртгүүлж, хуучин хурал болсон заалны үүдэн дээр 5 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагаас “...”К” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хурал хаана болох юм бэ” гэж асуухад “...урд талын 3 дугаар байранд энэ мэдээлэл дээр тавьсан хуваарийн дагуу болно. Та тийшээ яв” гэсэн. Тэнд яваад очиход зөвхөн нэхэмжлэгч талтай хурлыг эхлүүлсэн байсан бөгөөд хурал 09 цагт эхэлсэн тул та орох эрхгүй гэж хэлсэн. Гэтэл тус шүүгчийн туслахаар миний өмнө нь таньж мэдэхгүй, уулзаж байгаагүй н.Мөнхцэцэг гэгч эмэгтэй байсан бөгөөд өмнөх туслах х.Лхасүрэнгээс 1 өдрийн өмнө ажлаа хүлээж авсныг мэдсэн.

Мөн “К” ББСБ ХХК-ийн хуулийн зөвлөх, энэ хэргийн оролцогч эмэгтэй бас хоцорч ирсэн бөгөөд “...энэ их маргаантай хэрэг, яагаад хоер талын өмгөөлөгчдийг оролцуулахгүйгээр хурал эхлэв ээ, хурал 09 цаг 30 минутад тавигдсан юм уу, хариуцагч талын төлөөлөгчийг оролцуулахгүй байгааг би ойлгохгүй байна...” гэж н.Мөнхцэцэгт хэлж байсан. Миний бие “...чамайг шинээр туслах болсныг сая л мэдлээ н.Лхасүрэн чамд ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй юм уу, шүүхийн зарлал, мэдээллийн самбар дээр 09 цаг 30 минут гэж хурал тавигдсан байна. Би шүүхийн олон нийтийн мэдээлэлд тавигдсан хуваарийн дагуу шүүх хурал болох ёстой гэж ойлгосон...” гэхэд “...энэ техникийн алдаа...” гэж хариулсан. “...Яахаараа бидэнд хэдэн цагт, аль зааланд шүүх хуралдаан болохыг хэлээгүй юм...” гэхэд “...би өчигдөр л ажлаа авсан, та нарт мэдэгдээд байх шаардлага байхгүй...” гэсэн нь нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд үйлчилж, шүүх хуралдаан хийлгэх гэсэн үйлдэл гэж үзэж байна.

Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шинээр тус маргаантай холбогдолтой гэрчийг дуудах, нотлох баримт гаргахаар төлөвлөсөн байсан. Тухайн үед олон хурал болдог учраас 09 цагт зарлагдсан хурал 09 цаг 30 минут болж хойшлогдсон гэж ойлгосон. Үүнээс дүгнэж үзэхэд шинэ, хуучин хоёр туслахын хариуцлагагүй ажилласнаас болж хэргийн оролцогч бидний шүүх xypaлдаанд оролцох эрх хязгаарлагдаж, мэтгэлцэх эрхээ алдсан. Үүнийг нотлох баримт нь “К” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Т, Ү.Днарт холбогдох иргэний хэрэг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад хуралдана гэсэн зар юм.

Түүнчлэн шүүхэд Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хуралд холбогдох гэрчүүдийг оролцуулах хүсэлтийг урьдчилан бичгээр гаргасан боловч татгалзсан нь хуулийн хүрээнд нөгөө талд үйлчилж байгаа нь илэрхий байгаа юм. Иймд шүүх хуралдаанд талууд оролцож тэгш эрхтэй мэтгэлцэнэ гэсэн иргэний хуулийн үндсэн зарчим зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “К” ББСБ ХХК нь хариуцагч Ү.Д, Г.Т нарт холбогдуулан 251 866 924 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ талуудын байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 185 488 872 төгрөг, зээлийн хүүд 45 077 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 803 061 төгрөг болон өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 16 475 836 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22 000 төгрөгийг тус тус гаргуулна гэснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь зээлийн хүүг олон нийтэд тараасан зар сурталчилгаа, мэдээлэлд тусгаснаасаа илт зөрүүтэй тогтоосон, хэт нэг талын шинжтэй гэрээ байгуулагдсан тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

Зээлдүүлэгч 200 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг буцаан төлөх нөхцөл бүхий гэрээг зохигчид 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаатайгаар харилцан тохиролцож байгуулсан, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар /хх 9-10/ 200 000 000 төгрөгийг хариуцагч Г.Т-ийн Худалдаа хөгжлийн банкны 428004260 тоот дансанд зээлдүүлэгчээс шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу 45 373 950 төгрөгийг эргүүлэн төлсөн, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогджээ.

Дээрхээс үзвэл талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлдэгч үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлахаар тохиролцсон гэрээний 7.1.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж, дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17/309, 17/310 тоот албан бичгээр /хх 74-76/ зээлдэгчид мэдэгдэж, үр дүнд хүрээгүй, зээлийн үүрэг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4, 3.1.1-т заасны дагуу хариуцагч Ү.Д, Г.Т нараас үндсэн зээлд 185 488 872 төгрөг, хүүд 45 077 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 803 061 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 22 000 төгрөг, нийт 235 391 088 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэх ба нэгэнт харилцан тохиролцож гэрээг байгуулан, зээлийг шилжүүлэн ашигласан тул банк бус санхүүгийн байгууллага зар сурталчилгаанд зааснаас хүнд нөхцлийг зээлдэгчид тулган гэрээ байгуулсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Харин өмгөөлөгчийн зардал гэж 16 475 836 төгрөг нэхэмжилсэн нь зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй тул шүүх хөлсөөр ажиллах гэрээний үүргийг хариуцагчаас  шаардах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 16 475 836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Мөн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №БГ16/28 тоот барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байрны, 27 тоот 109.72 м.кв талбайтай 3 өрөө, 43 тоот 77.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг тус тус барьцаалан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд /хх 17-21, 25-26/ нэхэмжлэгчээс барьцааны гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргаагүй байна.

Шүүх эрх зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хариуцагчийн хүсэлтийг хангаж, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн өдрөө дараагийн шүүх хуралдааныг товлож, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад болохыг зохигчдод мэдэгдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Дхурлын товыг мэдсэн тухайгаа гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх 96/

Хариуцагчид 9 цаг 00 минутад эхлэх шүүх хуралдааны товыг тухайлан өөрт нь мэдэгдсэн байхад товлосон цагт хожимдолгүй ирж хуралдаанд оролцох эрхээ эдлээгүй 09 цаг 20 минутад эхэлсэн хуралдаанд хүрэлцэн ирээгүй байжээ.

Иймд хуралдааны товыг мэдэгдэж, хуульд заасан ажиллагааг хийгээгүй, хариуцагчийн эрхийг хязгаарлан мэтгэлцэх боломжийг олгоогүй гэж шүүхийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах, уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Тэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 334 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ