Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 462

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК /ерөнхий захирал Б.К/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргатай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ө сумын 6 болон 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үер буусан голомтод ажиллах №01 гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М сумын нутаг дэвсгэр дэх У давааны арчлалт -3А-16-01 тоот гэрээг тус тус байгуулан үерийн голомтод ажиллахад нийт 169268120 төгрөгийн гүйцэтгэлээс 124456195 төгрөг, У даваа-ны арчлалтын 29370330 төгрөгийн гүйцэтгэлээс 11038000 төгрөгийн санхүүжилт авсан ба үлдсэн санхүүжилт болох нийт 63144255 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-ийн ерөнхий захирал Б.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн зам барилга үйлдвэрлэлийн "Ж" XX Компани нь Б аймгийн засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргатай 2016 оны 07-р сарын 21-ний өдөр Ө сумын 6 болон 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үер буусан голомтод ажиллах №01 тоот гэрээ, 2016 оны 11-р сарын 18-ны өдөр М сумын нутаг дэвсгэр дэх "У даваа"-ны замын арчлалт №ЗА-16-01 тоот гэрээг тус тус байгуулан Монгол улсын Иргэний хуулийн 31 дүгээр бүлэг, гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжийн дагуу гамшгийн голомтод ажилласан юм. Ө сумын 6 болон 9 дүгээр багийн хог хаягдлыг зайлуулах, цэвэрлэх, устгах, техникийн нөхөн сэргээлт хийх, тэгшлэх ажлыг 2016 оны 07-р сарын 25-ны өдрөөс 2016 оны 08-р сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд даацын 6ш самосвал, Зш авто ачигч, 2ш автогрейдер нийт 14 хүний бүрэлдэхүүнээр ямар нэгэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, өглөөний 7:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл илүү цагаар шуурхай байгуулсан гэрээний дагуу ажиллаж, хийж гүйцэтгэлээ. Ажиллах хугацаанд нийт үерт автагдсан 113 айл өрхийн нурсан хашаа, байшин, бусад эвдэрч сүйдсэн гудамж талбайгаас гарсан 26758 м3 буюу 35782 тн хог хаягдлыг ачиж зөөвөрлөн зориулалтын газарт асгаж устгаж зайлуулсан, 37600 м2 талбайтай газрыг тэгшлэн техникийн нөхөн сэргээлт хийж, үерийн голомтын хог хаягдал асгах зориулалтын 14850 м3 хогийн отвал байгуулж ажилласан. Тухайн гамшгийн голомтод ажиллаж дууссаны дараа уг ажлыг аймгийн засаг даргын 2016 оны 07-р сарын 28-ны өдрийн А/429 тоот захирамжийн дагуу байгуулагдсан ажлыг хэсэг, мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчид болон Ө сумын ЗДТГ-с томилогдсон ажлын хэсгүүд газар дээр нь танилцаж үнэлгээ өглөө. Ө сумын 6, 9-р багуудын байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хог шороо хаягдлыг цэвэрлэх ажлын хийгдсэн төсөвт өртөг нь 169268120 төгрөг болно. Үерийн голомтод ажиллахад нийт 169268120 төгрөгийн гүйцэтгэл гарсан бөгөөд Б аймгийн Онцгой байдлын газар, аймгийн онцгой комиссын дарга, Санхүү төрийн сангийн хэлтэст гүйцэтгэлийг хянуулж, 2018 оны 08-р сарын 15-ны өдөр баталгаажуулсан болно. Тус Компани нь М сумын нутаг дэвсгэр дэх "У-ы даваа"-ны замын арчлалт №ЗА-16-01 тоот гэрээг үндэслэн 2016 оны 11-р сарын 19-ний өдрөөс 12-р сарын 20-ны өдрүүдэд Бульдозер 1, Авто ачигч 1, Зил-130 1, 25 тн-ы самосовал 1, Зөөврийн вагон сууц 1, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Ө М сум чиглэлийн У-ы даваа, хавцал болон Дэлүүн сумын хуурай салааны Ө чиглэлээс 185 дахь км-ээс 258 дахь км хүртэл нийт 73 км замын зорчих хэсэг дээр тогтсон 20300 м3 цас, цасан хунгарыг Бульдозероор цэвэрлэж 17500 м3 хунгар цасыг авто ачигчаар түрж зайлуулан цэвэрлэж зам даваанаас зорчигч тээврийн хэрэгслийг саадгүй өнгөрүүлж ажилласан юм. М сум чиглэлд ажиллахад нийт 29370330 төгрөгийн гүйцэтгэл гарсан ба холбогдох байгууллагуудаар баталгаажуулсан болно. 2017 оны 06-р сарын 14-ний өдөр Ө сумын 6, 9 дүгээр багуудад ажилласан гүйцэтгэлээс 124456195 төгрөг, М суманд ажилласан ажлын гүйцэтгэлээс 1103800 төгрөгийн санхүүжилт авсан ба Ө сумын 6, 9 дүгээр багийн үерийн голомтод ажилласан ажлын гүйцэтгэлээс 44811925 төгрөг болон М суманд ажилласан ажлын гүйцэтгэлээс 18332330 төгрөг, дээрх хоёр ажлын санхүүжилтээс нийт 63144255 төгрөгийн санхүүжилт өнөөдрийг хүртэл олгоогүй үлдээд байна. Санхүүжилт олгох талаар аймгийн засаг дарга бөгөөд, аймгийн онцгой комиссын даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч санхүүжилт хийж өгөхгүй байна. Энэ байдлыг дурдаж 2018 оны 02-р сарын 09-ний өдөр 14 дүгээр албан бичгээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч аймгийн засаг даргын орлогч А.К 2018 оны 2-р сарын 12-ний өдрийн 2-01/440 дүгээр албан бичигт "Ж" ХХК-ийн ерөнхий захирал Б.К-ий гаргасан 63142255 төгрөгийн нэхэмжлэлтэй аймгийн засаг даргад холбогдох өргөдөлтэй танилцаж үзлээ. Тус нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй учраас шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2018 оны 4-р сарын 14-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тэмдэглэлд, Аймгийн засаг дарга нарт холбогдох 63142225 төгрөг гаргуулахаас тухайн өргөдлийн нэг хувийг тайлбар авахаар хүргүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул өргөдлийг хүлээн авахаас татгалзан холбогдох материалыг буцаасан байна. Иймд танай Шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлын үлдэгдэл санхүүжилт болох 63144255 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Аймгийн Засаг дарга болон Онцгой комиссын даргатай 2016 оны 07 дугаар сарын 21- ний өдөр Ө сумын 6, 9 дүгээр багуудын усан голомтод ажиллах 01 дүгээр гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 18 өдөр М сумын нутаг дэвсгэр дэх улаагчны давааны замын арчлалтад 03 А1601 дугаар гэрээг тус тус байгуулан Иргэний хуулийн 31 дүгээр бүлэг гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан гамшгийн голомтод ажилласан. Ө сумын 6, 9 багийн хог хаягдлыг зайлуулах, цэвэрлэх, устгах ажлыг 2016 оны 07 дугаар сарын 25- ний өдрөөс, 2016 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хүртэл даацын 6 самсомол, 3 ширхэг авто ачигч, 2 автагчаар нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй халдварт янз бүрийн өвчин гарахаас урьдчилан цэвэрлэх ажиллагааг өглөөний 07-22 цаг хүртэл илүү цагаар шуурхай байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Ж ХХК ажиллах хугацаандаа нийт үерт автагдсан 113 айлын нурсан хашаа, бусад эвдэж сүйтгэсэн гудамж талбайгаас гарсан 26,758 м.куб буюу 35,782 тонн хог хаягдлыг ачиж, зориулалтын газарт ачиж устгаж зайлуулсан. 37,600 м.кв газрын тэгшилж техник нөхөн сэргээлт хийж, гол хаягдал асгах зориулалтын 14,850 м.куб хогийн автобаз байгуулж ажилласан. Тухайн гамшгийн ажил дууссаны дараа аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 28- ний өдрийн А/429 тоот байгуулагдсан ажлын хэсэг, мэргэжлийн хяналтын ажлын хэсэг улсын байцаагчид болон Ө сумын Засаг даргын Тамгын газард томилогдсон ажлын хэсэгт танилцаж үнэлгээ өгсөн. Хангалттай сайн хийгдсэн байна гэсэн үнэлгээ өгсөн. Ө сумын 6, 8 дугаар багуудын байгалын гамшигт өртсөн айл өрхүүдийн хог хаягдлыг цэвэрлэх ажилд хийгдсэн төсөвт өртөг нь 169,228,1120 төгрөг болно. Үерийн голомтод ажиллахад нийт 169,268,120 төгрөгийн гүйцэтгэл гарсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын дарга Сандуй санхүү төрийн сангийн хэлтэстэй гүйцэтгэлийг хянуулж 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр баталгаажуулсан. Тус компани М сумын Улаагчны даваан замын арчлалт 3А /1601 тоот гэрээг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 19, 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд ЗИЛ 130 машин 1, 25 тонны самсомал 1, зөөврийн вагон сууц 1, нийт 7 хэсэг гарч Ө М чиглэлийн У даваа хавцал болон Д сумын хуурай салааны Ө чиглэлээс 185 км-ээс, 258 км хүртэл нийт 73 км зорчигч хэсэг дээр тогтсон 20,300 м.куб цасан хунгарыг цэвэрлэж 17,500 м.куб хунгар цаасыг авто ачигчаар зайлуулан даваанаас зорчигч тээврийн хэрэгслийг саадгүй өнгөрүүлж ажилласан. М сумын чиглэлд ажиллахад нийт 29,370,330 төгрөгийн гүйцэтгэл гарсан ба холбогдох байгууллагуудаар баталгаажуулсан болно. 2016 оны 06 дугаар сарын 14 -ны өдөр Ө сумын 6, 8 дугаар багуудад ажилласан гүйцэтгэлээс 124,456,195 төгрөг, М суманд ажилласан ажлын гүйцэтгэлээс 11,038 төгрөг санхүүжилт авсан ба Ө сумын 9 дүгээр багт ажилласан ажлын гүйцэтгэлээс 44,811,925 төгрөг М сумын 18,332,330 төгрөг дээрх хоёр ажлын санхүүжилтээс нийт 63.144.255 төгрөгийг өнөө хүртэл олгогдоогүй байна. Уг санхүүжилтийн талаар аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргасан ч биелүүлээгүй. Уг байдлыг бид 2018 оны 02 дугаар сарын 09- ний өдөр 14 дүгээр албан бичгээр тус аймгийн Анхан шатны шүүх эвлүүлэн зуучлалд хандаж өргөдөл гаргасан боловч аймгийн Засаг даргын орлогч А.К шүүхийн журмаар шийдвэрлүүлэх саналтай гэж ирүүлсэн ба иймд бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэв.

Хариуцагч Б аймгийн Засаг дарга А.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Ж ХХК-ны нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. "Ж "ХХК-ийн нэхэмжилсэн 2016 оны Ө сумын нутаг дэвсгэрт болсон үер буусан үеийн голомтод ажилласан хөлс 1690^68120 төгрөг "У даваа"-ны зам арчлалтын 29370330 төгрөг нийт 198638450 төгрөгийн гүйцэтгэлийг хянан баталгаажуулалт хийж, Засгийн газарт гамшгийн зардлаас гаргаж өгөх тухай хүсэлт уламжилсан ба Засгийн газраас үерийн голомтын ажилд 124456195 төгрөг, "У даваа"-ны зам арчлалтад 11038000 төгрөг шийдвэрлэсэн ба одоо нэхэмжилж буй 63144255 төгрөг Засгийн газраас шийдвэрлэгдээгүй тул олгох боломжгүй юм. Иймд "Ж" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-иас тус аймгийн Засаг даргаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ө сумын 6 болон 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үер буусан голомтод ажиллах №01 гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М сумын нутаг дэвсгэр дэх У давааны арчлалт №ЗА-16-01 тоот гэрээг тус тус байгуулан үерийн голомтод ажиллахад нийт 169268120 төгрөгийн гүйцэтгэлээс 124456195 төгрөг, У давааны арчлалтын 29370330 төгрөгийн гүйцэтгэлээс 11032000 төгрөгийн санхүүжилт авсан ба одоо үлдсэн санхүүжилт болох нийт 63144255 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Б аймгийн Ө сумын 6, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үер буусан газрын голомтод ажилласан талаар:

Б аймгийн Ө сумын 6, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үер буусан газрын голомтод ажиллах гэрээг нэг талаас Б аймгийн онцгой байдлын газар, нөгөө талаас Ж ХХК-ийн хооронд байгуулсан бөгөөд уг гэрээг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Д баталсан байна. Уг гэрээгээр Ж ХХК нь ажлын хэсгийн хяналтын дор үерийн улмаас бөөгнөрсөн шороо, нурсан байшин, амбаар, хашаа зэргийг бүрэн цэвэрлэх, захиалагч нь ажлын үнэ хөлсийг гүйцэтгэлээр өгөхөөр харилцан үүрэг хүлээсэн байна.

Мэргэшсэн төсөвчиний гаргасан Б аймгийн Ө сумын 6, 9-р багуудын байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хог шороо хаягдлыг цэвэрлэх ажлын төсвөөс үзэхэд төсөвт өртгийг 169268120 төгрөгөөр зохиосон байна.

2016 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх Б аймгийн Ө сумын 6, 9-р багуудын гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хог шороо хаягдлыг цэвэрлэх ажилд онцгой байдлын дайчилгаагаар ажилласан ажлын гүйцэтгэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бичсэн байх ба уг гүйцэтгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын газрын дарга зөвшөөрч, Онцгой байдлын газрын дарга хянаж, гүйцэтгэгч Ж ХХК-иуд нь тус тусдаа гарын үсэг зурж, тамгаа дарсан байх ба аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаас гарын үсгээ зурж, тамга дарж баталсан байна.

Б аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэст гэрээний гүйцэтгэлийг хүргүүлсэн байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн комиссын актаас үзэхэд Ө сумын 6, 9-р багуудын байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хог шороо хаягдлыг цэвэрлэх ажлыг холбогдох акт, баримтуудыг шалгаад 9 хүний бүрэлдүүнтэй комисс нь тухайн ажил нь төсөв, гэрээний дагуу хангалттай хийгдсэн гэж үзэж Ө сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ашиглалтад зөвшөөрсөн байна.

Хоёр: М сумын нутаг дэвсгэр дэх У давааны арчлалтын талаар:

Б аймгийн Онцгой байдлын газар болон Ж ХХК нар нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗА-16-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ж ХХК нь Б аймгийн М сумын нутаг дэвсгэр дэх У давааны орчмын орон нутгийн чанартай замын арчилгааг хариуцагч, тээврийн хэрэгслийг байнга, саадгүй зорчих бололцоогоор хангахаар, ажлын үйлчилгээний төлбөрийг цас орж цасан шуурга шуурсан үед хийгдсэн ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээж авснаас хойш ажлын 15 хоногийн дотор ажил гүйцэтгэгчийн Хас банкны 5000180240 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон ба уг гэрээг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон Ж ХХК-ийн ерөнхий захирал Б.К нар баталсан байна.

Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Ө-М сум чиглэлийн У давааны авто замын цасны засвар арчлалтын тухай 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 04-07-036/430 дугаартай дүгнэлтэд: Ж ХХК-ийн замын шуурхай ажлын хэсгийн замчид Ө-М сум чиглэлийн У даваа, хавцал болон Д сумын Хуурай салааны авто замын 37800 м3 цасны засвар, ажлыг гүйцэтгэсэн байна гэж дүгнэжээ.

Ө-М сум У давааны чиглэлийн цасанд хаагдсан замыг Өгөөс 185 дахь км-ээс 258 дахь км хүртэл 2016 оны 11-р сарын 19-нээс 12-р сарын 20-ний өдөр хүртэлх хугацаанд цэвэрлэсэн ажлын гүйцэтгэлийг нийт 29906529 төгрөгөөр тооцож гүйцэтгэл бичигдсэн байх ба тухайн гүйцэтгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн дарга зөвшөөрч, Б аймгийн Онцгой байдлын газрын дарга болон нягтлан бодогч нар хянаж, гүйцэтгэгч Ж ХХК-иуд нь тус тусдаа гарын үсэг зурж, тамгаа дарсан байх ба Аймгийн онцгой комиссын даргаас гарын үсгээ зурж, тамгаа дарж баталсан байна.

Ж ХХК-ийн Б аймгийн Ө сумын 6, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үер буусан газрын голомт болон М сумын нутаг дэвсгэр дэх У давааны замыг цэвэрлэх ажлуудын гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай Ж ХХК-ийн нягтлан бодогчийн үйлдсэн жагсаалтаас үзэхэд Ж ХХК-ийн Б аймгийн Ө сумын 6, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт үер буусан газрын голомтод ажиллах гэрээний нийт 169268120 төгрөгийн гүйцэтгэлээс 124456195 төгрөгийн санхүүжилт авч 44811925 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, М сумын нутаг У давааны замыг цэвэрлэх гэрээний нийт 29370330 төгрөгийн гүйцэтгэлээс 11038000 төгрөгийг авч 18332330 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, дээрх хоёр гэрээний дагуу хийгдсэн ажил болох нийт 198638450 төгрөгийн гүйцэтгэлээс 136494195 төгрөгийн санхүүжилтийг авч одоогийн байдлаар 63144255 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо гаргаж тусгасан байна.

Дээрх байдлуудаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын үр дүнг захиалагчид бүрэн хүлээлгэж өгсөн болох нь, мөн захиалагчаас ажил гүйцэтгэлийн үнийн зарим хэсгийг төлж өгсөн болох нь тогтоогдож байна. Хариуцагч талаас хоёр удаагийн ажил гүйцэтгэх гэрээгээр нийт 198638450 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэнээс 136494195 төгрөгийн санхүүжилт хийгдэж, үлдэгдэл 63144255 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргахгүй байгаа ба энэхүү үлдэгдэл мөнгийг Засгийн газраас шийдвэрлээгүй тул олгох боломжгүй гэж тайлбарлажээ.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд ажил гүйцэтгэгч болох Ж ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлын үр дүнг захиалагчид бүрэн хүлээлгэж өгсөн байх тул хариуцагчийн үлдэгдэл мөнгийг Засгийн газраас шийдвэрлээгүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно. Хариуцагч аймгийн Засаг дарга нь Б аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын даргын хувьд гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээнд уг ажил гүйцэтгэсний санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд олгох талаар гэрээндээ тусгаагүй байх ба Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын гамшгаас хамгаалах асуудлаар нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 198638450 төгрөгөөс дутуу олгогдсон ажлын хөлс 136494195 төгрөгийн санхүүжилт хийгдэж, үлдэгдэл 63144255 төгрөгийг гаргуулан Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч аймгийн Засаг даргад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 63144255 /жаран гурван сая нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473821 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 473821 төгрөг гаргуулан Б аймгийн Зам, барилга үйлдвэрлэлийн Ж ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М