Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Төртогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Өсвөр насны шүүгдэгч Т.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 1825000540071 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн: 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр суманд төрсөн, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, эмээгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-117 тоот оршин суух, Орхон аймгийн Эрдэм ахлах сургуулийн 12 дугаар ангид сурдаг, урьд ял шийтгэлгүй, Төр овгийн Тын М \Регистрийн дугаар ФД01320235\

Шүүгдэгч Т.Мыг НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг өвс мэт ургамалыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-117 тоот гэртээ хадгалсан, 2017 оны 07 дугаар сард НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг өвс мэт ургамалыг 17-р сургуулийн хойно байх жалгаас худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-117 тоот гэртээ хадгалсан, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг 16 настай Б.Энхбаярт өгсөн гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 4-16-р байрны 9 давхарын орцноос өвс мэт зүйл олж 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-117 тоот гэртээ хадгалсан, 2017 оны зун 7 дугаар сард Орхон аймгийн 17-р сургуулийн арын жалганаас өвс мэт зүйл түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-117 тоот гэртээ хадгалсан, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг 16 настай Б.Энхбаярт уг өвс мэт зүйлээс хот хоорондын таксигаар дамжуулан өгч явуулсан бөгөөд уг өвс мэт зүйлүүдээс химийн шинжилгээгээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол /Дельта-9-tetrahydro-cannabino/-ийн агууламж илэрсэн байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Шүүгдэгч Т.М мансууруулах сэтгэцэд нөлөөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт \хх-ийн 2-4-р хуудас\,Т.Мын хувцасанд үзлэг хийж 0.62 гр жинтэй өвс мэт зүйл илрүүлсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт \хх-ийн 9-11-р хуудас, Т.М, У.Мөнхболд нарын хувцаснаас илрүүлсэн 0,62 гр, 0,2 гр өвс мэт зүйлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл \хх-ийн 14,19-р хуудас\ болон, насанд хүрээгүй гэрч У.Мөнхболдын ......”Тэгээд 5-р микрийн 3-р байр шиг санагдаж байна нэг байрны орц руу ороод 7-8 давхарт гарсан юм. Тэгээд найз М бид 2 өчигдөр 4-16-р байрны орцноос гялгар ууттай дүнсэн тамхи шиг өвс олсон юм. Тэрийгээ сонинд ороогоод асааж М эхлээд татсан юм. Дараа нь Улаакаа татсан юм. Дараа нь надад өгөхөөр нь би түүнээс нь 3-4 удаа сорсон. Тэр нь тамхинаас өөр үнэртэй байсан... Тэгээд цагдаа нар ирээд намайг аваад явсан. Цагдаа нарыг ирэхэд тэр ах чиний халаасаас гарч ирсэн юм гээд хуйлсан 20 төгрөг чихрийн цаастай нунтаг тамхи шиг зүйлийг цагдаа нарт өгсөн юм...” гэх мэдүүлэг, гэрч О.Равжирын....”2017 оны 11 сарын 15-ны өдөр хөдөлгөөнт эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн 18 цагийн орчим цагдаагийн газрын 102-оос 5-10-р байрны 1-р орцонд хүүхдүүд тамхи татаад байна гэх дуудлаганд яваад оч гэсэн, тэгэхээр нь би олон нийтийн цагдаа Т.Аийн хамт очсон. Яваад очсон чинь Нинжбаатар гэх залуу нэг хүүхдийг барьчихсан энэ хүүхдүүд өвс татаад байна гэж хэлээд надад хүлээлгэж өгсөн. Тэгэхэд тэр залуу наад хүүхэд чинь хоёулаа байсан гэсэн. Тэгээд тэр хүүхдийн халааснаас гарч ирсэн гээд хуйлчихсан 20 төгрөг, бага зэргийн хэмжээтэй ууттай өвс мэт зүйлийг надад өгсөн. Тэгэхээр нь би тэр хүүхдийг аваад цагдаагийн шуурхай удирдлагын төв дээр хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.Тын өгсөн.....”2017 оны намар байх өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр М нь манай гэрт гүйж ирээд надад хандаж “5 микрийн 9 давхар байрны орцонд найзуудтайгаа өвс татаж байсан чинь нэг ах гарч ирээд бид нарыг цагдаа дуудаж өгнө гээд зугтаасан” гэж яриад манай гэрт хоносон. Тэр үед л би Мыг өвс татсан гэж сонсож байсан… ”гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Энхбаярын......”Би Маас 2017 оны эхээр бага зэргийн өвсийг Эрдэнэтийн таксигаар дамжуулж авсан. Би Мд өвсний мөнгө гэж өгөөгүй. Тухайн үед М утсар яриад мөнгө байна уу гэж асуухаар нь би 10 000 төгрөг шилжүүлсэн. Би Маас авсан өвсөө тэр өдрөө ганцаараа татчихсан. Би өмнө нь Мтай 2017 оны 06 сарын эхээр 5 сард ч байж магадгүй Орхон аймагт байхдаа нэг удаа татаж байсан. Тэрнээс хойш татаагүй. Ямар нэртэй өвс байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11445 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хураан авсан зиплок түгжээтэй ууттай өвс мэт зүйлд Дельта-9 тетрагидроканнабинол /Дельта-9- tetrahydro-cannabino/-ийн агууламж илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮб-ийн 1971 оны “ сэтгэцэд нөлөөт бодис”-ийн духай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт , Шүүхийн шинжилгээний албаны “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1152 дугаартай: ”шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ‘’Т овогтой М ФД01320235” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ агууламж илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн “сэтгэцэд нөлөөт бодис”- ын жагсалтанд хамаарна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1151 дугаартай шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ‘’Т овогтой М ФД01320235” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ агууламж илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн “сэтгэцэд нөлөөт бодис”-ын жагсалтанд хамаарна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны “2018 оны 01 дүгээр сарын 17- ны өдрийн 936 дугаартай шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ‘’Т овогтой М ФД01320235” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ агууламж илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн “сэтгэцэд нөлөөт бодис”-ын жагсалтанд хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Т.М нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би анх 17- р сургуулийн ар талын жалгаас өвс байгааг олж хараад түүж гэртээ хадгалсан. Дууны клипэн дээрээс харж байсан юм. Татахад хоолой хорсож байсан. Тэгээд гэртээ ямар нэг зорилгогүй хадгалж байсан. Улаанбаатараас Энхбаяр асуухаар нь таксигаар өгч явуулсан. Үлдсэн жаахан нь куртикны карманд байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. Шүүгдэгч Т.М нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг өвс мэт ургамалыг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-117 тоот гэртээ хадгалсан,мөн 2017 оны 07 дугаар сард Орхон аймгийн 17-р сургуулийн арын жалгаас худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-18-117 тоот гэртээ хадгалсан, уг өвс мэт ургамалыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг 16 настай Б.Энхбаярт өгсөн эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний шинжтэй буюу “сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” үйлдэл болох нь тогтоогдож байна. Т.М нь 2001 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг үйлдэж эхэлсэн 2017 оны 7 дугаар сард 15 нас 7 сартай байсан болох нь хэргийн 71, 72 дугаар хуудаст авагдсан төрсөний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогджээ. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...14-16 хүртэл насны хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/...гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул шүүгдэгч Т.М нь энэ гэмт хэргийн субъектын шинжид насны хувьд тохирсон, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэх талаар хэрэгт эргэлзээтэй баримт авагдаагүй байна. Шүүгдэгч Т.М Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай үйлдэл санаатай хийсэн байх бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Өсвөр насны шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын баримтууд, ял шалгуурын хуудас зэргийг судлаж, өсвөр насны хүнд ял оногдуулах Эрүүгийн хуульд заасан тусгай журмыг баримтлан хорих ял оногдуулж, тэрээр гэм буруугаа хүлээсэн болон хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан тогтоолыг биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэсэн болно. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2ш уутанд савласан өвс мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Тын Мыг сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 6/ зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Шүүдэгч Т.Мд оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс оногдуулсан хязгаарлалтыг зөрчсөн бол тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186,187,189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Мд ял оногдуулсан тогтоолын биелэлтийг хойшлуулсан хугацаанд засрал хүмүүжилд нь болон үүрэг хүлээлгэсэн хязгаарлалтын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гялгар уут бүхий өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ