Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

 

2019          7             04                                            2019/ДШМ/681

 

Б.Н, Б.Ц, Б.С,

И.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч Б.Ц,

шүүгдэгч Б.С, И.Х нарын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Н, Б.Ц, Б.С, И.Х нарт холбогдох 1905011030353 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харчин овгийн Бы Н, 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их засаг” Олон улсын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, эгчийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Өөлд овгийн Бын С, 1999 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... гадаад хэл, соёлын сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ДП99062614/;

3. Боржигон овгийн Иын Х, 2000 оны 2 дугаар сарын 07-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... гадаад хэл, соёлын сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

4. Боржигон овгийн Бгийн Ц, 2000 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../

Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” захын баруун талын автомашины зогсоолд байрлуулан тавьсан иргэн Э.Бямбасайханы эзэмшлийн ...УНЛ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Н, Б.Ц, Б.С, И.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт Бы Н, Өөлд овогт Бын С, Боржигон овогт Иын Х, Боржигон овогт Бгийн Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Б.Нийг 1 жилийн хугацаагаар, Б.Сыг 1 жилийн хугацаагаар, И.Хг 1 жилийн хугацаагаар, Б.Цыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нарыг зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батсайхан 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нарыг зан үйлээ засах сургалтад хамрагдах, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.” гэжээ. Гэтэл “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хуульчлан зохицуулсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь ойлгомжгүй бөгөөд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” албадлагын арга хэмжээ авсан эсэх, эсхүл 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний алийг хэрэглээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлд заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй, шүүгдэгч нар нь яг ямар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан болохоо мэдэхгүй, биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд уг хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хэрхэх талаар дурдаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэдгийг шийгтэх тогтоолд дурьдах ёстой. Иймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Батсайхан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.  

Шүүгдэгч Б.С, И.Х нарын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт техникийн шинжтэй алдаа гарсан байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоогоор хүчилтөрөгчийн үйлдвэрт ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардаж авсан. Прокурорын эсэргүүцэлтэй мөн танилцсан ойлгож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа газраас автомашины түлхүүр олж улмаар дохиоллыг нь ажиллуулан автомашиныг хайж явсаар “Баянгол” захын баруун талын автомашины зогсоолд байрлуулан тавьсан иргэн Э.Бямбасайханы эзэмшлийн ... УНЛ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч явж 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Бямбасайханы “...Тэгээд би тэндээсээ эргээд машин руугаа очтол миний машин байгаагүй. Тэгсэн халаасанд байсан миний машины түлхүүр алга байсан. Тэгээд машинаа алдсанаа мэдээд цагдаад хандсан. ...” гэх /хх-22-23/,

гэрч Э.Сарантуяагийн “...Над руу миний төрсөн ах Э.Бямбасайхан залгаад “ах нь машинаа алдчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би ээжид хэлээд тэгээд ээж, ах хоёр цагдаа дээр очсон. Тэгээд өргөдөл өгсөн. Тэр хооронд нь би эхлээд Баянгол дүүргийн 8 дугаар хороо Баянгол их дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд байрлах Бэст супермаркетын камерыг үзтэл дөрвөн залуу ахын хаясан түлхүүрийг олж авч байгаа бичлэг байсан. Тэгээд тэр бичлэгийг өөрийн гар утсаараа хуулбарлан аваад Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Голомт банкны доод талын PC тоглоомын газар ороод ажиллуулдаг хүнд нь өгөөд үзүүлтэл тэнд байсан хүүхдүүд мөн үзээд “өө энэ чинь энд байнга ирж тоглодог Н гэдэг хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгээд энэ талаар цагдаад хэлээд цагдаа удалгүй тэр Н гэдэг хүүхдийг олоод авсан. ...” гэх /хх-45/,

шүүгдэгч Б.Цын “...2019 оны 2 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Баянгол захын баруун талд байсан ... УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёота Приүс-20” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч явсан. Тухайн үед надтай хамт Б.Н, И.Х, Б.С нар хамт байсан. Хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч явсан. Эзэнд нь мэдэгдэлгүй нууцаар авч явсан нь үнэн болно. Машиныг нь бид дөрөв унаж яваад гудамжинд орхисон ба орхих үедээ И.Хгийн утсыг ломбарднаас авах гээд батерейг нь хулгайлан авах гэсэн. Гэхдээ батерей нь сугараагүй учраас авч чадаагүй. ...” гэх /хх-59/,

шүүгдэгч Б.Нийн “...”Тоёота Приүс-20” загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь гудамжнаас олоод тэгээд Сороо дарж байгаад машиныг олоод эзэнд нь мэдэгдэлгүй нууцаар машин дотор нь орж хулгайлан унаж явсан нь үнэн болно. ...” гэх /хх-65/,

шүүгдэгч Б.Сын “...Тухайн үед надтай хамт Б.Н, И.Х, Б.Ц нарын хамт байсан. Эхлээд түлхүүрийг нь олоод дараад яваад байтал нэг машинтай таарсан. Тэгээд тэр машиныг эзнийх нь зөвшөөрөлгүй хулгайлан авч явсан. Машиныг нь унаж яваад гудамжинд орхисон ба орхих үедээ И.Хгийн утсыг ломбарднаас авах гээд батерейг нь хулгайлан авах гэсэн. Гэхдээ батерей нь сугараагүй учраас авч чадаагүй. ...” гэх /хх-71/,

шүүгдэгч И.Хгийн “...Тухайн үед миний гар утсыг ломбарданд тавьсан байсан. Тэгээд миний утсыг авах гээд батерейг нь хулгайлж авах гээд чадаагүй. ...” гэх /хх-77/ мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №БГ2-19-155 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-26-28/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-86/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н, Б.Ц, Б.С, И.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Б.Н, Б.С, И.Х, Б.Ц нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул өөрчлөх нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагын дагуу шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хэрхэх талаар шийтгэх тогтоолд тусгах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсан нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурор Б.Батсайханы 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт, нэмэлт заалтуудыг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нарыг зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
  2. Мөн шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нарт мэдэгдсүгэй.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.Н, Б.С, Б.Ц, И.Х нарт сануулсугай.” гэсэн нэмэлт заалтууд оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Батсайханы 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.
  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ