Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалан шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нарт холбогдох 201501070376 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:               Л.Отгончимэг

           Улсын яллагч:                             Б.Буяндэлгэр

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч        Д.Цэнд-Аюуш

            Шүүгдэгч:                                     Б.Үүрийнцолмон

           Шүүгдэгч:                                     Н.Энхбаатар нар оролцов.                                     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1983 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч  мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч  Алтантөгс /ажилгүй/, 2 настай хүүхэд нарын хамт амьдрах, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 10 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн   318 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн  2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялаас өршөөн суллагдсан, Алаг адуут овгийн Батхүүгийн Үүрийнцолмон /РД:ЧА83031314/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Цагаан овоо суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, хамтран амьдрагч Нарантуяа /ажилгүй/ 2-7 насны 3 хүүхэд нарын хамт, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршооллын 3 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан

Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 сарын 22-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан Залиар овгийн Намсрайн Энхбаатар. /РД:ЖО80112571/

Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нар нь 2015 оны 12 сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 3 дугаар гудамжны 1 тоотод байрлах “Өүжин” хүнсний дэлгүүрээс 252 500 төгрөгийн эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулахдаа тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн агуулах саванд хууль бусаар нэвтэрч, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийн  газарт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл

“Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 3 дугаар гудамжны 1 тоот хашаанд байрлах “Өүжин” нэртэй дэлгүүр байв. Уг дэлгүүрийн хаалганд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй ба баруун тийш харсан цонхны урд талаасаа 2 дахь шилний даруулга модыг хөшиж, шилийг авч газар тавьсан байдалтай байв. Гадаа цас орсон, дэлгүүрийн хаалганы үүд орчмоор цасыг шүүрдэж арилгасан байдалтай байгаа зэргийг гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, фото зургийн хавсралт  /хх-ийн 3-4, 6-10-р хуудас/

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл

“2015 оны 12 дугаар сарын 13-ны 05 цаг  30 минут 24 секунтэд малгайтай цамцныхаа малгайг өмссөн, гадуураа хар өнгийн богино куртиктэй, саарал өмдтэй 25-35 орчим насны эрэгтэй хүн зүүн гараараа нүүрээ тагласан байдалтай дэлгүүрт  ороод хойд зүгт лангуу руу очиж зогссоноо буцаж лангууны араар тойрч ороод гэрэл тусган архи тавьсан хэсгийг харчихаад буцаж бэлэн мөнгөний касс тавьсан лангууны ард очиж явган сууж жижиг хэлбэртэй зүйлийг авч зүүн гараараа өмдний хойд халаасанд хийж байгаа харагдав. Уг лангууны доод хэсгийг оролдож байгаад босохдоо лангуун дотроос урт хайрцагтай зүйлийг авч ар нуруундаа хавчуулаад камерын доогуур малгайны үзүүр хэсэг нь харагдаад гарав. Уг залуу буцаж ороод жижиг гэрэл тусган лангууны араар орж архины лангууны урд 2-5 секунт зогсож байгаад буцахдаа энгэртээ ямар нэгэн эд зүйл тэвэрсэн байдалтай лангуун дээр байрласан шилэн савнаас тамхи аваад буцаж гарч байв. Уг залуу дахин буцаж ороод лангууны араар явж байгаад архи пивоны лангуунаас пиво аваад буцаж яваа дүрс бичигдсэн байв”  /хх 24-25 р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл

         Сэжигтэн Үүрийнцолмон  нь Багануур дүүргийн 4-р хороо, Рашаантын 3 дугаар гудамжны 1 тоотод байрлах 1 давхар цэнхэр өнгийн “Өүжин” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг зааж, би 2 дахь цонхоор нь орж лангууны араар яваад кассны доод талын лангуун дахь цаасан хайрцагаас бэлэн мөнгө авсан. Би гарахдаа цонхоор буцаж гарсан. Цонхны хажууд гадаа Энхбаатар зогсож байсан гэв.                                                                            гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19-23/

             Шүүгдэгч Б.Үүрийнцолмонгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

       “2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Энхбаатар бид хоёр  Багануур дүүрэг 4 дүгээр хороо Байдлагт оршин суух  найз Батзоригийнд архи уугаад шөнө 03 цагийн үед  Энхбаатарын гэр лүү явсан. Замдаа архи уумаар санагдаж архины мөнгө олохоор  “Өүжин” дэлгүүрийн цонхыг би отвёркаар нэг цонхыг нь хөшиж авч тавиад дэлгүүрт орсон. Лангуун доороос нэг блок эссэ тамхи, 150 000 төгрөгийг аваад цонхоор гарах  гэтэл Энхбаатар архи пиво ав гэхээр нь буцаж ороод  болор архи 2 шил,  2.5 литрийн савтай пиво 2-ыг аваад гарсан. Би хар өнгийн богино куртик, цэнхэр жинсэн өмд, саарал өнгийн малгайтай цамцтай явж байсан. Би согтуу байсан болохоор отвёркаа хаана хаясан талаар санахгүй байна                                                                                                            

            Шүүгдэгч Н.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

            2015 оны 12 дугаар сарын 13-ны орой Батзориг гэх айлынд Үүрийнцолмонгийн хамт 2.5 литрийн пиво 3 савыг уугаад шөнө дунд 3 цагийн үед гэр лүүгээ Үүрийнцолмонтой явсан.  Би Өүжин дэлгүүрийн гадаа хүн харж байсан. Үүрийнцолмон дэлгүүрийн урд цонхыг жижиг төмрөөр хөшиж аваад газар тавьж дэлгүүр лүү орсон. Дэлгүүрээс гарч  ирэхдээ 2.5 литрийн пиво 2 ширхэг, Болор архи 2 ширхэг, эссэ тамхи нэг блок, 3 хайрцаг парламент тамхи аваад бид хоёр Нарийны 10 дугаар гудамжны 8 тоот хашаанд манай гэрт очсон. Үүрийнцолмон 120 000 төгрөг авлаа гээд надад 60 000 төгрөг өгсөн.Хохирогчид 250 000 төгрөгийг хувааж төлсөн. Бид 2 пиво ууж согтсоноос архи пиво уух зорилгоор энэ хэргийг үйлдсэн

 Хохирогч Г.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг

         “Би Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Өүжин” нэртэй найман нэрийн барааны дэлгүүр ажиллулдаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн үед хулгай орсон байсан. Би дэлгүүрийнхээ дансыг тооцож үзэхэд нийт 252 500 төгрөгийн хохирол учирсан байна. Болор архи 2 ширхэг, 2.5 литрийн Боргио пиво 2 ширхэг, нэг блок Эссэ тамхи, 3 хайрцаг Парламент тамхи, орлогын 151 000 төгрөг бэлнээр алдагдсан.                                                             

    Эд  хөрөнгийн хохирлын үнэлгээ

            “2 шил Болор архи нэг бүр нь 22000 нийт 44 000 төгрөг, ченж эссэ тамхи 1 блок үнэ 33 000 төгрөг, парламент тамхи 3 хайрцаг нэг бүр  нь 4000 нийт 12 000 төгрөг, 2.5 литртэй боргио пиво 2ш нэг бүр нь 6000 нийт 12 000 төгрөг  бүгд 101 000 төгрөгийн үнэтэй гэжээ.  /хх-ийн 98-р хуудас/

        Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

         Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нар нь 2015 оны 12 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 3 дугаар гудамжны 01 тоот хашаанд байрлах “Өүжин” хүнсний дэлгүүрийн нэг цонхны модон хүрээг отверкаар /эрчлүүр хадаас суллагч/ хөшиж ороод “болор” архи 2 шил, 2.5 литрийн “боргио” пиво 2ш, эссэ тамхи нэг блок буюу 10 хайрцаг, парламент тамхи 3 хайрцаг,  орлогот хуримтлагдсан 151 000 төгрөг зэрэг 252 000 төгрөгийн эд хөрөнгийг  хулгайлсан нь камерын “малгайтай цамцтай хүн дэлгүүр дотор гар чийдэнгээр гэрэлтүүлэн кассын машины доороос ямар нэг зүйл халаасандаа хийж нуруундаа урт хайрцагтай зүйл хавчуулж явснаа дахин буцаж ирээд архины лангууны орчмоос эд зүйл тэврээд явж байгаа” бичлэг болон бичлэгт хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Баярмаагийн “2015 оны 12 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн үед манай дэлгүүрт хулгай орсон.. Болор архи 2 ш,  Боргио пиво 2 ш, эссэ тамхи 1 блок, парламент тамхи 3 хайрцаг, орлогын 151 000 төгрөг алдагдсан” тухай  мэдүүлэг,  шүүгдэгч Үүрийнцолмонгийн “би отверкаар Өүжин дэлгүүрийн цонхны модон рамыг хөшиж цонхыг газар авч тавиад дэлгүүр лүү  орсон. Лангуун доороос нэг блок Эссэ тамхи, 150000 төгрөгийг авсан. Гараад явах гэтэл Энхбаатар цаанаасаа архи пиво ав гэж хэлэхээр нь буцаж ороод болор архи 2ш, 2.5 литрийн Нийслэл пиво 2ш аваад цонхоор гарсан. Тэр үед би малгайтай саарал өнгийн цамц хар өнгийн богино куртиктэй явсан”, шүүгдэгч Н.Энхбаатарын “Би Өүжин  дэлгүүрийн хойд буланд хүн харж байсан. Үүрийнцолмон жижиг төмрөөр дэлгүүрийн урд цонхыг хөшиж аваад дэлгүүр лүү орсон ба гарч  ирэхдээ пиво 2 ш, “болор” архи 2 ш,  “эссэ” тамхи, парламент тамхи 3 хайрцаг аваад ирсэн. Гэрт ирээд надад 60 000 төгрөг өгсөн” гэж гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын үед яллагдагч Үүрийнцолмон Өүжин дэлгүүрт очиж үйлдлээ газар дээр нь зааж үзүүлсэн тухай мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон энэ тухай фото зураг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн мэдүүлгийг болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн,  шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр давхар батлагдсан. Үзлэгийн тэмдэглэлүүд болон эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн баримтууд нь хууль ёсны шаардлагыг хангасан байна.

Дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, гэмт үйлдлийг хангалттай нотолж чаджээ. Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон,  хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэмт үйлдэлдээ шунахай сэдэлтээр шууд санаатай хандсан гэж дүгнэв.         

Иймд Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч  үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Н.Энхбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 сарын 22-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлсэн ба уг ял нь 2014 оны 11 дүгээр сарын 25-нд эдлэгдэж  дууссан нь 210 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-91-93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны тэмдэглэл /хх-64/ зэргээр тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаа нь үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 8 жилийн дотор  буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болохоор байсан. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Үүрийнцолмон нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн  2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ялаас өршөөн суллагдсан зэрэг нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны тэмдэглэл, 318, 348, 28, 64  дугаартай шийтгэх тогтоол, ялаас өршөөн хэлтрүүлсэн тухай 393 тоот шүүгчийн захирамж /хх-66-82/ зэргээр тогтоогдсон ба 2005 онд шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 145.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ялгүй болох хугацаа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт “ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно” гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс буюу сүүлчийн гэмт хэргийн оногдуулсан ялаас өршөөн суллагдсан өдрөөс эхлэн тоологдох тул Б.Үүрийнцолмон нь ялтайд тооцогдоно. Мөн дээр дурдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтныг аль ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөхөөр заасан ба Б.Үүрийнцолмонгийн үндсэн ялыг өршөөн сулласан тул ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг давхар өршөөхгүй болно.  Прокурорын яллах дүгнэлтэд Б.Үүрийнцолмонгийн хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн хүндрүүлэх нөхцлийг орхигдуулсныг хянаад үүний улмаас хуулийн зүйл хэсэг өөрчлөгдөхгүй байх тул гэм бурууг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл тус тус болж байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ харьцангуй бага, учруулсан хохирлыг нөхөн төлж хохирогчийг хохиролгүй болгосон /хх-101/ зэргийг харгалзан  шүүгдэгч нарт хуульд заасан ялуудаас баривчлах ялыг сонгож оногдуулна.

Хохирогч Баярмаагийн өмчлөх эрхэд халдаж бага бус хэмжээний буюу 251 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцохдоо Б.Үүрийнцолмон гүйцэтгэгчийн Н.Энхбаатар хамжигчийн үүрэг тус тус гүйцэтгэж оролцсоныг оногдуулах ялын хугацааг тогтоохдоо харгалзав.

Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба тэдэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг,  294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Алаг адуут овгийн Батхүүгийн Үүрийнцолмон, Залиар овгийн Намсрайн Энхбаатар  нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж,  агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Залиар овгийн Намсрайн Энхбаатарын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялгүй болох хугацаанаас үлдсэн 6 жил 7 сар 15 хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Алаг адуут овгийн Батхүүгийн Үүрийнцолмонг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр зургаан /6/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Залиар овгийн Намсрайн Энхбаатарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр дөрвөн /4/  сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нар нь хохирогч Г.Баярмаад  учруулсан 252 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг мөнгөөр нөхөн төлснийг дурдсугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Үүрийнцолмон, Н.Энхбаатар нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй  зэргийг дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  10. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж Б.Үүрийнцолмон,    Н.Энхбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНБАТ