| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0321/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 412
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, М овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /дарга А.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч байгууллагын өмгөөлөгч К.Е, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилохыг даалгах тухай.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б сумын иргэнтэй гэр бүл болж, тэнд нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тушаалаар тус төвийн үйлчлэгчийн сул орон тоонд үйлчлэгчээр ажилд орж, ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын үед шинээр томилогдсон дарга А.Б нь "тус Эрүүл мэндийн төвд 4 үйлчлэгч ажилладаг, төсвийн байдал хүнд тул орон тооны цомхтгол хийнэ. Харин төсөв сайжрах юм бол та нарыг эргээд ажилд авна" гээд нийт ажиллаж байсан 4 үйлчлэгчээс 2 үйлчлэгчийг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн. Би ч тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгож, дараа нь орон тоо гарвал намайг ажилд аваарай, өвчтэй нөхрөө асран хамгаалдаг гээд учир байдлаа хэлээд явсан. Би Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш гэртээ ажилгүй байсан. Харин саяхан хүмүүсээс үйлчлэгчийн орон тоог бий болгож, өөр хүнийг ажилд авсныг дуулж, өмнө нь орон тооны цомхтголоор чөлөөлөгдсөн намайг ажилд авна уу гэдгийг дарга А.Б-эд хэлэхэд "одоогоор өөр хүнийг үйлчлэгчээр ажилд авсан, дараа нь орон тоо гарвал чамайг ажилд авъя" гэж хэлсэн. Би ажлаас орон тооны цомхтголоор чөлөөлөгдөхөөс өмнө үндсэн ажилтнаар ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3-т зааснаар "Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно" гэснийг үндэслэн орон тоо бий болсон тохиолдолд хамгийн түрүүнд өмнө нь ажиллаж байсан үндсэн ажилтан намайг үйлчлэгчийн орон тоонд томилох ёстой байсан гэж бодож байна. Миний бие өвчтэй нөхрөө асран хамгаалдаг хүндэтгэн үзэх шалтгаантай, нялх хүүхэдтэй тул гэрээс гарах ч боломжгүй байхгүй, даргын хувьд ч надад үйлчлэгчийн орон тоо бий болсон талаар хэлээгүй, үүнийг хүмүүсээс сонсоод мэдсэн. Б сумын Эрүүл мэндийн төвд өмнө нь ажиллаж байсан үйлчлэгч нэг эмэгтэй тэтгэвэрт гарч түүний оронд өөр нэг хүнийг үйлчлэгчээр ажилд авч, шинээр бий болсон үйлчлэгчийн орон тоонд дахин нэг хүнийг ажилд авсан гээд 2018 он гарснаар 2 үйлчлэгч шинээр ажилд орсон байна. Иймд, миний энэхүү байдлыг харгалзан Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна Би шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. 2 хүний орон тоонд ажиллахыг хүсээ байна. Намайг илүү гэж гарсан ч илүү биш байсан. Нөхөр тухайн үед хот явсан тул амьд ирвэл боллоо гээд хугацаандаа нэхэмжлэл гаргаж чадаагүй гэв.
Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б сумын иргэн нэхэмжлэгч Б.Б-ын гомдлын нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг хүргэж байна.
Б.Б ЭМТөвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний 54 тоот тушаалаар үйлчлэгчээр томилогдсон байна.Тухайн үед сумын ЭМТөвд 6 үйлчлэгч Б.Б-тай нийт 7 үйлчлэгч болсон.Эрүүл мэнд спортын яам сангийн яамуудын хамтарсан Сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилт аргачлал баталсан стандартаар Б сумын Эрүүл мэндийн төв нь үйлчлэгч 3 байх ба 4 дүгээр зэрэглэлийн сум стандартаар 512 м.кв талбайтай бөгөөд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын улсын хяналтын албаны даргын тушаалын дагуу 250-300 м.кв талбайд нэг үйлчлэгч ажиллах гэсэн заалтыг тухайн үеийн төсөв захирагч зөрчиж шинээр хийсвэр орон тоо бий болгож Б.Б-ыг тушаал гарган ажилд томилсон.Тухайн үед батлагдсан 28 байсан ч нийт 38 хүн ажиллаж байсан.Илүү орон тооны цалин, НД-ын шимтгэл их ачаалалтай байсан ба Эрүүл мэндийн газар.сумын Төрийн сангийн төлөөлөгчийн надад хүргүүлсэн мэдэгдэх хуудас тухайн жилийн төсвийн төсөл дутмаг зэрэг нөхцөлүүдтэй холбоотой хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын заалтын хүрээнд 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тэтгэмж олгож 2017 оны 6 сард орон тооны цомхтголд оруулсан.Шинээр бий болгосон орон тоо гэдэг нь 2018 оны 1 дүгээр сараас нэг үйлчлэгч өндөр насны тэтгэвэрт гарсан тул цомхтгол хийснээс хойш 8 сарын дараа ачаалалтай өвчлөл ихтэй үед үйлчлэгч түр гэрээгээр авч ажиллуулж байгаа гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилохыг даалгаж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай тушаалаар орон тооны цомхтголоор намайг тус төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн ба тухайн үед миний бие тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгож учир байдлыг ойлгож дараа орон тоо гарвал намайг ажилд аваарай гэсэн хүсэлт гаргаж бөгөөд ажил олгогч тус төвийн даргаас төсөв сайжрах юм бол та нарыг ажилд авна гэж хэлсэн боловч саяхан тус төвд үйлчлэгчийн орон тоо бий болгож өөр хүнийг ажилд авсныг сонсож намайг ажилд авахыг хүссэн боловч авахгүй байгаа тул тус төвд шинээр бий болсон үйлчлэгчийн ажилд томилохыг Б сумын эрүүл мэндийн төвийн даргад даалгаж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай тушаалаар Б.Б-ыг үйлчлэгчийн ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба мөн даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн үйлчлэгч ажилтай Б.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Энэ хуулийн 40.1.1.-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заажээ.
Хариуцагчаас шинээр бий болсон орон тоо гэдэг нь 2018 он 1 дүгээр сараас нэг үйлчлэгч өндөр насны тэтгэвэрт гарсан тул цомхтгол хийснээс хойш 8 сарын дараа ачаалалтай өвчлөл ихтэй үед түр гэрээгээр авч ажиллуулж байгаа талаар тайлбарласан байх ба нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Эрүүл мэндийн төвийн батлагдсан орон тоонд ажиллаж байгаа үйлчлэгч нар Ц арал багийн эмчийн салбарт ээлжлэн ажиллах болсон тул ээлжийн үйлчлэгчээр К.Б, К.Бо нарыг 2018 оны 02 дугаар сарын 07-ноос эхлэн ээлжлэн ажиллуулсан байна. Хариуцагчийн дээрх тайлбар болон Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай Ажилд томилох тухай тушаалаас үзэхэд Б.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 зааснаар буюу орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснөөс хойш 8 сарын дараа ажилтан тэтгэвэрт гарсны улмаас шинээр орон тоо бий болсон байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан гурван сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд Б.Б-ыг томилохыг даалгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б гомдлоо шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдол гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа сэргээх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Б-ын Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилохыг ажил олгогч болох тус төвийн даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажилд томилохыг ажил олгогч болох тус төвийн даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.М