Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2527

 

“П”ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02578 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “П”ХХК,

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

 

188 386 247 төгрөг гаргуулах үндсэн болон 70 916 000 төгрөгийн бараа гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Б.Энхбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Э.Нямжав, А.Дугармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Б.Энхбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П”ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компани “А” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тээвэр үйлчилгээ үзүүлэх 04/06/2014-тоот гэрээ байгуулан, АНУ-аас 40 тн-ын 10 чингэлэг ОСБ хавтанг тээвэрлэн авчрах, “А” ХХК тээвэрлэлтийн хөлс болон, гарсан нэмэлт зардлыг хамтад нь төлөх үүргийг тус тус хүлээсэн. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлж энэ тухайгаа “А” ХХК-д албан бичгээр мэдэгдэж, ачаанаас 5 чингэлэг ачааг хүлээн авагчид олгосон. Ингээд гэрээний үүргийн дагуу тээвэрлэлтийн хөлсөө төлөхийг удаа дараа шаардсан.

Тус компанийн тээвэрлэгдсэн ачааны үлдэгдэл нь Улаанбаатар хотын гаалийн талбайд урт хугацаанд хадгалагдсанаас үүдэн чингэлэг түрээс болон чингэлэг хадгаламжийн нэмэлт зардлыг “А” ХХК Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.1-т заасны дагуу төлөх үүрэгтэй. Гадаад тээвэрлэгчийн чингэлэг хоногт 30 ам.долларын хөлс төлөгдөх тул “А” ХХК чингэлгийг шилжүүлж, өөр чингэлэгт буюу 20 тн-ын 8 чингэлэг, 40 тн-ын 1 чингэлэгт, 20 тн-ын чингэлэг хоногт 5 ам.долларын, 40 тн-ын чингэлэг хоногт 10 ам.долларын хөлсөөр шилжүүлэн хадгалах, хадгалалтын хөлс 1 тн ачаа 1 000 төгрөг байхаар тохирч, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14/1020 тоот албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн. Иймд 9 чингэлэгт хариуцагчийн ачааг шилжүүлэн хадгалсан.

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, хариуцагчтай тооцоо нийлэн өр, авлагаа баталгаажуулсан. Ам.долларын ханшийг тэр өдрийн ханш 1 186 төгрөгөөр тооцоход чингэлгийн түрээсийн хөлс 14 155 ам.доллар буюу 26 690 668 төгрөг, тээврийн зардал 50 426 ам.доллар, барааны хадгалалтын зардал 11 820 000 төгрөгийг, нийт 133 598 817 төгрөгийг хариуцагч нь манайд төлөх үүрэгтэй гарсан.

Тооцоо нийлснээс хойш 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 131 хоногт хадгалалтын зардал 10 394 000 төгрөг /79 тн х 1000 төгрөг х 131 хоног/, чингэлгийн түрээсийн зардал 7 645 602 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд “А” ХХК энэ өдөр төлсөн 20 000 000 төгрөгийг чингэлгийн түрээс болон хадгалалтын зардал 56 505 387 төгрөгөөс хасч, 36 505 287 төгрөг, тээвэрлэлтийн зардал 95 088 149 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. 20 тн-ын 2 чингэлэг ачааг” А” ХХК-д өгсөн.

2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “А” ХХК 19 250 000 төгрөг төлсөн тул 20 тн-ын 1 чингэлэг ачааг “А” ХХК-д өгч, 20 тн-ын 1, 40 тн-ын 1 чингэлэг ачаа үлдсэн. 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны 16 хоногийн чингэлгийн түрээсийн төлбөр 612 522 төгрөг, 53 тн ачааны хадгалалтын хөлс 848 000 / 53тн х 16 хоног х1000 төг/ төгрөг болсон. 19 250 000 төгрөгийг чингэлгийн түрээс, хадгалтын хөлс 37 965 809 төгрөгөөс хасч, 18 715 709 төгрөг үлдсэн.

“А” ХХК 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 33 хоногийн хадгалалтын зардал 1 320 000 төгрөг, чингэлгийн түрээсийн төлбөр 974 848 төгрөг буюу 2 294 848 төгрөг гарсан. Хариуцагчийн төлсөн 4 000 000 төгрөгийг чингэлгийн түрээс, ачаа хадгалалтын төлөгдөөгүй хөлс 21 010 557 төгрөгөөс хасч, 17 010 557 төгрөг үлдсэн. Хариуцагч 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3 600 000 төгрөг төлсөн. Энэ өдөр хүртлэх 57 хоногийн чингэлгийн түрээс 1 703 057 төгрөг, хадгалалтын зардал 2 280 000 төгрөг болсон тул төлөгдөөгүй хадгалалт, чингэлгийн түрээсийн төлбөр 20 993 614 төгрөгөөс 3 600 000 төгрөгийг хасч, 17 393 614 төгрөг үлдсэн.

2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “А” ХХК 10 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс энэ өдрийг хүртлэх ачаа хадгалалтын зардал 120 000 төгрөг, чингэлгийн түрээсийн төлбөр 89 648 төгрөг гарсан тул төлөгдөөгүй үлдэгдэл 17 603 262 төгрөгөөс төлсөн мөнгийг хасч, 7 603 262 төгрөг үлдсэн. 7 тн ачааг хүлээлгэн өгч, 2 чингэлэг 33 тн ачаа үлдсэн. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч 10 000 000 төгрөг төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 135 хоногийн ачаа хадгалалтын хөлс 4 455 000/135 хоног х 33 тн х 1000 төгрөг/ төгрөг, чингэлгийн түрээс 4 057 047 төгрөгөөр нэмэгдэж, үлдэгдэл 16 115 309 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг хасч, 6 115 309 төгрөг төлөгдөөгүй.

2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 579 хоногийн хугацаанд 33 тн ачааны хадгалалтын хөлс 19 107 000 төгрөг, 40 тн-ын нэг, 20 тн-ын нэг чингэлгийн түрээсийн төлбөр 21 233 957 төгрөг буюу нийт 46 456 266 төгрөг, тээврийн зардал 95 088 149 төгрөгийг хариуцагч тус тус төлөөгүй байна. Иймд тээвэр зуучлалын гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй тээврийн хөлсний 50 хувиар алданги тооцон, алдангид 47 544 075 төгрөгийн хамт, нийт 188 386 247 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч Б.Алтанцэцэг, өмгөөлөгч Э.Нямжав, А.Дугармаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “П”ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. АНУ-аас 10 чингэлэг ачаа авчруулж, 5 чингэлгийн тооцоог хийсэн. Үлдсэн 5 чингэлгийн тооцоог тодорхой хугацаанд төлсөн. Манай компанийн тээврийн хөлсөнд төлөх нийт 68 076 ам.доллараас 51 773.64 ам.долларыг төлж, тээврийн хөлсний үлдэгдэл 16 302,36 ам.долларын үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч зөвхөн тээврийн хөлсний төлөгдөөгүй төлбөр гэж 50 878.59 ам.доллар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаагаас үүдэн 2 чингэлэгт байгаа үлдэгдэл Канад орон сууцны үндсэн хийцийн материал болох ОСБ зорогдсон хавтан /15 мм/ 660 ширхэг, /9 мм/ 680 ширхэг хавтан буюу 70 916 000 төгрөгийн барааг өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй, эдгээр барааг хадгалж, мөн чингэлэг түрээсийн төлбөр гэж хоног хоногоор төлбөр нэмэгдүүлэн шаардаж байна.

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “А” ХХК-тай 11 чингэлгийн тооцоо хийсэн байна. Үүний нэг чингэлэг нь манайх биш. Чингэлгийн түрээс, хадгалалтын талаар тохиролцоогүй. Энэ хугацаанаас хойш 66 850 100 төгрөгийг тээврийн хөлсөнд төлсөн. Гэтэл нэхэмжлэгч мөнгийг чингэлгийн түрээс болон хадгалалтын хөлсөнд тооцоод байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар илүү хүнд нөхцөлтэй төлбөрөөс буюу 95 088 149 төгрөгөөс хасч тооцох учиртай.

Нэхэмжлэгч чингэлэг түрээс болон хадгалалтын хөлс гэж нийт 113 306 366 төгрөг нэхэмжилсэн байдаг. “П”ХХК нь “Харуутай транс” ХХК-д хадгалалтын хөлс 17 705 000 төгрөг төлсөн байна. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл барааны чингэлгийн хадгаламж, түрээсийн зардал гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч манай саналыг хүлээж аваагүйгээс хадгаламж болон түрээсийн зардал гарсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлээс тээврийн зардал 28 238 049 төгрөг, алданги 14 119 024 төгрөг, хадгалалтын хөлсөнд нэхэмжлэгч төлсөн 17 705 000 төгрөг, нийт 60 062 074 төгрөгөөс бусдыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.Алтанцэцэг, өмгөөлөгч Э.Нямжав, А.Дугармаа нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагад манай компанийн 20 тн-ын 1, 40 тн-ын 1 чингэлэг ачааг буюу Канад орон сууцны үндсэн хийцийн материал болох ОСБ зорогдсон хавтан /15 мм/ 660 ширхэг, /9 мм/ 680 ширхэг хавтан буюу нийт 1340 ширхэг ОСБ хавтан, нийт 70 916 000 төгрөгийн бараа байгаа. Эдгээр нь зах зээлд эрэлттэй бараа материалууд бөгөөд түүнийг худалдан борлуулаад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломж байгаа талаар манай талаас санал гаргахад нэхэмжлэгч тал хүлээж аваагүйгээс чингэлэг түрээсийн зардалд өндөр төлбөр гарч байгаа болно. Хавтанг өгөхгүй саатуулаад байгаа тул түүнээс дээрх 70 916 000 төгрөгийн үнэ бүхий хавтанг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Б.Энхбаяр нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний 2.2.6-д заасны дагуу хариуцагч тээврийн хөлс, холбогдох зардлыг бүрэн төлөх үүрэгтэй. Гэрээний 3.3, 2.2-т заасан тээврийн хөлс төлөх, хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй тул манайх ачааг өгөхөөс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1, 392.3, 224 дүгээр зүйлийн 224.2, 390 дүгээр зүйлийн 390.3 дахь хэсэгт заасны дагуу барааг барьцаалж өөртөө тусалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелэгдэх боломжийг хангаж байгаа болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 161 897 366,92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 26 488 880 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 392 дугаар зүйлийн 392.1 дэх хэсэгт заасныг баримтлан 70 916 000 төгрөгийн үнэ бүхий 1340 ширхэг ОСБ хавтан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 389 856 төгрөгөөс 1 313 188 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн 512 530 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын данснаас илүү төлөгдсөн 76 668 төгрөгийг буцааж, хариуцагчаас  967 436,83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаангүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...нэхэмжлэгч хариуцагчид гэрээний 1.1-д заасан талууд тохиролцсон захиалга авах хуудас, үнийн саналынхаа дагуу үйлчилгээ үзүүлж..." гэж гэрээний холбогдох заалтыг дүгнэсээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нэгэн үндэслэл болгосон.

Зохигчдын хооронд байгуулсан “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний 1.1, 2.1.7, 3.1, 3.4 дэх заалтуудад захиалга авах хуудас, үнийн санал гэрээний салшгүй хэсэг, /хавсралт/ байна, 2.1.7-д “...нэмэгдэл зардал, хураамж болон ...хөлсийг оруулан үйлчлүүлэгчтэй бичгээр тохирч гарын үсэг зуруулсан үнийн саналын дагуу нэхэмжлэх өгөх”, 3.4-д “Үнийн санал болон захиалга авах хуудасны дагуу тохиролцсон хугацаанд нэхэмжлэлийн үнэ төлөгдөөгүй тохиолдолд үйлчлүүлэгч хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар зуучид алданги өгнө” гэж тус тус заасан боловч гэрээнд заасан энэхүү захиалга авах хуудас, үнийн саналыг нэхэмжлэгч хариуцагчид огт өгч байгаагүй, хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй.

Гэтэл шүүгч зохигчдын аль аль нь гаргаж өгөөгүй, /угаасаа энэ баримтууд үйлдэгдээгүй/ хэргийн материалд байхгүй баримтыг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг илтгэж байна. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...хариуцагч үнийн саналыг зөвшөөрч үлдсэн 5 чингэлэг ачааг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгчийн 20 тн-ын 8, 40 тн-ын 1 чингэлэгт шилжүүлж хадгалах, 20 тн-ын чингэлэг хоногт 5 ам.доллар, 40 тн-ын чингэлэг хоногт 10 ам.долларын хөлстэй, 1 тн ачааг хоногт 1 000 төгрөгийн хөлсөөр хадгалуулахаар ...хүсэлтээ... ирүүлсэн нь хавтаст хэргийн 5 дахь хуудасны ... албан бичгээр тогтоогдож байна. Уг албан бичгийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийг татгалзах тайлбараа үндэслэж байгаа боловч уг албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн болно” гэж дүгнэснээр нэхэмжлэлийн шаардлагын хадгаламжийн болон түрээсийн зардал гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч хэргийн материалын 5 дугаар талд байгаа албан бичгийг хариуцагч мэйлээр хүлээн авсан гэж мэдүүлснийг хариуцагч үгүйсгээгүй...” гэж дүгнэснээр уг бичмэл баримтад байгаа мэдээллийг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлснийг эс зөвшөөрч байгаа юм. Гэтэл дээр дурдсан албан бичиг нь бичмэл нотлох баримтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагын хадгаламжийн болон түрээсийн төлбөрийг хангах эсэхийг шийдвэрлэхэд үнэ тогтоосон гэж үзэж байгаа, уг албан бичгийг эхээр нь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн түүнчлэн түүнийг энэхүү хэлбэрээр гаргаж өгөх боломжгүй байгаа тохиолдолд шүүхээр бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичмэл нотлох баримтыг хуулийн дагуу гаргаж өгөөгүй, шүүхээр бүрдүүлэхээр ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад тус албан бичгийг нотолгооны хэрэгсэлд хамааруулж, шүүх гаргасан шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шалгуурыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэгчтэй үнийг тохирч, 2014 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрөөс 9 чингэлэг түрээсэлсэн, хариуцагчийн чингэлэгтэй ачааг энэ хугацаанаас нэхэмжлэгч нь 1 тн ачааг хоногт 1 000 төгрөгийн хөлстэйгөөр хадгалахаар тохирч, ачааг “Техник импорт” ХХК, “Харуутай транс” ХХК-тай гэрээ хийж, гаалийн хяналтын талбай болон харуул хамгаалалттай талбайд хадгалуулж байгаа нь бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.” гэжээ. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Техник импорт” ХХК-тай хадгаламжийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан боловч хавтаст хэрэгт энэ гэрээ байхгүй, авагдаагүй юм.

Харин нэхэмжлэгчээс “Ти Ай Ложистик” ХХК-тай байгуулсан “... гаалийн хяналтын талбай ашиглах, төлбөр тооцоо хийх тухай гэрээ”-г гаргаж өгсөн боловч, гэрээ нь цаг хугацааны хувьд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан учраас 2014-2015 оны үйл баримтыг энэ гэрээгээр зохицуулах боломжгүй, маргаж байгаа зүйлтэй хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримт байсан. Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд ачааг гаалийн хяналтын талбайд, зориулалтын дагуу ачиж буулгах техник, тоног төхөөрөмжтэй талбайд хадгалж байгаа гэж тайлбарлаж байсан.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь “Харуутай транс” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр талбайн түрээсийн гэрээг байгуулж энэхүү гэрээний хавсралтын 2.3-2.5-т “Хадгаламжийн ачааны жин 15 тонн, 100 граммаас илүүтэй бол хоногт тонн тутам 1 000 төгрөгөөр тооцно, чингэлэг түрээс нь 20 футын чингэлэгт хоногт 5 ам.доллар, 40 футын чингэлэгт хоногт 10 ам.доллар гэж тооцно” гэж тохиролцсон хэмээн ихээхэн хэмжээний хадгаламж, чингэлэг түрээсийн зардал нэхэмжилсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас ачааг “Техник импорт” ХХК, “Харуутай транс” ХХК-тай гэрээ хийж, гаалийн хяналтын талбай болон харуул хамгаалалттай талбайд хадгалуулж байгаа нь бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна” гэжээ.

Гэвч, шүүх хуралдаан болохоос өмнө үзлэг хийхэд ачааг гаалийн хяналтын талбайд бус, ачиж буулгах зориулалтын техник, тоног төхөөрөмжгүй “ХУД тохижилт үйлчилгээ” ХХК-ийн талбайд 6 чингэлэгээр суурилаад дээшээ хэд ч давхарлаж, хэдэн ч чингэлэг хадгалж болох талбайг нийтэд нь сарын 500 000 төгрөгөөр тохиролцон, түүнд манай ачааг багтааж хадгалж байсныг мэдсэн. Энэ нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлэг, “ХУД тохижилт үйлчилгээ” ХХК-тай байгуулсан гэрээгээр нотлогдож байхад шүүх “... ачааг “Техник импорт” ХХК, “Харуутай транс” ХХК-тай гэрээ хийж, гаалийн хяналтын талбай болон харуул хамгаалалттай талбайд хадгалуулж байгаа нь бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шүүх хийсэн үзлэгээр тогтоогдож байна” гэж бодит үнэнтэй огт нийцэхгүйгээр дүгнэж, хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Өөрөөр хэлбэл, “Техник импорт” ХХК-тай нэхэмжлэгчийн хийсэн гэж дүгнэсэн гэрээ хэрэгт авагдаагүй, “Харуутай транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд ачааг хадгалуулаагүйгээс “П”ХХК шүүхийн шийдвэрээр тогтоогдоод байгаа их хэмжээний хадгаламжийн болон түрээсийн төлбөр төлөөгүй нь тогтоогдож байхад шүүх хадгаламжийн болон түрээсийг төлөх үүрэгтэй гэж гэрээний тал болж чадаагүй манай компаниас ихээхэн хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь тус компанид маш их хохиролтой байгаагийн зэрэгцээ энэ нь гэрээний шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 193.2 дахь хэсэгт заасныг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талд үйлчилснээр шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцэж чадсангүй. Манай компани нэхэмжлэгчээс “Харуутай транс” ХХК-д төлсөн 17 705 000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан учраас түүнийг хүлээн зөвшөөрч төлөх талаар арга буюу шүүх хуралдаанд тайлбарласан боловч түүнийг авч үзэлгүйгээр үндэслэлгүйгээр их хэмжээний хадгаламж, түрээсийн төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Манай компани тээврийн хөлсөнд 16 255 53 ам.долларыг төлөх үндэслэлтэй. Гэтэл нэхэмжлэгч нь зөвхөн тээврийн хөлсний төлөгдөөгүй төлбөрт манай компанийн 70 916 000 төгрөгийн барааг барьцаалж өөрсдөө зараад төлбөрөө суутга гэхээр зардаггүй, бид аваад зараад төлбөрийг гүйцэтгэе гэхээр өгдөггүй, тэгсэн атлаа эдгээр барааг хадгалсан, мөн чингэлэг түрээсийн төлбөр гэж хоног хоногоор төлбөр нэмэгдүүлэн шаардаж, бараа хадгалсан, чингэлэг түрээсийн зардал нь хадгалагдаж буй барааныхаа үнээс давах нөхцөл байдал үүсээд байхад шүүх энэхүү нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гэрээний үүрэгт хариуцагч төлөх үүрэг бүхий ам.долларыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 1 ам.долларыг 1984.44 төгрөгөөр тооцож, нийт 161 897 366 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтоож...” гэжээ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ”-ний 3.2-т “...гадаад валютын ханшийг тухайн өдрийн арилжааны банкны ханшаар тооцно” гэсний дагуу нэхэмжлэгч нь 1 886 төгрөгөөр бодож тооцсон байхад шүүх нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцсон нь үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 161 897 366,92 төгрөгөөс 98 205 481 төгрөгийн хадгаламж, түрээсийн төлбөрийг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч  “П”ХХК нь хариуцагч “А” ХХК-иас чингэлгийн түрээс, бараа хадгалалтын төлбөр 46 456 266 төгрөг, тээврийн зардал 95 088 149 төгрөг, уг зардлын 50 хувиар тооцож алдангид 47 544 075 төгрөг, нийт 188 386 247 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч гэрээгээр тохиролцсоны дагуу тээврийн зардлын үлдэгдлийг алдангийн хамт төлнө, харин чингэлгийн түрээс, бараа хадгалалтын хөлсийг харилцан тохиролцож тогтоогоогүй тул зөвшөөрөхгүй гэж марган, 70 916 000 төгрөгийн үнэ бүхий ОСБ хавтанг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээгээр хариуцагч “А” ХХК-иас олгосон бүрэн эрхийн дагуу захиалсан тээврийг нь тээвэрлэгчид ачуулах, төлбөр тооцоо болон нэмэлт зардал хураамжийг тээвэрлэгчид төлөх үүргийг зуучлагч “П”ХХК, тээвэрлэлтийн хөлс, зардлыг зуучлагчид төлөх үүргийг үйлчлүүлэгч буюу зуучлуулагч “А” ХХК нь тус тус хүлээсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулсан тул мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлагчийн эрх үүрэг эдлэх үндэслэлтэй байна.

Зуучлагч буюу нэхэмжлэгч “П”ХХК нь зуучлуулагч “А” ХХК-ийн 10 чингэлэг ачааг АНУ-аас тээвэрлүүлэн Улаанбаатар хотод авчирсан, зуучлагч нь гэрээний 2.1.1-т зааснаар холбогдох төлбөр тооцоог тээвэрлэгчид төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй тул хариуцагч нь тээврийн хөлс, нэмэгдэл зардлууд болон зуучлалын хөлсийг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт болон гэрээний 2.2.4-т зааснаар зуучлагчид төлөх үүрэгтэй.

Ачааны тээвэрлэлтийн хөлс 95 088 149 /50 426$*1885,6/ төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулснаас хойш, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 66 850 100 төгрөгийн төлбөр хийсэн тухайд талууд маргаагүй бөгөөд төлөгдсөн төлбөрийг хүнд нөхцөлтэй үүргээс хасах ёстой гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авч ачааны тээврийн хөлснөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсгийг зөрчихгүй ба 16 255,53 ам.долларын тээврийн хөлс төлөгдөөгүй үлдсэнээс гэрээний 3.4-т зааснаар алданги тооцож, 8 127,76 ам доллар, нийт 24 383,29 ам.долларыг тээврийн хөлсөнд гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт, нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1984,44 төгрөгөөр тооцож 48 387 185,92 төгрөгийг тээврийн хөлсөнд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

Харин ачааны түрээс, хадгалалтын зардлыг талууд харилцан тохиролцоогүй тул төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзлын тухайд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Зуучлуулагч “А” ХХК нь 10 чингэлэг ачааны 5-ыг нь хүлээн авсан, харин тээврийн хөлс 68 076 ам.долларыг төлөөгүйн улмаас 5 чингэлэг ачааг өөрийнх нь  зөвшөөрснөөр 2014 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрөөс хойш “П”ХХК-ийн  чингэлэгт шилжүүлэн хадгалсан, 9 чингэлгийг нэхэмжлэгчтэй үнийг тохиролцсоны дагуу түрээсэлж, 33 тонн ачааг хадгалсан үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон ба хариуцагч түрээс, хадгалалтын зардлыг төлөөгүй тул гэрээний 2.2.4, 2.2.6-д зааснаар тээврийн хөлс, бусад зардлыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.

Анхан шатны шүүх хуралдааны явцад “...2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яагаад шилжүүлэн ачихад гарсан зардал 1 365 000 төгрөгийг төлөхөө болон шилжүүлсэн өдрөөс хойш 20 тоннын чингэлэг тутамд 1 өдрийн 5 ам.долларын түрээсийн хөлс, 1 тонн ачааг хоног тутам 1 000 төгрөгийн хөлс төлөхийг зөвшөөрч бичиж өгсөн бэ...” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултад “...танайхаас санал тавиад хүлээн зөвшөөрсөн, түүний дагуу албан бичгээ өгсөн...” гэж хариуцагчийн төлөөлөгч хариулсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас /хх-286/ гадна 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны тээврийн хөлс, чингэлгийн түрээсийн төлбөр, хадгалалтын тооцоог гаргаж, өглөгтэйгөө зөвшөөрсөн “А” ХХК-ийн санхүүгийн тэмдгээр баталгаажсан баримт хэрэгт авагдсан байна. /хх-37-39/

Мөн талууд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулахдаа тээврийн хөлсний 50 426 ам.долларын, чингэлгийн түрээсийн 14 155 ам.долларын, ачаа хадгалалтын 11 820 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тооцон, харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт баримтаар авагдсан байна. /хх-9-10/

Хэргийн дээрх нөхцөл байдал, зохигчдын тайлбар, бичгийн баримтыг харьцуулан үнэлбэл хариуцагч “А” ХХК нь ачааг хадгалахад гарах зардлын талаарх зуучлагчийн саналыг хүлээн авч зардлыг тооцон, өглөгөө тодорхойлж байсан, мөн тооцоо нийлэн, төлбөрийн үлдэгдлийг  баталгаажуулсан байх тул түрээс хадгалалтын төлбөрийг харилцан тохиролцож тогтоогоогүй гэх үндэслэлээр гаргаж буй хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцэхгүй баримтыг шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон гэх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

Хариуцагч нь ачааг гаалийн баталгаат талбайд хадгалаагүй тул төлбөрийг төлөхгүй гэх боловч талууд гэрээгээр ачааг хадгалах талбайг тухайлан заасан, тодруулбал, гаалийн баталгаат талбайд хадгалах талаар тохиролцсон баримтгүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул ачаа бүхий чингэлгийг гаалийн баталгаат талбайгаас өөр газар хадгалсан нь “А” ХХК-ийг түрээс, хадгалалтын зардал төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүх 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаагаар баталгаажсан ачаа хадгалалтын хөлс 11 820 000 төгрөг дээр 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 2 жил, 7 сар, 16  хоногийн хугацаанд 33 тонн ачааг хоногт 1000 төгрөгөөр тооцон 38 479 000 төгрөгийг нэмж, нийт 50 299 000 төгрөгийг, чингэлэг түрээсийн зардлын үлдэгдэл 14 155 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1 900 төгрөгөөр тооцсон 26 894 800 төгрөг дээр дурдсан хугацааны түрээсийг хоногт 20 тонны чингэлгийг 5 ам.доллар, 40 тонны чингэлгийг 10 ам.доллар буюу нийт 15 ам.доллар байхаар харилцан тохиролцсоныг тухайн үеийн монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцвол 36 316 681 төгрөг, нийт 63 211 181 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийг дээрх байдлаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, гэрээний 2.2.4, 2.2.6-д заасанд нийцсэн байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд барааг хүлээн авахаас өмнө тээврийн хөлсийг бүрэн төлөх үүргийг зуучлуулагч гэрээний 3.3 дахь заалтаар хүлээсэн, гэрээгээр хүлээсэн уг үүргээ хариуцагч биелүүлээгүй тул 70 916 000 төгрөгийн үнэ бүхий 33 тонн барааг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрх үүсээгүй, шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг 161 897 366,92 /48 387 185,92+50 299 000+63 211 181/ төгрөгөөр хангаж, үлдэх 26 488 880 төгрөгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн ба харин тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой Иргэний хуулийн 380, 386, 392 дугаар зүйлийг хэрэглэсэн нь оновчгүй, зохигчдын хооронд үүссэн зуучлалын гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410, 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 161 897 366,92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 488 880 төгрөгийг болон нэхэмжлэгчээс 70 916 000 төгрөгийн үнэ бүхий 1340 ширхэг ОСБ хавтанг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ