Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1154

 

2022        07         28                                 2022/ШЦТ/1154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолт/,

гэрч М.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.У, З.Д нарт холбогдох эрүүгийн 2206 00000 1545 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймаг Мөрөн сум 1 дүгээр баг 28 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, урьд

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Х.У

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймаг Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймаг Тосонцэнгэл сум Улаантолгой 3 дугаар баг 8-4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З.Д

Холбогдсон хэргийн талаар:

            Х.У, З.Д нар бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал төвийн орчим хохирогч Б.Баттөмөрийн эзэмшлийн Samsung S5 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч Х.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч З.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Баттөмөрийн “Танихгүй 2 залуу ирээд тамхи байна уу, гэхээр нь нэг ширхэг тамхи өгсөн чинь нэг залуу шилбээр тэврээд хойш нь татаад унагаахаар нь тэр залуутай зууралдаж байхад нөгөө саарал малгайтай цамцтай залуу миний гадуур куртикний энгэрийн халааснаас Самсунг эс-5 маркийн хар өнгийн гар утсыг авч, өмдний баруун халааснаас парламент тамхи 9 ширхгийг аваад зугтаасан. Тэгээд намайг дэгээдэж унагаасан залууг нь барьж авсан чинь, нөгөө миний эд зүйлийг авсан залуу нь араас ирээд толгой руу нэг юмаар цохисон. Тэгээд тэр хооронд би манараад суухад нөгөө залуу нь ахиад зугтаасан. Тэгж байтал 2 залуу таараад бид 3 араас нь хөөгөөд явж байхад зогсоол дээр байсан машины ард хоёулаа сууж байхад нь тэр 2 залууд хэлээд намайг дэгээдэж унагаасан залууг барьж авсан ... Намайг дээрэмдсэн 2 хүн хоёулаа цуг ирээд надаас тамхи асуухаар нь би тамхи өгөн. Тэгэхэд улаан хүрэн өнгийн куртиктэй хүн нь намайг зуурч унагаахад саарал өнгийн куртиктэй, дотуураа малгайтай цамцтай байсан эрэгтэй нь миний куртикний зүүн талын энгэрийн халаасанд байсан утсыг авч, өмдний баруун халаасанд байсан миний түрүүвчийг аваад зугтсан. Тэгэхээр нь би араас нь хөөгөөд улаан хүрэн куртиктэй залууг барьж аваад цагдааг ирэхээр нь хүлээлгэж өгсөн. Би дээрх хоёр хүнийг харвал танина” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 9 дэх тал/,

Гэрч М.Ган-Эрдэнийн “Цайз захын чиглэлд замынхаа зүүн талаар гэр рүүгээ харих гээд явж байхад 72 дугаар хотхон руу эргэх уулзвар хэсэгт 1 хүн газар уначихсан байдалтай, түүний толгой хэсэгт саарал өнгийн куртиктэй, дотуураа малгайтай цамц өмссөн эрэгтэй хүн тухайн хохирогч гэх хүний толгойг замын хашлаганд цохиж байсан, харин хохирогчийн дээр улаан хүрэн өнгийн куртик, дотуураа цэнхэр өнгийн цамц өмссөн эрэгтэй хүн халаасыг нь уудлаад байж байсан. Би эхэлж харахдаа 3 архи уудаг хүн зодолдож байна гэж харсан бөгөөд хөөе гэж чанга дуугаар хэлэхэд нөгөө хоёр хүн 72 дугаар хотхоны гудамж руу алхсан, тэгэхэд нөгөө хохирогч гэх хүн ахыг энэ хоёр хүн дээрэмдчихлээ, бариад аваач гээд орилохоор нь би зүүн тийш гүйхэд тэр хоёр хүн харагдахгүй байсан. Тэгтэл нөгөө хохирогч гэх хүн араас алхаж ирж байснаа энд сууж байна гээд нэг машин руу заахад нөгөө 2 хүн машины араас 2 тийшээ зугтсан. Тухайн үед нэг танихгүй залуу явж байхаар нь наад хүнээ бариад аваарай гэж хэлэхэд улаан куртиктэй хүний хойноос хөөсөн, би саарал куртиктэй хүний хойноос хөөсөн боловч барьж авч чадаагүй. Тэгээд буцаж эргээд улаан куртиктэй хүнийг барьж аваад би өөрийнхөө утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тогтоол /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №БЗ1-22-865 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 62.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн тайлан /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Яллагдагч Х.Уын “Би ямар хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг сайн ойлгож байна. тухайн хүний гар утсыг авсан буруугаа ойлгож байна. Бааскаа ах тухайн хүнтэй зууралдаад үлдсэн бөгөөд би цаашаа гүйгээд эргээд харахад Бааскаа ах нөгөө хүнтэй зууралдаад байж байхаар нь дахиж очоод салгах гээд салгаж чадахгүй байсан тул би зугтчихсан. Тухайн хүнд ямар нэг хүч хэрэглэсэн асуудал бол байхгүй, би утсыг нь булааж зугтсан. Тухайн авсан утсыг би Баяраа, Ууганаа гэх хоёр хүнтэй таараад энэ утсыг зарах гэж байгаа юм, авах хүн байвал мэдэж байгаарай гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Яллагдагч З.Дын “Би Ууганбаатар гэгчтэй 2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой 22 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 72 дугаар хотхоны гарц орчимд явж байхад согтуу эрэгтэй хүн ганцаараа явж байсан. Тэгэхэд Х.У бид хоёр тамхи авч  татчихаад Ууганбаатар тэр хүнийг татаж унагасан тэгэхээр нь би очиж салгасан. Тэр үед Ууганбаатар тухайн хүний гар  утсыг  аваад зугтсан бөгөөд би нөгөө хүнтэй нь зууралдаад намайг явуулахгүй гээд зуураад байсан. Тэгэхэд Х.У дахин гүйж ирээд тэр хүний 2 хөлийнх нь шилбэ орчмоор давхар барьж унагаагаад дахин  намайг зугт гэхээр нь би зугтаж чадахгүй баригдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Шүүгдэгчийн нарын хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 80, 81 дэх тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 75, 78 дахь тал/, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 94-122 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч М.Ган-Эрдэнийн “Тухайн өдөр би 23 цагийн үед ажлаа тараад офицеруудын ордон дээр буугаад цайзад байдаг гэр лүүгээ явж байсан. 72 дугаар байрын наад талын эргэлтэн дээр гурван залуу ноцолдоод байсан. Би согтуу хүмүүс байна гэж бодоод явах гэж байтал цэнхэр цамцтай залуу /Ууганбаатар/ хохирогчийг боржур мөргүүлээд хар цамцтай залуу /Доржпалам/ энгэрийн халаас руу нь гараа хийж байсан. Хохирогч орилж босож ирээд ахыг нь дээрэмдчихлээ, бариад аваарай гэж хэлэхэд энэ хоёр залуу 72 дугаар байр эргээд гүйчихсэн. Миний урд байсан залуу бид хоёр хөөж байгаад машины ард байхад нэг залууг нь барьж авсан. Нөгөө залууг нь цайз захын хажуу талаас барьсан” гэх мэдүүлэг зэрэг болно,

шүүгдэгч З.Дын өмгөөлөгч Ц.Мандал нарын шүүхийн хэлэлцүүлэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улиастай багын засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 88 дахь тал/-ыг шинжлэн судалж, шүүгдэгч Х.Уын өмгөөлөгч Л.Мөнхтуяа нь тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Х.У, З.Д нар бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал төвийн орчим хохирогч Б.Баттөмөрийн эзэмшлийн Samsung S5 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Баттөмөр, гэрч М.Ган-Эрдэнэ нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал, шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын зүгээс үйлдэл, гэм буруу, зүйлчлэл, хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэггүй бөгөөд түүний мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, харин хохирогч, гэрч нар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж авсан мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадсан, өөр бусад баримтаар давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.   

Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хүч хэрэглэх аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр, илээр халдаж бусдын эд хөрөнгийг авсан байх дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Хохирогчоос гар утсыг хууль бусаар авахдаа дэгээдэж унагах, цохих зэргээр биед нь халдсан үйлдлийг хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдын бие махбод болон эд хөрөнгөд бодитой хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, хохирогчийн эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.У, З.Д нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “бүлэглэн” гэх шинжийг тусгайлан заагаагүй, дээрэмдэх гэмт хэргийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэснийг ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.    

Прокуророос “бүлэглэн үйлдсэн” гэх шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн зүйлчилсэн байгааг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн үйлдсэнд тооцлоо.      

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.У, З.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.У, З.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд шалтгаангүйгээр архи уух, тамхи татах, сэлгүүцэх санаа сэдэл, амар хялбар аргаар мөнгө олох зорилго зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баттөмөрт 62.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон, уг хохирол төлөгдсөн байх тул Х.У, З.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.У, З.Д нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.У, З.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол

шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцгүй хүнд гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч З.Дын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад  заасан “учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Х.Уын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.У, З.Д нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Шүүгдэгч Х.У, З.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс гэм буруугаа буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Х.У урьд удаа дараа ял шийтгүүлж байсан, дүгнэлт хийгээгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс доош хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн, З.Д анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан

Х.У, З.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хувийн байдлыг харгалзан Х.Ут оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, З.Дд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Х.У, З.Д нар нь энэ хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс энэ өдрийн хүртэл 88 цагдан хоригдсон бөгөөд энэ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У, З.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

            2. Х.У,З.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж довтолж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.У, З.Д нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Ут оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, З.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.У, З.Д нарын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.У, З.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.У, З.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ