Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 02560

 

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/02560

Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, сэлбэ гудамж,  тоотод оршин суух, З овогт Н.М /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Ц.М /РД:/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар байр,  тоотод оршин суух, Б овогт Ж.М /РД:/ нарт холбогдох,

 

3,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.М нь 2015 оны 5 дугаар сард н.Баярцэнгэл гэж хүнээр дамжуулж хариуцагч Ц.М тэй уулзсан. Хариуцагч Ц.М нь түүнд “...би БНСУ руу гэрээний ажилтнаар чамайг явуулж чадна” гэж хэлсэн байдаг. Ингээд түүнтэй харилцан тохирсны дагуу 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаанд 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараа нь Ц.М “виз чинь гарах гээд байна, мөнгөө шилжүүл” гэсний дагуу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ахин 2,000,000 төгрөгийг хариуцагч Ц.М ийн хүү Ж.М гийн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш хариуцагч Ц.М нь “...чиний визний асуудлыг би хөөцөлдөж байна, хүнтэй уулзаж хоолонд орох хэрэгтэй”, “...хүний гар цайлгах хэрэгтэй” гэх мэт тайлбарыг хэлж 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, мөн 70,000 төгрөг, 90,000 төгрөг, 350,000 төгрөгүүдийг өгсөн байдаг. Ингээд дансаар 3,150,000 төгрөг, бэлнээр 510,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид өгсөн. Хариуцагч Ц.М дээрх мөнгөнүүдийг нэхэмжлэгчээс аваад “2015 оны 11 дүгээр сард чиний визний хариу гарна” гэж хэлсэн боловч нэхэмжлэгчийн виз нь гараагүй. Ингээд нэгэнт виз нь гараагүй учир нэхэмжлэгч хариуцагчаас удаа дараа мөнгөө буцаан нэхэмжилсэн. Хариуцагч 100,000 төгрөгийг л буцааж өгснөөс өөр ямар ч мөнгийг буцаан төлөөгүй. Иймд нийт хариуцагч нарт шилжүүлсэн 3,660,000 төгрөгөөс буцаан төлсөн 100,000 төгрөгийг хасаад үлдэх 3,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Ж.М шүүхэд тайлбар гаргаагүй болно. 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сард Н.М над руу ярьсан. Тэрээр “...би н.Б ийн найз охин байна, та виз гаргахад туслаач”  гэсэн. н.Б нь манай ээжтэй цуг ажиллаж байсан хүний хүү юм. Би түүнд “...би хүүгээ БНСУ руу гэрээт ажилтнаар явуулах гэж хөөцөлдөж байгаа, хүүгээсээ асууж өгье, гэхдээ эмэгтэй хүний виз гарах хэцүү гэж сонссон. Виз гарахаар бол 3 жил хүлээдэг” гэж хэлсэн. Гэтэл тэр надад “...би 3 жил хүлээж чадна” гэж хэлсэн. Ингээд би гадаад руу ажиллах хүч явуулдаг төрийн байгууллагад ажилладаг найз руугаа ярьж асуугаад түүний хэлснээр нэхэмжлэгчид “...надад гадаад паспорт болон 3,000,000 төгрөг авчирч өг” гэж хэлсэн. Гэтэл тэрээр эхэлж  2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би түүнд “...3,000,000 төгрөгөө эхэлж заавал өгөх ёстой, тэгэхгүй бол чамайг бүртгэхгүй” гэж хэлсэн. Нэхэмжлэгч надад “...та цаад хүнээ түр хүлээлгэж байгаач, тэр болтол өөрөө хэрэглэ” гэж гуйгаад 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөгийг өөрийн сайн дураар шилжүүлсэн. Үүний дараа 2015 оны  7 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг миний хүү Ж.М ийн дансаар шилжүүлж өгсөн. Ингээд би үндсэндээ түүнээс нийт 3,150,000 төгрөгийг л авсан, өөр нэг ч төгрөг аваагүй. Би нэхэмжлэгчийн өгсөн 3,000,000 төгрөгийг БНСУ руу ажиллах хүч гаргах эрх бүхий газар ажилладаг таньдаг хүнийхээ данс руу нь шууд шилжүүлсэн. Өөрийнхөө гар дээр нэг ч төгрөг аваагүй. Нэхэмжлэгчийн надад сайн дураар өгсөн мөнгийг нь би мөн л найздаа өгсөн.

Би уг нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө эвлэрэх юм бол 3,000,000 төгрөгийг нь буцаагаад өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байсан. Гэвч нэхэмжлэгч миний санал болгосон хугацааг зөвшөөрөөгүй. Нэгэнт шүүх хуралдаан эхэлсэн учир би одоо 2,500,000 төгрөгийг л төлнө. Учир нь БНСУ руу ажиллах хүч гаргахад шалгалт авдаг. Энэ шалгалтад нэг удаа ороход 500,000 төгрөгийн зардал гардаг юм. Гэтэл нэхэмжлэгч Н.М нь надад мэдэгдэлгүй, шалгалтад орох хугацааг нь хүлээлгүй нууцаар визэнд ороод хар тамга даруулсан. Энэ нь миний буруугаас болоогүй. 150,000 төгрөгийг нэхэмжлэгч надад сайн дураараа “...та өөрөө хэрэглээрэй, миний ажлыг бүтээж өгөөрэй” гэж өгсөн учир уг мөнгийг би төлөхгүй. Ингээд нийт нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгийг л буцаан төлөх боломжтой. Нэхэмжлэгчээс өгсөн мөнгийг би авч зарцуулсан учир миний хүү Ж.М уг асуудал ямар ч хамаагүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Ц.М болон Ж.М нарт холбогдуулж 3,560,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна. 

 

“...Хариуцагч Ц.М нь Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/ руу гэрээт ажилтнаар явуулахад тусална, виз гаргаж өгнө гэж надаас нийтдээ 3,560,000 төгрөгийг авсан боловч энэ амлалт нь бүтээгүй тул өгсөн мөнгөө буцаан авах хүсэлтэй” гэсэн агуулгаар нэхэмжлэгч Н.М өөрийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. 

 

Хариуцагч Ц.М нь Н.Мыг Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/ руу гэрээт ажилтнаар явуулахад тусална гэж түүнээс 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус хүлээн авсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн. Тодруулбал, “...Н.М ын өөрийнх нь буруутай үйлдлээс шалтгаалж виз гараагүй”, “...150,000 төгрөгийг нэхэмжлэгч надад сайн дураар өгсөн”, “...500,000 төгрөгийг түүнийг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад оруулах бүртгэлийг хийлгэхэд зарцуулсан” гэж тайлбарладаг боловч хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэлээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэлээ.   

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан  шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Н.М нь  Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/ руу гэрээт ажилтнаар явах визээ аваагүй, талуудын хэлэлцэн тохиролцсон зорилго биелэгдээгүй байх тул хариуцагч Ц.М ээс 3,150,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна.   

 

Харин нэхэмжлэгчийн “...дансаар шилжүүлсэн 3,150,000 төгрөгөөс гадна 70,000 төгрөг, 90,000 төгрөг, 350,000 төгрөгүүдийг тус тус хариуцагчид бэлнээр өгсөн” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 510,000 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхив. Мөн талууд “хариуцагч Ц.М 100,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн” үйл баримтын талаар маргаагүй учир нийт дансаар шилжүүлсэн 3,150,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг хасч тооцно.

 

Хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбаруудыг харьцуулан судлахад хариуцагч Ж.М үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М ээс 3,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 510,000 төгрөгт болон хариуцагч Ж.М д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М ээс 63,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.М д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ