Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0264

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Г.Т

Нэхэмжлэгч: “Э” СӨХ

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд: Г.Т

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 932 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Г.Т гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2021/0753

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” СӨХ-оос Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Т-д олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 932 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.3, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  0009249/428/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Иргэн Г.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар эзэмших эрхтэй 246 м2 газрын холбогдох хэсэгт барилга барих хүсэлт ирүүлснийг судалж Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 15х9м2 талбайд 5 давхар хүртэл үйлчилгээ, оффисын барилга барих 2019 оны 09 дүгээр сарын 09-ний Өдрийн ГБМЗХ2019/08-006 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу "Ди Эл Ти" ХХК-иар эскиз зургаа гүйцэтгүүлэн 2019 онд батлуулсан. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т тус тус заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлснийг үндэслэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 428/2021 дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г олгосон.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зөвхөн "хүн, хуулийн этгээд"-ээс гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж үзэх тухай, 18 дугаар зүйлийн 18.1-д "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй" гэж тус тус заасан. Мөн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "сууц өмчлөгчдийн холбоо"-г хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дугаартай тогтоолд ".. нэхэмжлэл гаргах эрхтэй субьект нь иргэн, хуулийн этгээд байна гэж тодорхойлсон тул захиргааны хэргийн шүүхэд СӨХ болон түүний гүйцэтгэх захирал нь нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймээс СӨХ-нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхад шүүх анхаарч үзээгүй.

3.3. "Э" СӨХ-нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй, оршин суугчдыг төлөөлөх эрхгүй байна. Байршлын хувьд нэхэмжлэгч "Э" СӨХ-ны 5 давхар орон сууцны барилгын зүүн хойд талд гуравдагч этгээд болох Г.Тийн үйлчилгээтэй 5 давхар орон сууц байрлаж байгаа нь зэргэлдээ орших барилгын ашиглалтанд сөргөөр нөлөөлөх, хохирол учруулах, орц гарцыг хаах, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх нар, салхи хаах зэргээр нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхолд шууд ноцтой, илт хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

3.4. Мөн "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж" БНБД 23-04-07 нарны ээвэрлэлтийн норм дүрмийг зөрчөөгүй болно. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Засгийн газрын 2019 оны 108 дугааp тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"- ийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна." гэснийг үндэслэн олгосон.

3.5. Тус газраас иргэн Г.Төд Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д заасны дагуу нийт эдэлбэр газрын 30-аас доошгүй хувьд барилгажхаар, Барилгын норм ба дүрэмд заасны дагуу галын аюулгүй байдлыг хангуулж Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний тухайд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн олгосон.

3.6. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгчийн шаардлагад тодорхойгүй байх тул "Э" СӨХ-ны нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус газрын иргэн Г.Т-д олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны 128/ШШ2023/0932 дугаартай захирамжийг хүчингүй болгож, иргэн Г.Төд олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 428/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд Г.Төөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

4.1. Нэхэмжлэгч Сууц өмчлөгчдийн холбооны ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн, тэр нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д "... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх"-ээр, 3 дугаар зүйлийн 3.1.3-т"... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны актын улмаас зөрчигдөж байгаа хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж байгаа болон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр тэдгээр нь хэрхэн сэргээгдэх, хамгаалагдах тухай нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлохыг мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заажээ.

4.2. Энэ маргааны тухайд нэхэмжлэгчээс ""Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Г.Төд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд гуравдагч этгээд Г.Тийн газар эзэмших эрхтэй болон уг барилгад зориулан олгосон ГБМЗХ2019/08-006 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавартай маргаангүй. Гэвч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн барилгын улмаас эрх зөрчигдөж байгаа мэтээр тайлбар гаргадаг нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл зөрүүтэй болохыг харуулж байна.

4.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 20-д "Дээрх шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтуудаас үзвэл маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль, тогтоомж, норм стандартыг зөрчиж олгогдсон болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна" дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс асуудлыг тодруулахаар хоёр удаа шинжээч томилсон. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд "46 дугаар байр болон шинээр баригдах барилгууд хоёул галд тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, галын аюулаас хамгаалах шаардлага 6 метр зайг хангаж, норм дүрэмд нийцээгүй гэх үндэслэлгүй байна" гэж заасан. Харин 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд "Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу өөрчлөлт оруулан батлуулсан тохиолдолд зөрчилгүй" гэж дүгнэсэн.

4.4. Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлтийн зөвхөн нэг хэсгийг авч бусад хэсгийг анхаараагүй, зөрчилгүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа болохоо заагаагүй байна. Мөн "холбогдох баримтуудаар тогтоогдож байна" гэж заасан баримтууд нь нэр заан дурдсан албан бичгүүд болох нэхэмжлэгч СӨХ-оос Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандан гаргасан өргөдөл, тэдгээрт өгсөн хариунууд бөгөөд эдгээр нь маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн болохыг тогтоох үр дагаваргүй. Түүнчлэн хариуцагчаас гаргасан сонсох ажиллагааны үр дүнд зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй бөгөөд сонсох ажиллагаа явуулж байсан гэдэг нь тухайн зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, зөвшөөрлийг олгох болон хүчингүй болгох эрх бүхий этгээд маргааны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгуулах талаас тайлбар гаргаж мэтгэлцсэн байхад буруу дүгнэсэн.

4.5. Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын үр дүнд явган газар шорооны ажил гүйцэтгэхэд явган хүний замын зарим хэсэгт нуранги үүссэнд холбогдуулан арга хэмжээ авч зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Тухай зөрчлийг арилгасан боловч Хот байгуулалт, хөгжлийн газраас маргаантай тул боломжгүй гэж Барилгын ажлын зөвшөөрлийг сэргээж өгөөгүй. Энэ эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн боловч "Э" СӨХ-ны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

4.6. Өөрөөр хэлбэл, эдгээр албан бичиг, сонсох ажиллагаа зэргээс маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй байхад шүүхээс буруу дүгнэлт хийсэн. Мөн бичиг баримтын бүрдэл дутуу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргахад заасан бичиг баримтуудын бүрдлийг хангаж өгсөн болох нь хариуцагчаас гаргаж өгсөн өргөдлийн хяналтын хуудсаар тогтоогдож байна.

4.7. Эдгээрээс гадна хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч нарын гаргасан гэх хүсэлтүүд /зурагдсан оршин суугчдын гарын үсгүүдийг хуулбарлан хавсаргасан/ зэргээс үзэхэд барилга баригдах газрыг ногоон байгууламж, хүүхдийн талбай болгохыг шаардсан байдаг. Гэтэл уг газарт байсан гараж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, газар эзэмших эрхтэй болсон бөгөөд нэхэмжлэгчийн хүсч байгаачлан бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар булаан авах, ойр орчны барилга, орон сууцны иргэдэд зориулан булаах эрх зүйн үндэслэл байхгүй.

4.8. Тухайн газрыг өмнөх нөхцөл байдлыг дээрдүүлж, хогонд дарагдсан, архичид цуглардаг байсан газрыг тохижилттой, өнгөлөг, замын зорчих хэсгийг харуутай болгон хүмүүс зорчиход таатай газар болгож байгааг гэрчүүд мэдүүлсэн байхад анхаарч үзсэнгүй. Иймд дээрх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч “Э” СӨХ-оос Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Төд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анх нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 932 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.3, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  0009249/428/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4. Гуравдагч этгээд Г.Т нь  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18642311629896 дугаар бүхий 246 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр, Газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, Газар эзэмших эрхийн 000677206 дугаар гэрчилгээг авсан байх бөгөөд тухайн газар дээрээ үйлчилгээтэй орон сууц бүхий барилга барих зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ГБМЗХ2019/08-006  дугаар архитектур төлөвлөлийн даалгавар,  мөн нийт 246.0 м.кв эдэлбэр газрын 135 м.кв газар нь барилгажих газар байхаар барилгажих талбайн схем зургийг хавсралтын хамт батлуулсан байна.

5. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагын төрлөө тодорхойлсон боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчид үзүүлж буй эрх зүйн үр дагавар дуусгавар болох эсэх нь тодорхойгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдана гэж маргаж байх хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус газарт иргэдийн хүсэлтээр ногоон байгууламж, авто зогсоол барьж өгөөч, явган хүний замын стандартыг барьж өгөөч гэж зохих газруудад хандаж байсан, ...Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, ...барилгын норм дүрэм, барилга хоорондын зай алдагдсан” гэж тайлбарлан маргаж буйгаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн хэмээх эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаарх маргаан нэг мөр шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шүүх хүчингүй болгосон тохиолдолд тухайн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах үндэслэл болсон архитектур төлөвлөлтийн даалгавар, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр үлдэхээр байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гэж заасан бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэгч уг шаардлагыг хангах боломжийг олгох ёстой байтал шүүх хуулийн дээрх шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн ...” гэж үзэх үндэслэл болно.

7. Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь зүйтэй байна.

8. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий акт буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнээс үзэхэд барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байх тул шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ.

9. Тодруулбал, хүчингүй болгох нэхэмжлэлд тавигдах урьдчилсан  шаардлага нь захиргааны актын эрх зүйн үйлчлэл нь дуусаагүй байх ёстой. Учир нь эрх зүйн үйлчлэлтэй актыг л хүчингүй болгохоос бус эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох тухай ойлголт байх боломжгүй тул шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулах, мөн нэхэмжлэгч нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг гаргасан хэрнээ тухайн барилгын улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж буй мэтээр тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл зөрүүтэй нөхцөл байдлуудыг тодруулах нь зүйтэй.

10. Мөн нэхэмжлэгчээс “...Хот байгуулалт хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Тамир нь тухайн барилгын ажлын зөвшөөрлийг олгох эрхтэй этгээд биш...” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулж, холбогдох баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрд холбогдох дүгнэлтийг хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

11. Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлийг тодруулалгүй орхигдуулсан байхад давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

12. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА

           ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

           ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН