Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

 Шүүгдэгч П.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Лд холбогдох эрүүгийн 1825000950083 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч П.Лыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоотод ошин суух Д.Цийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Elko” загварын LCD зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлж 551 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр П.Л нь согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 9-10 тоотод ошин суух Д.Цийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “Elko” загварын LCD зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг авсан байна. Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Д.Цийн....орой 20 цаг 40 минутын орчим ээж бид хоёрыг гэртээ ирэхэд том өрөөний урд талын цонхны салхивчийг хагалан хулгайч орж сервант дээр байсан 39 инчийн “Elko” загварын LCD зурагт, сервант дээр байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн зэрэг эд зүйл хулгайд алдсан байсан... хулгайд алдсан зурагт болох “Elko” загварын LCD зурагтаа буцааж авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, гэрч Ж.Солонгоогийн....Орхон аймагт 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирээд Лыг хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн. Л төрсөн өдрийнхөө өмнөх өдөр архи уугаад бэр эгч ЦэндАюушийн гэрт нь орж зурагтыг нь хулгайлсан байсан. Цагдаагийн газар дээр ирээд уулзахдаа зурагт болон мөнгөн аяга хулгайлсан гэж мэдсэн гэх мэдүүлэг, “Бан Хас” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0061 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон нийт 551 000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шижилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэнд № 5, 6 дугаарын 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэнд № 5,6 дугаарын 2 ширхэг гутлын мөр нь хоорондоо тохирч байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын мөр нь П.Лаас хураан авсан баруун өмсгөлтэй гутлын мөртэй тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, шүүгдэгч П.Лхгаванямын ...орой очиход хүн байхгүй байхаар нь би байшингийн цонхыг хагалж ороод гэрт нь байсан “Elko” брэндийн хар өнгөтэй LCD зурагтыг авч гарсан. Гэртээ хариад хулгайлж авсан зурагтаа гэрийнхээ амбаарт хийсэн юм. Тэр өдөр би архи уучихсан их согтуу байсан болохоор яагаад зурагт хулгайлсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Мөнгөн аяга авснаа санахгүй байгаа юм. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч П.Лын бусдын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нь авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ. Монгол улсын Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг П.Л санаатай үйлджээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-53-р, 59-65-р хуудас/ зэргийг шинжлэн судлаад гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол арилсан байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаас доогуур хэмжээний хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангилалын хэрэг байх тул ялаас чөлөөлөх, ялыг тэнсэх үндэслэлгүй гэж үзнэ. Хохирогчид алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн нь хэргийн 12-13 дугаар хуудаст байгаа эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдсон ба хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Пийн Лыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лыг 1 /нэг/ жил 03 / гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Лд оногдуулсан 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лыг цагдан хорьсугай.

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ