Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ээд холбогдох эрүүгийн 1825001400145 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймаг, Лүн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн Залуус хотхоны 23а-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Тавнаг овгийн Цэрэнчимэдийн Э регистрийн дугаар /НО98041417/

Прокуророос, шүүгдэгч Ц.Эийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-р байрны урд байрлах “Шинэ сар” компьютер тоглоомын газрын гадаа насанд хүрээгүй хохирогч Г.Аын Самсунг С4 загварын гар утсыг “хүнтэй ярьчихаад өгье” гэж хуурч залилан авч 90 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-р байрны урд байрлах “Шинэ сар” компьютер тоглоомын газрын гадаа Ц.Э насанд хүрээгүй хохирогч Г.Атай тааралдаж Самсунг С4 загварын гар утсыг нь “хүнтэй ярьчихаад өгье” гэж хэлж аваад бцааж өгөөгүй авч явсан ба РС тоглоомын газарт 60 000 төгрөгийн бооцоонд тавьж алдсан, Г.Ат 90 000 төгрөгийн хохирол учирсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Г.Аын ...... “2018 оны 02 сарын 09-ний өдөр хичээлдээ ганцаараа явж байхад 13-р сургуулийн хажууханд урьд нь компьютер тоглож яваад танилцаж байсан Сүлдээ гэдэг ах” гар утсаа өгч бай хүнтэй ярьчихаад өгье” гэж хэлээд авсан юм. Намайг гар утсаа аваад хичээлдээ орох гэсэн чинь өгөхгүй хичээлээ тарж гарч ирээд аваарай гэсэн юм. Өөрөө тэр хавьдаа байж байна гэсэн юм. Тэгээд би 3 цагийн хичээлд суугаад гарч ирэхэд гадаа байсан уулзаад гар утсаа авах гэтэл “агаа нь гар утсыг чинь РС тоглоод алдчихлаа аав ээж хоёртоо битгий хэлээрэй маргааш агаа нь буцаагаад аваад өгье” гэсэн юм. Тэгээд миний сим картыг өгье, агаа нь чамд нэг гар утас авч өгнө. Мөн мөнгө өгье гэсэн. Тэгээд тэр ах яваад өгсөн. Тэгээд надтай уулзана гэсэн газартаа уулзаагүй. Тэгээд намайг гэртээ харих гээд явж байхад Пирамид төвийн орчимд явж байхлаар нь би араас нь дагаж явсаар байгаад гэрийг нь мэдээд өнөөдөр аавыг дагуулан очоод тэр ахыг барьж аваад аав маань түүнийг гэр хорооллын цагдаа дээр хүргэж өгсөн ”гэх мэдүүлэг, “Лэндс” ХХК-ний шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ОЦ/18/52 дугаартай: Самсунг С4 маркийн гар утасны үнэ 90 000 төгрөг... гэх дүгнэлт, шүүгдэгч Ц.Эийн яллагдагчаар өгсөн... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах 13 дугаар сургуулийн хажууд надтай хамт РС тоглодог Г.А гэх хүүхэд явж байхаар нь таараад ахдаа гар утсаа өгч бай ах нь ярьчихаад өгье гэж хэлээд Самсунг С4 загварын гар утсыг авсан юм. Анхбаяр хичээлдээ явах гээд байна утсаа авмаар байна гэхээр нь би энэ хавьд байж байна чи ирээд утсаа авчих би яаралтай хүнтэй ярих гээд байна гэж хэлээд Анхбаярыг явуулсан юм. Анхбаярыг явсаны дараа гар утсыг танихгүй хүүхэдтэй бооцоотой РС тоглож байгаад 60 000 төгрөгөнд алдчихсан юм”гэх мэдүүлэг,шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “2018 оны 02 сарын 09-ний өдөр Шинэ сар төв дээр Анхбаяртай таарч утсыг нь авсан,буцааж өгөөгүй. Бооцоонд тавьж тоглосон. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг, Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, хүлээн авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Мөрдөн байцаалтын ажиллагаанд хууль зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон байна. Шүүгдэгч Ц.Э нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдлийг санаатай хийсэн байна.Ц.Эийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Ат 90 000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хэргийн 6, 7 дугаар хуудаст авагдсан эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримтаар утсыг буцаан өгч хохирлыг арилгасан болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Ц.Эийн “бусдын итгэлийг эвдэн, хуурч эд зүйлийг нь өөртөө авсан” энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан, санаатай, нийгэмд аюултай, ”залилах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдсан ял шалгуурын хуудас, хувийн байдлын бусад баримтууд зэргийг судлаж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, нөхөн төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Цийн Эийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ