Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1136

 

2022        07         26                                  2022/ШЦТ/1136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа /томилолт/,

хохирогч Ч.С,

иргэний нэхэмжлэгч Ш.Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Баярсайхан,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бод холбогдох эрүүгийн 2203 00233 0267 дугаартай 2 хавтас бүхий хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч өдөр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1966 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо цэргийн хотхон сайхны гудамж 58 тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 13 гудамжны замд Toyota prius 30 маркийн 92-40 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь хэсэгт “... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурлыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 13 дугаар гудамжны 262 тоот хашаа, хашаан доторх монгол гэрийг дайрч, гэрт байсан Д.Шинэ-Очирын амь насыг хохироож, хохирогч Ч.Солонгын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямдэлэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр ажлаа тараад гэртээ ороход манай эхнэрийн дугаар утас дуугарсан. Эхнэр утсаа аваад эгч залгаж байна ахыг дайрсан гэж байна хэлсэн. Би кино үйлдвэрээс 10-15 минутын дараа ахын гэрт очиход машин гэрийн зүүн талаас баруун тал руу дайраад дээр нь гараад зогсчихсон байсан. Дараа нь машин хөдлөх оролдлого олон хийгээд дугуйг нь гэрийн бүрээс зуурчихсан байдалтай, энэ хүн өөрөө цээж нүцгэн хутга бариад “яадаг юм би алчихсан. та нар яах юм” гэж хэлээд зогсож байсан. Намайг ах руу очих гэтэл хэргийн газар ойртож болохгүй гээд манай хамаатнууд хориод байсан. Тухайн үед дүү хамгийн түрүүнд гэрээсээ гараад хойд талын айлаас хүн дуудаж ээжийгээ гаргасан. Ээж нь ухаан балартаад гэрээс жоохон зайтай хэвтэж байсан. Намайг очсоноос хойш 10-15 минутын дараа хоёр цагдаа ирсэн. Би цагдаа нартай хамт гэрийн доороос ахыгаа татаж гаргасан. Тэр нөхцөл байдалд охин нь шоконд орсон байдалтай Болд руу чи миний аавыг алчихлаа гээд дайрч байх үед тэнд байсан хүмүүсээр охиныг бариулаад цагдаа нарт Болдыг машиндаа оруулаач гэж хэлсэн. Оршуулгын зардал 12.000.000 төгрөг, гэрийн мөнгө 7.000.000 орчим төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 

Хохирогч Ч.Солонгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хэрэг гарахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт ороход эрүүл байсан. Энэ хэргээс болж гэмтэл авснаас хойш зүүн талын хөлийн эрээн булчин бяцралттай болсон. Цаашид хүнд юм өргөж болохгүй, хүнд юм өргөвөл суумгай болно гэж эмч хэлсэн мөн элэг, дэлүүгээ тогтмол эмчид үзүүлж байх хэрэгтэй гэсэн Жоохон зогсохоор л хөл өвддөг. Миний биеийн байдал бүрэн эдгэрээгүй байна. Одоо эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа. Би охинтойгоо хамт хийлгэсэн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Д.Бын “Би ослын талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан архи ууж байгаад хөдөлж яваад хашаа мөргөснөө санаж байна. Тэрнээс хойш болсон асуудлыг огт санахгүй байна. Тухайн үед би уусан архиндаа согтчихсон байна лээ. Энэ талаар би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 170 дахь тал/,

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,

2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нийн “2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 05 минутын үед би гэртээ байж байсан чинь манай төрсөн эгч Д.Сүрэн над руу утсаар залгаад ах Шинэбаярыг гэртээ байж байхад согтуу жолооч машинтай ирж гэрийг мөргөөд ахыг машинаараа дайрчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад ахын гэр болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 13-262 тоотод очиход гэрийг нь 92-40 УНҮ улсын дугаартай приус 30 маркийн машин дайрч нураасан байдалтай, ахын эхнэр Солонго эгчийг гэрээс нь зайдуухан гаргаад хэвтүүлчихсэн, биеийн байдал нь нэлээн тааруу байдалтай, охин Номин нь 2 хөл нь доголсон байдалтай уйлж орилсон байдалтай байцгааж байсан. Мөн уг дайрсан машины жолооч гэх буурал үстэй цээж нүцгэн эрэгтэй хүн машин дотроо жолоочийн суудал дээр хутга барьчихсан нэлээд согтолттой байдалтай байж байсан ба машин нь асаалттай, машинаа хөдөлгөх гээд оролдож байсан. Ингээд байж байтал цагдаа нар араас ирээд 2 цагдаагийн албан хаагч тэр жолоочийн хутгыг нь булааж аваад жолоочийг машинаас гаргаад цагдаагийн алаг машинд суулгасан. Ингээд  байж байтал түргэн тусламжийн машин ирээд эгч Солонго, дүү Номин нарын биеийн байдлыг үзээд эгч Солонгыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Харин ахын хувьд машины доор дараатай, ямар нэгэн хариу байхгүй, хөлийнх нь үзүүр хойд талын буфер доогуур цухуйж харагдаж байсан учраас эмч нар үзэх боломжгүй байсан. Ингээд байж байтал онцгой байдлын албаныхан ирээд машиныг өргөж, талийгаач Д.Шинэ-Очир ахыг машины доороос гаргахад нь эмч нар үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ер нь бол онцгойгын албан хаагч нар ирэхээс өмнө ахыгаа нэрээр нь дуудаж, хөлийн үзүүрийг нь гараараа татахад өөдөөс ямар нэгэн хариу үйлдэл огт үзүүлээгүй. Ингээд онцгой байдлын алба хаагч нар явж, цагдаагийн алба хаагчид үлдэж үзлэг хийж дуусаад гэр мөргөсөн машиныг журмын хашаа руу ачуулсан. Гэрийн эд хогшлууд бүгд эвдэрсэн байдалтай байсан бөгөөд бүх эд хогшлынхон зургийг дарж баримтжуулсан, эд хөрөнгийнх нь эвдрэл хохирлыг жагсааж гаргасан байгаа. Энэ баримтаараа үнэлгээгээ хийлгэсний дараа мөнгөн дүн нь гарах байх гэж бодож байна. Мөн оршуулгын зардалд хэдэн төгрөг гарсныг одоогоор тооцоогүй байна. Бүх баримтыг нь  цуглуулсан байгаа учраас нэг бүрчлэн хохирлын баримтыг гаргаж өгнө. Манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байгаа. Зүв зүгээр гэртээ байж байгаад ийм зүйл болсон болохоор тэр жолоочид үнэхээр их гомдолтой. Нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардал, гэрийн эд хогшлын эвдрэлийг нэхэмжилнэ. Мөн дүнг нь тусад нь гаргаж өгнө. Солонго, Номин хоёрын хувьд өөрсдийн биед учирсан хохирлоо нэхэмжилж оролцох байх. Миний хувьд ахад учирсан хохирлуудыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Хохирогч Ч.Солонгын “Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цаг 40 минутын үед өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 13-262 тоотод өөрийн нөхөр Шинэ-Очирын хамтаар очсон. Бид хоёрын очихоос өмнө охин Номин түрүүлээд оччихсон байсан. Бид хоёрыг ороход охин маань баруун талын орон дээр ор засчихсан байсан бөгөөд нөхөр бид хоёр унтах гээд байж байсан. Харин охин маань дүү нараа авчрахаар гэрээсээ гарах гэж байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр баруун талынхаа орон дээрээ сууж байхад гэрийн баруун хэсэгт маш хүчтэй чимээ гарахаар нь би орон дээрээс ухасхийгээд боссон бөгөөд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт оччихсон байсан. Миний биед зүүн талын гар гэдсэнд гэмтэл учирч оёдол тавиулж, зүүн талын хөл эмзэглэлтэй байгаа. Мөн дэлүү язарсан байсан. Би эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан ...Би маш их гомдолтой байна. Охин Номин бид хоёрын эмчилгээний зардалд нийлээд 874.447 төгрөгийн хохирол гарсан. Тэр зардлаа нэхэмжилнэ. Харин манай гэрийн эд хогшил болон талийгаач нөхрийн маань  оршуулгын зардлын хохирлыг төрсөн дүү нь болох Нямдэлэг нэхэмжилж хэрэгт оролцоно” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн  29 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Бы “Би тухайн өдрөөс хоёр хоногийн өмнө архи уусан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр босоод байж байхад манай дүү Болд надад 1 шил 0.75 литрийн архи авчирч өгснийг нь эхнэр Чулуунцэцэгтэй хувааж уусан. Тэгээд унтаж байгаад орой 17 цагийн үед сэрсэн чинь хашаанд байсан миний эзэмшлийн 92-40 УНҮ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл алга болчихсон байсан. Тэгэхээр нь би Болдыг унаад гараад явчихсан байна гэж бодоод тоогоогүй. Тэгтэл Болд шөнө гэрт буцаж ирээгүй бөгөөд 2022 оны 05 дугаар 20-ний өгдөө цагдаагийн байгууллагаас залгаад машиныг маань Болд жолоодож яваад осол гаргасан талаар хэлсэн. Надад ослын талаар бол өөр тодорхой мэдэх зүйл байхгүй ... Миний дүү машиныг авч яваад осолд орсон болохоор дүүгээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй ...Миний хувьд бусдад учирсан хохирлыг барагдуулах ёстойгоо ойлгосон. Тодорхой орлогогүй учраас барагдуулах боломжгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  35-36, 41 дэх тал/,

Гэрч Ж.Нарангэрэлийн “2022 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цаг 55 минутын орчим гэрээсээ бие засахаар гарахад манай урд хашааны Солонго ганцаараа гэр рүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд би хатаасан хувцсаа авахаар эргэх үед гэнэт  маш хүчтэй чимээ гарахаар нь юу болов гээд харахад манай урд хашаанд байдаг гэрийг зүүн талаас нь цайвар саарал өнгийн суудлын автомашин мөргөсөн байгаа харагдсан. Манайх хашаандаа байшинд амьдардаг ба би урд гэрийг машин мөргөсөн байхаар нь цонхоо цохиход манай гэр бүлийн хүн маань  маш хурдан гарч ирээд урд айлын гэр рүү  нь гүйсэн. Мөн манай хүү Отгонтулга бас гарч ирээд урагшаа гүйгээд орсон. Тэд нарыг гүйгээд явахаар нь би зөрж гэртээ ороод түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад өөрийн утаснаас дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

Гэрч Ц.Сугармаагийн “2022 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цаг ажил тараад гэртээ 20 цаг 30 минутын орчим ирсэн. Манай гэрийн орчим баруунаас зүүн зүг рүү налуу газарт байдаг юм. Ингээд 20 цаг 40 минутын орчим манай гэрийн хойд талд байх уулын орой хэсэг дээр нь гараад 5 минут орчим болоод буцаад гэртээ харихаар явсан юм. Харихаар явж байх үед зүүнээс баруун зүгт буюу өгсөөд нэг цайвар цэнхэр өнгийн суудлын автомашин ирж байгаа харагдсан. Би бага хүүгийн хамт тэр автомашины урдуур нэлээд зайтай гудамж хөндлөн гараад хүүгийнхээ унадаг дугуйг хашаандаа оруулаад гэрийнхээ үүдэнд ирэх үед зүүн хашааны завсраар харахад нөгөө доороос өгсөж ирж байсан цайвар цэнхэр өнгийн автомашин манай зүүн хашааны баруун хэсгээс мөргөж ороод хашаан дотор байх гэрийг нь  мөргөсөн байгаа харагдсан. Тэгэхээр нь би гадаа манай хашаанд явж байсан хадам ээжийн утсыг аваад цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудсан. Ингээд дуудлага дуудаад байж байх үед мөргүүлсэн гэр дотроос эмэгтэй хүн тусламж дуудаад орилоод байсан. Би туслах гэсэн боловч хашаагаа давж чадахгүй байх хооронд манай хойд хашаанаас 2 эрэгтэй хүн орж ирээд тэд нарт тусалж байгаа харагдсан. Удалгүй миний дуудлага өгсөн утас руу цагдаа түргэн тусламж ярихаар нь би гудамжны үзүүр рүү гүйж очоод  тэд нарт замчилсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Гэрч Ш.Нгийн ”2022 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ ганцаараа байж байтал манай аав, ээж нар гаднаас орж ирсэн. Манай аав ээж 2 маань 19 цаг өнгөрч байхад намайг гэрт буулгаж өгөөд буцаад хүний автомашин Ботаник орчимд хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд 20 цаг өнгөрч байхад аав, ээж нар буцаад гэртээ ирсэн. Манай дүү Саруултөр энэ үед манай гэрийн ойролцоо айлд тоглож байсан юм. Тэгээд аав, ээж нар гаднаас орж ирээд гадуур хувцсаа тайлж байсан. Би энэ үед гэрийнхээ зүүн талд зуухны урд хэсэгт зогсож байсан юм. Гэтэл гэнэт хүчтэй чимээ гарахаар нь би цочоод гэрийнхээ хаалга хэсэг рүү алхсан. Тэгээд гэр нухаад харахад гэрийг маань саарал өнгийн Приус маркийн машин мөргөсөн байдалтай харагдсан. Гэр нурахаар нь ээж, аав байна уу гэж асуухад ээж хариу байна гэж сулхан хэлсэн. Тэгээд ээжийн дуу гарсан зүг рүү харахад ээж маань газарт хэвтсэн толгой хэсэг дээр нь хөргөгчийн булан дарагдсан байдалтай харагдсан. Уг хөргөгч нь гэрийн зүүн урд хэсэгт байдаг юм. Тэгээд би тусламж гуйж хүн байна уу, туслаараа гэж орилоход манай хойд хашааны хүн байна гэж хариу өгөөд ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,  

Гэрч Н.Таванжингийн “Би 2022 оны 05 дугаар 19-ний өдөр 21 цагийн үед гэртээ телевизор үзээд байж байсан чинь манай эхнэр байшингийн цонх нүдээд орилоод байхаар нь би гэрээсээ гарсан чинь манай эхнэр хажуу айлын Шинээгийн гэрийг машин дайрчихлаа гэж хэлэхээр нь урд талын айл руу очсон чинь Приус 30  автомашины хашаан дотор нь байсан гэрийг дайрсан байдалтай зогсож байсан. Гэр дотроос туслаарай гээд нэг охин дуугарч байсан. Тэгээд би шууд гэрийнх нь нурсан хэсгийг зайлуулахад охинд туслах гэтэл тэр охин ээжийг эхлээд аваарай гэж хэлж байсан. Би ээжийг нь хайгаад хартал ээж нь гэрийн хөргөгч байсан газарт нурсан гэртээ дарагдаад хэвтэж байхаар нь би тэр хүнийг гэрээс нь чирээд гаргасан ба тэр хүн ухаан нь манарсан байдалтай шоконд орсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Гэрч Ч.Эрдэнэхүүгийн “2022 оны 05 дугаар 19-ний өдөр 18 цаг 30 минутын орчимд гэрийнхээ хашаан дотор юм хийгээд байж байсан чинь манай гэрийн гадна машин ирж зогсоод жолооч нь манай аавыг дуудсан. Би хашаанаасаа гаралгүй аавыг байхгүй гэж хэлсэн. Тэр үед би хашааны завсраар харахад цэнхэр өнгийн Т.Приус маркийн машин байсан ба уг автомашины жолооч нь зүс таних хүн байсан. Тэр хүн машинтайгаа гэрийн гадна ирж зогсохоос болон аавыг дуудаад орилж байгаа байдал нь илтэд архи уусан согтуу байсан. Тэгээд тэр жолооч хөдлөөд явсан. Тэгээд оройн 20 цаг 30 минут болж байхад хашааны дотроо би бас юм хийгээд байж байхад машин хашаа шүргэж байгаа чанга чимээ гарахаар нь би хашаанаасаа гараад хартал 2 цагийн өмнө аавыг асуугаад байсан нөгөө согтуу хүн 92-40 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Приус 30 маркийн машин жолоодоод ирсэн байсан ба манай хажуу талын айлын хашааг шүргээд зогссон байсан. Тэр машины урд талд манай аав Чинбат сууж байсан. Мөн тэр машин араас нь цэнхэр малгайтай хар өнгийн улаан канттай бэлтгэлийн цамцтай үл таних эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр хүн хөл дээрээ зогсож чадахааргүй согтуу байсан. Мөн манай аав бас маш согтолттой тасарсан байдалтай байсан. Тэгээд тэр хар өнгийн бэлтгэлийн цамцтай хүн аавыг машинаас буулгаад гудамжны үзүүрт хаячхаад өөрөө машинд суулгүй цаашаа алхаад явчихсан. Тэгэхээр нь тэр Т.Приус 30 маркийн автомашины жолоочийг цаашаа согтуу машин бариад хүн амьтан дайрч осол гаргаж магадгүй гэж бодоод өөрийнхөө 99592079 дугаарын утсаар 102-т дуудлага өгсөн. Тэгээд дуудлага өгчхөөд цагдааг иртэл саатуулах гээд машины түлхүүрийг нь авах гээд машин дээр нь очтол жолооч нь гэх дээгүүрээ хувцасгүй цээж нүцгэн зүс таних хүн машинаа жолоодоод шууд хөдлөөд зугтаачихсан. ....Тэгээд тэр цагдаа намайг  дагуулаад нөгөө Т.Приус 30 машиныг хайгаад гудамжаар явсан. Тэгээд явж байтал надтай хамт явсан цагдаагийн станцаар дуудлага орж ирээд Т.Приус 30 маркийн автомашин айлын хашаа дайраад гэр дайрчихлаа гэсэн дуудлага ирсэн ба тэр цагдаа надтай хамт осол болсон газар дээр ирэхэд нөгөө манай гэрийн гадна аавыг буулгаад зугтаасан 92-40 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Т.Приус  30 маркийн автомашин мөн байсан. Жолооч нь бас гэрийн гаднаас машинаа унаад зугтаасан дээгүүрээ цээж нүцгэн ах мөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7384 дугаартай шинжээчийн “Ч.Солонгын биед дэлүүний урагдал, няцрал, элэгний няцрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, бүсэлхийн L2, L3 ,L4, нугалмуудын зүүн хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал,хэвлий зүүн шуунд язарсан шарх, зулгаралт, цус хуралт, хоёр сарвуу, баруун зүүн гуянд зулгаралт гэмтэл... гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1445 дугаартай шинжээчийн “Талийгаачийн биед хавсарсан хүнд гэмтэл буюу хүзүүний 7 дугаар нугалам, сээрний 1 дүгээр нугалмын хугарал, нугасны аалзан хальсан дээрх цусан хураа, өвчүү ясны хугарал, баруун 2,3,4, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, дагзны хуйханд шарх, цээж, хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1 дэх заалтад зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00:30 цагт цогцсын анхны үзлэг хийх үед нас бараад 2-4 цаг болсон байжээ. Талийгаач нь элэг өөхлөлттэй байжээ. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь АВО системээр В /III/ бүлгийн цустай” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 81-85 дахь тал/,

Хөрөнгө үнэлгээний “Хас үнэлгээний” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 56 дугаартай “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 13-262 тоотод байрлах хашаа, гэрт учирсан хохирлын дүн 7.832.780 төгрөг” гэх тайлан /хавтаст хэргийн 101-103 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай мөрдөгчийн 0538 дугаартай “Тоёота Приус маркийн 92-40 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3-д “Жолоочид хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурлыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 145 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 180 дахь тал/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 176 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 177 дахь тал/,

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 178 дахь тал/,

Цагдаагийн АСП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 192-206 дахь тал/,

Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дугаар тал/,

урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 183-185, 189-191/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

         Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 13 гудамжны замд Toyota prius 30 маркийн 92-40 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь хэсэгт “... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурлыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 13 дугаар гудамжны 262 тоот хашаа, хашаан доторх монгол гэрийг дайрч, гэрт байсан Д.Шинэ-Очирын амь насыг хохироож, хохирогч Ч.Солонгын эрүүл мэндэд хүнд хохирол, Ш.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, гэрч Ш.Н, Ч.Эрдэнэхүү, Ц.Сугармаа, Н.Таванжин, яллагдагч, шүүгдэгч Д.Б нарын мэдүүлэг, Цогцост үзлэг хийсэн шинжилгээний дүгнэлт, хүний биед үзлэг хийж эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгө үнэлгээний тайлан, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг. 

Согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэж авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруусныг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б нь 2.57 хувийн согтолтойгоор тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 1 хүний амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж хуульчилсан бөгөөд Д.Бын үйлдэл нь гэм буруугийн холимог хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байгааг аль хүнд хохирол, хор уршигт багтаан хэргийг зүйлчилсэн нь зөв зүйтэй болжээ.

Тээврийн прокурорын газраас Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон тул Д.Быг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, 1 хүний амь насыг хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нт гэр, хашаа, эд хогшлын эвдрэл гэмтэлтэй холбоотой 7.832.780 төгрөгийн, талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой 12.531.794 төгрөгийн хохирол тус тус тогтоогдсон, хохирогч Ч.С, иргэний нэхэмжлэгч Ш.Н нарт эрүүл мэндийн гэмтэлтэй холбоотой 874.441 төгрөгийн хохирол тус тус тогтоогдсон боловч нөхөн төлөгдөөгүй байна. 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ төрсөн ах Д.Бы эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “... тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласны улмаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг иргэний хариуцагчаар татагдсан Д.Б зайлшгүй хариуцах учиртай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүүлэн 20.364.574 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нт, шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүүлэн 874.741 төгрөг гаргуулж хохирогч Ч.Сд тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Ш.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н, иргэний нэхэмжлэгч Ч.С нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нараас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэвэл зохино.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нь Д.Бын эзэмшлийн Баянзүрх дүүрэг Цэргийн хотхон Сайхан 58, 4 дүгээр хороо-нд иргэний ахуйн зориулалттай 700м2 газрыг хохирогч талтай тохиролцон шилжүүлэх боломжтой болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар тусгайлан санал гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан сонгох ялын төрөлгүй, хүнд гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Д.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

Д.Бын урьд удаа дараа ял шийтгүүлж байсан боловч дүгнэлт хийгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөөгүй, хохирол төлөхөө бодитойгоор илэрхийлсэн гэх хувийн байдал, хамаарал бүхий харилцаатай хүний эд хөрөнгөд дураараа халдаж, зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, согтуугаар, хүндрүүлэх шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд,  1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол тус тус учирсан, хор уршиг арилахгүй, нөхөгдөхгүй гэх шинж чанар зэргийг харгалзан

Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар Д.Бод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 200 /хоёр зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоолоо.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Д.Бод оногдуулсан 4 /дөрөв/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 4 /дөрөв/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолбол зохино.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, 1 хүний амь насыг хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Д.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар Д.Бод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1460 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 200 /хоёр зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 25 /хорих тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бод оногдуулсан 4 /дөрөв/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шүүхээс оногдуулсан 4 /дөрөв/ жил 25 /хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Бын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүүлэн 20.364.574 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нт, шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нараас хувь тэнцүүлэн 874.741 төгрөг гаргуулж хохирогч Ч.Сд тус тус олгосугай.

   8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Д.Б хохирол нэхэмжлэхээс татгалзсан, шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нар хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.

9. Хохирогч Ш.Н, хууль ёсны төлөөлөгч Д.Н, иргэний нэхэмжлэгч Ч.С нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Д.Б нараас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ