Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Од холбогдох эрүүгийн 1825001940130 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

 Шүүгдэгч Ц.Ог Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутагт 2018 оны 03 сарын 02-ны өдөр иргэн Г.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутагт Г.Дтэй үл ойлголцон зодож биед нь зүүн хацар зулгаралт шарх, баруун хацарын дээд тал, хамрын үзүүр, зүүн хацар, зүүн нүдний гадна буланд зулгаралт зэрэг гэмтэл үүсгэжээ. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Г.Дгийн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/, гэрч Н.Лы мэдүүлэг /хх-ийн 7- р хуудас/, гэрч С.Оюунтүлхүүрийн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт /ххийн 11-р хуудас/, шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ц.Оы бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь хохирогч Г.Дгийн... өвсөнд оочирлон зогсож байтал хажуугаар 64-33 ОРО улсын дугаартай цагаан өнгийн портер машин миний машины хажуугаас шахаж орж ирэхэд за яахав урдуур орог гэж бодоод зогсож байтал машины толь шүргээд гэмтээж хугалсан, тэгэхээр нь би машинаасаа бууж очоод хөөе чи толь унагаачихлаа буугаад хардаа гэхэд мэдсэн, харсан тэрийг чинь тэгээд яадагийн гэж хэлээд үл хайхарсан байдалтай өөдөөс уцаарлан дургүйцэхэд нь би энгэрээс нь татаж буулгах санаатай татаж байтал хажуугаас нэг эмэгтэй гарч ирээд намайг учир зүггүй нүүр ам самардан намайг доош тонгойлгож нүүрнээс хоёр гараараа базаад дахин дахин лавшруулаад базаад хамраас цус гаргаж наадах чинь миний нөхөр чи яах гээд байгаа юм бэ гээд зодоод эхэлсэн. Миний бие Галбаяр овогтой Д нь тус цагдаагийн газарт бусдад зодуулсан гэж гомдол гаргасан боловч намайг зодсон Ц.О нь надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн тул миний зүгээс ямар нэгэн санал гомдолгүй хохирлын мөнгө болох 200 000 төгрөгийг авсан болно.... гэх мэдүүлэг, гэрч Н.Лхагвасайханы .....”тэгээд би машиндаа сууж байтал тэр ирээд шууд зуурч аваад хэд хэдэн удаа цохиод авахаар нь би эмэгтэй хүнийг цохилтой биш юу болов гээд байж байтал цаанаас эхнэр ирээд та болиоч гээд гарнаас нь барьж авахад тэр хүүхэн манай эхнэрийн нүүрийг нь маажаад куртикний малгайнаас нь дараад доошоо хийсэн. Хажууд зогсож байсан хүн та болиоч гэж шаардлага тавьсан тэгэхэд манай эхнэр ноцолдоод гарыг нь тавиулж харагдсан. ” гэх мэдүүлэг, гэрч С.Оюунтүлхүүрийн ... цагаан машинаас нэг эгч гүйж гарч ирээд шууд орж ирээд жолоочийг заамдаж аваад куртикийг нь толгой дээр нь нөмөргөөд доош нь дараад байж байтал эхнэр нь зайтай зогсож байсан тэр хооронд гүйж ирээд нөхрөөсөө нөгөө эмэгтэйг салгаад тэр хоёр хоорондоо ноцолдоод нүүр амаа бага зэрэг хумсны оромууд хоёулангийнх нь нүүрэн дээр гарсан тус шалбархайнуудаас нь цус гарсан л харагдаж байсан... гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 228 дугаартай: ... Г.Дгийн биед зүүн хацар зулгарсан шарх, баруун хацар дээд уруулын дээд тал, хамрын үзүүр, зүүн хацар зүүн нүдний гадна буланд зулгаралт үсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Зүүн хацарт зулгарсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт, шүүгдэгч Ц.Оы... зогсож байгаад эргээд хартал манай нөхрийг нэг эмэгтэй заамдчихсан зогсож байхаар нь би явж очоод хойноос нь хүүе хүүе та хоёр юу болж байна вэ гэж хэлэхэд нөгөө эмэгтэй над руу дайраад өмсөж байсан малгайг маань доош нь дараад миний нүүрийг маажчихаар нь уурандаа өөрийнх нь нүүрийг зөрүүлээд маажсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирол төлөгдсөн тухай хэрэгт тэмдэглэгдсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овгийн Цийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 120 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ