| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0161/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/169 |
| Огноо | 0218-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0218 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мэд холбогдох эрүүгийн 1825000000156 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1976 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 4-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мод овогт Шаандарын М РД /ФБ76031012/
Прокуророос,шүүгдэгч Ш.Мийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 4-р гудамжны 8 тоот хашаанд В.Тын нуруунд зүүн далны дээд хэсэгт хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 4-р гудамжны 8 тоотод Ш.М В.Т нар хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Ш.М нь гэрээсээ хутга авч гарч В.Тыг хашааны хаалгаар гарах гээд явж байхад нь араас нь нуруунд зүүн далны дээд хэсэгт хутгалан биед зүүн далны дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р хуудас/, хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 41-42-р хуудас/, хохирогч В.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн .... “2018 оны 03 дугаар сарын 26-ны орой ...орой 22 цагийн үед Мийн гэрт очоод тэнд бас 1 шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архи уусан. Тэгээд бид нар гэрээс нь гарцгаасан. Манай хоёр найз болох Энхбаяр, Энхболд хоёр гэрээс нь түрүүлээд гараад явцгаасан. Би араас нь гарч байхад ар нуруу руу халуун оргиод явчихсан юм. Тухайн үед би яг юу болоод байгааг сайн ойлгоогүй. Гэрээс нь гараад гудамжны үзүүр хүртэл явж байгаад урд явж байсан хоёр найз руугаа орилоод газар унасан. Энхболд, Энхбаяр хоёр шууд хүрч ирээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 300 дугаартай: ” ... В.Отгонбаярын биед нуруунд зүүн далны дээд хэсэгт шарх үүсчээ. Уг гэмтлүүд нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 75 дугаартай “Саарал өнгийн ханцуйтай цамц нь ар талын хүзүүний захны дээд ирмэгээс 4.3 см, цамцны арын зүүн ханцуйны арын залгааснаас 17.5 см зайд 12*2 мм хэмжээтэй тэгж нэг чиглэлд утаснууд тасарсан урагдалуудтай байна. Гэмтлүүд биеийн аль хэсэгт байсан бэ? гэх асуултанд хариулах боломжгүй. Хувцасанд үүссэн гэмтлүүд нь нэг талдаа иртэй хатуу биетээр нэг удаагийн хатгах үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Гэмтлийн хутгаар үүсгэсэн байж болно. Үйлдэгдсэн багаж эд зүйлийн хэмжээг тодорхойлох боломжтой, үүний тулд хутганд харьцуулах шинжилгээ хийнэ.” гэх дүгнэлт, гэрч Л.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд орой 22 цагийн үед гаднаас Мийн танил Энхбаяр хоёр найзынхаа хамт 1 шил 0.75 гарммын “Ерөөл” нэртэй архи барьчихсан орж ирээд Энхбаяр, Энхболд, Т, М нэр архиа хувааж уусан. М Энхбаярыг чи Баяраа байна гээд согтуу хэлээд байсан чинь Энхбаяр би Баяраа биш Энхбаяр гээд ихэр нь байна гэж хэлтэл дундуур нь Т ороод Баяраа биш Энхбаяр за юу гээд байснаа хэрүүл хийгээд байхаар нь М одоо бид нар унтаж амармаар байна гээд хэлчихсэн чинь Т гэрээсээ хөөлөө гээд амандаа үглэж байгаад гарсан. Эхлээд Энхболд Энхбаяр нар түрүүлээд гэрээс гарсан дараа нь Т гэрээс гараад хаалга хаахгүй дэлгэчихээд Мийг гараад ир гээд зогсоод байсан чинь М араас нь гарсан. Хашаан дотор хүмүүс хэрүүл хийгээд байгаа дуу чимээ гараад байхаар нь араас нь гараад хартал хашаан дотор М Т хоёр маргалдаад зогсож байгаа нь харагдсан. Тэгээд би Мийг очиж аваад гэр рүүгээ орсон юм. Тэгээд бид нар унтах гээд хэвтэж байхад Энхбаяр манай гэрийн хаалгыг нүдэж орж ирээд танай хүн чинь Тыг хутгаар зүсээд хаячихлаа цагдаа дуудсан гэж хэлээд гараад явсан. Удалгүй гэрийн хаалга нүдээд байхаар нь онгойлготол цагдаа байсан. гэх мэдүүлэг, гэрч З.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн... “... Энхболдтой гудамжинд явж байхад араас Т дуудах шиг болсон. Энхболд бид хоёр Т дээр очтол манийг чинь хутгалчихлаа гэж хэлээд өмсөж явсан цамц подволкоо тайлаад цусаа үзүүлсэн. Би тэр хооронд Мийн гэр рүү орох гэсэн боловч хаалга цоожилчихсон байсан болохоор хаалгыг нүдэж байгаад онгойлгуулсан. Тэгээд Мээс яагаад хүн хутгалж байгаа юм бэ гээд асуусан чинь би ерөөсөө юуч мэдэхгүй байна гэхээр нь чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн...”Бид хоёрыг гудамжинд явж байхад араас Т бид хоёрыг дуудахаар нь эргээд хартал Т ирж байгаа нь харагдсан. Тэгээд яваад очтол мань чинь хутгалуулчихлаа гэж хэлээд хашааны буланд суучихсан юм. Энхбаяр буцаад Мийн гэр рүү орох гээд явчихсан юм. Харин би Ттай сууж үлдээд цагдаа болон түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн... “....Тэгээд гэрт М ахыг тэр гурван залуугийн тарган шар залуу /цэнхэр хувцастай, цагаан өнгийн биеийн тамирын өмдтэй явсан/ нь гараараа түлхээд унагаачихсан. Тэгээд гэрээс бүгдээрэй хэрэлдээд зууралдаад гарцгаасан. Гадаа гараад зодоон хийгээд байгаа бололтой хэрэлдэж маргалдах орилж хашгирч байгаа дуу чимээ гараад байсан ба тэгсэн М ах ганцаараа орж ирээд хоолны шүүгээний тэндээс л нэг юм аваад гарсан ба юу авсныг нь хараагүй. Тэгсэн манай эгч гаднаас уйлаад ороод ирсэн ба манай хүн, хүн хутгалчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд тэр хүмүүс байж байхад удаагүй цагдаа ирээд үзлэг хийгээд байх шиг байсан... гэх мэдүүлэг, шүүгдэгч Ш.Мийн яллагдагчаар өгсөн....”Пиво ууж дуусаад дэлгүүр орж 2 шил 0.5 граммын “Их Монгол” нэртэй архи аваад ганцаараа уусан. Манай эхнэр дүү хоёр архинаас амсаагүй. Намайг архиа ууж дуусаагүй байхад гаднаас манай найз Энхбаяр хоёр залуутай орж ирж байгааг санаж байна. Тэд нар нэг шил архи гаргаж байсныг санаж байна. Тэгээд цаашаагаа чухам юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн эрүүлжүүлэх байранд ирсэн байсан...” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогчид хохирол болох 90000 төгрөг өгсөн, үлдсэн 210 000 төгрөгийг ажил хийж байгаад барагдуулна гэж тохирсон” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ш.М 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум рашаант багийн 4-р гудамжны 8-тоотод гэртээ хамт архи уусан В.Тыг хашааны хаалгаар гарах гэж явахад нь араас нь нуруунд нь зүүн далны дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан, санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас В.Тын биед гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний биед хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-48-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогчийн хохирол төлбөрт 90 000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ханцуйтай цамц 1ш, хөх өнгийн богино ханцуйтай 1 ширхэг цамцыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заасан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч М овгийн Шын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ш.Мэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сард 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн ханцуйтай цамц 1ш, хөх өнгийн богино ханцуйтай 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч В.Тт /Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 9-6 тоот, утас 99400646/ буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч В.Т иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих
эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ