Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0148

 

2021 оны 03 сарын 03 өдөр Дугаар 128/ШШ2021/0148 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.хХХК //,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Х.хХХК-ийн ХV-0209** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.хХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дахь Алаг нэртэй талбайд 1270.41 гектор ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд манай компани их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан, хайгуулын ажил хийж ирсэн.

Уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 9 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байсан тул Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу манай компани нь ирэх оны буюу 2020 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хуульд заасан хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, мөн Баянхонгор аймгийн Байгаль орчны газарт тус тус хүргүүлсэн боловч орон нутгийн захиргааны байгууллагаас дээрх төлөвлөгөөг баталж өгөхгүй байсаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацаа хэтэрсэн.

Ийнхүү манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл болон холбогдох баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх гэсэн боловч орон нутгийн захиргааны байгууллагаас дээрх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр баталсан.

Манай компанийн зүгээс уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авсан даруйдаа 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20/46 тоот албан бичгээр эрх бүхий байгууллагад ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл болон холбогдох баримт бичгийг хүргүүлсэн боловч Кадастрын хэлтэс хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар материалыг хүлээн аваагүй.

Мөн үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 349 дугаар албан бичгээр Х.хХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирүүлэх үед эрх бүхий албан; тушаалтан нь ээлжийн амралт болон эмчилгээтэй байсан, Х.хХХК нь Байгаль орчны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажилласан гэх тайлбарыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8/4407 дугаар албан бичгээр ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсарган ирүүлнэ гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэх хариуг ирүүлжээ.

Ийнхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул бид эрх бүхий албан тушаалтанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20/55 тоот албан бичгээр гомдол гаргахад Ашигт малтмал газрын тосны газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/5050 дугаар албан бичгээр ХV-0209** тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг Кадастрын хэлтэст хүргүүлээгүй гэх хариу ирүүлсэн байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Х.хХХК-ийн XV-020909 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, XV-020909 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэв .

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.хХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргахаар бэлдсэн байсан. Гэтэл Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн ээлжийн амралттай, эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсны улмаас тухайн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаж ирээгүй байсан. Иймд өргөдлөө хугацаандаа гаргаж өгч чадаагүй. Үйл баримтын хувьд Захиргааны ерөнхий хуулийн итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын зүгээс хуулийн дагуу ажиллагаа хийхгүй байна.

Геологич С.М хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй, өргөдөл гомдлоо хаана хэзээ гаргаж өгөхөө сайн мэддэг, нэхэмжлэгч компанийн инженер ажилтай. Хуульд заасан журмын дагуу өргөдөл, материалаа өгөх гэсэн боловч хуулийн хугацаа хэтэрсэн байна гэх үндэслэлээр өргөдөл материалыг хүлээж аваагүй. Хууль зүйн хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд зайлшгүй хавсаргахаар заасан байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь зөвхөн сумын Засаг даргаар батлуулахаар хуульд заасан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.5, 39.2-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ гэж заасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журамд Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газарт хүргүүлэн хянуулж, батлуулна гэсэн журмын дагуу батлуулахаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн боловч тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсны улмаас нэхэмжлэгч компанийн эрх ашиг зөрчигдөж, хугацаандаа хянагдаагүйгээс хугацаандаа өргөдлөө өгөх боломж бүрдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэл зорилготой байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад төлөх ёстой үйлчилгээний хураамж 1 сая төгрөгийн төлбөрөө 09 сарын 16-ны өдөр тушаасан. 09 сарын 17-ны өдөр өргөдлөө өгөхөөр материалаа аваад очсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Захиргааны байгууллагын хоорондын уялдаа холбоотой асуудлаас болж нэхэмжлэгч компанийн эрх ашиг зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.хХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-020909 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хайгуулын XV-020909 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Алаг нэртэй газарт орших 1270.41 гектар талбайд анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр Х.хХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосныг Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна.

Х.хХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020909 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зохицуулалтыг хуульчилж өгсөн ба 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

22.1.1 Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ./, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

22.1.2 Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын тоод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт,

22.1.3 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт,

22.1.4 Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг тус тус хавсарган ирүүлэхээр хуульчилсан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, орхигдуулсан байхыг ойлгоно.

Х.хХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020909 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан шаардлагыг зөрчөөгүй бөгөөд Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангасан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Х.хХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Кадастрын хэлтэс шийдвэрлээгүй. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаагаа хэтрүүлсэн шалтгаанаа тайлбарласан хүсэлт 9 дүгээр сарын 18-нд албан бичгээр ирүүлснийг л хүлээн авч хугацаа хэтрүүлсэн талаар хариу өгсөн. 9 дүгээр сарын 18-нд хугацаа сунгуулах өргөдлөө маягтын дагуу гаргаж, баримтуудаа хавсаргаж ирүүлээгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Х.хХХК-ийн ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 558 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Алаг нэртэй газарт орших 1270.41 гектар талбайд анх Х.хХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын тоод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсарган батлагдсан маягтын дагуу гаргахаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан.

Х.хХХК нь ХV-0209** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуулиар тогтоосон хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргаагүй ч энэ нь өөрөөс нь үл хамаарах, захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Тус компани 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах ёстой байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар тусгай зөвшөөрлийн талбай байрших Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүргүүлсэн, тэдгээр албан тушаалтан нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж, улмаар хянуулахаар 8 дугаар сарын 15-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хуулиар тогтоосон хугацаанаас өмнө Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн болох нь сумын Засаг даргын энэ талаарх шүүхэд ирүүлсэн тайлбар[1], Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 349 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн тодорхойлолт, явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар[2], аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт Х.хХХК-ийн 8 дугаар сарын 11-ний өдрийн 20\36 тоот төлөвлөгөө батлуулах хүсэлт бүртгэгдсэн хуудас[3], аймгийн Номун зочид буудалд тус компанийн геологич 8 дугаар сарын 14, 15-нд буудалласан тасалбар зэргээр тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 349 тоотод дурдсанчлан тус газрын дарга Б.Бат-Өлзий нь 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 21-нийг дуустал ээлжийн амралттай, өвчний учир 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 07-ныг хүртэл эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянаж, батлагдсан хувийг хүлээн авснаар[4] тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах баримт бүрджээ.

Тиймээс ч Х.хХХК нь ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг К-11 маягтаар 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан ч бүртгэлийн мэргэжилтэн хугацаа хэтэрсэн шалтгаанаар хүлээн аваагүй гэх үйл баримт нь хавсаргасан баримтуудыг тэмдэглэсэн, 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноологдсон өргөдлийн К-11 маягт[5] , 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үйлчилгээний хураамж 1 сая төгрөгийг Кадастрын хэлтсийн дансанд төлсөн баримт[6], гэрчээр тус компанийн геологич ажилтай С.М 9 дүгээр сарын 17-ны өдөр өргөдлийн маягтын дагуу гаргасан өргөдөл, үйлчилгээний хураамж төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтууд, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт, зардлын тайлан, хүлээлгэн өгсөн баримт зэргийг бүрдүүлээд Ашигт малтмал, газрын тосны газарт очсон ч хөл хорионы дэглэмийн улмаас дотогш нэвтрүүлээгүй, Кадастрын хэлтсийн холбогдох мэргэжилтний албаны өрөөний утасны дугаарыг жижүүрийн ажилтнаас асууж, өөрийн 9907**** дугаарын утсаар холбогдох мэргэжилтэн Т.О албаны өрөөний 51263**** дугаарын утсаар ярьж асуухад манай тусгай зөвшөөрлийн дугаараар шүүгээд өргөдөл гаргах хугацаа өнгөрсөн тул өргөдөл авахгүй гэж өргөдлийг аваагүй тул маргааш нь 9 дүгээр сарын 18-нд шалтгаанаа бичсэн компанийн хүсэлтийг аваачиж нэг цэгийн үйлчилгээнд өгсөн, нэг цэгийн үйлчилгээнд зөвхөн албан бичгийг л авдаг, өргөдөл материалыг бүртгэлийн мэргэжилтэн хүлээж авах ёстой тул бусад баримтаа нэг цэгийн үйлчилгээнд өгөөгүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хариуцагч Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн сунгалт, талбай буцаах, нөхөн олголт хариуцсан мэргэжилтэн Т.О гэрчээр шүүхэд мэдүүлэхдээ утсаар асуусан байхыг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл авах хугацааны талаар тайлбарласан байхыг үгүйсгээгүй бөгөөд хэрвээ өргөдлийг биечлэн ирүүлсэн тохиолдолд хүлээн авч бүртгэхээс өөрөөр хүлээн авахаас татгалзах буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээ мэргэжилтэнд олгогдоогүйг мэдүүлжээ[7].

Х.хХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 20\46 тоот 9 дүгээр сарын 18-нд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн хүсэлтэд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хугацаа хэтрүүлсэн шалтгааныг тайлбарласан байдаг.

Х.хХХК-ийн ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цахим бүртгэлд бүртгэсэн[8], өөрөөр хэлбэл 9 дүгээр сарын 17-нд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө маягтын дагуу гаргах үед, 9 дүгээр сарын 18-нд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хугацаа алдсан шалтгааныг тайлбарласан хүсэлт албан бичгээр гаргах үед болон хүсэлтэд хариуцагч байгууллагаас 9 дүгээр сарын 25-нд 8\4407 тоотоор хариу өгөх үед тусгай зөвшөөрөл цахим санд бүртгэлтэй хэвээр байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ., 22.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн аваад сунгах эсэхийг шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүйгээс ийнхүү хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна.

Х.хХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолсон 9 дүгээр сарын 18-нд хариуцагч байгууллага хүлээж авсан 20/46 тоот албан бичгээр гаргасан хүсэлт нь хугацаа сунгуулах өргөдлөө хугацаанд нь гаргаж чадаагүй учир шалтгааныг тайлбарласан агуулгатай бөгөөд хугацаа сунгуулах маягтаар гаргасан өргөдөл биш, холбогдох материалыг хавсаргаагүйтэй талууд маргаагүй болно.

Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө 8 дугаар сарын 25-нд гаргаж чадаагүй нь өргөдөлд зайлшгүй хавсаргахаар хуулиар заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үйл явц тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл шалтгаалах байдлаар, захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч удааширснаас, хугацаа алдсанаас шалтгаалсан болох нь тогтоогдож, энэ талаараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь баримтын дагуу тайлбарлаж тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд багтаан хугацаа сунгуулах өргөдлөө гаргасныг хариуцагч байгууллага хүлээж аваагүй байх тул өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүйг хуульд нийцээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Х.хХХК-ийн ХV-0209** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ХV-0209** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай Х.хХХК-ийн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 79 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 108, 109 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 110 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 133 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 12 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 17 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 7-18 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 5-6 дугаар хуудас