Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 02467

 

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/02467

Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг,  дугаар баг байр,  тоотод оршин суух, Ч овогт Д.Э  /РД:/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж , өөрийн байранд оршин байх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, У /РД:/-д холбогдох,  

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,137,982 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э  нь У ын харьяа Улаанбаатар худалдааны төвийн Чойр хэсэгт хүнс барааны няравын албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажилд орсон. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар худалдааны төвийн даргын 32 тоот тушаалаар намайг няравын ажлаас орон тоо хасагдсан шалтгаанаар халсан болно. Улаанбаатар худалдааны төвийн дарга хэлэхдээ “У ын даргын тушаалаар чиний албан тушаалыг хассан” гэж хэлсэн. Тухайн үед У ын даргын орон тоо хассан тушаал шийдвэрийг надад үзүүлээгүй. Тэгээд намайг халсны дараа уг орон тоон дээр н.Ж гэдэг хүнийг авч ажиллуулсан. Даргын үйлдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-т заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Улаанбаатар худалдааны төвийн даргын хууль бус үйлдлийн улмаас миний бие сэтгэл санаа, эд материал, санхүүгийн хувьд хохирч, амьдралын баталгаагүй болсон. Миний бие тус орон тоон дээр ажиллах хугацаанд газарт навс унасан няравын ажлыг өөд татаж өр төлбөргүй болгосон. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,137,982 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн салбар нэгж болох Улаанбаатар худалдааны төвд хүнс, барааны няраваар ажиллаж байсан. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн даргын баталсан Улаанбаатар худалдааны төвийн 2018 оны орон тоогоор миний эрхэлж байсан “хүнс, барааны нярав”-ын орон тоо хасагдсан тушаал гаргасан байсан. Ингээд надад 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болгохыг мэдэгдсэн. 

Ингээд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцэж, тушаалаа авсан боловч бодит байдал дээр 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр ажил хүлээлцэх асуудал дуусгавар болсон. Ингээд би хоёр сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмжийг ажил олгогчоос хүлээн авсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг би зөвшөөрөхгүй. Хариуцагч намайг “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл миний хуучин эрхэлж байсан “хүнс барааны нярав” болон шинээр бий болсон “эрхлэгч нярав”-ын ажлын байрны тодорхойлолт болон хийх ажлын чиг үүрэг нь бараг адилхан байгаа. Хариуцагч бол зүгээр л албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг орон тоо хасагдсан гэж үзсэн. Миний дараагийн гомдоод байгаа зүйл бол ажил олгогчийн зүгээс шинээр ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр явуулахдаа надад оролцох боломжийг олгоогүй. Сонгон шалгаруулалтыг явуулах талаар 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цагийн үед мэдэгдсэн. Ингээд би оролцохоор бэлдэж байтал 31-ний өдрийн орой 17 цагийн үед над руу ахиж яриад “...таныг ажлаас халсан тул сонгон шалгаруулалтад ирэх хэрэггүй” гэж хэлсэн. Ийм учраас би очоогүй юм. Эдгээр үндэслэлүүдээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6,137,982 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьж байна. Гэтэл би тушаалаа авснаас хойш дандаа эмнэлгээр явж, хагалгаанд орж байсан. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж бодож байна. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж цөс авахуулах хагалгаанд орсон. Эмнэлгээс гарч гэртээ хэвтэж байгаад 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд дахин эмнэлэгт хэвтэж тэнхэрсэн. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирж эмнэлэгт гадуур эмчилгээ хийлгэж байх явцдаа 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Үүний дараа 5 дугаар сарын 31-ний өдөр мөн л эмнэлэгт хэвтсэн. УКТЭ-ийн “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, Улсын 2 дугаар төв эмнэлгийн “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ууд дээр миний хаана, хэрхэн эмчилгээ хийлгэсэн байдлууд тодорхой байгааг анхаарч үзнэ үү гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Замын даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А-346 тоот тушаалын дагуу Сайншанд худалдааны төвийн харьяанд байсан Чойр худалдааны хэсэг нь 9 орон тоотой 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар худалдааны төвд шилжин ирсэн. Улаанбаатар худалдааны төвийн харьяалалд Чойр худалдааны хэсэг шилжин ирж, байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Чойр худалдааны хэсгийн хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой болгон сайжруулж, ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах зорилгоор зарим орон тоог хасах саналыг тус төвийн шууд харьяалагддаг удирдлагын алба болох У Худалдаа үйлчилгээний албанд хүргүүлж хэлэлцүүлэн, У-ын төлөвлөлт, эдийн засгийн алба болон хөдөлмөр, цалин хөлсний хэлтэс, Санхүү хариуцсан замын орлогч дарга, Захиргаа удирдлага хариуцсан замын орлогч даргаар хянуулсаны эцэст манай төвийн 2018 оны орон тоо Замын даргаар батлагдсан. У ын даргын баталсан Улаанбаатар худалдааны төвийн 2018 орон тоогоор Чойр худалдааны хэсгийн худалдааны мэргэжилтэн, тооцооны нягтлан бодогч, хүнс барааны няравын орон тоо хасагдсан бөгөөд эдгээрийн ажил үүргийг нэгтгэн эрхлэгч няравын орон тоог бий болгосон. Орон тоо хасагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 1 сарын өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Чойр худалдааны хэсгийн хүнс, барааны нярав Д.Э т 2018 оны 02 дугаар сарын ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл гардуулсан. Энэ хугацаанд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эрхлэгч няравын орон тоонд сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтад оролцох эсэх талаар ажилтнуудад мэдэгдэхэд Худалдааны мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Нарангэрэл, хүнс барааны няраваар ажиллаж байсан Д.Э  нар оролцохоос татгалзсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллах тухай өргөдөл, хүсэлт гаргаагүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй болно. Харин тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Ж өргөдөл өгч, сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн тул Улаанбаатар худалдааны төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот тушаалаар Э.Ж г эрхлэгч няраваар туршилтын 3 сарын хугацаагаар томилж, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 78 тоот тушаалаар жинхлэн ажиллуулж байна. Д.Э  ийн хувьд Чойр худалдааны хэсгийн хүнс, барааны няравын орон тоо хасагдсан, сонгон шалгаруулалтад оролцоогүй тул Улаанбаатар худалдааны төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, 43.1, хамтын гэрээний 3.14 дэх заалтыг удирдлага болгон Д.Э ийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Иймд Д.Э ийн ажиллаж байсан Чойр худалдааны хэсгийн хүнс барааны няравын орон тоо хасагдсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Бид У  нийгэмлэгийн дүрмийг гаргаж өгсөн. Дүрмийн 22 дугаар зүйл дээр замын даргын эрх үүргийг заасан. 17 дугаар зүйл дээр У  нийгэмлэгийн ерөнхий хорооны эрх үүргийг заасан байдаг. У  нийгэмлэгийн ажилтнуудын орон тоо, цалин хөлсийг батлах эрх ерөнхий хороонд байдаг. Гэхдээ  2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4 тоот ерөнхий хорооны хурлын тогтоолын 10.6 тоот заалтаар замын дарга ерөнхий хороонд өөрийн эрх үүргээ шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл замын дарга ерөнхий хороонд бүтэц, зохион байгуулалт хийх эрхээ шилжүүлсэн. У ын дарга н.Жигжиднямаа нь Улаанбаатар худалдааны төвийн орон тоог батлах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд 2018 оын 02 дугаар сарын 07-ны өдрийн А45 тоот тушаалаар Улаанбаатар худалдааны төвийн орон тоог баталсан. Энэ орон тоогоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан хүнс, барааны няравын орон тоо цөөрсөн. Бид үр ашиггүй, алдагдалтай байсан 3 ажлын байрыг нэгтгэж нэг болгосон. Ингээд уг албан тушаал дээрээ өөрсдийн дотоод дүрэм, журамд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсан, энэ талаар нэхэмжлэгчид утсаар нийт 3 удаа мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Д.Э  оролцох талаар хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгчийн хуучин эрхэлж байсан хүнс барааны нярав болон шинээр бий болсон эрхлэгч няравын ажлын байрны тодорхойлолт болон хийх ажлын чиг үүрэг нь ондоо байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Үүнтэй холбоотой сонгон шалгаруулалт явуулсан эсэх дээр нэхэмжлэгч маргадаг. Сонгон шалгаруулалтын комисст байсан н.Батбилэг гэж хүн тухайн үед ажилд ороогүй байсан гэдэг. Түүнийг үгүйсгэсэн баримт болох н.Батбилэгийг туршилтын хугацаагаар ажилд томилсон тушаал хэрэгт авагдсан байгаа. Мөн сонгон шалгаруулалтын талаар нэхэмжлэгчид хэрхэн мэдэгдсэн талаарх албан тоот, утасны дугаарыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн утасны дугаар нь 00000000. 000000 дугаар нь У ын мөнгөний няравын албан ажлын утасны дугаар байгаа. Утасны жагсаалтын 9 дүгээр хуудсан дээр 00000000 дугаар руу 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цаг 19 минутад залгасан. Мөн энэ дугаар руу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цагт залгаж мэдэгдсэн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагт утасдсан. Энэ үед сонгон шалгаруулалтад орох эсэхийг нь баталгаажуулж асуухад орохгүй гэсэн байдаг. Ингэж бид сонгон шалгаруулалт болохоос өмнө 3 удаа мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч өөрөө ирж шалгаруулалтад ороогүй.  

Түүнчлэн манай зүгээс нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Ажил олгогчоос гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцээгүй гэж үзвэл ажилтан гомдол гаргах эрхтэй. Гэхдээ гомдол гаргахад хуулиар тогтоосон хугацаатай байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан.  Нэхэмжлэгч энэ хугацаагаа удаан хугацаагаар хэтрүүлсэн. Тэрээр эмнэлэгт хэвтсэн, эмчлүүлсэн гэж ярьж байна. Үүнийгээ нотлох гэж  өөрийн “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-уудыг шүүхэд өгсөн байна. Эдгээр баримтуудын он, сар, өдрийг нь авч үзэхэд хамгийн эхнийх нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тэрээр “Эхо”-д харуулсан. Ингээд түүнийг буюу өвчтөн эмнэлэгт илгээх хуудас нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийнх, хагалгаанд орсон өдөр нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байна. Өөрөөр хэлбэл тэрээр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гардаж авчихаад эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орох хүртлээ завтай, чөлөөтэй байсан атлаа шүүхэд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй.  2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1 сарын хугацаа тооцохоор 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болж байгаа. Мөн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгээс гарчихсан мөртлөө бүр 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсан байгаа. Ахиад л хөөн хэлэлцэх хугацаагаа шалтгаангүй хэтрүүлсэн байгааг шүүх анхаарна уу гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э  2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Монгол-Оросын хувь нийлүүлсэн У  нийгэмлэгийн салбар нэгж болох Улаанбаатар худалдааны төвд хүнс, барааны няраваар ажиллаж байжээ /хх 8-10 хуудас/.  

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд нийцсэн байна. 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн У  нийгэмлэгийн даргын баталсан Улаанбаатар худалдааны төвийн 2018 оны орон тоогоор Чойр худалдааны хэсгийн “худалдааны мэргэжилтэн”, “тооцооны нягтлан бодогч”, “хүнс, барааны нярав”-ын орон тоо хасагдаж, эдгээр ажлын байрнуудыг нэгтгэн “эрхлэгч, нярав”-ын орон тоог шинээр бий болгожээ /хх 27 хуудас, ар тал/. 

 

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар худалдааны төвийн Чойр худалдааны хэсгийн “хүнс, барааны нярав”-аар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Э т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгохыг, ажлаас халагдсаны тэтгэмжид 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох болсныг ажил олгогч бичгээр, хуульд заасан хугацаанд нийцүүлэн мэдэгдсэн байна /хх 28 хуудас/.

 

Улмаар У ын Улаанбаатар худалдааны төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Монгол-Оросын хувь нийлүүлсэн У  нийгэмлэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн Чойр худалдааны хэсгийн хүнс, барааны няравын 2018 оны орон тоо хасагдсан тул Д.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, Д.Э тэй 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор ажил хүлээлцэж, холбогдох тооцоог хийхийг ерөнхий нягтлан бодогчид даалгажээ /хх 11 хуудас/. 

 

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөө хариуцагч байгууллага Д.Э тэй тооцоо хийсэн болон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг түүнд мөн өдрөө гардуулсан нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн “Зарлагын баримт” буюу хариуцан ажиллаж байсан бараа, материалын жагсаалт, Чойр худалдааны хэсгийн 2018 онд орон тоо хасагдсан ажилтан нарт хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал хүлээлгэн өгсөн жагсаалт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна /хх 29, 52-56 хуудас/.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хоёр сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмжийг ажил олгогчоос хүлээн авсан эсэх талаар маргаангүй. 

 

Д.Э  2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,137,982 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

Хариуцагч байгууллага “орон тоо хасагдсан” гэсэн хуулийн заалтыг үндэслэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хэдий ч бодит байдал дээр миний хуучин эрхэлж байсан “хүнс барааны нярав” болон шинээр бий болсон гэх “эрхлэгч нярав”-ын ажлын байрны тодорхойлолт болон хийх ажлын чиг үүрэг нь бараг адилхан байгаа. Албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг орон тоо хасагдсан гэж үзэхгүй. Мөн ажил олгогчийн зүгээс шинээр ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр явуулахдаа хууль болон сонгон шалгаруулалт явуулах журмаа зөрчиж, надад шалгаруулалтад орох боломжийг олгоогүй гэж нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Хөдөлмөрийн гэрээний аль нэг тал зөрчигдсөн гэж үзэж буй хөдөлмөрийн шинжтэй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрх бүхий этгээдэд хандан сэргээлгэх, хамгаалуулах боломжтой ба шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Харин ийнхүү гомдол гаргахад хуулиар тогтоосон хугацаатай байхыг, мөн энэхүү хугацааг хуулиар тогтоосон учир талууд дангаар буюу харилцан тохирч өөрчлөх эрхгүйг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлээр зохицуулжээ.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37-41 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл, журмыг зөрчиж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж ажилтан үзвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ажил олгогч ажлаас халсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон шийдвэрээ ажилтанд бичгээр өгөх үүрэгтэй ба ийнхүү өгсөн өдрөөс эхлэн гомдол гаргах хугацааг тоолохыг, энэ хугацаа нь нэг сар байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ. 

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Д.Э  нь Улаанбаатар худалдааны төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Д.Э тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 32 дугаар тушаалыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөө хүлээн авсан болох нь тогтоогдсон. Иймд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ямар үндэслэлээр, хэзээ дуусгавар болгосныг нэхэмжлэгч мэдсэн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ийм агуулга бүхий тушаал гарна гэдгийг урьдчилан  буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй /хх 28 хуудас/.

 

Хуулиар тусгайлан тогтоосон уг хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох ба нэхэмжлэгч Д.Э ийн хувьд дээрх тушаалд гомдол гаргах эрх нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс нээгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа энэ үеэс тоологдоно гэж шүүх дүгнэлээ.   

 

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа эмнэлэгт хэвтсэн, байнгын эмчилгээтэй байсан гэж тайлбарлажээ. Тодруулбал, “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж, цөс авахуулах хагалгаанд орсон. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэж тэнхэрсэн. 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод ирж эмнэлэгт гадуур эмчилгээ хийлгэсэн” гэсэн тайлбарыг өгсөн. 

 

Өөрийн тайлбарыг нотлох үүднээс нэхэмжлэгч УКТЭ-ийн “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, Улсын 2 дугаар төв эмнэлгийн “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-уудыг шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр баримтуудыг судлан үзэхэд Д.Э  нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн болох нь тогтоогдож байх хэдий ч тушаал хүлээн авсан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш эмнэлэгт хэвтэх хүртэл хугацаанд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,137,982 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Д.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ