Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0149

 

 

  2021         03          03                                    128/ШШ2021/0149          

                            

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Т ХХК/,

Хариуцагч: М*******банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч  

Гомдлын шаардлага: “М******* банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч М*******банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “Т ХХКшүүхэд ирүүлсэн гомдолд  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу М*******банкны хянан шалгагч, улсын байцаагч Н.З*******гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 005******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

“Т ХХКнь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу М*******банкны ерөнхийлөгч бөгөөд Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч М*******банкнаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А-1/1314 албан тоот ирүүлсний дагуу гомдлыг хүлээж аваагүй болно.

Уг 005******* дугаар шийтгэлийн хуудсанд “Т ХХКнь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3, 5.2.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж 50,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. Уг эцсийн өмчлөгчийг тодорхойлоогүй гэх зөрчил нь зөвхөн 3 байгууллагын хувьд яригдаж байгаа, уг байгууллага нь нэг толгой компанитай юм.

М*******банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Т ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Уг шалгалтын хүрээнд банкны харилцагчийн эцсийн  өмчлөгчийг тогтоох үйл ажиллагаатай холбогдуулан нийт 54 хуулийн этгээдийг түүвэрлэн авч шалгасан ба 2 хуулийн этгээдээс бусад 52 харилцагчийн хувьд эцсийн өмчлөгчийг тогтоох үйл ажиллагаа бүрэн хийгдсэн гэж дүгнэсэн нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Т ХХК-д хийсэн газар дээрх шалгалтын акт материалаас харагдана. Уг 52 харилцагчийн дотор дээр дурдсан 3 харилцагчийн 2 нь багтсан бөгөөд зөрчилд хамаарах 3 харилцагчаас хоёрынх нь хувьд эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа бүрэн хийгдсэн гэж М*******банкны 2018 оны шалгалтын хариунд заасан байна.

Гэтэл М*******банкны 2020 оны газар дээрх хяналт шалгалтаар өмнөх шалгалтын хариуг үгүйсгэж, харилцагчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлоогүй гэсэн нь ойлгомжгүй, цаашлаад эрх бүхий байгууллагын нэгдсэн байр суурь илэрхийлээгүй байна.

Мөн Т ХХК-ийн зүгээс тухайн байгууллагуудтай холбогдож, эцсийн өмчлөгчийг тодорхойлох асуудлыг тавьсан бөгөөд эцсийн өмчлөгчийг тодорхойлох бичиг баримтыг хадгалж, хариуцаж буй этгээд нь гадаад улсад байгаа, ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас М******* Улсад ирэх хугацаа хойшлогдсон, улмаар холбогдох арга хэмжээ авах асуудал удаашралтай байгааг бидэнд мэдэгдэж байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас уг нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй.

Нөгөө талаар төрийн хяналт шалгалтын үеэр илрүүлсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, зохицуулагч байгууллагын хувьд заавар зөвлөмж өгөх байдлаар шийдвэрлэх боломж байхад шийтгэх, торгохыг урьтал болгож байгаа нь төрийн хяналт шалгалтын шат дараалсан арга хэмжээ авах зарчмыг зөрчиж байна. Ийнхүү хугацаатай өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд хариуцлагын арга хэмжээ тооцох хууль зүйн үндэслэл эрх бүхий байгууллагад хэвээр хадгалагдаж байгаа билээ.

М******* банк зохицуулагч байгууллагын хувьд Т ХХК-д хяналт шалгалт хийхдээ шат дараалсан арга хэмжээг аваагүй учраас хуулийн шаардлага хангасан дүгнэлт гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл 2018 оны шалгалтынхаа хариуг үгүйсгэж байна гэж үзсэн. “Т ХХКнь хуульд заасан үүргийн дагуу шаардлагаа тавьсан учраас М******* банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З*******гийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Банкны зүгээс хуульд заасны дагуу боломжит бүх арга хэмжээг авна гэж заасны дагуу Т ХХК-ийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэж үзэж байна. Тодорхой арга хэмжээг авч албан бичиг хүргүүлж, шаардлагаа тавьсан. Хариу ирсэнтэй холбогдуулан дансыг нь хаасан.

2018 онд М*******банкнаас хийгдсэн шалгалтын хүрээнд 54 хуулийн этгээдээс 52 хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчөөр тогтоох ажиллагааг бүрэн хийгдсэн байсан. 2020 оны шалгалтын хүрээнд 3 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох ажиллагаа хийгдээгүй байна гэсэн. Уг 3 хуулийн этгээд эцсийн өмчлөгчийг тодорхойлох ажиллагаа хийгдээгүй байна гэдэг заавар зөвлөмжийг Т ХХК-д өгөөгүй. Зохицуулагч байгууллагын хувьд шат дараалсан үйл ажиллагаа хийгээгүй, шууд шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

М*******банк зохицуулагч байгууллагын хувьд Т ХХК-д хяналт шалгалт хийхдээ шат дараалсан арга хэмжээг аваагүй учраас хуулийн шаардлага хангасан дүгнэлт гэж үзэх боломжгүй. 2018 онд хийгдсэн шалгалтаар 54  хуулийн этгээдээс 52 хуулийн этгээд буюу сүүлд 2020 оны шалгалтын явцад гарч ирсэн 3 хуулийн этгээдийн 2 хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгчийг тодорхойлсон гэж хариу өгсөн. Иймд үүнтэй холбоотой нэгдсэн байр суурийг илэрхийлэхгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2018 оны шалгалтынхаа хариуг үгүйсгэж байна гэж үзсэн. “Т ХХКнь хуульд заасан үүргийн дагуу шаардлагаа тавьсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М*******банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Тээвэр хөгжлийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хамрах хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх шалгалтыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 21-ний өдөр хүртэлх хугацаанд хийж ажилласан. Тээвэр хөгжлийн банкны харилцагч иргэн, хуулийн этгээдийг таньж мэдэх талаарх банкны үйл ажиллагааг шалгах зорилгоор 50 иргэн, 151 хуулийн этгээд буюу нийт 201 харилцагчийн хувийн хэргийг түүвэрлэн авч шалгасан.

Эдгээр 201 харилцагч иргэн, хуулийн этгээдийн хувийн хэргийг шалгах явцад 3 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох үүргээ биелүүлээгүй болох нь хуулийн этгээдийн дүрэм, шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт, хуулийн этгээдээс банканд ирүүлсэн эцсийн өмчлөгчийг тодорхойлох нэмэлт баримт хүргүүлэх шаардлагагүй гэсэн албан бичиг, гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдсон.

Газар дээрх шалгалтаар илэрсэн зөрчил:

д/д

Хуулийн
этгээдийн нэр

Данс

нээсэн

огноо

Хувьцаа

эзэмшигч

“А”

XXК-ийн толгой компани

Шалгалтаар
илэрсэн зөрчил

1.

А******* *******
ресурс ХХК

2017.08.14

А*******

*******

ХХК

Л*******
Улсын “
Mongolian
******* Corporation S.a.r.l

Эцсийн өмчлөгчийг

тодорхойлох

үүргээ

биелүүлээгүй

 

2.

 

 

С
ХХК

2017.08.14

А*******
*******
ХХК

Л*******
Улсын “Mongolian

******* Corporation S.a.r.l”

Эцсийн өмчлөгчийг

тодорхойлох

үүргээ

биелүүлээгүй

 

 

 

 

 

 

3.

У XXК

2017.08.14

А*******
 *******
ХХК

Л*******
Улсын “Mongolian

******* Corporation S.a.r.l”

Эцсийн өмчлөгчийг

тодорхойлох

үүргээ

биелүүлээгүй

 

Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4-т заасан харилцагчийн эцсийн өмчлөгчийг тогтоох үүргээ биелүүлээгүй тул Тээвэр хөгжлийн банкны илэрсэн зөрчилд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу 2001000039 дугаартай зөрчлийн хэргийг нээж, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 50,000 нэгжээр буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 005******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан.

Өмнө нь М*******банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Тээвэр хөгжлийн банкны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх шалгалтаар эцсийн өмчлөгчийг тогтоох банкны үйл ажиллагааг шалгах зорилгоор 54 хуулийн этгээдийг түүвэрлэн авч шалгасан байдаг.

Тус түүвэрт “А” ХХК-ийн 2 охин компани А ресурс” ХХК, “У” ХХК орсон, дээрх 2 хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь “А” ХХК байсан тул тус шалгалтаар “А” ХХК-ийн толгой компани болох Л******* Улсад бүртгэлтэй “Mongolian ******* Corporation S.a.r.l” хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тогтоож ажиллах талаар Тээвэр хөгжлийн банкинд хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг.

Үүний дагуу Тээвэр хөгжлийн банк нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/2-51 тоотоор “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийн талаарх нэмэлт мэдээллийг ирүүлж хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүлж ажилласан байдаг. “А” ХХК нь Тээвэр хөгжлийн банкинд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26/19 тоот албан бичгээр танай банкинд анх данс нээхдээ эцсийн өмчлөгчийг тодорхойлох боломжтой мэдээллээ өгсөн тул “нэмэлт баримт хүргүүлэх шаардлагагүй” гэсэн хариу өгсний дагуу банк нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу “А” ХХК-д цаашид үйлчилгээ үзүүлэх боломжгүй талаар мэдэгдэж тус хуулийн этгээд нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн биеэр ирж идэвхтэй ашиглаж байсан 4 дансаа хаасан.

“А” ХХК 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр идэвхтэй ашиглаж байсан дансаа хаасантай холбогдуулан банк нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “А” ХХК-ийн охин компани болох “А э р” ХХК, “С” ХХК, “У” ХХК-д цаашид үйлчилгээ үзүүлэх эсэх, эцсийн өмчлөгчийг тогтоох шат дараалсан арга хэмжээг авах хангалттай цаг хугацаа байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу Тээвэр хөгжлийн банкны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг зөрчлийн хэргийг прокурорт хянуулсны үндсэн дээр нээсэн.

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Т ХХК-ийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх шалгалтыг хийхэд “А” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь тодорхой бус байна гэж үзсэн талаар шалгалтын материалд тусгагдсан байна. Уг шалгалтаар эцсийн өмчлөгчийг тогтоох зорилгоор нийт 54 хуулийн этгээдийг түүвэрлэн шалгасан. Тус түүвэрт “А” ХХК-ийн 2 охин компани болох “У” ХХК, “А э р” ХХК-иудын хувьцаа эзэмшигч нь “А” ХХК байсан. Шалгалтаар “А” ХХК-ийн толгой компани болох Л******* улсад бүртгэлтэй “Mongolian Resoursces Corporation S.a.r.l” хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тогтоож ажиллах талаар Т ХХК-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл “Т ХХКнь уг зөрчлийг арилгаагүй, энэ талаар тайлбарлахдаа “А” ХХК-д удаа дараа хандсан болон мөн цар тахалтай холбоотой удааширсан гэж тайлбарладаг. Гэвч 2018 оны шалгалтаар илэрсэн зөрчил арилаагүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас бичсэн.

54 хуулийн этгээдэд уг “А” ХХК-ийн охин компаниуд байгаа. Гэтэл уг 2 охин компанийн хувьцаа эзэмшигч нь “А” ХХК байдаг. Тийм учраас “А” ХХК-ийн толгой компанийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох үүрэг даалгавар өгсөн. “Алтай *******” ХХК-ийг эцсийн өмчлөгчийг тодорхойлсноор охин компаниудын эцсийн өмчлөгч тодорхой болно гэж үзсэн учраас “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох үүрэг даалгавар өгсөн.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т “эцсийн өмчлөгчөөр тогтоох талаар хуульд заасан зохицуулалтыг зөрчсөн бол зөрчилтэй гүйлгээний үнийн дүнтэй тэмцэх хэмжээний орлогыг хурааж, хуулийн этгээдийг 50.000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэж заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т “эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах”, 5.2.4-т “харилцагч нь хуулийн этгээд бол түүний эцсийн өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, эцсийн өмчлөгчийн талаар болон харилцагчийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой боломжит бүх арга хэмжээг авах” гэж заасны дагуу уг зөрчилд үндэслэл болгосон. Иймд 2018 онд шалгасан шалгалтаар илэрсэн зөрчлийг өнөөдрийг хүртэл арилгаагүй, зөрчлөө удаа дараа биелүүлээгүй учраас зөрчлийн хэрэг нээж, Т ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.29.2 дахь хэсэгт заасны дагуу 50.000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Иймд гомдлын шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Т ХХК-иас М******* банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З*******д холбогдуулан “улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

М******* банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн удирдамжийн дагуу Т ХХК-д мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг шалгаад улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсаар тус банкийг харилцагч “А э р” ХХК, “У” ХХК, “С” ХХК-иудын эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа хийгээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 50.000 нэгж буюу 50,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Гомдол гаргагч нь “2018 оны хяналт шалгалтаарА э р” ХХК, “У” XXК-ийн хувьд эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзсэн атал 2020 оны хяналт шалгалтаар эцсийн өмчлөгчийг тодорхойлох ажиллагаа хийгээгүй гэж буруутгасан ойлгомжгүй, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, зөвлөмж өгч ажиллаагүй, шууд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж маргаж, хариуцагч нь “2018 оны шалгалтаар А э р” ХХК, “У” XXК-ийн хувьцаа эзэмшигч “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа явуулах зөвлөмж өгсөн, зөвлөмж өгсөөр байхад “А” ХХК-ийн охин компаниудын эцсийн өмчлөгчийг тогтоох арга хэмжээ авалгүй, үүргээ хэрэгжүүлээгүй үйлчилгээ үзүүлсэн” гэж тайлбарлажээ.

М******* банкны Ерөнхийлөгчийн баталсан 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн удирдамжийн дагуу тус банкны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг “харилцагчийг таньж мэдэх талаарх банкны үйл ажиллагаа, мэдээлэх үүргийн хэрэгжилт, тусгайлан хяналт тавих үйл ажиллагаа, санхүүгийн хоригийн хэрэгжилт” гэсэн хүрээнд 201 харилцагчийг түүвэрлэн шалгахад “А э р” ХХК, “У” ХХК, “С” ХХК-иудын эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх хуулиар тогтоосон ажиллагаа хийгээгүй зөрчил тогтоогджээ.

“А э р” ХХК, “У” ХХК, “С” ХХК-иуд нь тус банкинд 2017 оны 8 дугаар сарын 14-нд данс нээсэн, данс нь идэвхтэй төлөвтэй, шалгалтын хамрах хугацаанд орлого, зарлагын тодорхой дүнтэй гүйлгээ хийгдсэн, данс түүвэрлэн шалгасан хуудсаас үзвэл банк нь харилцагчаас гаргуулан авсан бичиг баримтуудад компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, гарын үсгийн баталгаа гэсэн баримтууд авагдсан байх бөгөөд “А э р” ХХК, “У” ХХК, “С” ХХК-иудын дүрмээр хувьцаа эзэмшигч нь “А” ХХК байхад цааш нь “А” ХХК-ийн эцсийн өмчлөгч иргэн хэн болохыг шалгаж тогтоох талаар Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4 –т заасан арга хэмжээ аваагүй байж “А э р” ХХК, “У” ХХК, “С” ХХК-д үйлчилгээ үзүүлсээр байсан нь тогтоогдож байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эцсийн өмчлөгч гэж харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг ойлгох”-оор тодорхойлж, 5 дугаар зүйлийн 5.2.3-т “харилцагчийг таньж мэдэхийн тулд банк эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах” 5.2.4-т “харилцагч нь хуулийн этгээд бол түүний эцсийн өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, эцсийн өмчлөгчийн талаар болон харилцагчийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхтэй холбоотой боломжит бүх арга хэмжээг авах”-аар зааж, мэдээлэх үүрэгтэй этгээд болох банкны харилцагчийг таньж мэдэх үүргийг тодорхойлжээ.

Өмнө нь М*******банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч нар Тээвэр хөгжлийн банкинд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг харилцагчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох болон зорилтот санхүүгийн хоригийн хэрэгжилт гэх хоёр чиглэлээр хэсэгчилсэн хянан шалгалтыг хийж, 54 хуулийн этгээдийг түүвэрлэн шалгахдаа “А” ХХК-ийн толгой компани нь Л******* Улсын “Mongolian ******* Corporation S.a.r.l” гэдэг хуулийн этгээд болохыг тогтоогоод эцсийн өмчлөгч нь хувь хүн байх шаардлагатай тул эцсийн өмчлөгчийг тогтоож ажиллах талаар тус банкинд зөвлөмж өгснөөр “А” ХХК-иас эцсийн өмчлөгчийг тогтоох мэдээлэл шаардаж, мэдээлэл өгөхөөс татгалзсанаар банкин дахь харилцах дансыг хаасан байдаг.

М******* банк ийнхүү “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх зөвлөмж өгсөн ч Тээвэр хөгжлийн банк нь “А” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн охин компаниуд болох “А э р” ХХК, “У” XXК-иуд болон “С” ХХК-ийн хувьд энэ ажиллагааг хийгээгүй, үйлчилгээ үзүүлсээр байжээ.

“А э р” ХХК, “С” ХХК, “У” XXК-иудын хувьцаа эзэмшигч “А” ХХК, “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л******* Улсын “Mongolian ******* Corporation S.a.r.l” гэх хуулийн этгээд болох нь зөрчлийн хэрэгт авагдсан тэдгээр хуулийн этгээдүүдийн дүрэм болон хэрэгт авагдсан хуулийн этгээдүүдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх зөвлөмж өгөхдөө түүний охин компаниуд болох “А э р” ХХК, “У” XXК-иудыг дурдаагүй нь Тээвэр хөгжлийн банкийг “А э р” ХХК, “У” XXК-иудын хувьд харилцагчийг таньж мэдэх ажиллагаа явуулах хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөөгүй бөгөөд тус банк нь “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа явуулж, холбогдох мэдээллийг харилцагчаас өгөөгүй үндэслэлээр дансыг нь хааж шийдвэрлэсэн ч түүний охин компаниуд болох “А э р” ХХК, “С” ХХК, “У” XXК-иудын хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан эцсийн өмчлөгчийг тогтоохын тулд 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4-т заасан харилцагчийг таньж мэдэх ажиллагаа явуулаагүй, үйлчилгээ үзүүлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.   

Иймд Т ХХК-ийн “2018 оны хяналт шалгалтаарА э р” ХХК, “У” XXК-ийн хувьд эцсийн өмчлөгчийг тогтоох ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзсэн атал 2020 оны хяналт шалгалтаар эцсийн өмчлөгчийг тодорхойлох ажиллагаа хийгээгүй гэж буруутгасан ойлгомжгүй, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, зөвлөмж өгч ажиллаагүй, шууд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2-т зааснаар зөрчилтэй гүйлгээний үнийн дүнгээр хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг аваагүй нь зөрчилд ногдуулсан шийтгэлээс тусдаа, нөгөө талаас шүүх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул үүнийг улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хянах үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т ХХК-иас М******* банкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Н.З-д холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 005******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Д.ХАЛИУНА