Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ут холбогдох эрүүгийн 1725004380249 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Т.Уыг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаан чулуут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” караокед 2017 оны 12 дугаар сарын 07- ны өдөр Ч.Аийн LG К230 маркийн гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж залилан 321.000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 02 дугаар сарын 22- ны орой Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халиу” пабад Б.Бын I phone 6 маркийн гар утасыг хүнтэй ярьчихаад өгье гэж залилан авч 450 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаан чулуут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” караокед 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Т.У орохдоо уг газарт ажиллаж байсан Ч.Аийн LG К230 маркийн гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж авч гараад явсан ба утсыг нь өгөөгүй, Т.У нь мөн 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халиу” пивоны газарт Б.Бтай уулзъяа гэж дуудаж ирүүлээд пиво ууж сууж байгаад I phone 6 маркийн гар утсаар чинь хүнтэй ярьчихаад өгье гэж авч гараад явсан ба утсыг нь өгөөгүй алга болсон байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: хохирогч Ч.Аийн... 16 цаг өнгөрч байхад 25 орчим насны нэг залуу ганцаараа орж ирээд караокед сууж 2 пиво захиалаад сууж байгаад над дээр ирээд 2 дуу захиалсан юм.... миний гар утсыг У нь нэг ярьчихаад өгье гэж гуйхаар нь би нэгжгүй гэж хэлтэл надаас яаралтай ярих хэрэгтэй байна гээд дахиад гуйгаад байхаар нь би өгчихөөд караокед дуу тавьж өгчихөөд иртэл У гараад явчихсан байсан. Залгахад дуудаж байгаад авахгүй холбогдох боломжгүй болсон... гэх мэдүүлэг, “Бан хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 358 дугаартай: LG К230 маркийн гар утасны үнэ 321.000 төгрөг... гэх дүгнэлт, гэрч Б.Гантөмөрийн ... Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 30 минутын үед Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багт үйл ажиллагаа явуулдаг Тэди төв дээр байж байтал нэг залуу ирээд LG K230 загварын утас авах уу гэхээр нь би чиний утас юм уу гэж асуухад миний утас мөнгөний хэрэг болоод гэж хэлсэн. Би утсыг нь үзээд 70.000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг, хохирогч Б.Бын ... 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр миний гар утас руу залгаад уулзах уу гээд байхаар нь хаана вэ гэсэн чинь Халиу пабд байна гэж хэлсэн. Тэгээд яваад очтол У пиво уучихсан сууж байсан. Тэгээд нэг шил архи авч хувааж уусан. Тэгээд байж байтал У нь надад хандаж гар утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгье гэж хэлээд миний утсыг аваад гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гараад харсан чинь байхгүй болсон байсан. Тэгээд би ойр хавьд байсан хүмүүсийн утсыг гуйж байгаад өөрийнхөө утас руу залгахад дуудаад байгаа хэрнээ огт авахгүй байсан. Тэгээд би аргаа бараад гэртээ харьсан. Маргааш нь өргөдөл гаргасан ... гэх мэдүүлэг, гэрч Ч.Ганчимэгийн ... Би түүний холбогдсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Сургийг нь сонсоход ангийнхаа хүүхдээс гар утсыг нь аваад утсаар яриад өгье гэж хэлээд өгөөгүй юм байна лээ... гэх мэдүүлэг, Бан хас ХХК-ний шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн: I phone 6 маркийн гар утас үнэ 450.000 төгрөг гэх дүгнэлт, шүүгдэгч Т.Уын яллагдагчаар өгсөн... 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой найз Баянжаргалтай 2 дугаар микрийн нутаг дэвсгэрт байрлах “Халиу” нэртэй пабад уулзахаар тохироод уулзсан. Тухайн үед би найз Баянжаргалын гар утсыг хүнтэй ярьчихаад өгнө гэж хэлээд аваад явсан. Тэгээд найзынхаа гар утсыг өгөхгүй явж байгаад маргааш өдөр буюу 23-нд Дархан явсан. Буцаж ирээд өгөх санаатай байсан. Гар утсыг нь Одбаяр мөрдөгчид хураалгасан. Би өмнө нь “Оргилуун” караокед үйлчлүүлж байгаад нэг охины гар утсыг нэг ярьчихаад өгье гэж хэлээд тэр чигтээ аваад явсан юм. Уг хэрэг дээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм... гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримтууд /хх-ийн 100,119-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Т.У “гэм буруугаа хүлээж байна. Хэрэг хийснээ зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Т.Уын “бусдын итгэлийг эвдэн, хуурч эд зүйлийг нь өөртөө авсан” энэ үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан, санаатай, нийгэмд аюултай, ”залилах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Т.У нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдлийг санаатай хийсэн байна. Т.Уын үйлдлийн улмаас хохирогч Ч.Ад 321,000 төгрөгний, хохирогч Б.Бд 450,000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хэргийн 100,119 дүгээр хуудаст авагдсан эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримтаар хохирол төлөгдсөн болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдсан ял шалгуурын хуудас, хувийн байдлын бусад баримтууд зэргийг судлаж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж үзэв. Мөн, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...”гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх шинж Т.Уын үйлдэлд хадгалагдсан байх тул оногдуулах хорих ялын хэмжээг сонгоход харгалзсан болно. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон ялаас чөлөөлөх, ялыг тэнсэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж шүүгдэгчийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор заалаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Тн Уыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Ут оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Уын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Т.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ