Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1129

 

2022        07         25                               2022/ШЦТ/1129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Э.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гт холбогдох эрүүгийн 2206 00000 0848 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:           

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баян Өгий зэгст ХХК-нд засварчин, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошуу 11 дүгээр гудамжны 64 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.Г

Холбогдсон хэргийн талаар:

            Ц.Г нь 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас эхнэртэйгээ хамт байсан Д.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн эхнэр Л.Энхсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч Ц.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг өнгөрч байх үед хүүхэд залгаад ээж байхгүй байна, ээж буяны ажилтай холбоотой хийх юм аа хийгээгүй гэж хэлсэн. Би гэрт очоод хаалга цохиод онгойлгохгүй байхаар нь цонхоор орсон. Байшин дотор ороход тэр 2 нүцгэн байхыг хараад гэнэт миний уур хүрсэн. Яг юу хийснээ санахгүй байна. 20 орчим жил ханилсан хүнээ өөр хүнтэй байхыг харсан. Над руу 2 хоногийн дараа цагдаагийн газраас холбогдсон. Би цагдаагийн газар очоод юу болсон талаар мэдсэн” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюуны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ хэргээс болж миний хүүхдийн биеийн нэг тал мэдээгүй, нэг шүд нь хугархай болсон. Мөн гавлын яснаас нь тодорхой хэсгийг авсан. Тархиндаа гэмтэл авснаас болоод энгийн зүйл ярихад л учир зүггүй төгсгөлгүй инээдэг болсон. Тархины гүнд нь цус хуралт байгаа, амь насны заалттай болохоор хүрч болохгүй. Миний хүү 2-3 сар ажил хийж чадахгүй хэвтэрт байна. Цэцэрлэгийн багш дүү нь ахыгаа хараад ажилдаа явж чадахгүй байна. Хавтаст хэрэгт баримтаар өгсөн хохирол болон 2 хүүхдийн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-16 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюуны “Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн орчимд өөрийн төрсөн хүүхэд Д.Гантулгын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгайд байх гэрт нь охин Мөнхтунгалагийн хамт очсон. 2 хоногийн өмнө Гантулгатай утсаар ярихад Энхсайхан гээд хамт байгаад байдаг хүүхнийхээ нөхөр ирж намайг зодсон талаар хэлж байсан учраас очиж эргэж тойрох, нохойг нь хооллох, гэр орныг нь цэвэрлэх санаатай очсон. Биеийг нь үзэхэд 2 хөлийн шилбэ хэсгээр хөхрөөд няцарчихсан байсан ба биеийн өөр бусад хэсгийг нь үзэж чадаагүй тэр үедээ тоогоогүй. Тэгээд охины хамт гэр орныг нь цэвэрлэчхээд явсан. Анх очиход тэр Энхсайхан гэх эмэгтэй Гантулгатай гэрт нь хамт байсан ба бид хоёрыг явахад хамт үлдсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин Мөнхтунгалаг бид 2 дахиж очсон. Тэгсэн Гантулга орныхоо урд талд доошоо харчихсан хэвтэж байхаар нь унтаж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй, дээгүүр нь юмаар хучиж орхиод гэр орныг нь цэвэрлэсэн. Манай охины хүүхэд Ганаа ахын нүд сонин хараад байна ш дээ гэж хэлэхээр нь дээш эргүүлээд хартал нүүр хэсэг нь цус болчихсон, ухаангүй ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь шууд түргэн тусламж дуудсан. Түргэн ирэхээс нь өмнө эмнэлэг дээр очих юм чинь гэж бодоод цус болон өтгөн шингэнийг нь цэвэрлэсэн, төд удалгүй түргэн ирж аваад явсан, бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Яг одоогийн байдлаар эмнэлгээс гарсан, хэвтрийн дэглэмд байгаа ба орчиндоо ямар нэг харьцаагүй, хүний ярьж хэлж байгааг ойлгохгүй, их зовуурь шаналалтай байна. Анх Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон үүний дараа эмнэлгээс гараад удаагүй байж байхдаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин таталт өгч Нэгдүгээр эмнэлэгт түргэнээр хүргэгдэж эрчимт эмчилгээний сэхээнд байсан. Тэндээ дахиж хагалгаанд ороод тархины гавал ясны оройн хэсгийг авсан. Одоо бол биеийн байдал сайн дээрдээгүй эмчийн хяналтад байна. Миний хувьд их гомдолтой байна төрсөн хүүхдээ бусдад ингэж зодуулж эрүүл мэндээр нь хохироож байгаад их харамсаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,  

Хохирогч Л.Энхсайханы “2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шөнө манай нөхөр Ганхөлөг нь Гантулгын гэрт цонхоор орж ирээд намайг үсдэж, 1 удаа гараараа миний баруун талын шанаа дух хэсэгт алгадаад, гар зайл гэж хэлээд босгосон. Би босоод хувцсаа өмсөөд гарах хооронд араас 1 удаа хөлөөрөө баруун талын бөөр бүсэлхий хэсэгт өшиглөсөн. Би гэрээс нь гараад хашааны үүдэнд ирж байхад нөхөр Ганхөлөг араас гарч ирээд намайг чирч гулдраад машиндаа суулгаад гэр лүү явсан. Би тэр үед явахгүй гэж өөрөөс нь зугтаах гэж оролдсон боловч намайг тас зуураад машиндаа суулгаад аваад явсан. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11-64 тоот гэрт очоод хашаанд оруулаад 2 удаа баруун талын хацар хэсэгт алгадаад газарт унагаагаад цохиж зодоод байсан. Маргааш өглөө нь босоход хамаг бие хөндүүрлээд их өвчин орсон байсан. Тэр үедээ тархи толгой өвдөөд биеийн энэ тэнд их өвчин орсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  24-25 дахь тал/,

Гэрч О.Мөнхтунгалагийн “Би өөрийн төрсөн ээж Оюун, төрсөн хүү Тэмүүжин нарын хамт өөрийн төрсөн дүү болох Д.Гантулгыг гэр болох Баянзүрх дүүргийн 21 хороо ганцын задгай тоотод очиход байшингийн үүдний хаалга нь онгорхой, хөрсөн, дотор хаалга нь хаалттай байсан. Тэгээд дотогш ороход Гантулга нь том өрөөндөө орныхоо урд талд хөнжил дээгүүрээ нөмөрсөн, баруун гараа доороо дараад доошоо хараад хэвтэж байсан ... миний хүү Тэмүүлэн надад хандан ээж Гантулга ах сэрлээ нүдээ нээсэн гэхээр нь би Гантулгыг очоод бос гэхэд хөдлөхгүй байхаар нь хөнжлийг нь сөхөхөд нүүр хэсэг нь цус болсон, зүүн талынх нь гарын салаа цус болсон, өмдөндөө шээсэн байхаар нь өмд болон хувцсыг нь тайлж үзэхэд хамаг бие нь хөхөрсөн, хөх няц болсон байдалтай байсан. Тэгээд сэрээх гэж үзэхэд сэрэхгүй байсан ... би 2022 оны 03 дугаар сарын 10-нд Гантулгын гэрт ээжийн хамт очсон. Тэр үед Гантулга нь Л.Энхсайхан гэх эмэгтэйтэй хамт байсан. Тухайн үед биедээ ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Д.Гантулга нь дээд боловсролтой, Герман хэлний орчуулагч мэргэжилтэй, зуны улиралд уурхайд ковш барьдаг. Архи уухаараа 2-3 хоногоор уучихдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

Гэрч Г.Энххөлөгийн “Би тусдаа гарсан, хамт амьдардаггүй. Аав Ц.Г Өмнөговь аймагт ажилладаг. Ээж тэр 2 сүүлийн хагас жил гаран тусдаа амьдарч байгаа, бараг салсан гэхэд болно. Манай ээжийн ээж буюу эмээ нас бараад аав Ганхөлөг ажил явдалд нь оролцох гэж 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөдөөгөөс ирсэн байсан. Тэр үеэр ээж Энхсайхан гэртээ байсан боловч эмээг гаргах өдрийн өмнөх өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ яваад алга болчихсон. Ингээд хаашаа явав яав гээд хайж сураглаж эхэлсэн. Тэгсэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд айлд байгаа сураг гарсан. Манай ээжийн хувьд сүүлийн хэдэн жил дараалан архи ууж байгаа бөгөөд ихэвчлэн гэртээ байдаггүй яваад алга болчихдог болсон. Ингээд аав бид 2 тухайн айлыг хүнээр заалгаад очсон. Би тэр хүнийг нь таньдаггүй анх удаа харсан. Аав бид хоёрыг гэрт нь ороход ээж танихгүй залуутай хамт архи уучихсан согтуу унтаж байсан. Сэрээгээд босгосон, аав надад хандаж ээжийгээ аваад гарч бай гэж хэлсний дагуу ээжийг аваад гарахдаа хальт эргээд харахад аав ээжтэй хамт байсан залуугийн хөл хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан. Би ээжийг аваад гадаа машинд хүлээж байсан ба 2-3 минутын дараа аав гарч ирээд буцаад гэр лүү явсан. Үүний дараа 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эмээг гаргаад ажил явдал дууссан. Тэр айлаас гарч ирээд ажил явдал болж байхад ганц өдөр тэсээж болдоггүй юм уу гээд аав ээжид хандаж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, 

Гэрч Д.Алтантулгын “2022 оны 02 дугаар сарын 27-28-ны үеэр байх манай эхнэр хөдөө ажлаар явчихсан эзгүй байсан ба би төрсөн дүү Гантулгын гэрт ирчихсэн бид 2 хамт байсан. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр над руу 100.000 төгрөг шилжүүлээд тэрүүгээр нь хоол ундны юм аваад бас 2 шил архи аваад Гантулгын гэрт ирсэн ... Тухайн үед би хэвлий хэсгээрээ түлэгдсэн байсан харин Гантулгыг ямар нэг байдлаар түлэгдсэн талаар мэдэхгүй байна. Тэр үед дотоожтойгоо яваад байсан ил харагдах түлэгдсэн гэмээр зүйл анзаарагдаагүй гал түлчихсэн байсан болохоор их халуун байсан. Бид 2 маргалдаж байсан ч нэгэнтэйгээ зодолдож гэмтэл бэртэл учруулж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4254 дугаартай шинжээчийн “Д.Гантулгын биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн эгэм, 1, 2, 3 дугаар хавирга, мөрний урд хэсэг, баруун хавирганы нум, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун хавирганы нум, баруун шуу, гуя, шилбэнд түлэгдсэн шарх, духны баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, дээд уруул, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс тархин гэмтэл, биеийн няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, биеийн няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4287 дугаартай шинжээчийн “Л.Энхсайханы биед зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, бүсэлхий нуруунд зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 468 дугаартай “Ц.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюуны өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

   Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд,

Ц.Гийн гэрчээр өгсөн “Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Д.Гантулга гэх хүний гэрт очсон. Тухайн үед би Д.Гантулгатай уулзах болсон шалтгаан нь манай эхнэр Л.Энхсайхан, Д.Гантулга гэх хүнтэй цуг байсан, тийм учраас би эхнэрээ авах санаатай очсон. Намайг Д.Гантулгын гэрт очиход Д.Гантулга, Л.Энхсайхан нар нь хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай согтуу байцгааж байсан. Тэр үед Л.Энхсайханы ээж нас барсан буяны үйл ажиллагаатай байхад яагаад энд байгаа талаар асуухад Л.Энхсайхан нь надад хандан чамд хамаагүй чи яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.Энхсайханыг авч явна гэхэд хажуу талаас Д.Гантулга нь босоод ирсэн. Тэгэхээр нь би Д.Гантулгад хандан чи эр хүн байж ийм жудаггүй байж болохгүй буяны ажилтай байхад нь архи уулгахаа боль гэж хэлсэн. Тэгээд Д.Гантулга бид хоёрын дунд маргаан үүсэж Д.Гантулга нь намайг гарч алалцъя, үзэлцье гээд байхаар нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаа ирэх хооронд Д.Гантулгатай ярилцаад Л.Энхсайханыг явуулах талаар тохирсон тэгтэл Л.Энхсайхан гараад алга болчихсон. Тэгээд би цагдааг орж ирэхээр гэрээс нь гараад, буцаж Д.Гантулгын гэрт ирэхэд хаалгаа тайлахгүй байсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагч нар бид нар дараагийн дуудлага мэдээлэлдээ явлаа наад хүмүүс чинь хаалга үүдээ тайлж өгөхгүй байна гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би бас тэндээс явсан. Тэгээд би маргааш нь өөрийн том хүү болох Энххөлөгийг дагуулан дахин Д.Гантулгын гэрт 17 цагийн үед очсон. Тэгэхэд мөн адил Энхсайхан, Гантулга нар нь согтуу байж байсан. Тэгэхээр нь би уур хүрээд Гантулгыг орон дээрээс нь татаж босгож ирээд 2 хөл рүү нь ээлжлээд 4-5 удаа гуталтай хөлөөрөө өшиглөж мөн элэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд би Д.Гантулгад би чамаас гуйсан чи жудаггүй эр хүн байна даа гэж хэлээд Энхсайханыг хувцаслаад аваад гарсан. Түүнээс хойш Гантулгатай дахин уулзаагүй. Би Д.Гантулгын толгой руу цохисон удаа байхгүй. Намайг Гантулгыг элэгдэх үед Гантулга нь хойш түмбүүшик налаад унасан. Түүнийг манай хүү Энххөлөг харж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Яллагдагч Ц.Гийн “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татагдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ... Би 2022 оны 03 дугаар сарын сарын 10-ны шөнийг 00 цагийн үед дахиж очсон. Тэр үед Гантулгын гэрийн хаалгыг татаж үзэхэд цоожтой байхаар нь урагшаа харсан цонхоор нь харахад хойд талын орон дээр Энхсайхан, Гантулга 2 унтаж байхаар нь цонхны поорчигийг нь түлхэж онгойлгоод орчихсон. Ингээд эхнэр Энхсайханыг босгоод хувцсыг нь өмсүүлээд гаргасан. Тэр үед эхнэрээ өөр хүнтэй нэг оронд унтаж байхыг хараад их сандарч балмагдаж юу болсон талаар сайн санахгүй байна. Эхнэртэйгээ 20 гаран жил амьдарсан хүн, эхнэрээ өөр хүнтэй хэвтэж байхыг харсан учраас ухаан санаа орж гараад юу хийсэн, яасан гэдгээ санахгүй байна. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэндээс эхнэрээ аваад шууд харьсан. Тэр үед зүрх салгалаад балмагдаад байсан. Манай эхнэр нүцгэн, Гантулга нь хагас нүцгэн байдалтай нэг оронд байсан учраас тэр 2-ыг хараад шууд шоконд орсон. Бачуурч уурласан үедээ гар хүрсэн байхыг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82, 84 дэх тал/,

Хохирогч Д.Гантулгын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 125-145 дахь тал/,

Хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 149-208 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирлын талаарх 34 хуудас баримт,

Д.Гантулга нь Юпорт, СТБЛ ХХК-нд 2018-2021 он хүртэл ковшийн оператораар ажиллаж байсан талаарх тодорхойлолт, дансны хуулга,

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Д.Гантулга-д “S06 Гавал доторх гэмтэл” онош, өвчний жагсаалтын 1-10-2 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 6 сарын хугацаагаар тогтоосон акт,

 

Шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч Э.Тэнгисээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Л.Энхсайханы “Д.Гантулгатай би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байсан байх анх танилцаж байсан. Тэрнээс хойш Д.Гантулгын гэрт ирэн очин байдаг болсон. Өөрөөр хэлбэл хамтран амьдардаг эр эмийн харилцаатай болсон гэсэн үг. Би өөрөө нөхөр 4 хүүхэдтэй манай нөхрийг Ц.Г гэдэг хамт амьдраад 20 гаран жил болж байгаа. Манай нөхөр ихэнхдээ хөдөө Өмнөговь аймгийн Цагаан хаданд том тэрэгний жолооч хийдэг эзгүй байдаг. Тэгээд би нөхөр Ц.Гт 2022 оны 01 дүгээр сарын үеэр байх Д.Гантулга гэдэг залуутай танилцсан одоо хамт амьдарч байгаа гэдэг байдлаа хэлж байсан. Манай нөхөр тухайн үед одоо нэгэнт ийм зүйл болсон бол яахав дээ, гэрлэлтээ цуцлуулаад салсан дээр гэж хэлсэн. Ингээд 2022 оны 03 дугаар сард манай ээж өөд болоод, 03 дугаар сарын 02-ны өдөр Ц.Г Өмнөговь аймгаас ирсэн. Ээжийн ажил явдал болж байх үед би 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Гантулгын гэрт очоод бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Намайг очиход Гантулга архи уучихсан халамцуу байсан. Орой 17 цагийн үед манай нөхөр Ц.Г, том хүүхэд Энххөлөгтэй хамт Гантулгын гэрт шууд ороод ирсэн. Тэгээд нөхөр хүүхдэд хандаж ээжийгээ аваад гар гэж хэлсэн. Манай хүүхэд намайг авч гараад хашааны гадаа машин дотор суулгаад хамт байж байсан. Манай хүүхэд эргэж ороогүй. Удалгүй 5-6 минутын дараа Ганхөлөг гарч ирээд буцаад гэр лүүгээ явсан. Энэ явдлаас хэд хоногийн дараа буюу 03 дугаар сарын 10-ны өдөр би Гантулгын гэрт очсон. Намайг очиход Гантулга нэг найзтайгаа хамт архи уугаад байж байсан. Би хамт байсан залууг загнаад хөөгөөд явуулсан. Тэгсэн Гантулга надад хандаж танай нөхөр дээр ирээд чамайг авч явахдаа намайг ингэж зодсон гээд баруун талын өмдийг дээш нь шуугаад харуулсан. Тэр үед хөлийн шилбэ хэсэг нь аймаар хөхрөөд хавдсан байсан. Ингээд бид 2 унтаж байтал Гантулгын эгч, ээж хүрээд ирсэн. Тэр үед би санаа зовоод толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан. Тэгсэн Гантулгын эгч нь чи одоо тэгээд нөхөр сүүдэрт нь зодуулсан юм бол яах гэж ингээд цуг байгаад байдаг юм бэ гэж хэлж байсан. Тэгээд тэр 2 гэр орныг нь цэвэрлэчхээд яваад өгсөн. Гантулга бид 2 мөн тэгээд унтаад өгсөн шөнө цаг хэд болж байсан мэдэхгүй байна Гантулгын гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь би босоод харсан чинь нэг хүн гэрэл тусгаад цонхны урдуур яваад байсан. Тэгэхээр нь би манай нөхөр ирчихсэн юм байна гэж бодоод айгаад буцаад Гантулгын хажуугаар ороод хэвтээд өгсөн. Төд удалгүй байшингийн том өрөөний урагшаа харсан цонхны поорчигийг гаднаас түлхэж онгойлгоод манай нөхөр Ганхөлөг ороод ирсэн. Гантулга бид 2 том өрөөний хоймор хэсэгт байх орон дээр унтаж байсан чинь Ганхөлөг намайг үсдэж босгоод 1 удаа гараараа баруун талын шанаа хэсэгт алгадаад гар чи зайл гэж хэлээд босгосон. Намайг босоод хувцсаа өмсөөд гарах хооронд араас 1 удаа өшиглөсөн. Тэгээд би айж сандарсандаа хам хум хувцсаа өмсөөд гэрээс нь гараад хашааны үүдэнд ирж байхад манай нөхөр Ганхөлөг араас гарч ирээд намайг чирч гулдраад машиндаа суулгаад явсан. Би тэр үед явахгүй гэж өөрөөс нь зугтаах гэж оролдсон боловч намайг тас зуураад машиндаа суулгаад яваад явсан. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би эрүүл шахуу байсан. Гантулгын найзтайгаа уусан архинаас 3 удаа бага хэмжээгээр уусан. Харин манай нөхөр Ц.Г халамцуу ирсэн, хэлж ярьж байгаа байдлаас нь харахад хэл ам нь орооцолдоод, архи уучихсан байсан нь мэдэгдэж байсан. Үйл явдал яг хэдэн цагт болсон гэдгийг санахгүй байна ямар ч байсан тэндээс манай нөхөр намайг авч гараад гэртээ ирэхэд шөнийн 2 цаг өнгөрч байсан. Ц.Г маргааш өдөр нь гэрээс гараад явахдаа намайг явсны дараа чи хаашаа явах уу, хаашаа зугтаах гэж байна, би чамайг хаана очихыг мэднэ, тэр газар чинь очоод чамайг алчхаж чадна шүү гэж хэлсэн. Өмнө нь би нөхөртөө Гантулга гэх ийм залуутай уулздаг болсон гээд видео дуудлага хийгээд Гантулгыг Ганхөлөгтэй яриулж байсан. Тэр үед Ганхөлөг ямар нэг буруу зөрүү үйлдэл гаргаагүй, аан за за надаас сайхан залуутай болсон юм байна. Наад хүнээ цаашдаа хүн шиг авч яваарай гэж Гантулгатай ярьж байсан. Сүүлийн 4 жил Ганхөлөг бид 2-ын хувьд гэр бүрийн хоорондох харилцаа таарамжгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

            Гэрч О.Энх-Амгалангийн “Миний төрсөн ах Ц.Г нь эцэг, эхээсээ гурвуулаа, айлын том хүүхэд. Манай ээж Цэрэндуламын нэрээр овоглож явдаг. Бага байхаасаа Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошуунд өсөж том болсон. Боловсролын хувьд 8 дугаар анги хүртлээ сурсан тэрнээс цааш сурч мэргэжил эзэмшиж байгаагүй. Ээж насаараа гагнуурчин хийсэн, багаасаа ээжийг дагаж гагнуур хийж байгаад сурчихсан. Дараа нь гагнуурын мэргэжил олгох сургалтад сууж гэрчилгээ авсан. Зан араншингийн хувьд дөлгөөхөн, их дуу цөөнтэй аливаа зүйлд их байр суурьтай, тэвчээртэй ханддаг. Тамхи татдаггүй, буруу ааш авиргүй хүн. Сүүлийн үед баяр ёслол, найз нөхрийн хүрээнд хааяа нэг уусан байж харагддаг. 20 гаран жилийн өмнө эхнэр Энхсайхантай танилцаж гэр бүл болсон. Дундаасаа 4 хүүхэдтэй. Хамгийн том нь 21 настай Энххөлөг, хамгийн бага нь 10 настай Энхчимэг, мөн 14, 16 настай 2 хүү байгаа. Сүүлийн хэдэн жил эхнэр Энхсайхан нь архи дарс ууж элдэв хүмүүстэй орооцолдож асуудал тарьж эхэлсэн. Ганхөлөг ахын хувьд энэ байдлыг засах гэж их хичээсэн, сүүлдээ архины эмчилгээнд хүртэл явуулж арга чаргаа барсан. Энхсайхан нь гэрээсээ яваад өөр хүмүүстэй амьдраад архи дарс уугаад хэдэн сараар алга болчихдог болсон. Ганхөлөг ах багаасаа өнчин өрөөсөн өссөн учраас энэ зовлонг үр хүүхдэдээ амсуулахгүй гэж эхийг нь ээжийг нь хамт байлгах гэж хичээж, араас нь хөөцөлдөж гэр оронд нь авч ирдэг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Гэрч Г.Энххөлөгийн “Ямар ч байсан аав, ээж 2 салах шийдвэрийг гаргасан, тэр талаараа ээж надад хэлж байсан. Ээжийн хувьд сүүлийн 10 жил гаран архи ууж архинд орсон. Энэ байдлаасаа болоод байнга гадуур болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд олон гэрээсээ явчихдаг болсон. Манай аав Ганхөлөг их дөлгөөн, тайван хүн байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй хааяа нэг тэмдэглэлт баяр ёслолын үеэр тодорхой хэрэглэдэг. Аав гэр бүл, үр хүүхдэдээ халамжтай, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ажлын газрын хүмүүсийнхээ дунд нэр хүнд сайтай, ээжийг архинд орсноос хойш архинаас гаргах гэж, амьдралаа аврах гэж их хичээсэн боловч талаар болсон. Сүүлийн 2 жил гаран Өмнөговь аймагт засварчин, том тэрэгний жолооч гэх мэт ажил хийж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн эмчийн үзлэг хийсэн талаарх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн /эмнэлгээс гарах үе/ “Өвчтөний биеийн ерөнхий байдал сайжирч байна. Ухамсарт ухаантай. Орчиндоо харьцаатай. Комманд биелүүлж байна. Асуусан асуултад хариулна. Байрлал хэвтрийн. Амаар хооллоно” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 144 дэх тал/,

Хохирлын 5, 30, 44, 46, 60, 61, 66, 66, 67, 68, 71, 72, 73, 74, 76, 79, 80, 84, 85, 86, 88, 103, 105, 136, 153, 158,157,158, 160, 169, 170, 171, 177, 178, 180, 185, 188, 189, 190,192, 194, 201, 207, 209, 212, 216 дугаартай баримтууд /хавтаст хэргийн 150-208 дахь тал/,

Шүүхийн шатанд өгсөн хохирол төлсөн талаарх 1 хуудас баримт,                                                                                                                                                 

            Ц.Г, Л.Энхсайхан нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 102 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ц.Г 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод хувийн таарамжгүй харилцааны буюу хардалтын улмаас эхнэртэйгээ хамт байсан Д.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, дээд, доод уруулд няцарсан шарх, зүүн эгэм, 1, 2, 3 дугаар хавирга, мөрний урд хэсэг, баруун хавирганы нум, баруун, зүүн шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хэсэг, зулайн ар, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, дээд уруул, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн эхнэр Л.Энхсайханыг мөн цаг хугацаанд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоот болон хашаанд, үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 11 дүгээр гудамжны 64 тоот хашаанд зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, бүсэлхий нуруунд зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун, хохирогч, гэрч Л.Энхсайхан, гэрч О.Мөнхтунгалаг, яллагдагч Ц.Г нарын мэдүүлэг, гэмтэл хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г, Л.Энхсайхан нар гэр бүлийн, эхнэр нөхрийн харилцаатай, дундаасаа 4 хүүхэдтэй бөгөөд нөхөр Ц.Г хөдөө орон нутагт ажилладаг, эхнэр Л.Энхсайхан архины хамааралтай болсон нөхцөл байдлаас шалтгаалан хувийн таарамжгүй харилцаа үүссэн, хэн алиныгаа үл тоох хандлагатай болсон, улмаар 2021 оны 09 дүгээр сараас Л.Энхсайхан нь Д.Гантулгатай танилцсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж ирж очин хамт амьдрах болсон, энэ талаар Ц.Гт 2022 оны 01 дүгээр сард хэлсэн,  

Л.Энхсайханы эх нас барсан, Ц.Г 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөдөөнөөс ирсэн, буяны ажлын өмнөх өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Л.Энхсайхан нь гэрээсээ яваад алга болсон, Ц.Г хүүхдийн хамт Л.Энхсайханы хамтран амьдарч байсан Д.Гантулгын гэрт очсон, Л.Энхсайхан, Д.Гантулга нар согтуу унтаж байсан, Ц.Г нь Л.Энхсайханыг аваад, Д.Гантулгын хөлөн тус газарт өшиглөчхөөд явсан, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буяны ажил явдал болж өнгөрсөн,

2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Д.Гантулгын гэрт түүний эх Ц.Оюун, дүү О.Мөнхтунгалаг нар очиход Д.Гантулга нь хөлнөөсөө бусад газарт ил харагдах шарх гэмтэлгүй Л.Энхсайханы хамт байсан, 2022 оны 03 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим Ц.Г нь ганцаараа Д.Гантулгын гэрт очиход хаалга нь түгжээтэй байсан, Д.Гантулгын гэрийн цонхоор дотогш орсон, Л.Энхсайхан, Д.Гантулга нар унтаж байсан, Л.Энхсайханыг үсдэж босгосон, Д.Гантулга, Л.Энхсайхан нарыг цохиж зодсон, Л.Энхсайханыг аваад гэртээ харихад шөнийн 2 цаг болж байсан,

2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Д.Гантулгын гэрт түүний эх Ц.Оюун, дүү О.Мөнхтунгалаг нар очиход Д.Гантулга нь ганцаараа орныхоо урд талд доошоо харсан, өмдөндөө өтгөн, шингэнээ гаргасан, хувцсыг нь тайлж үзэхэд бусдад зодуулсан байдалтай байсан, түргэн тусламж, цагдаа дуудсан, тархинд хүнд зэргийн гэмтэл учирсан, үүний улмаас 2 удаа хагалгаанд орсон, суугаа байдалтай, орчиндоо харьцаагүй байдалтай болсон гэх үйл баримт тогтоогдлоо.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч Э.Тэнгисийн зүгээс хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж зүйлчлэлийг өөрчлөх байр суурь илэрхийлэн мэтгэлцэж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Гэрч Г.Энххөлөг, Л.Энхсайхан нарын мэдүүлгээр Ц.Г нь эхнэр Л.Энхсайханаас салсан, хагас жил тусдаа амьдарсан, эхнэр Л.Энхсайханыг өөр хүнтэй хамтран амьдарч байгааг мэдэж байсан, гэмт хэрэг гарахаас 4 хоногийн өмнө эхнэр Л.Энхсайханыг хаана, хэнтэй амьдарч байгааг нүдээрээ бодитоор очиж харсан, энэ үед эхнэр Л.Энхсайхан нь хамтран амьдрагч Д.Гантулгатай хамт унтаж байсан, Л.Энхсайхан нь 2021 оны 09 дүгээр сард Д.Гантулгатай танилцаж дотноссон, 2022 оны 01 дүгээр сард энэ талаар нөхөр Ц.Гт хэлсэн, утсаар дүрсээ харуулан ярьж байсан болох нь тогтоогддог.

Ц.Г нь энэ нөхцөл байдлыг лавтай сайн мэдсээр байж Л.Энхсайхан, Д.Гантулга нарыг нэг оронд хамт унтаж байгааг дахин харсан даруйд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэж үзэж дүгнэх боломжгүй байна.   

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шууд шалтгаан нь тухайн цаг хугацаанд хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтойг анхаарах нь зүйтэй. Иймд зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Ц.Гийн шөнийн цагаар Д.Гантулгын гэрийн цонхоор орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаагүйг цохон тэмдэглэж, шүүх шилжиж ирсэн хэргийн хэмжээ хүрээнд шийдвэрийг гаргалаа.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Гийн хохирогч нарын эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Д.Гантулгын эрүүл мэндэд хүнд, хохирогч Л.Энхсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангажээ.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй, Ц.Гийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлжээ.

Шүүгдэгч Ц.Г нь эхнэр Л.Энхсайханы биед хүч хэрэглэн халдсан байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул Ц.Гийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэй үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Гэр бүлийн харилцааны хүрээнд эхнэрийн архины хамааралтай байдал, нөхрийн хөдөө орон нутагт ажилладаг байдал, үл ойлголцсон хувийн таарамжгүй харилцаа хандлага, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.     

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Шүүх хуралдаанд Д.Гантулга нь суугаа байдалтай тэргэнцэрт түрүүлэн ирсэн бөгөөд орчиндоо харьцаагүй, асуусан асуулт бүрэн ойлгохгүй, хэргийн талаар мэдэхгүй гэж толгой сэгсэрч хариулсан тул шүүх түүнийг хохирогчоор тогтоох боломжгүй гэж үзэв.

            Хохирогч Д.Гантулга нь эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тул түүний эх Ц.Оюуныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хохирлын талаарх баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, өргөн хэрэглээний өдөр тутмын хүнс, бараа болон бензин шатахуун худалдан авсан зарим баримтыг хохирлоос хасаж, нийт 9.715.410 төгрөгийн бодит учирсан хохирлыг тогтоолоо. 

            Ц.Г нь шүүх хуралдаанаас өмнөх шатанд 6.400.000 төгрөгийн хохирол төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас хохирлын баримт шинээр гаргаж өгсөн, үүнийг болон цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Баримтаар тогтоогдсон 9.715.410 төгрөгийн хохирлоос 6.400.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганхөлөгөөс 3.315.360 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунд олгохоор шийдвэрлэв.

            Хохирогч Л.Энхсайханы зүгээс гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй ба хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэвэл зохино.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ц.Гөөс нэхэмжлэх эрхтэйг тусгах нь зүйтэй.           

         

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэх санал гаргасан бол, шүүгдэгч Ц.Гийн  өмгөөлөгч Э.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюуны өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нараас торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд Ц.Гийн хувьд үйлдэл, гэм буруу, хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн хувьд өмгөөлөгч өөр байр суурь илэрхийлжээ.

Шүүгдэгч Ц.Гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Ц.Гийн эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, 10-16 насны 3 хүүхэдтэй, эхнэр ажилгүй, архины хамааралтай, ганцаараа өрхийн амьжиргаагаа залгуулж, хүүхдүүдээ асран хамгаалдаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа харилцаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээнд хохирлыг төлж цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн гэх хувийн байдал,

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг 2 хүний эсрэг, хохирогчийн буруутай ажиллагааны улмаас үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж 10 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу торгох ялын хэмжээг 10 450 000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Гийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт Ц.Г нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 88 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 88 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт дүйцүүлэн тооцож 1 320 000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, 9130 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9 130 000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэхээр тогтоолоо.

             Шүүгдэгч Ц.Гт шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 454 дугаартай захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад  даалгах нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж, нийт эдлэх торгох ялын хэмжээг 10 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 450 000 төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Гт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Ц.Гийн цагдан хоригдсон 88 /найман найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 нэгжээр тооцон, шүүхээс оногдуулсан 10 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс 1320 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хасаж, 9130 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9 130 000 төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй.

             7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-с 3.315.360 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунд олгосугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ц.Гөөс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Гантулгын эрүүл мэндийн хохиролд 6 400 000 төргөг төлөгдсөн, хохирогч Л.Энхсайханаас эрүүл мэндийн хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг дурдсугай.  

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан. эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Г-т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Гт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

            12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ