Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч С.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгч П.А, Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1825002110144 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Прокуророос, шүүгдэгч П.А, Д.Э нарыг согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 15-5 тоотод С.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: П.А, Д.Э нар 2018 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 15-5 тоотод С.Мийн хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад маргалдаж С.Мийг бүлэглэн зодож биед нь тархи доргилт, нүүрэнд 21 тооны шалбархай, хүзүүнд 1 тооны зулгаралт, мөчдөд зөөлөн эдэд 17 тооны цус хуралт, хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Мийн мөрдөн байцаалтад өгсөн .... “2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хуучин хамт нэг дор ажиллаж байсан А, Цээлэй, Дэнсмаа, Мөнхтуяа нарын хамт мартын баяр тэмдэглэж байгаад “Хуримт” төвөөс 21 цагийн үед гараад хорооллын Наран багт Дэнсмаагийн гэрт бид хэд очсон...Мөнхтуяаг явсны дараа А надаас хэрүүл өдөж чи Мөнхтуяатай хэрүүл маргаан хийлээ гэж над руу дайрч хэрүүл маргаан хийхээр нь би Дэнсмаагийн гэрээс гараад явах гэхэд А Цээлэй хоёр намайг татаж газар унагааж хоёулаа нийлж миний нүүрийг маажиж миний үснээс зулгааж хүзүүндээ зүүсэн байсан ороолтоор намайг боож ямарч хөдөлгөөнгүй болгож зодсон”гэх мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Бид баяр тэмдэглэсэн. А нөхөртэйгээ хардаж зодоон үүсгэсэн. Би гарах гээд хувцасаа өмсөж байгаад гарч амжаагүй зодуулсан. Цүнхний оосроор хоолой боож, үсдэж дараад нүүр маажсан. 21 хумсны сорви гарсан, арилаагүй байгаа. 10 хоног хэвтсэн. Эмчилгээний зардал 370,000 төгрөг өгсөн. Одоо сорви арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. 450 000 төгрөгний эмчилгээг 3 удаа хийж байж үр дүн гарна гэсэн. Иймд нэхэмжилсэн 3,584,700 төгрөгнөөс 370,000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгөө нэхэмжилнэ. Хот явж эмчлүүлэх боломжгүй. Эмчилгээний зардал бүр өндөр гарах тул эндээ эмчлүүлэх бодолтой байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дэнсмаагийн......”Би тухайн үед уусан архиндаа нилээд согтоод тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг ухаан ороод мэдэхэд гэр цус болчихсон байхаар нь би цус цэвэрлээд байж байхад гаднаас үл таних хоёр залуу орж ирээд манай ээж Мөнхцэцэг танай гэрт хүнд зодуулсан байна та эрүүл саруул байж ээжийг хүнд зодуулж байхад салгахгүй яасан юм гэж байсан. Тухайн үед Мөнхцэцэгийн нүүр хумсаар маажуулсан бололтой нүүр нь улаан эрээн болсон, хүзүүн дээр нь хөндлөн улаан өнгийн маажсан гэмээр шарх байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Энхбаатарын ... Мөнхцэцэгийг харахад нүүр нь улаан эрээн болж маажсан, хоолойг нь боосон бололтой улаан эрээн болсон байсан. Хэзээдээ ийм болчихвоо гэхэд Мөнхцэцэг чи эрүүл байж харж байгаад намайг Ад зодуулчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Эрдэнэхүүгийн .....”А Мөнхцэцэгийг надтай хардаад хоорондоо маргалдаад байхаар нь болиочээ гэж Ад хэлэхэд Мөнхцэцэг А руу аяга аваад шидэхэд А хажуудаа байсан түшлэгтэй модон сандалыг бариад Мөнхцэцэгийг цохих гэхээр нь би болиулах гэж байгаад Агийн гарт байсан сандалд зүүн хөмсөг хэсгээрээ цохиулчихсан юм.А Мөнхцэцэг хоёр зодолдоод үснээсээ зулгаалцахад Э Мөнхцэцэгийн араас хүзүүндээ зүүчихсэн байсан цүнхийг нь татаад Мөнхцэцэгийн хоолойг боогоод байсан. Тэгээд Мөнхцэцэг газарт унахад А дээр нь гараад зодолдоод байсан. Би очиж салгаад Аг аваад гэр рүүгээ явсан. А бид хоёрыг гэрт ирсэний дараа Мөнхцэцэг гаднаас хүүтэйгээ хамт орж ирээд чи намайг ийм болгочихлоо гээд Ад үзүүлж байгаад гараад явсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаартай: ... С.Мийн биед тархи доргилт, нүүрэнд 21 тооны шалбархай, хүзүүнд 1 тооны зулгаралт, мөчдөд зөөлөн эдэд 17 тооны цу хуралт, хуйханд цус хуралт, доод эрүү баруун завьжинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн олон удаагийн маажих, самардах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шалбархайнууд, тархи доргилт, баруун завьжны зөөлөн эдийн цус хуралт нь тус бүртээ нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А...Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Э ...Гэм буруугаа хүлээж байна. Хохирлын мөнгийг цувуулж өгөх байх” гэсэн мэдүүлэг тус тус өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагаанд хууль зөрчөөгүй, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна. Шүүгдэгч П.А, Д.Э нар 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 15-5 тоотод архидан согтуурсан үедээ хамт байсан С.Мтэй маргалдаж улмаар түүнийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, санаатай, нийгэмд аюултай үйлдэл болох нь нотлогдлоо. Шүүгдэгч нарын санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол гэмтэл учирсан байна. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”. Шүүгдэгч нар Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдад хохирол учруулсан ба үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-59-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогчийн хохирол төлбөрт 3,584,700 төгрөг нэхэмжилснээс 370,000 төгрөгийг шүүгдэгч нар төлсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан эмчилгээний болон эмийн баримтуудад үндэслэгдсэн байна. Хохирогчийн нүүрэнд үүссэн хумсны сорви арилгах эмчилгээний зардалд 1 удаа 450,000 төгрөг, хавсарсан эмчилгээнд 555 000 төгрөг нийт 3 удаа орох талаар хэргийн 14 дүгээр хуудаст ROYAL DE BEAUTY MEDICAL салоны арьс гоо заслын их эмчийн тодорхойлолт авагдсан байх бөгөөд энэ баримтыг хуурамч буюу үндэслэлгүй гэж дүгнэх үндэсгүй юм. Харин энэ баримтад байгаа “MTS+PRP эмчилгээ” гэсэн нь ямар эмчилгээ болох нь тодорхойгүй байх тул 1 удаагийн эмчилгээг 555 000 төгрөг гэж тооцон шүүгдэгч нараас нийт 1,665,000 төгрөгийг хуваан гаргуулж олгох нь зүйтэй гэж шийдэж нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов. Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Хот явж эмчлүүлэх боломжгүй. Эмчилгээний зардал бүр өндөр гарах тул эндээ эмчлүүлэх бодолтой байна” гэсэн тул энэ байдлыг харгалзан үзсэн болно. Хохирогчийн биед учирсан гэм хор арилаагүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Пийн А, С овогт Дийн Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А, Д.Э нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сард 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр 832,500 төгрөг гаргуулан хохирогч С.Мт / / олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,549,700 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ