| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/1033/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1231 |
| Огноо | 2022-08-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1231
2022 08 19 2022/ШЦТ/1231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцогт,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т,
шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт Үенч овогт Сүхбатын Мөнгөнхуяг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ганбатын Сүхбаатарыг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 04000 0160 дугаартай 2 хавтаст хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Эмнэлэг 18 дугаар гудамжны 546 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С.М
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагч 49 дүгээр гудамжны 1134б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.С
Холбогдсон хэргийн талаар:
Г.С нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 18 дугаар гудамжны 546 тоотод байрлах монгол гэрт босоод явсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан Н.Ныг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүр, хэвлийн тус газарт өшиглөн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Х.У нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 18 дугаар гудамжны 546 тоот хашаанд босоод явсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан Н.Ныг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний хэвлий болон нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохих, цохиж унагах зэргээр зодож хүнийг алах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв,
Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.” гэв,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би талийгаачийн эхнэр. Ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ийм аймшигтай зүйл тохиолдсон. Оршуулгын зардалд 4.700.000 төгрөг авсан. Одоо надад хохирлын талаар баримт байхгүй. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.” гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 18 дугаар гудамжны 546 тоот хашаа байв. Хашааны хаалганаас ертөнцийн зүгээр баруун талд хашааны гол хэсэгт ногоон өнгийн төмөр амбаар бүхий монгол гэр байх ба гэрийн урд хатуу шороо бүхий хөрстэй, уг хэсэгт хөрсний өнгөн хэсгийн шороо бүхий хэсэгт хувцас болон гутлын мөр тогтсон. Уг хэсэгт төмөр усны тэрэгний урд талын дугуй газраас хөндийрч араг хэсэг нь газарт тулсан байдалтай ертөнцийн зүгээр баруун тийш чирэгдсэн ул мөр тогтсон байв. Уг төмөр тэрэгнээс баруун зүгт 6 метрийн зайд цагаан өнгийн ул бүхий хар өнгийн пүүз 1 ширхэг, уг пүүзний баруун талд 1 метрийн зайд 50-60 гүн 1x1.20 см хэмжээ бүхий ухсан нүхэнд баруун урагш харсан, дээш харсан байрлалтай, хөлийг хагас нугалж, 2 гарыг атгаж цээжин хэсэгтээ барьсан, биеийн дээд хэсэгт хар өнгийн куртик, цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд бүхий шороо мэт зүйлээр хиртэж бохирлогдсон байдалтай эрэгтэй хүний цогцос байв. ... монгол гэрт ач холбогдолтой зүйл илрээгүй. ... гэрийн урд талд хашааны зүүн талд байрлах хогийн цэг бүхий хэсэгт гадна хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай цагаан өнгийн даавуу байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ... цогцсыг нүхнээс гаргахад ... хамрын доод хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон. ... цогцсыг нүхнээс гарган авч үзлэг хийхэд ил харагдах гэмтэл шархгүй, хамрын доод хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байсан.” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9-11, 17-23 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн “... хамрын яс болон үзэгдэх шүд бүтэн, дээд уруул баруун талдаа овойж хавдсан, дотор талдаа 3x1 см хөхөлбөр ягаан цус хуралттай. ... духны дээд талд 2х1 см, баруун доод зовхинд Зх2 см, баруун нүдний гадна буланд 1x0.5 см, 1.5х0.5 см хүрэн улаан өнгийн хонхор зулгаралттай, баруун дээд зовхины гадна булан хэсэг хөхөлбөр ягаан цус хуралттай, бага зэрэг хаван хавдартай, баруун шууны гадна доод хэсэгт 2х2 см бүдэг хүрэн ягаан өнгийн хуучин цус хуралттай ... баруун өвдөгт Зх2 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хамрын баруун нүхнээс цус гарч хатсан, ам, чих, шээс, өтгөний сүвнээс гарсан зүйлгүй.” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн “Х.У нь толгойдоо буурал өнгийн 10 см орчим урт үстэй, 166 см орчим өндөртэй, 80 кг орчим жинтэй, гадуураа хар өнгийн өвлийн урт малгайтай куртиктэй, ногоон өнгийн саравчтай малгайтай, дотуураа саарал өнгийн малгайтай цамцтай, доогуураа бор өнгийн даавуун өмдтэй, бор өнгийн арьсан тэлээтэй, бор өнгийн өмдний дотуур улаан өнгийн нейлонон материалтай шорттой, доогуураа ягаан өнгийн даавуун 1 хос оймстой, түүний дотуур бор өнгийн ногоон оймс 1 хос, хар өнгийн үдээстэй, урт түрүүтэй 1 хос гуталтай байв. Хувцсыг тайлж нүцгэн биеийн үзлэг хийхэд шивээстэй сорви болон биед ямар нэгэн гэмтэл шархгүй байв” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаач Н.Н бид хоёр 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй, том нь 11, бага нь 5 настай. Талийгаач нөхөр маань 1988 онд төрсөн, айлын бага хүүхэд ... 2018 оноос хойш байнгын согтууруулах ундаа хэрэглэж байгаа. Талийгаач 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр гэрээсээ гараад ирээгүй. ... 2021 оны 08 дугаар сарын сүүлээр автобус баазад ажилд ороод удалгүй 09 дүгээр сарын сүүлээр ажлаасаа гарсан. Сүүлийн 3 жил ажилгүй, согтууруулах ундаа хэрэглэх болсон. Талийгаач нөхөр маань дуу цөөтэй, хүний үгээр байх гээд байдаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн муу зан байхгүй, унтаад өгдөг. ... Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 08 цагийн үед талийгаач Н.Нтай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 2 дугаар автобусны буудлын зам дээр тааралдсан. Тухайн үед эрүүл, танихгүй хүмүүстэй хамт явж байсан. Нүүр хэсэг нь хавагнасан, өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй, гадуур хоноглоод архи уугаад яваад байдаг байсан. Сүүлийн 1 жил орчим архины хамааралтай болсон. Би нөхөртөө гэртээ харь гэж хэлэхээр маргааш, нөгөөдөр харина гээд яваад өгдөг байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41, 44 дэх тал/,
Гэрч М.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өвөө Сүхбат 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нас барж, уг тоотод хүү Мөнгөнхуяг ганцаараа амьдардаг болсон. Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөнгөнхуяг ахын гэрт 15 цаг өнгөрч байхад хувцсаа угаах гээд ирсэн. Мөнгөнхуяг ах найз Сүхээ, Нямка нартай хамт архи ууж байсан. Би хувцас угаахад туслуулахаар ээжийн дүүгийн охин болох Халиуныг очиж авчирсан. Бид хоёрыг Мөнгөнхуяг ахын гэрт ирэхэд 16 цаг өнгөрч байсан. ... Ах Мөнгөнхуяг болон найзууд нь архи ууж байсан. Би дүүтэйгээ цуг хувцас угааж байтал нөгөө гурвын архи дуусаж байсан. Тэгэхэд гэгээ тасраагүй байсан. Тэгээд ах Мөнгөнхуягт гэрт хүн авчирч архи уулаа гээд уурласан. Тэгтэл ах Мөнгөнхуяг “дүү ирсэн байгаа болохоор одоо гэрээс явцгаа” гэж хэлж байсан. Нямка нь тасарсан, гэрт унтаад байсан. Тэгтэл Сүхээ, Мөнгөнхуяг ах нар босгох гээд өргөөд байсан. Тэгтэл Нямка сэрэхгүй байхаар нь Сүхээ ах нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн чинь Нямка ахын хамраас цус гарсан. Удалгүй Нямкаг Сүхээ, Мөнгөнхуяг 2 дамжлаад аваад гарсан. Удалгүй ах Мөнгөнхуяг гэрт орж ирээд унтсан. Цаг хугацааг нарийвчлан хэлж чадахгүй байна. Гэрээс гараад Нямка ахыг босгоод явуулах гэтэл сэрэхгүй унтаад байсан. Тэгэхэд гэрийн ертөнцийн зүгээр урд талд дээшээ харсан газар хэвтэж байсан. Би дүү Халиунтай 21 цагийн үед хувцсаа угааж дуусаад гэрээс гартал Нямка ах байсан байрандаа хөрвөөгөөд байж байсан. Намайг ирэхэд тэр гурвын биед ил харагдах хэсэгт гэмтэл шарх байгаагүй. ... хоорондоо маргалдсан зүйл ажиглагдаагүй. ... Нямка нь сэрэхгүй байсан болохоор Сүхээг өшиглөсөн. Хэр хүчтэй өшиглөснийг анзаараагүй пүүзтэй байсан. Би дагаж гараагүй, гэр дотроос хоорондоо маргалдаж буй чимээ шуугиан сонсогдоогүй. Би сэрээх гэж оролдсон, “гэртээ хариа” гэтэл өөдөөс “хуц” гэж хэлсэн. Манай гудамжны гэрэл хашаа руу сайн тусдаг Нямка гэдэг хүний царайг харахад хамар хэсэг нь хавдсан байсан. Өөр зүйл ажиглагдаагүй. ... Мөнгөнхуяг ахад гэрт гадны хүмүүс цуглуулж архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд 10 орчим минутын дараа гараад явсан. Намайг Мөнхтуяа эгчийн гэрт очиход 16 цаг 20 минут болж байсан байх. Тэдний гэрт ороод бэлэн гоймон идчихээд Халиунаа гэрээ цэвэрлээд хамт гарсан. ... Бид 2 гараад Мөнгөнхуяг ахын гэрт очиход 17 цаг 10 минут болж байсан. Мөнхтуяа эгчийнхээс Мөнгөнхуяг ахынх руу алхах юм бол 10 минут орчим алхдаг. ... Ах Мөнгөнхуяг талийгаач Нямжаргал дээр очоод түүний хөл рүү өшиглөөд бас хацар руу нь алгадаад босоорой гэж хэлсэн. Тэр үед Нямжаргал сэрэхгүй, босохгүй байсан ... Халиунааг вок авхуулахаар явуулсан. Халиунааг гарч явсны дараа Сүхбаатар ах босож ирээд Нямжаргалыг бос л доо гээд хамар руу нь нэг удаа өшиглөхөд цус гарсан. Тэгээд Сүхбаатар ах шалны алчуур аваад газар болсон цусыг арчиж байхад гаднаас дүү Халиунаа вок, шампунь барьсан орж ирсэн. Тухайн үед Мөнгөнхуяг ах болон Сүхбаатар нар Нямжаргалыг босооч гээд байсан ба Сүхбаатар Нямжаргалыг дахин гэдэс рүү нь нэг удаа өшиглөж байсан. Тэгээд тэр 2 Нямжаргалын гутлыг өмсгөөд 2 талаас нь сугадаад дамжлаад гэрээс гарсан. Гэрийн үүдний хэсэгт Нямжаргал, Мөнгөнхуяг 2 давхралдаж унасан. Мөн амбаарын үүдэнд дахин давхралдаж унацгаагаад байсан. Сүхбаатар ах гэртээ харина гээд 17 цаг 50 минутад явсан. Харин ах Мөнгөнхуягийг би ус дууссан гээд худаг руу усанд явуулсан. Тэр үед Нямжаргал гэх ах гадаа гэрийн амбаарын гадна хэсэгт хэвтэж байсан. Оройн 17 цаг 55 минутад Халиунаагийн эцэг Отгонбаатар машинтайгаа ирээд ширээ аваад явсан, дүү Халиунаа хамт явсан. Харин би хувцсаа угаагаад үлдсэн. Орой намайг хувцсаа угаагаад гэрээ цэвэрлээд дуусах үед гаднаас Мөнхтуяа эгч, дүү Халиунаа нар Халиунаагийн дүрэмт хувцас авахаар ирсэн. Тэр хоёр 5 минут болоод гарсан. Мөнгөнхуяг ах бид 2 тэгэхэд байж байсан. Мөнхтуяа эгч “гадаа согтуу хүн хэвтэж байна” гэхээр нь “харин тийм, Мөнгөнхуяг ахтай хамт архи уусан хүн гадаа хэвтэж байгаа, босгох гээд дийлэхгүй байна” гэхэд тэр 2 гарахдаа босгох гээд дийлээгүй гэсэн. Би орой 21 цаг 30 минутын үед ах Мөнгөнхуягийн гэрээс гарч гэртээ харьсан. ... Мөнгөнхуяг ах Нямжаргалыг гэр дотор бол гараараа нүүр рүү нь алгадсан, бас хөлөөрөө хөл рүү нь бос гэж өшиглөсөн. Гэрийн гадаа цохиж зодсон гэх асуудлыг би хараагүй. Харин Сүхбаатар гэх ах Нямжаргалын хамар руу өшиглөж цус гаргаад бас хэвлийн хэсэгт дахин нэг удаа өшиглөсөн. ... намайг орой гэрээс гарахад Нямжаргал гэрийн үүдний амбаарын урд хэсэгт өвсөн дээр толгой нь урагшаа харсан куртикээ өмссөн хэвтэж байсан. Би очоод сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь орхиод явсан. ... намайг гэрт байхад гэрийн гадна ах Мөнгөнхуяг Нямжаргалыг “босооч” гээд чанга хэлж байгаа сонсогдсон, өөрөөр цохиж зодсон асуудал сонсогдоогүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-77, 79-80 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч М.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Вок аваад эргээд ирэхэд газар хэвтэж байсан Нямка гээд ахын хамар, амнаас нь цус гарчихсан байхаар нь би Мөнгөнцэцэг эгчээс юу болсон талаар асуухад “энэ Сүхээ гээд ах Нямка гээд ахын нүүр рүү өшиглөлөө” гэж хэлсэн. Удалгүй Сүхээ гээд ах Нямка гээд ахын цээж, аймхай хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. ... Мөнгөнхуяг ах Сүхээ гэх ахтай хамт Нямка ахыг сугадаж өргөж босгоод явж байгаад гэрийн үүд хэсэгт Нямка гээд ах газар унаад Мөнгөнхуяг ах дээрээс нь давхардаад унасан ... гэрийн гадаа үүд хэсэгт шороон дээр Нямка гээд ах дахин газар унаад Мөнгөнхуяг ах дээрээс нь давхралдаж унасан. Тэр үед Сүхээ гээд ах явсан. Гэрт ороод байж байхад араас Мөнгөнхуяг ах орж ирээд усанд явсан. Би гэр рүүгээ харих гээд гарахад Нямка гээд ах гэрийн үүдэнд гадаа куртикээ нөмөрчихсөн унтаж байсан. Би хариад байж байгаад 20 цаг өнгөрч байхад ээж Мөнхтуяагийн хамт буцаж ирэхэд нөгөө Нямка гэх ах хэвтэж байсан газраа куртикээ өмсчихсөн хэвтэж байсан. Ээж бид 2 миний хичээлийн хувцас аваад гарсан ... Мөнгөнхуяг ах Нямка гээд ахыг сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь Сүхээ гээд ахад Нямкаг босгооч гэхэд Сүхээ гээд ах босож ирээд “чи босооч ээ” гэж хэлээд цээж рүү нь өшиглөчихсөн. ... би Мөнгөнхуяг ахыг сэрээгээд энэ 2 архичингаа гэрээс гаргаач гэж, эгч Мөнгөнцэцэг Сүхбаатарыг одоо босооч гээд босгосон. Мөнгөнхуяг ах босч ирээд хөөе бос гээд Нямжаргалын бие рүү цохисон, бас хөлөөрөө хөл рүү нь бос гээд өшиглөсөн. Нямжаргал сэрэхгүй амандаа бувтнаад байсан. ... гэрт ороход Нямжаргал гэрийн хойморт бөгсөөрөө суусан, хамраас нь цус гарсан байдалтай, харин Сүхбаатар гэх ах түүний газар дуссан цусыг цагаан өнгийн алчуураар арчаад гэрийн үүдэнд тавьсан. Тэгсэн Нямжаргал гэнэт хойшоогоо саваад толгойгоороо хүчтэй унасан. ... тэгсэн Сүхбаатар гэх ах Нямжаргалын хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд “хээг” гэх чимээ гарсан. Мөнгөнхуяг ах Сүхбаатартай хамт Нямжаргалыг сугадаад гэрээс гараад ... Нямжаргал гэх ахын куртикийг Мөнгөнхуяг ах нөмрүүлсэн байсан” ... ээж бид хоёрыг гэрээс гарахад Нямжаргал зүүн талаараа хэвтэж байсан ба ээж тэр ахыг “хөөе чи босооч” гээд хувцаснаас нь татахад босохгүй, баруун талаараа эргээд хэвтсэн. Тэгээд босохгүй болохоор нь бид 2 явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-85, 87-88 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2304 дугаартай “Амь хохирогч Н.Нын цогцост гавал, тархины битүү гэмтэл, дагзны ясны шугаман хугарал, тархины баруун чамархай, дагз болон духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /250 мл/, тархины 2 тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурин хэсгийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, дух, хамар, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт, баруун дээд зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, баруун шуу, бугалга, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд нас барахаас өмнө мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Гавал тархины битүү гэмтэл, дагзны ясны шугаман хугарал, тархины баруун чамархай, дагз болон духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /250 мл/, тархины 2 тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурин хэсгийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, дух, хамар, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт, баруун дээд зовхины цус хуралт, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Баруун шуу, бугалга, баруун өвдөгний цус хуралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Амь хохирогчийн цусанд 2.6, ходоодны шингэнд 2.4, шээсэнд 2.7 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. О 1 дүгээр бүлгийн цустай байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун чамархай, дагз, 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-132 дахь тал/,
Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нүүрэнд учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, энэ гэмтлүүд нь дангаараа бол үхэлд хүргэхгүй, талийгаач нь толгойн ар дагз хэсгээр унаснаар тархинд цус хуралт, дагзны ясны хугарлаас болж нас барсан байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
Яллагдагч Х.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2010 оноос хойш Да хүрээ техникийн зах дотор байдаг Дөрвөн-Өлзий захад машины явах эд ангийн засвар үйлчилгээ хийж байна. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил 16 цаг болж байхад тарсан. Миний ажилладаг газрын ойролцоо машины хальс наадаг Сүхбаатартай уулзаад 1 шил архи хувааж уугаад манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо эмнэлгийн 18 дугаар гудамжны 546 тоотод байрлах гэрт хамт ирсэн. Гэрт ирэхэд манай төрсөн эгч Мөнгөнзулын охин болох Мөнгөнцэцэг манай гэрт хувцсаа угаах гэж ирсэн байсан. Тэгэхэд манай хашаан дотор Нямжаргал согтуу хэвтэж байсан. Нямжаргалыг хаанаас ирснийг мэдээгүй. Тэгээд Нямжаргалыг сэрээгээд гэр рүү дагуулаад орсон. Гэрт манай дүү Мөнгөнцэцэг хувцас угааж байсан тул бид 3 гэрээс гараад ерөнхий боловсролын 79 дүгээр сургууль дээр очиж 0.75 литрийн Хараа нэртэй архийг би мөнгөөрөө худалдаж авч бид 3 хувааж ууж дуусгаад манай гэр рүү явцгаасан замд Сүхбаатар дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн Хараа архи авсан. Бид 3 авчирсан 1 шил архиа хашаан дотор талыг нь уугаад гэрт орж үлдсэн архийг хоол идэнгээ ууж дуусгасан. Нямжаргал хоол идсэнийхээ дараа миний орон дээр гуталтайгаа очоод хэвтсэн юм. Тэгэхээр нь би Нямжаргалыг татаж босгоод чирч гаргаад гэрийн зүүн урд талд Нямжаргалын хэвлий хэсэгт би баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Эхний удаад Нямжаргал доошоо атираад бөхийсөн дахиж баруун гараа атгаж байгаад хэвлий рүү цохиход Нямжаргал /сонин авиа гаргаад хойшоо дагзаараа дээшээ хараад унасан/ унахаар нь би гэр рүүгээ орсон. Гэртээ орж унтаж байтал шээс хүрээд байхаар нь гараад шээх гээд зогсож байтал миний урдаас гэнэт Нямжаргал босоод ирсэн. Би цочсондоо тэнэг пизда минь хүн айлгаад хаячих юм гээд баруун гараар гэдэс буюу хэвлий хэсэгт нь 1 хүчтэй цохиход урагшаа бөхийтөл би баруун гараараа дахиад Нямжаргалын зүүн шанаа хэсэгт хүчтэй 1 удаа цохиход хойшоогоо тархиараа дутуу ухсан жорлонгийн нүх рүү дээшээ хараад унасан. Тэгээд би гэр рүүгээ ороод унтаад үүр цайлгасан. Мөнгөнцэцэг гэрээс хэзээ явсныг мэдэхгүй байна. Маргааш нь өглөө гэрээс гараад хартал Нямжаргал жорлонгийн дутуу ухсан нүхэнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Амьсгалж байгаа эсэхийг нь очиж шалгахад амьсгалахгүй байсан. Манайхтай ойрхон байдаг Мөнхтуяагийн гэрт очоод Халиунаагийн утсаар цагдаад дуудлага өгсөн. ... би өөрийнхөө боломж бололцоогоо амь хохирогчийн ар гэрийнхэнд хохирлын мөнгө болох 4.700.000 төгрөгийг барагдуулсан.” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал/,
Яллагдагч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаач Н.Ныг Мөнгөнхуягийн гэрээс согтуу гарахгүй байхаар нь нүүр, гэдэс хэсэгт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үнэн, миний буруу би өөрийн хэргээ бүрэн дүүрэн хүлээж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/04139 дугаартай шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 956 дугаартай “Х.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт үгүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 955 дугаартай шинжээчийн“Г.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу 1 ширхэг, /1 дүгээр хавтаст хэргийн 251 дэх тал/,
Гэрч С.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхээсээ зургуулаа, Х.У бол хамгийн том ах. Миний ах бусдад их тусархаг, хүнтэй эвтэй, хар бор ажилд сайн, Да хүрээ зах дээр машин засаж олсон мөнгөөрөө амьдралаа авч явдаг, харин сүүлийн 1 жил архинд орж өдөр алгасалгүй уудаг болсон, тэгэхдээ манай ах архи уусан ч ямар нэгэн муу зуршилгүй агсам согтуу тавьдаггүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/,
Гэрч Д.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү Ганбатын Сүхбаатар айлын 6 хүүхдээс дээрээсээ 2 дахь хүүхэд. Миний хүү Г.С нь бага насаа цэцэрлэгт явж байгаагүй, харин ерөнхий боловсролын 79 дүгээр сургуульд 1989 онд элсэн орж суралцаж байгаад 8 дугаар ангиа төгсөөд гарсан. Цэргийн албанд явж байгаагүй, 2007 онд эхнэртэй болж, дундаасаа нэг охинтой. Эхнэр нь 2012 онд өвчний улмаас нас барсан. Манай хүү Г.С ажил төрөл хийж үзээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10/5482 дугаартай “Г.С нь улсын бүртгэлийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээний бүртгэлд хамрагдаагүй байна.” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал/,
Төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.У, Г.С нар нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол Х.Уийн өмгөөлөгч Ж.Болдбаатараас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх байр суурь илэрхийлсэн байна.
Тодруулбал, “хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинж нь эргэлзээтэй, гэрч М.Мөнгөнцэцэг, М.Халиун, шүүгдэгч Г.С нарыг явснаас хойш шүүгдэгч Х.У унтаж байгаад шөнийн цагаар бие засахаар гарсан гэх хугацаанд талийгаач биеэ хамгаалах чадвартай болсон эсэх, сэргэсэн эсэх нь тодорхойгүй байхад дээрх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж мэтгэлцсэнийг дурдах нь зүйтэй.
Гэрч нарын мэдүүлгээр 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчим гэрт байхад талийгаачийг хэд хэдэн удаа цохих үед огт эсэргүүцэл үзүүлээгүй, 2 талаас дэмнэн сугадаж гэрээс гаргасан, үүнээс хойш 4-5 цагийн хугацаанд хашаанд анх хэвтсэн газартаа байсан болох нь,
Шүүгдэгч Х.Уийн мэдүүлгээр унтаж байгаад сэрээд шөнө бие засахаар гарах үед талийгаач нь мөн адил гадаа хашаанд байсан болох нь,
2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн шинжилгээгээр талийгаачийн цусанд 2.6, ходоодны шингэнд 2.4, шээсэнд 2.7 промилли спиртийн зүйл илэрсэн, энэ нь согтолтын хүнд зэрэг болох нь тус тус тогтоогдож байна.
Эндээс үзэхэд талийгаач нь согтолтын байдлаасаа болж эсэргүүцэл үзүүлж, биеэ хамгаалж чадаагүй, олон цагаар гадаа хэвтэж, босоод явах чадваргүй байсан гэж дүгнэх бүрэн боломжтой юм.
Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцогтоос “Шүүгдэгч Х.У, Г.С нар гэртээ архидан согтуурч хамт архи ууж найзыгаа зодож амь насанд нь халдаж амь насыг нь хохироосон нь хэрэг бүртгэлтийн явцад нотлогдсон байна. Хохирогч согтуу биеэ авч явах чадваргүй болсон үед нь зодож амь насанд хүрсэн байна. Иймд Х.У, Г.С нарын хийсэн хэрэгт хуулийн дагуу шийтгэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.С нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 18 дугаар гудамжны 546 тоот хашаан дахь монгол гэрт хохирогч Н.Ныг босоод явсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний нүүр, хэвлийн тус газарт өшиглөн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.У нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 18 дугаар гудамжны 546 тоот хашаанд Н.Ныг босоод явсангүй гэж үл ялих зүйлээр шалтаглан, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний хэвлий болон нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохих, цохиж унагах зэргээр зодож хүнийг алах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т, гэрч М.Мөнгөнцэцэг, насанд хүрээгүй гэрч М.Халиун, яллагдагч, шүүгдэгч Х.У, Г.С нарын мэдүүлэг, цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.У, Г.С, талийгаач Н.Н нар танилын харилцаатай байсан ба 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хамтдаа архи ууж, Х.Уийн гэрт үргэлжлүүлэн ууцгаасан, хэтрүүлэн хэрэглэж согтоцгоосон, Х.Уийн хамаатны дүү нар энэ байдалд дургүйцэж уурласан, тэдний гэрээс явах гэхэд талийгаач Н.Н босохгүй, сэрэхгүй, хөл дээрээ тогтохгүй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүйгээр согтсон байсан, Г.С нь талийгаач Н.Ныг авч гарах гээд дийлээгүй, боссонгүй гэж нүүр болон хэвлий тус газарт нь өшиглөсөн, талийгаачийн хамраас цус гарсан, Х.У, Г.С нар унаж тусан байж талийгаач Н.Ныг 2 талаас сугадан гэрээс гаргасан, Г.С 17 цагийн орчим явсан, Х.У нь хашаанд талийгаач Н.Нын хэвлийн тус газар 2 удаа цохиход дагзаараа савж унасан, Х.Уийн дүү 22 цаг орчимд хашаанаас гарч явахад талийгаач Н.Н хашаанд хэвтсэн байдалтай үлдсэн, Х.У гэртээ орж унтаж байгаад шөнө дахин гарч ирээд талийгаачийн хэвлий болон шанаан тус газарт цохиход дутуу ухсан нүх рүү унасан байсан, маргааш нь 12 цагийн орчим сэрээд харахад Н.Н нас барсан байсан, улмаар цагдаагийн байгууллагад хандсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд, Х.У нь хүний амьд явах эрхэд хүч хэрэглэн халдсан үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул тус гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Г.Сын үйлдэл талийгаач Н.Нын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, Х.Уийн үйлдэл Н.Нын амь нас хохирсон хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдал гэж бага насны эсхүл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсныг,
Энэ байдлыг мэдсээр байж гэж хохирогчийн орчиндоо харьцах харьцаа, биеэ авч яваа байдал, хариу үйлдэл, эсэргүүцэх чадвар зэргээр биеэ хамгаалах чадваргүй, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг мэдсэн ухамсарласан байх, мэдэх бүрэн боломжтой байхыг тус тус ойлгоно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ.
Иймд Г.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн, Х.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, согтуурсан, бусдад зодуулсан байдалтай хүнд тусламж үзүүлэлгүй орхиж явсан байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу оршуулгын зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч нийт 11.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүгдэгч Х.У нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тд 4.700.000 төгрөг төлсөн тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.У, Г.С нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 16 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч Х.Уийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч Г.Сын зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд хүнд гэмт хэрэгт хамаарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Х.Уийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Шүүгдэгч Г.Сын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд Х.У, Г.С нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ гэмшин дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, ахуйн хүрээнд, согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан, хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан, хор уршиг арилахгүй, нөхөгдөхгүй гэх шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Ст гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, ахуйн хүрээнд, согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан, хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлтэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Х.Ут шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Х.У нь энэ хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс энэ өдрийн хүртэл 206 цагдан хоригдсон бөгөөд энэ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт Г.С нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 43 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 43 хоногийн 1 хоногийг 8 цагтай дүйцүүлэн тооцож 344 цагийг эдлэх ялаас хасаж, эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 376 цагийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ст тайлбарлан мэдэгдвэл зохино.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураасан цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай цагаан өнгийн даавуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Х.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.М-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн”,
Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Х.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Ут шүүхээс оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Х.Уийн цагдан хоригдсон нийт 206 /хоёр зуун зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Г.Сын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож 344 /гурван зуу дөчин дөрөв/ цагийг эдлэх ялаас хасаж, эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 376 /гурван зуун далан зургаа/ цагийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Уаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тд 4.700.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Х.Уаас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.У, Г.С нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Х.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС