Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 413

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ф сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Е.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургууль /захирал Ж.А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.С оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 17 дугаартай Зарим багш, ажилчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Е.Пад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Е.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Е.П би тус сургуульд 2000 оноос эхлэн англи хэлний багшаар ажиллаж байгаа юм. Ажиллаж байгаа хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Гэтэл ажил олгогч Е.П намайг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр орон даяар зарлагдсан гамшгаас хамгаалах дуут дохио өгсөн сургалтад тус сургуулиас шалтгаангүйгээр хамрагдаагүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байна. Е.П би 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байсан юм. Е.П би Б аймгаас 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр автобусаар гарч Улаанбаатар хотод очиж, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос гарч Б аймагт юм. Е.П миний Улаанбаатар хотод явсан учир шалтгаан нь Улаанбаатар хотод 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр аялал жуулчлалын чиглэлээр улсын чанартай томоохон чуулга уулзалт болсон юм. Ер нь Е.П би англи хэлний багшийн мэргэжилтэй учир зуны цагт аялал жуулчлал буюу гадаадын иргэдэд орчуулга хийдэг юм. Манай сургуулийн сурагчдын 3 улирлын амралт нь 2018 оны 03 дугаар сарын 24-нд эхэлж, 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр дууссан юм. Е.П би Улаанбаатар явахын өмнө тус сургуулийн ахлах сургалтын менежер Ж.К-д учир байдлаа танилцуулж Улаанбаатар хот явах талаар хэлэхдээ тэрээр "Одоохондоо сургуульд ажил байхгүй, Харин хичээл 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр эхэлнэ, Тэр хүртэл заавал ирнэ шүү" гэж хэлж байсан юм. Тэгээд ангийн журналыг сургалтын менежер Ж.К-д хүлээлгэн өгөөд явсан юм. Ер нь сургуулийн сурагчдын амралтын үед багш нар өдөр болгон сургуульд очихгүй ба заримдаа хувийн ажлаар ийшээ тийшээ явдаг асуудал байнга гардаг юм. Харин сургуульд ажил гарсан үед сургуулийн удирдлагаас мэдэгдэхэд хүрээд очдог юм. Иймд багш Е.П би тус сургуульд гамшгаас хамгаалах дуут дохио өгсөн үед Улаанбаатар хотод ажилтай байсан юм. Тухайн арга хэмжээ болох тухай сургуулийн захирлаас албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдлээ ч гэсэн хотоос ирэх боломжгүй байсан юм. Тэгж яривал уг арга хэмжээнд Ф суманд байсан зарим багш нар ч оролцоогүй байна. Гэтэл тэдгээр хүмүүст арга хэмжээ аваагүй байна. Захирал Ж.А, түүний нөхөр багш М.Ө нар ч очоогүй байна.

Иймд Б аймгийн Ф сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Зарим багш, ажилчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай" 17 тоот тушаалын Е.П-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Е.П-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. 2018 оны 3-р сарын 29-ний өдрийн 15 цагт Ф сумын хэмжээнд дуут дохйо1 дуугаргаж гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулагдаж албан байгууллагын бүх албан хаагчдад урьдчилан мэдэгдсэн билээ. Уг сургууль зарлагдсан өдөр сумын албан хаагчид бүрэн хамрагдах ёстой байсан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн. 37.2.1, 37.2.2, 37.2.4-т тус тус зааснаар Монгол Улсын иргэн "гамшгаас хамгаалах хууль тогтоомж эрх бүхий байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх. гамшгаас хамгаалах сургалтад оролцох, гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх" үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх юм. Иймээс сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/266 дугаартай албан тоотоор дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, сумын хэмжээнд зохион байгуулсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд тус сургуулийн 5 багш, ажилчин ирээгүй тул холбогдох арга хэмжээ авахыг надад мэдэгдсэн тул 2018 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 17 дугаартай тушаалаар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд оролцоогүй тасалсан тус сургуулийн ажилчид Б.С, М., И.Ц, Е.П, Я.Ж, М.Ф нарт сануулах арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгч Е.П нь Улаанбаатар хотод явах талаар мэдэгдэж чөлөө хүсэж байгаагүй бөгөөд манай сургуулийн Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан 1-ээс дээш хоногоор чөлөө авахыг хүссэн тохиолдолд 1 хоногийн өмнө чөлөө авах учир шалтгаанаа тодорхой заасан өргөдөл холбогдох нотлох баримтын хамт захиралд гаргаснаар сургуулийн захирал 2-30 хоногийн чөлөөг чөлөөний хуудсаар олгодог журамтай. Тус сургуулийн багш Н.П нь надаас чөлөө авч байгаагүй бөгөөд сургалтын менежер захирлын зөвшөөрөлгүйгээр дураараа чөлөө олгох эрхгүй болно. Иймээс нэхэмжлэгч зохих журмаар чөлөө авалгүй явснаа нэхэмжлэлдээ тодорхой дурдсан тул үүнийг чөлөөтэй байсан гэж үзэхгүй юм. Би Е.П-ын чөлөө авалгүй Улаанбаатар хотод явсныг мэдээгүй бөгөөд нэхэмжлэлдээ танилцах явцад мэдсэн тул түүний дураараа 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажил тасалсан байдалд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохих хариуцлагыг ногдуулах болно. Иймд иргэний үүргээ ухамсарлахгүй байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е.П-аас Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 17 дугаартай Зарим багш, ажилчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Е.П-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 17 дугаартай Зарим багш ажилчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1, 37.2.2, 37.2.4, 37.2.5 дахь заалтуудыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр орон даяар зарлагдсан гамшгаас хамгаалах дуут дохио өгсөн сургалтад шалтгаангүйгээр хамрагдаагүй багш, ажилчид болох дотуур байрны багш Б.С, хичээл зохицуулагч М.Б, дотуур байрны жижүүр И.Ц, англи хэлний багш Е.П, сургуулийн үйлчлэгч Я.Ж, дотуур байрны үйлчлэгч М.Ф нарт сануулах арга хэмжээ авсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байна.

Ажил олгогчийн дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд үндэслэсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2-т Иргэний гамшгаас хамгаалах талаар хүлээх үүргийг зохицуулсан ба 37.2.1-д гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх; 37.2.2-т гамшгаас хамгаалах сургалтад оролцох; 37.2.4-т гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх; 37.2.5-д гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй болох талаар заажээ.

Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг гаргаж өгөөгүй тул ажилтан Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах талаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахаар заасан байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоосон ба мөн хуулийн тухайн зүйлийн 6.7-д Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасан зөрчил буюу Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийг гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч харьяаллын дагуу шалган шийдвэрлэх байтал сургуулийн захирал нь иргэн гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгч Е.П нь захирлын зөвшөөрөлгүйгээр, чөлөө авахгүйгээр Улаанбаатар хотод явж ажил тасалсан талаар дурдсан боловч ажилтан Е.П-ад энэхүү үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаагүй тул энэ байдлын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 17 дугаартай Зарим багш, ажилчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Е.П-ад холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Е.П, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч Ж.А нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийх талаар бичгээр хүсэлтээ ирүүлсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Ж.А нарт шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүй хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 17 дугаартай Зарим багш, ажилчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Е.П-ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ф сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.М