Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 408

 

К аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У банкны К аймаг дахь салбар /захирал Б.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К аймгийн П сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Т.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У банкны Каймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р, хариуцагч Т.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 1214593 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1399075 төгрөг, нийт 2613366 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч У банкны К аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Б нь өөрийн ээж болох Л.Ш-гийн итгэмжлэлээр К аймгийн У Банкны салбарын харьяа П тооцооны төвөөс 2015 оны 5-р сарын 27-ны өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 4279466 төгрөг дээр нэмж 330200 төгрөг нийт 4609666 /Дөрвөн сая зургаан зуун есөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлээр авсан. Зээлдэгч Т.Б нь зээлийн барьцаанд өөрийн ээж болох Л.Ш-гийн тэтгэврийн санхүүжилтийг барьцаалсан боловч ээж нь нас барж тэтгэврийн санхүүжилт зогссоны улмаас зээлээ хугацаанд төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Т.Б-ээс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 1214593 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөр 1399075 төгрөг

Нийт зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 2613669 /Хоёр сая зургаан зуун арван гурван мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У банкны К аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлийн гэрээний 1.3.3-д ... Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгах хүртэлх хугацаанд зээлийн хүүг нэмж төлнө ... гэж заасан байдаг. Иргэн Т.Б нь өөрийн ээж болох Л.Ш-гийн итгэмжлэлээр У банкны П тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нийт 4609666 төгрөгийн тэтгэврийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Уг зээлийн барьцаанд тэтгэврийн санхүүжилтийг барьцаалсан боловч хариуцагчийн ээжийн болох Л.Ш нас барсан тул зээлийн санхүүжилт зогссоны улмаас зээлээ хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Банкны зүгээс зээлийг хугацаанд нь төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй, хугацаа хэтрүүлж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн төлбөрт 1214593 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1399075 төгрөг, нийт 1613669 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Үндсэн зээлдэгчид олгосон зээл У банкны П тооцооны төвөөс гарсан ба эхний төлбөрөө ч төлж чадаагүй тэр хүн маань нас барсан, түүний хойших хуримтлагдсан хүү ийм төгрөг гарч байгаа гэв.

Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Б П сумын 5-р багт амьдардаг. Ам бүл 4. Нөхөр 2 хүүхэдтэй хамт. Миний хадам ээж болох И.Ш 2015 оны 5-р сарын 28-нд нас барсан. Ээжийн нас барсан үед итгэмжлэлээр 24 сарын тэтгэврийн зээл авсан байна. 6398095 төгрөг болсон. Ээж өвдсөнгүй гэнэт даралтаас унаж нас барлаа. Тэрнээс хойш итгэмжлэлээр авсан учраас одоо хүртэл төлж чадсангүй. Учир нь, нөхөр болох Т.С сэтгэцийн өвчний улмаас 80 %-ийн группт өөрөө 251000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Нөхрийн групп өөрийн эм, асаргаанд хэрэглэнэ. Миний тэтгэвэр болох 251000 төгрөгийг гэрийн идэж уух, түлш, хүүхдийн сургалтын төлбөрт зориулж энэ ээжийн тэтгэврийн зээлийг хугацаанд төлж чадсангүй. Боломж гарсан үед төлсөн зээлийн дүн 3330925 төгрөг боловч одоо 1214593 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдлийг 9-р сар хүртэл төлж өгье. Надаас нэхэж байгаа У банкны зээлийн хүүгийн 1399075 төгрөгийн хүүг төлөх боломжгүй байна. Миний энэ байдалд харж үзэж хүүгийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би зээлээ шат дараалан төлж ирсэн ба зээлээс 1200000 төгрөг болон хүүг өнөө маргаашдаа төлж өгөхийг бодож байна. Харин миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс чөлөөлөх боломж байгаа болов уу, боломжгүй байвал багасгаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У банкны К аймаг дахь салбар нь зээлдэгч Т.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1214593 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1399075 төгрөг, нийт 2613669 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас Т.Б нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэлсэн тайлбартаа ...У банкны нэхэмжилж буй зээл болон хүүгийн төлбөр болох 2613669 төгрөгийн тооцооны хувьд маргах зүйлгүй бөгөөд нөхрийн групны мөнгө 251000 төгрөгийг эм, асаргаанд хэрэглэдэг ба тухайн зээлийг төлөх боломж байхгүй байсны улмаас төлж чадсангүй. Одоо үндсэн зээл 1214593 төгрөгийг 9-р сар хүртэл төлж өгөх ба миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хүүгийн төлбөрийг хөнгөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тэтгэврийн зээлийн гэрээнээс үзэхэд У банкны К аймаг дахь салбар нь зээлдэгч хадам ээж Ш-гийн нэр дээр харилцан тохиролцож урьдах зээлийн үлдэгдэл 4279466 төгрөг дээр нэмж 330200 төгрөгийн зээлийг нэмж нийт 4609666 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай олгосон болох нь тогтоогдож байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн хэмжээнд маргаагүй байх ба тухайн үед итгэмжлэлийн үндсэн дээр уг гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан талаар тайлбарласан байна. Зээлдэгч болох Л.Ш нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нас барсан талаар хариуцагчаас дурдсан байна.

Хариуцагч Т.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний 1.3.3-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтааж зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүүг төлнө, 6.2-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тус тус хариуцан тохиролцож гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч У банкны К аймаг дахь салбараас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчаас ... миний ар гэрийн байдлыг харгалзан зээлийн хүүгийн төлбөрийг хөнгөлж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэн зээлийн хүүг багасгах, хөнгөлөх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч У банкны К аймаг дахь салбарын нэхэмжилсэн үнийн дүнгийн хувьд маргахгүй байгаа, уг зээлийн гэрээнд гарын үсэг зурж байгуулснаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1214593 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1399075 төгрөг, нийт 2613669 төгрөг гаргуулан У банкны К аймаг дахь салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч У овогт Т.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1214593 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1399075 төгрөг, нийт 2613669 /хоёр сая зургаан зуун арван гурван мянга зургаан зуун жаран есөн/ төгрөг гаргуулан У банкны К аймаг дахь салбарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56769 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Б-ээс 56769 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У банкны К аймаг дахь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор К аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.З