Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлгөгч Г.Наранбаатар,

хохирогч М.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох эрүүгийн 1807004020144 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамтаар, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, *******ын *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт замдаа таарч маргалдсан залуучуудтай андуурч М.*******ийг татаж унагасны улмаас явган хүний боржур мөргөж баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар хүзүүний зулгаралт, цээж баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Б.*******гийн яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр “” амралтын газар ирж, орой найзын хамт бааранд орж архи ууж байгаад баар хаах үед гарч гэр рүүгээ явах замдаа 2 залуутай маргалдаж тэдний араас явж байхдаа замд таарсан хүнийг татаж унагаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31-34 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад Б.*******гийн гэрчээр өгсөн “...архи ууж согтоод юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******ийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө гэр бүлийн хамт тухайн амралтад амарсан. Дүүгийн хүүхэд хордлого өгөөд халуураад байхаар нь эм өгч арай гэж унтуулсан. Тэгээд гэр бүлийн хүмүүстэй тоглоом тоглоод сууж байхад шүүгдэгч гадаа муухай чарлаад байхаар нь би гэрээс гарсан. Намайг үг дуугарч амжаагүй байхад намайг заамдаж аваад унагаасан. Тэр үед шүүгдэгч бид хоёр хамт унасан. Шүүгдэгч миний хувцаснаас зуурч миний хүзүү, хоолойг урсан байсан. Би шүүгдэгчээс “намайг яагаад унагаасан юм бэ” гэж асуухад өөдөөс “тэгээд яадгийн” гэж хэлсэн. Шүүгдэгчийн гэрээр дүүрэн архи, пивоны шил лааз байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.*******ийн өгсөн “...Намайг санаатай зодсон, “ална” гэж заналхийлээд заамдаж аваад гуд татаж, чирч унагаахад баруун хацар нүдээрээ боржур мөргөж гэмтсэн. Би ёолоод “намайг аллаа тавиач ээ” гэхэд “алаад өгий” гээд зуураад салахгүй байсан. Би санаатай гэж үзэж байна. Хэрэв санаандгүй байсан бол унагасан бол босгоод уучлалт гуйх учиртай. ...Би зодуулснаас хойш эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэсэн, мэс засалд орсон, эм тариа худалдаж авсан баримтаа гаргаж өгч байна. Нийт 2,080,000 төгрөгийн зардал гарсан, үүнийгээ буруутай этгээдээс нэхэмжилж байна. одоогийн байдлаар ******* нэг ч төгрөг өгөөгүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн “...бид нар уг хүүхнийг явсны дараа гэртээ ороод сууж байхад дээд гэрийн хавьд хүмүүс муудалцаад байх шиг чимээ гараад байсан ч бид гараагүй, шөнө хашигчаад байсан үл таних хүүхэн нь дээд айлд хүнийг зодсон болохыг өглөө мэдсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 06 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн “...бид нар уг хүүхнийг явсны дараа гэртээ ороод сууж байхад дээд гэрийн хавьд хүмүүс муудалцаад байх шиг чимээ гараад байсан ч бид гараагүй, шөнө хашигчаад байсан үл таних хүүхэн нь дээд айлд хүнийг зодсон болохыг өглөө мэдсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 07 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн “...Тэгтэл ******* араас нь гүйгээд явган хүний зам дээр нэг хүнтэй зууралдаж унах шиг болсон. Би араас нь очиход ******* үл таних эмэгтэйтэй газар унасан байдалтай, зуураад тавихгүй байхаар нь “хөөе чи хүн андуураад байна, тавь” гээд тавиулсан. Салгаад уг эмэгтэйг түшиж босгоход баруун нүд нь хавдсан, доод зовхи нь зулгарсан цус гарч байсан. Унахдаа явган хүний замын боржур мөргөөд унасан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 08 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн “...Шөнө 01 цагийн орчим бид хөзөр тоглоод сууж байхад гадаа үүдэнд ирэхээр нь манай том охин ******* гэрийн хаалгаар шагайхад цаанаас нь нэг хүүхэн заамдаж аваад татаж унагахыг нь харсан. Тэгээд гартал нэг хүүхэн *******ийг зуураад ойччихсон, энгэрээс нь тавихгүй байсан. Дараа нь манай охин *******ийн баруун нүд нь хавдаж хөхөрсөн, доод зовхи нь язарсан байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 09 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн “...Шөнө 01 цагийн орчим бид манайхан хөзөр тоглоод би унтаж амрах санаатай гэрийн үүд хавьцаа сууж байхад гадаа үүдэнд чимээ гарч нэг хүүхэн орилж хашхирч байгаа чимээ ойртоод гэрийн үүдэнд ирэхээр нь манай эгч ******* гэрийн хаалгаар гарснаа муухай бахираад ойччихсон. “Ална та нарыг” гэх мэтчилэн орилоод хараалын үг хэлж энгэрээс нь тавихгүй байсан. Бид нар очиж тавиулах гэж зөндөө хэлж, гуйж цаанаас нь 2 хүн ирж байж арай гэж салгасан. ******* эгчийн баруун нүд хавдаж хөхөрсөн, доод зовхи нь язарсан байсан. Тэр хүүхэн заамдаад унахад явган хүний хажуугийн боржур дээр нүдний зовхи цохигдсон байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.ийн өгсөн “...би тэнд байгаагүй болохоор хэргийн талаар нарийн тодорхой мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн “...бид гэртээ ороод сууж байхад дээд гэрийн хавьд хүмүүс муудалцаад байх шиг чимээ гараад байсан ч бид гараагүй, тэр үл таних хүүхэн нь дээд айлын хүнтэй муудалцсаныг өглөө нь мэдсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №8637 дугаар:

  1. “М.*******ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 22 дугаар тал/

 

Ял шийтгэлийн лавлагаа,

/хх-ийн 17 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 18 дугаар тал/

Шинжээчийн дүнэлт танилцуулсан тэмдэглэл,

/хх-ийн 23 дугаар тал/,

“Анко” ХХК-ийн тодорхойлолт,

/хх-ийн 40 дүгээр тал/

Гэрлэлтийн бүртгэлийн хуулбар,

/хх-ийн 43 дугаар тал/

Төрсний гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 44-46 дугаар тал/

“Хаан банк”-ны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 47-67 дугаар тал/

Хохирлын баримт,

/хх-ийн 78-81 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчимд ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт М.*******ийг “ална” гэж заналхийлээд заамдан боржур мөргүүлж унагаахдаа нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар хүзүүний зулгаралт, цээж баруун бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт замдаа таарч маргалдсан залуучуудтай андуурч М.*******ийг татаж унагасны улмаас явган хүний боржур мөргөж баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар хүзүүний зулгаралт, цээж баруун бугалганд цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь баяр ёслолын үеэр амран явж байж архи согтууруулах ундааны зүйлийг зөв боловсон хэрэглээгүйгээс замд таарсан хүнд гэмтэл учруулж гэмт хэрэг гарсан гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгч тохиолдлын шинжтэй асуудлаас болж гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оноох саналтай гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа, өдий 32 настай, 3 хүүхэдтэй, өөрийн боломжийн хэрээр хохирогчтой уулзаж, хохирлоос 600,000 төгрөгийг төлсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хэрвээ мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцож байсан бол хууль зүйн үүднээс хохирлыг төлөх талаар шүүгдэгчид зөвлөх байсан. Шүүгдэгч цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Одоогийн байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зүйл анги нь ялын сонгох санкцтай. Шүүгдэгч хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оноох боломжгүй. Шүүгдэгчийн банкны хуулгаар орлогыг нотолсон байх тул түүнд торгох ял оноох боломжтой. Иймд улсын яллагчийн ялын саналыг дэмжиж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оноох саналтай байна. Уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримт, хохирогчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан ялтан Б.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, учирсан хохирол зэргийг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч М.******* нь нийт 2,080,000 төгрөг нэхэмжилсэн ба нотлох баримтын шаардлага хангасан нийт 1,763,610 төгрөгөөс шүүх хэлэлцүүлгийн өмнө төлөгдсөн 600,000 төгрөгийг хасаж шүүгдэгч Б.*******гээс 1,163,610 гаргуулан түүнд олгож, харин нотлох баримтын шаардлага хангаагүй хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.*******д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гээс 1,163,610 төгрөгийг гаргуулан хохирогч М.*******т олгосугай.
  5. Хохирогч М.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Д.ЧИНЗОРИГ