Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 02466

 

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/02466

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Z.x, оршин суух зөвшөөрлийн дугаар: №/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Зүүн наран  гудамж,  тоотод оршин суух, Б овогт Д.Б  /РД:/-д холбогдох,

 

8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Ц.Д, хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Монгол улсад түр оршин суугч Z.x надаас Д.Б  нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мах худалдан авна гэж 7,500,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 хоногийн хугацаатай авах гэрээ хийж уг мөнгийг авсан бөгөөд гэрээний хугацаанд 3,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Өнгөрсөн 9 сар гаруй хугацаанд миний бие үлдэгдэл төлбөрийн асуудалд хүлээцтэй хандсан. Түүнийг хүндэтгэн үзэж авсан мөнгөө өгчих байх гэж харж байсан боловч сүүлийн 2, 3  дугаар сард утсаа авахгүй мессеж бичээд хариу өгөхгүй уулзаж ярихгүй, намайг үл тоомсорлох хандлага гаргах болсон учир шүүх байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа болно. Төлбөрийн үлдэгдэл 4,500,000 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Учир нь Д.Б  бидний хооронд байгуулсан гэрээнийн хугацаа хэтэрсэн хоног тутамд хоногт 200,000 төгрөгийн хүү тооцоход гарч буй хүү нь 54,000,000 төгрөг бөгөөд энэхүү мөнгөн дүн ажил амьдралд нийцэшгүй дүн гэж үзэж 50,000,000 төгрөгийн хүүгээс татгапзаж, үлдэх 4,000,000 төгрөгийн хүү тооцох нь боломжийн хуулбар гэж үзсэн юм. Мөн 4,500,000 төгрөгийг нэг сарын 15 хувийн ашиг олох бизнест ашиглавал нэг сард 607,500 төгрөг 9 сард 5,467,500 төгрөгийн ашигтай ажиллах боломжтой учир дунджаар 4,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иймд Д.Б  оос 8,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Ц.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын иргэн нь орчуулагч н.Г  гэх хүний хамт Д.Б той уулзсан байдаг. Ингээд БНХАУ-ын иргэн нь хариуцагч Д.Б ид нийтдээ 5 тонн үхрийн шулсан мах зарахаар болсон. Тодруулбал, 1 кг үхрийн шулсан махыг 5,500 төгрөгөөр бодож, нийт 27,500,000 төгрөгөөр зарахаар харилцан тохирсон байдаг. Ингээд Д.Б  нь тохирсон ёсоор 5 тонн махаа нэхэмжлэгчээс хүлээн аваад тэр өдөртөө “М” ХХК-д шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгчийн худалдсан үхрийн мах нь чанарын шаардлага бүрэн хангасан, ямар нэг муудсан зүйл байгаагүй. Хариуцагч Д.Б  нь махыг бүрэн шалгаад авсан. Ингээд Д.Б  нийт төлөх ёстой 27,500,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг нь өдөртөө буюу 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу шилжүүлээд, үлдэгдэл 7,500,000 төгрөгийг нь маргааш өдөр нь өгөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохирсон боловч мөнгийг шилжүүлж өгөөгүй.  

Ингээд наадам болж энэ асуудал нэлээн удааширсан. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн нь өөрөө Монгол хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг ба тэрээр 2-3 удаа мөнгөө нэхэмжилж хариуцагчтай утсаар ярьсан боловч мөнгөө өгөөгүй. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь орчуулагч н.Г  гэж хүнтэй хамт Д.Б ийн Эмээлтэд байдаг дэлгүүр дээр нь очиж уулзаж мөнгөө нэхэмжилсэн. Тэгэхэд Д.Б  үлдэгдэл төлбөрийг буюу 7,500,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгч дуусгана. Хугацаанд нь мөнгөө төлөөгүй бол өдрийн 200,000 төгрөгийн хүү тооцно гэж өөрийн гараар бичиж өгч, гэрээ хийсэн. Ингээд үүнээс хойш 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дансаар 3,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш утсаа ч авдаггүй, уулзахаас зайлсхийж байгаа учраас шүүхэд хандаж үлдэгдэл 4,500,000 төгрөгөө нэхэмжилж байна. Харин 4,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг бид дараах байдлаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа хүү эсхүл олох ёстой байсан орлого мэтээр шаардлагын үндэслэлээ тайлбарласан. Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээнд нэг өдрийн хүүг 200,000 төгрөгөөр тооцсон, уг гэрээнд хариуцагч өөрөө гарын үсэг зурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл талууд төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо хэрхэн барагдуулах, төлбөрийн хэмжээний талаар тохирсон. Хэрэв нэхэмжлэгч махны мөнгөө хугацаанд нь авсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ядаж 4,000,000 төгрөгийн хэмжээний мөнгө олох ёстой байсан гэж үзэж байгаа. Эдгээр үндэслэлээр хариуцагч Д.Б оос үхрийн махны үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөг, олох ёстой байсан орлого буюу хохиролд 4,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурчихаад одоо шүүх дээр ирсэн хойноо “...би зураагүй” гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн тэрээр н.Г  гэж хүнд 2,000,000 төгрөг өгсөн гэж байна. Энэ мөнгийг нэхэмжлэгч л авах ёстой болохоос дундаас нь хэн нэг этгээд авах учиргүй, ингэж угаасаа тохироогүй. Тэгээд ч энэ тайлбараа хариуцагч нотлох ёстой гэжээ. 

 

Хариуцагч Д.Б  шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн /Z.x/-ийн иргэн Д.Б  надад холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуурамчаар нотариатаар баталгаажуулсан, хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэсэн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын иргэн нь орчуулагч н.Г  гэх хүний хамт надтай ирж уулзсан. Миний бие БНХАУ-ын иргэн /Z.x/ тэй харилцан тохирсны үндсэн дээр түүнээс 5 тонн үхрийн шулсан мах худалдан авахаар болсон. Энэ талаар маргаан байхгүй. Харин би 1 кг үхрийн махыг нэхэмжлэгчийн яриад байгаа шиг 5,500 төгрөгөөр бус 5,300 төгрөгөөр авахаар түүнтэй тохирсон юм. Нийт төлөх үнийн дүн нь 27,500,000 төгрөг биш, харин 26,500,000 төгрөг болох ёстой. Ингээд би тэр өдөрт нь 20,000,000 төгрөгийг нь өгсөн. Үүний дараа 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын иргэн /Z.x/ийн орчуулагч гэх н.Г  гэж хүүхэнд нь 2,000,000 төгрөг өгсөн. Нийтдээ 26,500,000 төгрөгийг би нэхэмжлэгчид төлөхөөр тохирсноос 25,000,000 төгрөгийг нь төлчихсөн. Үлдэх 1,650,000 төгрөгийг нь би төлөхгүй. Учир нь БНХАУ-ын иргэн нь надад тохирсон ёсоор үхрийн цээж болон гуяны шулсан махыг хольж өгөх ёстой байсан. Гэтэл дандаа үхрийн цээжний шулсан мах өгсөн байсан. Би махыг авсан өдрөө “М” ХХК-д шилжүүлэхдээ энэ талаар мэдсэн юм. Нөгөө мах авсан компаниас надад “...чи дандаа цээжний мах өгсөн байна. Үхрийн гуяны мах авч өг” гэж хэлсэн. Ингээд би өөрөөсөө дахин мөнгө гаргаж гуяны махыг нь авч өгсөн. Би нэхэмжлэгчтэй “үлдэгдэл төлбөр болох 7,500,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгч дуусгана. Хугацаанд нь мөнгөө төлөөгүй бол өдрийн 200,000 төгрөгийн хүү тооцно” гэж огт гэрээ хийж, гарын үсэг зураагүй. Энэ гэрээг нэхэмжлэгч хуурамчаар үйлдэж, нотариатаар батлуулсан байна. Иймд үлдэгдэл төлбөр болон төлбөрийн хүү гэх 8,500,000 төгрөгийг огт төлж чадахгүй. Нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохирсон хохирол, олох ёстой байсан орлого мэтээр ярьж байгаа байгаа юм байна. Энэ үндэслэлээ тодруулсан шаардлагыг гардан авах шаардлагагүй, шууд тайлбараа хэлээд явах боломжтой гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын иргэн /Z.x/ нь Д.Б ид нийт 5 тонн үхрийн шулсан мах худалдсан ба уг өдрөө тохирсон хэмжээний махаа шилжүүлсэн талаар нэхэмжлэгч болон хариуцагч талууд маргахгүй байгаагаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.     

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн /Z.x/ нь хариуцагч Д.Б ид холбогдуулж дээрх худалдсан үхрийн махны үнийн үлдэгдэл төлбөрт 4,500,000 төгрөг, гэрээгээр тохирсон хүү буюу олох ёстой ашиг 4,000,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх хандахдаа 4,500,000 төгрөгийн үндэслэлээ “...төлөгдөөгүй махны үнэ” гэсэн бол 4,000,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “...270 хоногийн хүү”, “...4,500,000 төгрөгөөрөө бизнес хийсэн тохиолдолд олох байсан орлого” гэсэн агуулгаар тайлбарласан байдаг. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийн үндэслэлийг тодруулахад “...хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого” гэсэн тайлбарыг өгсөн.   

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Харин “...шулсан үхрийн махыг 1 кг бүрийг нь 5,500 төгрөг биш харин 5,300 төгрөгөөр тооцсон”, “...2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн орчуулагчид төлсөн”, “...нэхэмжлэгч тохирсон ёсоор үхрийн цээж болон гуяны шулсан мах биш дан ганц цээж махыг надад нийлүүлсэн” гэж өөрийн татгалзлаа шүүх хуралдаанд тайлбарлав.

 

Харин зохигчид Д.Б  нь 5 тонн үхрийн махыг нэхэмжлэгчээс худалдаж авсан болон нийтдээ 25,000,000 төгрөгийг махны үнэ гэж нэхэмжлэгчид төлсөн талаар маргаангүй байна.

 

Хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн “...Миний бие Баасандорж 2017 оны 7 дугаар сарын 24 гэхэд үлдэгдэл: 7,500,000 7-24 гэхэд өгч дуусна. Тэр өдрөөс хойш хүү тооцно. Өдрийн 200,000 мянга” гэсэн бичгийн баримт авагдсан. Хариуцагчийн зүгээс уг баримтад гарын үсэг зураагүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүрэгтэйгээр оролцдог бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд өөрийн татгалзлаа батлах зорилгоор гэрч асуулгах, шинжээч томилуулах зэрэг эрхийг эдэлдэг.

 

Хариуцагчийн зүгээс “...би гэрээнд гарын үсэг зураагүй” гэх тайлбараас өөрөөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтыг няцааж чадаагүй. Иймд зохигчийн тайлбар болон 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн бичгийн баримт зэргийг харьцуулж үзэхэд талууд 1 кг шулсан үхрийн махыг 5,500 төгрөгөөр худалдаж худалдан авахаар харилцан тохирсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нийт 5 тонн шулсан үхрийн махны үнэ 27,500,000 төгрөг байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн “...2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн орчуулагч н.Г д өгсөн” болон “...үхрийн гуяны шулсан махыг хольж өгөх ёстой байсан” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн /Z.x/ нь хариуцагч Д.Б ид 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлсэн 5 тонн үхрийн шулсан махны төлбөрийн үлдэгдэл 4,500,000 төгрөгийг шаардах эрхтэй /27,500,000-20,000,000-3,000,000=4,500,000 төгрөг/.  

 

Харин Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Д.Б оос 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн /Z.x/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б оос  86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн /Z.x/-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ