Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         09           02                                       2022/ШЦТ/153

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөч овогт Харцагын Эад холбогдох эрүүгийн 2219002640220 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Х.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 20-11 тоотод хохирогч У.Түмэнжаргалын толгой руу аягаар цохиж, түүний биед дагзны шарх, тархи доргилт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ... гэв.

          Хохирогч У.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр... Энхээ гэдэг ах гаднаас орж ирээд Батаатай хамт юм яриад сууж байх шиг байсан. Гэнэт тэр Энхээ гэдэг ах миний толгой дээр аягаар 1 удаа цохих шиг болсон, би тэгээд урагшаа унаад өгсөн. Би босож ирээд Энхээ гэдэг ахтай гарч байгаад би өөртэй чинь зодолдохгүй шийддэг газраар чинь шийдүүлнэ гэсэн чинь чи намайг барахгүй, явдаг газар байвал яваарай гэж хэлээд  дахиж над руу дайрч ирээд /аль гараараа цохисныг нь санахгүй байна/ нилээн хэдэн удаа цохиж байсан чинь Батаагийн хойд талд байдаг айлын хүүхэн ирээд салгаж байх шиг байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

          Гэрч Н.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр... Түмэнжаргал Мөнхтуяа 2 бие засах гээд гарсан чинь гэрийн гадаа Энхээ /Э/ ах бага зэргийн халамцуу бууж ирсэн. Тэгээд би гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байтал гадаа хүн муудах шиг болоод манай эхнэр Мөнхертөнц юу болов гээд гарах гэтэл Энхээ ах намайг энэ гадаа байгаа залуу архины мөнгө нэхээд мөргөчихлөө гэж хэлээд ороод ирсэн. Энхээ ах орж ирээд зүүн талын орон дээр сууж байхад нь манай эхнэр Мөнхертөнц цай хийж өгөөд байж байтал Түмэнжаргал орж ирээд Энхээ ахын хажууд зүүн талд суусан чинь Энхээ цай ууж байсан сэнжтэй аягаараа Түмэнжаргалын толгойны ар хэсэгт нь 2 удаа цохисон чинь Түмэнжаргал орон дээр хэвтэж байгаад цагдаа дуудна гэж хэлээд манай гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

          Гэрч С.Мөнхертөнцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр... Түмэнжаргал манайд ирэхдээ өмнө нь архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн байсан учир нэлээн согтож манай гэрийн гадаа хаяанд ертөнцийн зүгээр зүүн урд талд сууж байсан. Тухайн үед манай нөхөр Батмөнхийн нутгийн хуурай ах болох Х.Э /Энхээ/ жоохон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн манай хашааны хаалгаар орж ирэх үед гэрийн гадаа сууж байсан Түмэнжаргал Х.Э /Энхээ/-руу хандан хэн бэ? чи гэж хэлээд Түмэнжаргал нь Х.Э /Энхээ/-г хоёр гараараа багалзуурдах үед манай найз Мөнхтуяа хараад болиоч ээ Түмэнжаргалаа хүн аллаа гэж орилсон. Би сандарч юу болов гэж гэрийн хаалгаар хартал Түмэнжаргал Х.Э /Энхээ/-г хоёр гараараа багалзуурдаж найз Мөнхтуяа салгаж, Х.Э /Энхээ/ гэр рүү орж ирээд гэрийн зүүн хойно сууж Түмэнжаргал араас нь орж ирсэн... Тэгээд Э босож гэрийн зүүн урд байрлах шүүгээн дээрээс цэцгийн зурагтай сэнжтэй улаан аягаар Түмэнжаргалын толгойн ар дагз хэсэг рүү аягаараа хоёр удаа цохисон, тухайн үед нүдэнд харагдах ил цус байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр... би нэлээн согтуу гэрийнх нь хойд талд сууж байсан чинь танихгүй залуу болох Түмэнжаргал миний өөдөөс хараад сууж хараагаад загнаад байх шиг байсан. Түмэнжаргал гэх залуу миний өөдөөс босож ирээд дайрсан. Би тухайн үед гартаа цай ууж байсан аягаар Түмэнжаргалын толгойны ар хэсэгт 1 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 29 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/0313 дугаартай “У.Түмэнжаргалын биед дагзны шарх, тархи доргилт, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ...“ гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

          Хохирогч У.Түмэнжаргалын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Х.Э нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын 20-11 тоотод хохирогч У.Түмэнжаргалын толгой руу аягаар цохиж, түүний биед дагзны шарх, тархи доргилт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Х.Эын үйлдлийн улмаас хохирогч У.Түмэнжаргалын эрүүл мэндэд дагзны шарх, тархи доргилт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 02/0313 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Х.Э нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Иймд шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч У.Түмэнжаргал нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан байна.

          Хохирогч У.Түмэнжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Э нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Х.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА