Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1139

 

2022         07         26                                 2022/ШЦТ/1139

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Б.Сэлэнгэ /цахим/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2206 00137 1783 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо 6 дугаар гудамжны 29 тоотод оршин суух хаягтай, урьд 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаатай хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  1 жилийн хугацаагаар тэнссэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялуулыг нэмж нэгтгэн 1 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, *******

   Холбогдсон хэргийн талаар:

   ******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  452 дугаар худгийн орчим айлд хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Сэлэнгээтэй маргалдан зүүн гаран тус газарт сүхний ишээр цохиж эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалга, шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр бид нар архи уугаад нэлээн согтсон байсан. Ээж над руу залгаад хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед манай ээж хагалгаанд ороод удаагүй байсан болохоор нь би явах гэтэл Сэлэнгээ намайг чи явж яах гээд байгаа юм гээд хараалын үг хэлж, над руу салаав гаргасан. Тэгэхээр нь би цохчихсон. Би архины мөнгө нэхээгүй” гэх мэдүүлэг,

           Хохирогч Б.Сэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Энхжинтэй хамт амьдарсан. Намайг 2019 оны 09 дүгээр сараас зодож эхэлсэн. Тухайн өдөр унтаад дөнгөж босож ирсэн чинь намайг учир зүггүй цохисон. Миний гар өвдөөд би ажил хийж чадахгүй байгаа. Гар болон шүдэндээ эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч *******гийн “2019 оны 06 дугаар сард Б.Сэлэнгэтэй хамтран амьдарч эхэлсэн. Сэлэнгэ бид 2 согтууруулах ундаа их бага хэмжээгээр хэрэглэдэг байсан. Сэлэнгээ нь өөр хүнтэй явалддаг талаар сонсоод гар хүрч байсан ... 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мягмар-Очирын гэрт Сэлэнгэ, Ууганбаяр, Өндөг, Шагдар нарын хамт бид нар архи ууцгаасан, тэгээд архи хэрэглээд муудсан байсан. Б.Сэлэнгийн зүүн гарын шуунд модоор цохисон, би хийсэн үйлдэлдээ харамсаж байна ... 2021 оны 05 дугаар сард Б.Сэлэнгээгийн биед огт халдаагүй. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Самар түүхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Сонгинот гэдэг газар очсон. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын сүүлээр уулнаас буусан. Тэгэхэд Сэлэнгээтэй маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй, дараа нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны үед санагдаж байна, дахиад Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Сонгинот руу самранд явсан ба 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр уулнаас бууж ирсэн. Уулнаас бууж ирээд Мягмар-Очир, Сэлэнгэ болон хамт явсан зүс таних нэрийг нь мэдэхгүй хүмүүстэйгээ хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хөдөө мал маллаж байсан Хишигбат гээд залуутай Сэлэнгээгээс болж муудалцаад эрүүг нь хугалсан. Энэ асуудал 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхээр ороод шийдэгдсэн. 2021 оны 05 сард Сэлэнгээ цагдаад намайг зодсон гээд өргөдөл өгсөн байсан талаар Да хүрээ худалдааны төвд байрлах гэрэлт авто сервис засварт ажиллах байх хугацаанд буюу намайг ажил дээр байхгүй үед цагдаа ирж сурсан гэхээр нь 09 дүгээр хорооны хэсгийн байцаагч дээр очиж уулзаж Б.Сэлэнгээгийн биед гар хүрээгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/, 

Хохирогч Б.Сэлэнгийн “Би *******тэй 2019 оны 05 дугаар сараас эхэлж хамтран амьдрах болсон. Би анх *******тэй нийлэхдээ 4, 6 настай 2 хүүхэдтэй байсан. Гэхдээ *******тэй амьдарч байхад манай 2 хүү ээж Г.Баярсувдтай амьдарч байсан ... 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зүүн гарын шууг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 452 дугаар худгийн баруун талд байх модон цагаан хаалганд байх найзынхаа буюу Мягмар-Очирын гэрт архины мөнгө нэхээд өгөхгүй гэсэн болохоор галын хажууд байсан модон иштэй сүхний ар талаар нь зүүн гарын шуунд цохиж, зөрүүтэй хугалсан. Тэгээд би тэр өдрөө буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж рентген зураг авахуулаад гипс хийлгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2221 дугаартай “Б.Сэлэнгийн биед зүүн мөр, бугалга, шууны зөөлөн эдийн гэмтэл, хоёр талын чамархай, дээд, доод уруулд сорви, баруун дээд 3, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудаснаас үзэхэд зүүн мөр, бугалга, шууны зөөлөн эдийн гэмтэл нь 2021-10-16-нд учирсан гэж тэмдэглэсэн байна. Бусад гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 69-86 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

       

           1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан, тэдний хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь тус тусдаа хорих ялыг биечлэн эдэлж байгаа бөгөөд хохирогчийг цахимаар оролцуулсныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 452 дугаар худгийн орчим айлд хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Сэлэнгээтэй маргалдан зүүн гаран тус газарт сүхний ишээр цохиж эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалга, шууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Сэлэнгэ, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн хамтран амьдрагч болох хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Б.Сэлэнгэ нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, *******гийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Сэлэнгэ нь гаранд учирсан гэмтлийн улмаас ажил хийж чадахгүйд хүрсэн, мөн шүдэнд учирсан гэмтлээ эмчлүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүдэнд учирсан гэмтлийг ******* учруулсан болох нь баримтаар тогтоогдоогүй, харин гаран тус газарт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэй тэмдэглэвэл зохино.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа дараа ял шийтгүүлсэн, зан үйлээ засаж дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хандлага, ял эдэлж байгаа гэх хувийн байдал, согтуугаар, хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил 21 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******гийн энэ хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялаас хасаж тооцно.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6,  36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 /дөч/ хоногийн хорих ялд дүйцүүлэн, уг ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 01 /нэг/ жил 21 /хорих нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

6. Хохирогч Б.Сэлэнгээ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Сэлэнгээ нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан. эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ