Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: *******,

Нарийн бичгийн дарга: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******. / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 07-08 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мөн би өмгөөлөгч авахгүй. Би тухайн үед нэлээн согтуу байсан учраас тухайн тасалсан чихний хэсгийг яасныг санахгүй байгаа. Ямар ч байсан эхнэрээ үнсэж байсан. Тэгтэл гэнэт чихнээс нь цус гараад унасан. Тэгээд сүүлд нь тасарсан чихний хэсгийг гэрээс хайгаад олоогүй. Мөн гэрээс гараагүй. Гадаа гаргаж хаясан зүйл бол байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа одоо эхнэртэйгээ эвлэрсэн хамт амьдарч байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би *******тэй 2019 оны 09 дүгээр сараас хойш хамтран амьдарч байгаа. 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө орж ирсэн чинь баруун талын орны урд талд хувцастайгаа унтаж байснаа намайг орж ирсэн чинь сэрсэн. Тэгээд би аймгийн төвд түүний аав ээж нь байдаг болохоор түүнийг ирсэнгүй гээд санаа нь зовж байгаа байх гэж бодоод түүнд “чи гэртээ оч" гээд хэлчихсэн чинь тэрээр босож ирээд намайг гар утасны цэнэглэгч аваад гарах гэсэн чинь гаргахгүй байснаа миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гарч хажуу айл руугаа ороод том охинтойгоо утсаар ярьж болсон зүйлийг хэлсэн... бид 2 дундаасаа хүүхэдгүй. Би 2 охинтой түүнтэй нийлсэн юм. Тэрээр хааяа хөдөө гэртээ очоод, хааяа гэрээрээ ирээд, заримдаа аймгийн төвд байдаг эцэг эх дээрээ очдог... Тэрээр шөнө ирэхдээ архи уусан согтуу ирсэн. Тэрээр намайг цохиж зодохдоо архи нь гарчихсан байх шиг байсан. ******* нь намайг цохиж зодох үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай хажуу талд байдаг бөгөөд яг тухайн үед тэднийд ганцхан оюутан охин байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед унтаж байсан болохоор болсон зүйлийг мэдээгүй... 2021 оны 09-10 дугаар сарын үед намайг нэг шөнө гэртээ унтаж байсан чинь ******* согтуу ирээд хаалгаа онгойлго гээд орилоод, хаалганаас татаж байгаад түгжээг нь эвдсэн, тэгээд надад агсам тавьсан үйлдэл гаргасан. Гэхдээ цохиж зодоогүй. Тэр асуудал цагдаагаар шалгагдаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 66-68 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ....2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай охин *******ийн том охин нь хүүхэд хархаар манайд ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 07-08 цагийн үед ач охин хүнтэй утсаар ярьчхаад надад “ээж над руу утсаар ярьж байна. ******* нь ээжийг зодсон гэж байна” гэж хэлсэн. *******тэй уулзахад түүний зүүн талын нүд, хамрын хэсэг хавдаад хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 75-77 /,

Насанд хүрээгүй  гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* агсам согтуу тавиад миний хамар луу цохиод, миний хамраас цус гарчихлаа, чи эгч дагуулаад хүрээд ир” гэж хэлсэн. Би эгчийн хамт гэртээ ирсэн чинь цагдаа нар ******* ахыг аваад явсан бөгөөд ээжийн хамраас цус гоожоод хамар, нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 79-80 / ,

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн:

1. *******ийн биед тархи, доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун бугалга, зүүн далны цус хуралт доод уруулын язрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 2. Дээрх тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад дээрх хамрын нуруу, баруун бугалга, зүүн далны цус хуралт, доод уруулын язрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт / хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 07-08 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн тоотод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-п заасан үйлчлэлд хамаарах  хамтран амьдрагч *******ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж,  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 08 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Харин хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг мотоциклыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол түүний эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоол хүчингүй болж уг мотоциклийг эзэмшигч *******д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон       

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин /  450  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган /  450.000  / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******гийн Мустанг-5 маркийг мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг мотоциклийг торгуулийн биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ