| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/01476/И |
| Дугаар | 310 |
| Огноо | 2018-07-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 30-37 тоотод байрлах “Өөрф фактори” ХХК /РД:6120288/-ийн
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Партизаны 1, 36 дугаар байр, 26 тоотод байрлах “Тэппэн констракшн” ХХК /РД:5524121/-иас
55.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагч “Тэппэн констракшн” ХХК-ийн захирал Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: Манай компани 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч “Тэппэн констракшн” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд байрлах Токио Тауэр төслийн эскиз болон Интерьер дизайны иж бүрэн ажлын зураг төслийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 60 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд 50.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Велфайр маркын автомашин, бэлэн 5.000.000 төгрөг, нийт 55.000.000 төгрөгийн урьдчилгаанд төлсөн. Гэтэл “Тэппэн констракшн” ХХК өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Манай талаас ажлын явц удаан, гэрээний хугацаа дуусах болж байгаа талаар удаа дараа сануулж, гэрээний хугацааг сунгах боломжгүйг анхааруулж байсан боловч үр дүн гараагүй тул 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч хариу мэдэгдээгүй учраас шүүхэд хандсан. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн боловч ямар нэгэн баримт авчрахгүй байж байгаад шүүх хуралдааны өмнө 200 хуудастай гэрээнд заасан ажил үүргийг 100 хувь хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч баримт авчирч өгсөн. Энэ баримтуудыг үгүйсгэж, хийх ёстой ажлаа гэрээний дагуу хийгээгүй гэдэг байр суурьтай байна. Манай компани уг ажлыг хийж гүйцэтгэхгээр “Оршил констракшн” ХХК-тай 135.000.000 төгрөгийн үнэтэй гэрээ байгуулсан байна. Үүнийг “Тэппэн констракшн” ХХК-ийн захирал Б.Ганболд мэдэж байсан. Мэдээгүй гэж худлаа ярьж байна. Хариуцагчаас болж энэ ажлыг хугацаанд нь өгөөгүйгээс бид 55.000.000 төгрөгийн ашиг олох боломжоо алдсан. Тиймээс гэрээнээс татгалзаж өгсөн, авсан зүйлээ буцааж ажлын урьдчилгаа хөлс 55.000.000 төгрөгийг хариуцагчаас буцааж нэхэмжлэгчид олгон хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Тэппэн констракшн” ХХК-ийн захирал Б.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Өөрф фактори” ХХК-ийн хүсэлтээр Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Бид “Өөрф фактори ХХК-ийн захиалгаар “TOKYO TOWER” төслийн эскиз болон интерьер дизайны иж бүрэн ажлын зураг хийсэн. Эскиз зураг гэдэгт барилгын зай хэмжээ, давхарын өндөр, гадна тохижилт, давхарын байгуулалтууд болон 3 хэмжээст харагдах байдлын зураг зэргээс бүрдэнэ. Дээрх эскиз зураг төслийн захиалагчийн гаргасан даалгавар болон зураг төслийг хийх явцад 7 хоног бүр хуралдаж ярилцсан шийдвэрийн дагуу цаг хугацаандаа бүрэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байсан. Интерьер дизайны ажлын зураг гэдэг нь төлөвлөж буй обьектын дотор орон зайн төлөвлөлт бөгөөд дотор заслын зураг төслийг хэлнэ. Үүнд гэрээний 2.1.2., 2.1.3., 2.1.4., 2.1.5., Дотор орон зайг харуулсан 3 хэмжээст зураг, зай хэмжээтэй шал таазны байгуулалт, ханын дэлгээс тавилга тоног төхөөрөмжийн тодорхойлолт, материалын түүвэр зэрэг багтана. Манай компани урьдчилан танилцуулсан санаа концепцийн дагуу дээрх иж бүрэн ажлын зураг төслийг цаг хугацаанд нь гүйцэтгэсэн. Гэрээнд заасан эскиз, интерьер дизайн ажлын зургуудыг захиалагчийн саналыг үндэслэн бүрэн тусгаж хийсэн бөгөөд тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн зураг төслийн хувилбарууд болон хурлын протокол байдаг. Бид гэрээний дагуу зураг төслийн ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр захиалагч талд зураг төслийн ажлыг хүлээн авна уу хэмээн удаа дараа холбогдон сануулж байсан боловч гаднаас зочид ирсэн, завгүй байна гэсэн шалтгаанаар хойшлуулж өгөхийг хүссэн. Бид нэгэнт ажлаа дууссан болохоор захиалагчийн хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг зөвшөөрөн тодорхой хугацаа тогтоолгүй хойшлуулсан. Гэтэл 04 дүгээр сарын 11-ний өдөр захиалагч талаас гэрээ цуцлах мэдэгдэл ирсэн. Утсаар холбогдон мэдэгдлийг тодруулах гэсэн боловч утсаа авахгүй холбогдохгүй байсаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Иймээс манай компанийн зүгээс гэрээний дагуу ажил үүргээ хугацаанд нь 100 хувь хийж гүйцэтгэсэн учраас гэрээг нэг талын санаачлагаар цуцалсныг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч “Тэппэн констракшн” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид гэрээний дагуу үүргээ биелүүлсэн учраас ажлын хөлсний үлдэгдэл 25.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. “Өөрф фактори ХХК манайд ажлын захиалга өгөөд цаашаа өөр компанитай өндөр үнэтэй ажлын гэрээ байгуулж ашиг олох зорилготой байжээ. Зураг төслийн ажил хурууны үзүүрээр хийдэг ажил биш. Энэ ажил оюуны бүтээл учраас бид мэйл, цахим шуудангаар хүргүүлээгүй. Иймд ажлын үлдэгдэл хөлс 25.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд болон шүүх хуралдаан сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хугацаандаа ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учраас ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК нь хариуцагч “Тэппэн констракш” ХХК-тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Зураг төсөл боловсруулах” тухай гэрээнээс татгалзаж ажлын хөлс 55.000.000 төгрөгийг буцаан авахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсний үлдэгдэл 25.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
“Өөрф фактори” ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Токиогийн гудамжинд байрлах 16 давхар зоорин давхартай орон сууц, зочид буудал, үйлчилгээний талбайтай “TOKYO TOWER” төслийн эскиз, интерьер дизайны иж бүрэн ажлын зургийг “Тэппэн констракш” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу хариуцагч “Тэппэн констракш” ХХК нь гэрээний 2.1.-д заасан ажлыг гэрээний 3.1.-д заасан хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК нь гэрээний 6.-д заасан ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигч дээрх гэрээг байгуулж захиалагч нь гүйцэтгэгчид урьдчилгаанд “Тоёота Велфайр” маркийн автомашин, 5.000.000 төгрөг төлсөн, үлдэх 25.000.000 төгрөгийг төлөөгүй үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан ажлыг, гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, үлдэх хөлсийг төлөх үндэслэлгүй гэж урьдчилгаа хөлсийг буцаан авахыг шаардсан.
Гэтэл хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Токиогийн гудамжинд байрлах 16 давхар зоорин давхартай орон сууц, зочид буудал, үйлчилгээний талбайтай “TOKYO TOWER” төслийн эскиз, интерьер дизайны иж бүрэн ажлын зураг төслийн ажлыг “Оршил констракшн” ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэхээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр гэрээ байгуулж уг гэрээний дагуу ажлын явц, чанарын талаар талууд харилцан уулзаж дүгнэж байсан байх бөгөөд ерөнхий захиалагч ажил гүйцэтгэх хугацаа, чанарын шаардлага хангахгүй байгаагаас шалтгаалан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгч байсан байх тул нэхэмжлэгчийг хариуцагчтай байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3.-т заасан үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон учраас үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 355 дугар зүйлийн 355.1.-д зааснаар гүйцэтгэгч талыг үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 225., 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК нь хариуцагч “Тэппэн констракш” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан тохиолдолд дээрх журмыг баримтлах ёстой.
Тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч агуулгын хувьд гэрээг цуцалж, үр дагавараа шаардсан байгаа учраас шүүх гэрээ цуцлахыг нөгөө талдаа мэдэгдсэн, нэмэлт хугацаа тогтоох журмыг “Өөрф фактори” ХХК баримтлаагүй, энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Мөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Тэппэн констракш” ХХК нь гэрээнд заасан зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэнээ нотлож зураг төслийг эх хувиар нь шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч няцааж мэтгэлцээгүй тул шүүх энэ хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажлын хөлсний үлдэгдэл 25.000.000 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгч төлөх үүрэгтэй гэж үзсэн.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 282.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 115.2.1., 116., 118., 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1., 225 дугаар зүйлийн 225.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК хариуцагч “Тэппэн констракшн” ХХК-иас 55.000.000 /тавин таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК-иас 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Тэппэн констракшн” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423.950 /дөрвөн зуун хорин гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Тэппэн констракшн” ХХК-ийн төлсөн 282.950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, 282.950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч “Өөрф фактори” ХХК-иас гаргуулж хариуцагч “Тэппэн констракшн” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7., 119.8.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүхийн буруутай үйл ажиллагаанаас улмаас энэ хуулийн 119.4.-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхээс шийдвэрийг хүргүүлсэн өдрөөс давж заалдах, гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ