Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2018/00674

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/ нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-т холбогдох, 

 

44 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013.06.12-ны өдөр Ж.Эрдэнбилэг нь надаас 200 сая төгрөгийг зээлнэ гэж байсан боловч эхлээд  35 сая төгрөгийг авахаар болж миний бие банкнаас 35 сая төгрөгийг авч Ж.*******тэй гэрээ хийж өгсөн. Гэтэл Ж.******* нь мөнгөө авснаасаа хойш утсаа авахгүй, сураггүй болж байгаад 2014.06.18-ны өдөр 50 000 төгрөг, 100 000 төгрөг 2017.04.08-ны өдөр 50 000 төгрөг, мөн мөнгөн аягыг нь 600 000 төгрөгөөр ломбарданд тавьж 600 000 төгрөгийг авсан. Дараа нь мөн Баатар гэх хүнээс 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4 сая төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 3 сая 200 000 төгрөг авч нийт Ж.*******ээс авах ёстой авлагаасаа  7 200 000 төгрөгийг авсан.  Гэрээнд заасны дагуу үндсэн мөнгө 35 000 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг болоод нийт 5 250 000 төгрөг болж байгаа. Үүнээс авсан 8 сая төгрөгөө алдангаас  хасаад үлдэгдэл 44 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад нь би байцаагчтайгаа уулзаад Ж.******* надтай уулзахгүй байна надтай уулзуулаад өгөөч гэтэл байцаагч надад мөнгөн аяга өгсөн тэрийг зарж борлуулаад хохирол  төлбөрт өгчих гэсэн гээд би байцаагчтай нь хамт явж Мөнгөн-Ундрал гэх ломбарданд байцаагчийг Ж.*******тэй утсаар яриулж байж 600 000 төгрөгөнд тавьсан. Хүүг нь Ж.******* төлөөд хугацааг нь сунгаж байгаа. 2014 онд цагдаад хандсан боловч иргэний хэрэг гээд татгалзсан. Би энэ хүнээс болж маш их хохирч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

35 сая төгрөгийг авсанд маргаан байхгүй, 8 сая төгрөгийг өгсөн. Цагдаагийн байгууллагад 15 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяга хүлээлгэж өгсөн.Энэ мөнгөн аяганы мөнгөө хасуулах гэтэл Баттөр байцаагчид яаж хүлээлгэж өгсөн талаарх баримт байхгүй. Иймд мөнгөн аяганы 15 сая төгрөг, өгсөн 8 сая төгрөгийг хасаад үндсэн мөнгө 12 сая төгрөг, алданги 6 сая төгрөг гээд нийт 18 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Я.*******т холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35 000 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг нийт 44 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.******* нь 18 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдсэнийг нь төлөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Я.******* нар нь 2013 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг, 17 хоногийн хугацаатай, 0,6 хувийн хүүтэй, барьцаагүй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Я.*******т бэлнээр 35 000 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрт 8 000 000 төгрөг өгсөн талаар талуудын тайлбараар тогтоогдож энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь гэрээний дагуу нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг 35 000 000 төгрөгийг 1760 хоног хугацаа хэтрүүлсний алдангийг хуулинд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 17 500 000 төгрөг нийт 52 500 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлбөрт шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг алдангийн үнийн дүнгээс хасч үндсэн төлбөр 35 сая, алданги 9 500 000 төгрөг нийт 44 500 000 төгрөг гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь Я.*******т 200 сая төгрөг зээлүүлсэн боловч өгөхгүй байна гэсэн гомдлыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасныг шалгаад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3109 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолоор “...иргэн Ж.*******аас гаргасан Я.*******т 200 сая төгрөг зээлүүлсэн чинь өгөхгүй байна гэх гомдол мэдээлэлийг хүлээн авч хянахад дээрх маргаан нь иргэд хоорондын маргаан бөгөөд иргэний журмаар шүүхээр шийдвэрлэбэл зохих асуудал” гэсэн үндэслэлээр татгалзсан байна. / хх-ийн 18 дахь тал/

 

Ж.*******ын прокурорын тогтоолд гаргасан гомдлыг хүлээн авч Нийслэлийн Прокурорын газрын 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч Чингэлтэй дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2658 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд дээд шатны прокурорт гомдол гаргасныг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/117 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. / хх-ийн 51 дэх тал/

Мөн Ж.*******ын гомдлыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан гомдлыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/775 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Мөн Ж.*******ын гомдлоор 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 5/87 дугаартай албан бичгээр гомдлын хариу мэдэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан бөгөөд Ж.******* нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаад Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/775 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, түүнээс хойш хугацаа тоолоход гэрээний үүрэгт эй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Я.******* нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байх хугацаандаа 15 сая төгрөгөнд бодож мөнгөн аяга өгсөн тул үнийг хасаж тооцно гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Ж.******* нь шүүх хуралдаанд ....Я.******* нь цагдаагийн газар шалгагдаж байхдаа 2017 оны 8 дугаар сард мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Баттөрд мөнгөн аяга өгснийг Я.*******ийн зөвшөөрлөөр миний бие охин М.Мөнхчимэгийн нэрээр Мөнгөн ундарга ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 600 000 төгрөг авсан, энэ нь хариуцагаас авсан 8 сая төгрөгөнд орсон гэсэн тайлбар гаргаж Мөнгөн ундарга ХХК-ны барьцаалан зээлдүүлэх  үйлчилгээний 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг барьцаалж 600 000 төгрөг авсан гэрээ, ирүүлсэн бөгөөд гэрээ байгуулснаас хойш Я.******* сар бүр төлбөр төлж хугацаа сунгаж байсан болох нь нотлогдож байх тул  хариуцагчийн 15 сая төгрөгөнд мөнгөн аяга өгсөн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд Зээлийн гэрээний 5-д Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг зээлэгчид төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар хариуцагч Я.*******ээс үндсэн зээл 35 000 000 төгрөг, алданги 9 500 000 төгрөг нийт 44 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Я.******* нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд оролцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:           

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.*******ээс 44 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 380450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.*******ээс 380450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА