| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2018/00351/и |
| Дугаар | 462 |
| Огноо | 2018-08-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 462
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух, Г.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт оршин суух, Э.Мд холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Мтэй 2016.9.20-нд танилцсан. 2017.3.10-ны өдрөөс хойш илүү дотно болж үерхэж эхэлсэн. 2018.1.19-нд хүү Тийг төрүүлсэн. Бид 2 хүүхэдтэй болъё аав, ээж болъё гэж ярилцсаны улмаас хүү төрүүлсэн. Гэвч Э.М нь 2017 оны 7 дугаар сард хүүхдээ авахуулъя, одоохондоо аав болоход бэлэн биш байна гэсэн зүйл ярих болсон. Би ээлжийн ажил хийдэг учраас ээлжтэй байх үед ажил дээр ирээд хамт байдаг байсан. Бусад үед гадуур уулздаг байсан. Тэгээд хүүхэдтэй болсноос хойш хааяа тэдний гэрт очих эсвэл манай гэрт ирдэг. Гэхдээ харилцаа маань сайнтай муутай, хааяа ам зөрөх явдал гарч байсан. Сүүлдээ намайг хүүхдээ авахуулахгүй гэхээр миний хүүхэд биш гэх зэргээр намайг гүтгэсэн. Ингээд бид хоёрын харилцаанд өөрчлөлт орж, уулзахаа болж утсаар холбогдож байгаад төрсний дараа 2018.1.20-нд хүү дээрээ эмнэлэгт ирсэн. Яагаад ингээд байгаа учрыг мэдэхгүй байтал ажлынхаа газрын дуудлага хүлээн авагч бүсгүйтэй дотно харилцаатай байсан учрыг нь мэдснээс хойш би түүнтэй холбоотой байхыг хүсээгүй. Ийм учраас эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Г.Мтэй урьд нь танилцаж энгийн найз нөхдийн харьцаатай байсан нь үнэн. Харин гэрлэх талаар ярилцаж байгаагүй. Намайг дуудаж 2, 3 удаа уулзаж байсан. Хамгийн сүүлд 2017.5.12-нд намайг найз нөхөдтэйгээ нийлж архи уусан байх үед над руу залгаж “ажил дээр хүрээд ир, сувилагч нарын баяр тэмдэглэж байна” гэж ярьсан. Би уусан байсан учир явж очоод хамт олонтой нь уусан. Тэгээд явах гэтэл намайг явуулаагүй. Тухайн үед бид 2 хоёулаа согтуу байсан учир миний хүүхэд гэдэгт эргэлзээтэй байгаа. Тийм учраас эцэг тогтоох шинжилгээ өгөх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Г.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М.Т нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Э.Мд холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Г.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Э.М нар нь 2016 оноос найзалж, нөхөрлөсөн ба 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тэдний дундаас хүү М.Т төрсөн болох нь 0000452029 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, тус сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7189 дугаартай шинжээчийн дүгнэлт / Э.М нь М.Тийн биологийн эцэг байх боломжтой байна. Биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай/ зэргээр тогтоогдож байна.
Иймд М.Тийн эцэг нь Э.М мөн болохыг тогтоож, хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг хариуцагч Э.Мэс гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 044 000 төгрөг /Монголын үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/13 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 174 000 төгрөг х 12 сар = 2 088 000:2=1 044 000/-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 29 606 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү МТийн эцэг нь Э.М мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү МТийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Э.Мэс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Мэс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Г.М, хариуцагч Э.М нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 044 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29 606 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ