Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/160

 

 

 

 

 

 

   

                                 

      2022         09          07                                         2022/ШЦТ/160

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч Ч.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Өт холбогдох эрүүгийн 2219002870224 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Ч.Ө

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ч.Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань илч” ОНӨХХК-д ажил үүргээ гүйцэтгэж байсан Х.Бариадбаасанжавын ажлын өрөөнд орж, ажлын тоног төхөөрөмж болох зөөврийн компьютер, хувилагч машин зэргийг авч шидэж гэмтээн, хохирогч “Чандмань илч” ОНӨХХК-д 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бариадбаасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие “Чандмань илч” ОНӨХХК-д албаны дарга албан тушаалтай ажилладаг бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим ажил дээрээ сууж байхад манай хуучин нөхөр Ч.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний ажлын өрөөнд орж ирээд ширээн дээр байсан зөөврийн компьютер, гурвалсан үйлдэлт хувилагч, цэцгийн сав зэрэг эд зүйлийг авч шидэн танхайрсан ... Ө нь эвдсэн эд зүйлээ бүгдийг нь төлж барагдуулсан, гомдол саналгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

          Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим ажлын байран дээрээ байж байтал манай хажуу талын өрөөнд суудаг Бариадбаасанжав эгчийн өрөөнд юм хум хагарч эвдрэх дуу чимээ гарсан тэгээд би тухайн өрөөнд яваад ортол Бариадбаасанжав эгчийн өрөөний эд зүйл эвдэрсэн байдалтай байсан мөн Бариадбаасанжав эгчийг нэг үл таних залуу хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би тухайн залууг араас нь тэврээд гарах гэтэл тухайн залуу үүдний ширээн дээр байсан стаканыг авч Бариадбаасанжав эгч рүү шидсэн. Тэгээд би тухайн залууг аваад гарсан... Би тухайн залууг огт танихгүй бөгөөд энэ асуудал болсны дараа би Бариадбаасанжав эгчээс тэр хүний талаар асуутал манай хуучин нөхөр байгаа юм гэж хэлж байсан өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Ч.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр... архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир согтсон байсан. Нэг мэдэхэд орой харанхуй болсон хойно ухаан ороод сэртэл Дэнжид найзынхаа гэрт сэрсэн. Тэгээд тэр айлдаа хоноод маргааш өглөө нь гэртээ харьсан. Би гэртээ очоод гар утсаараа фейсбүүк ороход манай хуучин эхнэр чи миний ажил дээр ирээд хамаг юм эвдсэн төлж өгөөрэй гэсэн чат бичсэн байсан. Тэгээд би буруугаа ойлгож согтуудаа эвдсэн байсан эд зүйлээ төлж барагдуулсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 71-72 дугаар хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн TXY-922/4127 дугаартай “... Dell маркийн хар өнгөтэй зөөврийн компьютер 750,000 төгрөг, гурвалсан үйлдэлтэй хар саарал Samsung маркийн хувилагч машин 350,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

          Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

           Шүүгдэгч Ч.Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань илч” ОНӨХХК-д ажил үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Х.Бариадбаасанжавын ажлын өрөөнд орж, ажлын тоног төхөөрөмж болох зөөврийн компьютер, хувилагч машин зэргийг авч шидэж гэмтээн 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Иймд шүүгдэгч Ч.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Бариадбаасанжав нь мөрдөн шалгах ажиллагаанд “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай улсын яллагчийн саналыг харгалзан, мөн шүүгдэгч нь уг ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 4 сарын хугацаагаар Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг 4 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял ял шийтгэсүгэй.

        3.Шүүгдэгч Ч.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өт оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Ч.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА