Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Хохирогч Г.Ц

Хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Д.Оюунчимэг

Шүүгдэгч А.С, Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1825000570053 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн

Прокуророос ,шүүгдэгч А.С, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн 2018 оны 01 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг ”Их хаадын цуваа” ХХК-ний 4-р байранд Г.Цид хүч хэрэглэн эд зүйлийг дээрэмдэн авч 399500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 05 цагийн орчим Орхон аймгийн БаянӨндөр сумын Цагаанчулуут багийн нутаг ”Их хаадын цуваа” ХХК-ний 3-р байрны 9 дүгээр давхарт Г.Цийг хэвтэж байхад А.С, Б.Б нар гаднаас орж ирж А.С нь “утас байвал яриулчих” гээд “байхгүй” гэхэд нь “битгий худлаа шаагаад бай гээд толгой руу нь цохисон. Цийг доош шатаар гүйхэд нь араас нь Б.Б очиж толгой орчим руу нь өшиглөж зодож цүнхийг нь авч доошоо буусан Г.Ц араас нь гарч харахад буцаад ирж байхаар нь гаражид орж утсаа машины доогуур нуугаад өөрөө нуугдсан. Б.Б түүнийг олоод “утсаа гаргаж өг” гэж нуруу руу нь цохиж утсыг нь машин дороос гаргуулж аваад “кодоо хэл” гэж гар далайн сүрдүүлж өшиглөсөн. Энэ үед С орж ирж утсыг нь авахад Б.Б дахин өшиглөөд гарч явсан. Гар утсыг 100,000 төгрөгөөр зарж, цүнхийг А.С авч явсан. Г.Цийн биед нэг шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй болсон баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, нүдний салстад цус харвалт зэрэг хөнгөн гэмтэл үүсчээ. Шинжээч Г.Цийн эд зүйлийг 399500 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, хүлээн авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-8-р хуудас/, хохирогч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн... Би...4-р байрны 9 давхарт ороод хэвтэж байсан чинь 20 орчим насны зүс таних 2 эрэгтэй хүн орж ирээд юу байна утас байвал яриулчих, бид хоёр хоног төөрүүлж явна гэхээр нь би утас байхгүй гэсэн чинь битгий худлаа шаагаад бай гэж хэлснээ миний толгой руу 2 удаа цохиж унасан хойно дээрээс өшиглөж байснаа миний бор арьсан цүнхийг минь аваад явчихсан. Тэгэхээр нь би тухайн хоёр залууг хаашаа явахыг нь харах гээд араас нь гартал уг хоёр залуу дахиж ирээд тус байрны подвальд толгой руу цохиод гар утсаа гаргаж өг гээд зодоод байхаар нь би гар утсаа гаргаж өгсөн чинь тухайн хоёр залуу яваад өгсөн...9 давхарт байхад С гэдэг нь цохиод миний гарнаас цүнх булаахаар нь би цүнхээ өгөхгүй гэж татахад оосор нь тасарчихсан. Тэгээд би шатаар зугатаахад араас Б гэдэг нь гүйж ирж шатан дээр барьж аваад өшиглөсөн. Миний цүнх унахад би авах гээд тонгойход араас дахин өшиглөсөн. Би нүүрээ дараад суухад миний цүнхийг авчихсан. Тухайн үед миний баруун нүд рүү өшиглөсөн. Тэр 2 миний цүнхийг аваад орцноос түрүүлээд гарахаар нь би араас нь гараад хаашаа явж байгааг нь харахад Хүүхэд залуучуудын төвийн харалдаа явж байсан. Би цагдаад дуудлага өгөх гэсэн боловч утасны цэнэг дуусчихсан байсан. С Б нар эргээд ирж байхаар нь миний утсыг авч магадгүй гэж бодоод байрны доод талын гараж руу ороод зогсоол дээр байсан приус20 машины урд дугуйны амаржин доогуур утсаа нуусан. Тэр 2 намайг хайгаад яваад байсан. Би гаражид суугаад нуугдаж байхад С намайг бариад авсан. С намайг гаражаас гаргаад утсаа гаргаад ир гэж сүрдүүлсэн. Би утас байхгүй гэхэд миний нуруу руу нэг удаа цохисон. Б хажуунаас цохих гээд байх шиг байхаар нь би айгаад утсаа нуусан газраа хэлэхэд БатИрээдүй гараж руу надтай орж утсыг авсан. Утасныхаа кодыг хэл гээд гар далайгаад байсан. Миний утас унтарсан, цэнэггүй байгаа код хийж болохгүй гэхэд цохих гээд байсан. Тэр үед гаднаас С орж ирээд Бгээс утсыг аваад гарсан. Б намайг 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн... Сгаас юу болоод байгаа талаар асуухад нэг хүүхэдтэй таарахад намайг цүнхээрээ цохисон. Тэр үед би доошоо суухад нөгөө хүүхэд доошоо гүйгээд явсан. Надтай хамт явж байсан хүүхэд нөгөө хүүхэдтэй зодолдсон. Хохирогчийн шүднээс цус гарчихсан байхаар нь би харахад шүд нь завсар гарчихсан юм шиг байхаар нь би асаагуурын гэрэлээр тусгаж харахад хамт явж байсан хүүхэд явъя гэж хэлсэн. Тэр үед хохирогчийн гар утсыг нь авчихсан байсан гэж хэлсэн. С нөгөө хүүхдээсээ хаанаас гар утсыг нь авсан юм бэ гэж асуухад Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн доороос авсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн...Бгээс тодруулахад найзынхаа гэрт хонох гэж байгаад байхгүй болохоор нь 9 давхарт гарахад танихгүй нэг залуу томроод цүнхээрэй цохисон. Тэгэд зодоон хийсэн гэж ярьсан. Дараа нь С гар утсыг нь аваад ир гэж хэлээд явуулсан гэж хэлсэн ”гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № 110 дугаартай: “...Г.Цийн нэг шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй болсон баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр цохих өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, “Бан Хас” ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/э-0025 дугаартай шинжээчийн эд зүйлийн үнэлгээ нийт 399 500 төгрөг гэх дүгнэлт, шүүгдэгч А.Сгийн яллагдагчаар өгсөн ...”Б Цэндээгийн араас гүйгээд очсон. Би газар уначихсан байсан малгайгаа авчихаад араас нь очиход 8 давхарт Б Цэндээгийн нүүрэн тус газарт цохиж байсан. Би Бг салгахад Цэндээ доошоо гүйгээд явчихсан. Тэр үед Цэндээ шатан дээр цүнхээ орхиод явчихсан байхаар нь би цүнхийг нь аваад Бгийн хамт орцноос гарахад Цэндээ миний нүүрнээс цус гарчихлаа ш дээ гэж хэлэхээр нь би Цэндээгийн нүүрийг харах гээд гар чийдэн байхгүй байсан. Б Цэндээг гар утсаа гаргаад ир гэхэд Цэндээ миний утас байхгүй гэж хэлэхэд Б Цэндээг дагуулаад гараш руу орсон. Удалгүй Б гаражаас гарч ирээд би гар тусыг нь авчихлаа гэж хэлээд бид хоёр хамт явсан...Тэгээд Бгийн гэрт очиж унтсан. Цэндээгийн цүнхийг орцны шатан даар байхаар нь аваад Бн гэрт авчирсан. Утсыг нь маргааш нь Тэди төв дээр 100,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.БатИрээдүйгийн яллагдагчаар өгсөн....” тэгээд С бид хоёр гаражнаас нөгөө эрэгтэйгийн хамт гараад нүүр царайг нь харахад нүүр нь сайн харагдахгүй байсан. Тухайн үед их харанхуй байсан. Би тэр эрэгтэйг утасныхаа гэрэлийг гаргаад ирээч чиний нүүрийг харах гэсэн юм гэхэд утас байхгүй байна гээд надтай хамт гараж руу орсон. Нөгөө эрэгтэйгийн хамт гаражид утсыг нь хайж байгаад саарал өнгөтэй приус 20 маркийн машины хойд дугуйны харалдаагаас олсон. Байрны гадаа нөгөө эрэгтэйгийн гар утасны гэрэлээр нь тусгаж харахад С гоё утас байна авчих уу гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд утсыг нь авчихсан. Нэг удаа мөр хэсэг рүү нь гараараа цохисон. С гар утсыг нь барьчихсан орцноос гарч ирсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг 9 давхарт хэвтэж байхад С ирээд “юу байна утас байна уу” гэсэн би “байхгүй” гэхэд “битгий худлаа шаа” гээд толгой руу 2 цохисон. Би доошоо зугатсан. БатИрээдүй нь хойноос ирж зодсон. Нүд рүү цохихоор нь доош суусан чинь өшиглөсөн. Тэр хооронд цүнхийг авч явсан шиг байна лээ.Би хойноос нь гарч харахад буцаад ирж байсан. Би айгаад гар утсаа гаражид машины доогуур нуусан. Намайг хайж олоод “утсаа гаргаж өг” гэсэн. Би айгаад явуулъяа гэж бодоод утсаа гаргаж өгсөн. Утсыг маань авчихаад “эртхэн гаргаад өгчихгүй” гээд өшиглөчихөөд яваад өгсөн.1 шүд суларсан. Түр ломбодсон байгаа тул авч имплант хийлгэх шаардлагатай байгаа. 5,500,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хүмүүс 3,500,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт:...9 давхарт унтах гээд гартал хохирогч согтуу байсан. Би шатан дээр суугаад байж байхад С нөгөө залуу дээр очоод юм яриад байсан. Тэгтэл нөгөө залуу барьж явсан цүнхээрээ Сг хальт цохичихоод доошоо алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь бид араас нь очоод нөгөө залууг зодоод орцноос гарсан. Нөгөө залуу гаражид байсан. Тэгээд бид хоёр араас нь ороод гар утасыг нь машин дороос олж аваад тэр залууг 2 цохичихоод гараад явсан” гэж, шүүгдэгч А.С....Тэгээд бид хоёр уг байрны 9 давхарт гарахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг залуу шатан дээр сууж байсан. Тэгээд бид хоёр нөгөө залуугийн хажууд сууж байтал нөгөө залуу намайг компьютер тоглодог биз дээ гэж хэлэхээр нь би тийн гэж хэлэхэд буруу “ахилт авсан бацаан” гэж хэлээд нүүр рүү цүнхээрээ цохичихоод яваад өгсөн. Цүнхээ орхиод зугатаасан. Тэгэхэд Ирээдүй араас нь очоод цохисон. Би араас нь очиж салгаад Ирээдүйг аваад орцноос гарсан. Тэгээд буцаж ороход нөгөө залуу гараж руу орсон байсан. Бид хоёр очоод нөгөө залууг нэг цохисон. Утсыг нь Б авсан байсан” гэж тус тус мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэргийн нөхцөл байдлыг нотолсон хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээс ноцтой зөрүүгүй байна. Шүүгдэгч А.С, Б.Б нар 2018 оны 01 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 05 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг ”Их хаадын цуваа” ХХК-ний 3-р байрны 9 дүгээр давхарт тааралдсан Г.Цид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж биед нь гэмтэл учруулж гар утас, цүнх зэрэг эд зүйлийг нь авч 399,500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, 3-р байрны автомашины зогсоолын /гараж/ камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат тайлбарлахдаа: С хохирогчид хүч хэрэглэсэн нь хангалттай нотлогдоогүй. Мэдүүлгүүд зөрүүтэй. Утсыг гаргаад ир гэж нэхсэнийг довтолгоо гэж үзэх үү. Б утсыг нь авчихаад кодыг нь нэхэж байхад С орж ирсэн. Эхлээд хохирогчтой зодоон хийгээд гарч яваад бүр Хүүхдийн ордоны тэнд явж байгаад эргэж орж утсыг нь авсан байдаг. Энэ нь анхнаасаа утсыг нь авах зорилгогүй байсныг харуулдаг. Улсын яллагч нотлогдоогүй зүйлээр буруутгаж байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбарлахдаа: Б гар утсыг нь авсан боловч дээрэмдэж аваагүй гэж үзэж байна. Цүнх дээрэмдсэн нь тогтоогдоогүй. Утсаараа яриулчих гэсэн. Дээрэмдэхийн тулд хүч хэрэглээгүй. Утсыг авсны дараа өшиглөөд гарч явсан байдаг. Байран дотор зодсон. Харин гаражид хүч хэрэглэж утас авсан гэх нотолгоогүй. Зүйлчлэл буруу гэж үзэж байна гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийнн “...утас байвал яриулчих, бид хоёр хоног төөрүүлж явна гэхээр нь би утас байхгүй гэсэн чинь битгий худлаа шаагаад бай гэж хэлснээ миний толгой руу 2 удаа цохиж унасан хойно дээрээс өшиглөж байснаа миний бор арьсан цүнхийг минь аваад явчихсан. Тэгэхээр нь би тухайн хоёр залууг хаашаа явахыг нь харах гээд араас нь гартал уг хоёр залуу дахиж ирээд тус байрны подвальд толгой руу цохиод гар утсаа гаргаж өг гээд зодоод байхаар нь би гар утсаа гаргаж өгсөн чинь тухайн хоёр залуу яваад өгсөн... С Б нар эргээд ирж байхаар нь миний утсыг авч магадгүй гэж бодоод байрны доод талын гараж руу ороод зогсоол дээр байсан приус-20 машины урд дугуйны амаржин доогуур утсаа нуусан. Тэр 2 намайг хайгаад яваад байсан. Би гаражид суугаад нуугдаж байхад С намайг бариад авсан. С намайг гаражаас гаргаад утсаа гаргаад ир гэж сүрдүүлсэн. Би утас байхгүй гэхэд миний нуруу руу нэг удаа цохисон. Б хажуунаас цохих гээд байх шиг байхаар нь би айгаад утсаа нуусан газраа хэлэхэд БатИрээдүй гараж руу надтай орж утсыг авсан. Утасныхаа кодыг хэл гээд гар далайгаад байсан. Миний утас унтарсан, цэнэггүй байгаа код хийж болохгүй гэхэд цохих гээд байсан. Тэр үед гаднаас С орж ирээд Бгээс утсыг аваад гарсан. Б намайг 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт авагдсан дүрс бичлэг давхар нотолсон. Дүрс бичлэгт 05:08:20 цагт бичлэг эхлэхэд цайвар өнгийн малгайгүй куртиктэй залуу эрэгтэй хүн нүүрээ дарж холхиж байхад 05:09:06 цагт гаражын хаалгаар урт, богино цайвар өнгийн малгайтай хүрэмтэй 2 залуу эрэгтэй хүн орж ирээд богино куртиктэй хар гуталтай эрэгтэй нь гаражид байсан эрэгтэйг ээрч гараа далайж хоргооно. 05:12:43 цагт 3-уул хаалгаар гарсан. 05:17:05 цагт гаражид байсан намхан нуруутай эрэгтэй нүүрээ гараараа дарсан байдалтай орж ирэхэд араас нь цамцны малгай өмссөн богино куртиктай хар гуталтай эрэгтэй хүн орж ирээд камерийн доор байрлах машиныг тойрч гарч ирэхдээ зүүн гартаа утас мэт зүйл барьж гаражид байсан намхан нуруутай нүүрээ дарсан эрэгтэйг хоргоож, намхан залуу өөрийгөө гараараа хамгаалах мэт хөдөлгөөн хийж доош суухад нь утас барьсан эрэгтэй тонгойж толгой руу нь алгадаж, дахин цохиж өшиглөх үед хаалгаар урт, юүдэнтэй куртиктэй цайвар гуталтай эрэгтэй орж ирж утас барьсан эрэгтэйгээс утсыг аваад эргэхэд утас барьж байсан хар гуталтай эрэгтэй хана налж суусан эрэгтэй рүү дахин тийрэх мэт өшиглөөд гарч явж байгаа дүрс бичигджээ. Камерын бичлэгт авагдсан хүмүүсийн дүрсийг шүүгдэгч нар үгүйсгэж няцаагаагүй. Мөн шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Тэгэхээр нь бид араас нь очоод нөгөө залууг зодоод орцноос гарсан. Нөгөө залуу гаражид байсан. Тэгээд бид хоёр араас нь ороод гар утасыг нь машин дороос олж аваад тэр залууг 2 цохичихоод гараад явсан” гэсэн, шүүгдэгч А.Сгийн өгсөн.....Тэгээд буцаж ороход нөгөө залуу гараж руу орсон байсан. Бид хоёр очоод нөгөө залууг нэг цохисон. Утсыг нь Б авсан байсан” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь дээрхи нотлох баримтуудаас зөрүүгүй байна. Шүүгдэгч нар үйлдлээрээ хамтарч хохирогчийн эд зүйлийг авахаар довтолж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж айлгаж сүрдүүлж улмаар утсыг нь авч зорилгоо гүйцээгээд гарч явсан болох нь камерын бичлэгээр тогтоогджээ. Шүүгдэгч А.С, Б.БатИрээдүй нарын үйлдлийн улмаас Г.Цийн биед нэг шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй болсон, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт, нүдний салстад цус харвалт зэрэг хөнгөн зэргийн хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул “хохирогчид хүч хэрэглээгүй, довтлоогүй” гэж дүгнэх үндэслэлгүй юм. “Дээрэмдэх” үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар өмчлөгч буюу эзэмшигч рүү амь бие, сэтгэл зүйд нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.“Довтолсон” гэдэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор хүч хэрэглэн халдсан үйлдэл юм. Харин “Булаах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл, хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг ойлгодог. Шүүгдэгч А.С, Б.Б нарын үйлдэлд хүч хэрэглэсэн, довтолсон шинж хангалттай тогтоогдсон байна. Иймд шүүдэгч нарыг хамтарч үйлдэл, санаа зорилгоороо нэгдэж Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглосон, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, хүний бие, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг санаатай үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ. Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадварын талаар хэрэгт эргэлзээтэй байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдсон болно. Шүүгдэгч А.С, Б.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах тухай Эрүүгийн хуулийн 8-р бүлгийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэж тайлбарлаж байх боловч шүүх, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан 18 настай эдгээр шүүгдэгч нарыг “өсвөр насны хүн” гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзсэн болно. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-73-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол, эмчилгээний зардлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нарын мэдүүлэг хэргийн талаархи тогтоогдсон нөхцөл байдлаас ноцтой зөрүүгүй байх тул шүүх гэм буруугаа хүлээсэн гэж дүгнэх үндэслэл болов. Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нар хэргийг бүлэглэн гүйцэтгэхдээ оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүргийн тухайд хэт ялгаатай байдал тогтоогдоогүй тул хорих ялыг адил хэмжээтэй оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Хохирлын тухайд шүүх нотлох баримтаар: 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “Шигшмэл Эрдэнэ” шүдний эмнэлэгийн 90000 төгрөгийн орлогын баримт /хх-ийн 80-р хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Бан Хас” ХХК-ний үнэлгээний төлбөр /ххийн 79-р хуудас/, “Шигшмэл Эрдэнэ” шүдний эмнэлэгийн 25000 төгрөгийн үзлэг зөвлөгөөний төлбөрийн баримт /хх-ийн 81-р хуудас/ зэргийг шинжлэн судалсан. Шүүгдэгч Б.Б хохирогчид нийт 2 250 000 төгрөг, шүүгдэгч А.С хохирогчид нийт 1 250 000 төгрөг тус тус төлсөн тухай баримт хэрэгт авагдсан одоо төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн камерын бичлэг бүхий 1ш СД-ийг хэрэгт хавсаргаж, бор өнгийн гар цүнх, бээлий, үнэртэй усны шил зэргийг тогтоол хүчин төлөгдөр болмогц устгахаар зааж/ хохирогч буцаан авахгүй гэж мэдүүлсэн/, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овгийн Агийн С, Г овгийн Бын Б нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Б нарыг тус бүр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С, Б.БатИрээдүй нарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.С, Б.Б нарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсаргаж, бор өнгийн гар цүнх, бээлий, үнэртэй усны шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ