| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2018/00453/и |
| Дугаар | 135/ШШ2018/00672 |
| Огноо | 2018-06-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2018/00672
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: /
3 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би иргэн Б.*******, нартай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүүгүй, барьцаагүй зээлийн гэрээ байгуулж 4 сар 20 хоногийн хугацаатай 2.300.000 төгрөг зээлдүүлсэн ба энэ мөнгөнөөс одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээнд хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан тул үндсэн зээл 2.300.000 төгрөг, алданги 1.150.000 төгрөг нийт 3.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.*******, нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2.300.000 төгрөгийг зээлээр accent verna маркын шаргал өнгөтэй машин авч гэрээ байгуулсан. 2.300.000 төгрөг бэлэн мөнгөөр бус мал оролцуулж авна гэсэн. Би энэ машиныг авахдаа өөрт нь таксинд явж өөрөөр мөнгийг хийж өгнө гэж хэлж авсан. Гэтэл 6 хоногийн дараа эвдрээд өөрт нь хэлж байсан. Машинаа ав дээрээс нь бяруу өгье гэхэд аваагүй. 9 дүгээр сарын 01 болоод малаа ав гэхэд аваагүй. Би олон удаа мал ав гэж хэлсэн. Би машин сайн мэдэхгүй учир найзынх нь машин найдвартай сайн 1.2 жилдээ санаа зоволтгүй гэсэн. Гэтэл одоо хүртэл явахгүй моторгүй болчихсон хашаанд байгаа. Эвдрэх тоолонд нь би хэлж байсан. Такминд явдаг хүнээр янзлуулахад өөр машины сэлбэг тавьсан байна гэж өөрт нь хүртэл тэр хүн таараад хэлсэн гэсэн. Тэгээд энэ машины мөнгийг өгөхгүй хэж хэлээгүй. Өвөл мөнгөний хэрэг гараад байна гэхэд гэртээ байсан аваад сар болоогүй зурагтаа зараад 400.000 төгрөг өгсөн. Үхэр авна гээд анх ярьсан болохоор би энэ машиныг авсан. Мал авахгүй гэсэн бол би энийг авахгүй байсан. Анх 2.500.000 төгрөг гэж хэлээд гэрээ байгуулахаас өмнө 200.000 төгрөг өгсөн. Тэгээд үлдсэн 2.300.000 төгрөгөнд нь мал оролцуулна гээд гэрээ хийсэн. Би энэ хүнээс мөнгө зээлээгүй машин дээрээ гэрээ хийнэ гэхэд өөрөө хийгээгүй. Намайг мал ав гээд байхаар сүүлд нь сая төгрөгөнд үхэр авахаар болсон ярьсан яриа нь миний утсан дээр байгаа. Гэрээ байгуулснаас хойш 400.000 төгрөг. Өөрийн үхэр ав гээд тохиролцсон 1.000.000 төгрөг. Би одоо машины эвдрэлийг ганцаараа төлж дийлэхгүй байгаад өөрт нь хэлэхэд 300.000 төгрөг хасна гэж хэлсэн. Одоо 600.000 төгрөг үлдсэн байгаа. Машиныг нь зараад мөнгийг нь өгөх гэтэл машин нь 4 жил үзлэг оношилгоонд ороогүй байсан. Анх авахдаа үзлэгт оруулан гэхэд хугацаа нь болоогүй гээд оруулж өгөөгүй. Хугацаа дуусаад би нотариат дээр очиж асуухад өөрөө алданги тооцуулна гэж санал гаргаагүй бол алданги тооцдоггүй гэж нотариатын хүн хэлсэн. Ингэж алданги тооцуулах байсан бол тэр хугацаа дууссан өдөр гэрээ байгуулсан хүмүүс ирж алданги тооцлоо гэж сануулах байсан гэж хэлж байсан. Өөрөө машинаа хэр их хугацаанд эвдэлснийг мэдэж байгаа байнга манайд ирдэг байсан. Би өөрөөр нь өмнөх жилийн үзлэг оношилгоонд оруулж байж машиных нь мөнгийг төлмөөр байна. Манай нөхөр манаач хийж 300.000 төгрөг авдаг. Үүнээс лезинг 185.000 төгрөг төлдөг Оношилгоонд оруулж байж машиныг зарж мөнгиийг нь гаргаж өгмөөр байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******, нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2.300.000 төгрөг, алданги 1.150.000, нийт 3.450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж үндсэн зээл 1 900 000 төгрөг, алданги 950 000 төгрөг нийт 2 850 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан болно.
Хариуцагч Б.******* нь мөнгө зээлсэн асуудал байхгүй, харин 2 500 000 төгрөгөөр машин худалдаж авсан, төлбөрт 600 000 төгрөг төлсөн, машины эврэлд 300 000 төгрөг хасахаар тохирсон тул 1 600 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, нар нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2 300 000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 сар 20 хоногийн хугацаатайгаар, хүүгүй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. / хх-4/
Талуудын тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д Hyundai Accent Verna маркийн, 1320 хөдөлгүүртэй, 1999 онд үйлдвэрлэгдэж, 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад импортоор орж ирсэн автомашиныг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2 500 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Б.******* нь автомашиныг С.Юндэндоржоос 2016 оны 11 сард худалдан авч албан ёсоор өөрийн эзэмшилд шилжүүлээгүй байж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Б.*******гийн эзэмшилд шилжүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, талуудын тайлбараар тогтоогдож байна. / хх24-29/
Хариуцагч Б.******* нь автомашины төлбөрт 600 000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Хариуцагч Б.******* нь автомашин 2015, 2016 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй, машинд эвдрэл их байсан нэхэмжлэгч нь доголдлыг нуун дарагдуулсан энэ талаар өөрт нь хэлэхэд 300 000 төгрөг хасч тооцно гэсэн гэж маргаж нотлох баримтаар гэрэл зураг, СД бичлэг ирүүлсэн бөгөөд энэ нь автомашины төлбөртэй холбоотой байх бөгөөд хариуцагч нь доголдолтой байдлыг нотлох чадаагүй, нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь дээрхи хуулийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.*******гаас автомашины үлдэгдэл төлбөр 1 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, 950 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч т худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг үүсээгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул талуудын хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 1 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, хариуцагч т холбогдох болон 950 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 45350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА