Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Г.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 1807005640206 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******ын *******, Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, өвчиний учир группэд байдаг, ам бүл 5, ээж, эмээ, өвөө, охины хамтаар Улаанбаатар хот ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.******* нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд ******* нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх амралтын газарт хохирогч Б.*******ийг шалтгаангүй зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр амралтад явсан. Төрсөн өдрийн эзэн *******ий найзууд болох , , , бид 6 орой 21 цагийн үед Тэрэлжийн амралтын газарт очоод хоорондоо ярилцаж сууж байгаад архи уусан. Шөнө 02 цагийн үед хохирогч Г.******* нь гийн дуудсанаар ирсэн. Тэр үед нь би гадаа байж таарсан бөгөөд хохирогч гэр лүү ороход нь би араас нь 2-3 минутын дараа орсон. Гэр лүү орохдоо хохирогчийг нэг хүнтэй андуураад араас нь 1 удаа цохисон. Өмнө нь би манай 13 дугаар хорооллын 1987 оны гэх залууд зодуулж байсан бөгөөд хохирогчийг түүнтэй андуурсан байсан. Би хохирогчийг зүүн гараараа баруун хацар дээр нь 1 цохиход орон дээр унасан бөгөөд дээрээс нь заамдаад байж байтал ******* гаднаас орж ирээд салгасан. Салгасны дараа хохирогчийг босож ирэхэд нь дахин зүүн гараараа 2 удаа цохисон. Хохирогчийг цохисон үйлдэл болон хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч хохирлын талаарх баримтаа гаргаж өгвөл хохирлыг төлнө.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө над руу залгаад “би танихгүй хүмүүстэй айгаад байна. Намайг ирээд аваач” гэж гуйгаад байсан болохоор нь амралтын газарт явж очсон. Амралтын газарт очоод гадаа нь тай уулзахад намайг гэр лүү ороод машины түлхүүр аваад ир гэж гуйсан. Гуйгаад байхаар нь түлхүүр авах гэж гэр лүү ороход шүүгдэгч гэрийн үүдэнд зогсож байсан. Гэр лүү ороход шүүгдэгч араас орж ирээд нүүрэн тус газарт цохин орон дээр дарж унагаагаад дээрээс балбаад байсан болохоор нь би өөрийгөө гараараа хамгаалсан. Тэгэхэд гаднаас нэг залуу орж ирээд “гөлөг минь чи хэн юм бэ” гээд бас цохих гээд байсан. Би зугтах гээд босоод ирэхэд орон дээр миний мөнгө, машины түлхүүр 2 унасан байсан. Тэгэхэд шүүгдэгчтэй адилхан царайтай нэг залуу байсан бөгөөд тэр залуу түлхүүр мөнгөө аваач гэхэд нь би түлхүүр, мөнгөө аваад гарч зугтаасан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 4 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ө.*******ий өгсөн “...г дуудаж уулзаад уг залуу ганцаараа гэрт орж иртэл манай найз ******* шууд нүүр хавьд нь цохиж, би хорьж холдуулахад дахиж очоод хамар хавьд нь цохиж би холдуулж салгахад уг залуу гарч явсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 17-18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад Б.*******ын гэрчээр өгсөн “...Уг залууг гэрт ороход би гадаа байж таарсан. Гэрт ороход нь араас нь ороод шууд цохиж, зодсон нь үнэн, харин ямар учраас зодох болсноо би өөрөө сайн мэдэхгүй байгаа, согтуу байснаас болж би гэмгүй хүн зодсондоо харамсаж байна.” гэх мэдүүлэг

/хх-ийн 19-20 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгын 2018 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн №08шэ/497 дугаартай

  1. Г.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 22 дугаар тал/,

Ял шалгах хуудас

/хх-ийн 36 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт

/хх-ийн 47 дугаар тал/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар

/хх-ийн 57 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн орчимд ******* нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх амралтын газарт хохирогч Б.*******ийг ямар нэгэн шалтгаангүй зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Б.*******ын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна, баримтаар нэхэмжилсэн хохирлыг барагдуулна “

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******ийн өгсөн “...Энэ хүн намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон бөгөөд би тархины менингит өвчтэй бөгөөд эмчийн хяналтад байдаг. Би мөрөөрөө байж байгаад эрүүл мэндээрээ хохирч байгаад гомдолтой байна. Би цаашид өөрийн биеийг эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа.” гэх

гэрч Ө. *******ий “...******* шууд нүүр хавьд нь цохиж, би хорьж холдуулахад дахиж очоод хамар хавьд нь цохиж би холдуулж салгахад уг залуу гарч явсан” гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №08шэ/497 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчийн тайлбарт: Анх би хохирогчид 400.000 төгрөг санал болгоход хуулийн дагуу шийдүүлье гэж хэлсэн. Гэтэл тэгж хэлсэн өдрийнхөө орой нь над руу залгаад 500.000 төгрөг өгвөл гомдолгүй гэж байсан. Тэгэхээр нь би 500.000 төгрөг олоод өгье гэхэд бас хуулийн дагуу шийдүүлье гэж байсан. Энэ байдлаар хохирогч 2-3 удаа хохирлын мөнгийг 100.000 төгрөгөөр ахиулж нэхэж байсан. Энэ хүний хувийн байдлыг ажиглахад бага зэрэг дарамтлах шинж харагдаад байдаг.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.*******ыг 300 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.*******т мэдэгдсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих зрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ