Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

 

 

2019          7              04                                           2019/ДШМ/682

 

Д.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 846 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Д.Гд холбогдох 1806056571037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ямаат овгийн Дгийн Г, 1984 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Говь-Алтай аймгийн ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны орчим иргэн Н.Нарантогостой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ямаат овогт Дгийн Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Гд сануулж, хохирогч Н.Нарантогос нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Д.Г нь хохиролд 180.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролд 180.000 төгрөг сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхээс 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг эс зөвшөөрч байх тул хөнгөрүүлэн хуульд заасан хамгийн багаар буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. Учир нь, би 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ачаа хүргэлтийн жолоочоор хувь хүн дээр тохиролцон ажиллаж байгаа болно. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэх 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Д.Гд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тухайн үед биеийн байцаалт болон шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн мэдүүлгээрээ ч мөн адил Д.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн гомдолдоо мөн адил ажил хийж байгаа талаараа дурдсан боловч нотлох баримтыг хавсаргаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баарны орчим иргэн Н.Нарантогостой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Нарантогосын “...бид нар харих гээд гарч байтал найз Ганчимэгийг үл таних залуу буланд оруулчихсан “хамт явъя” гээд зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Ганчимэгийг явъя гэхэд “бид хоёр цуг явах гэж байна. Чамд ямар хамаатай юм” гээд миний хамар руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь доошоо тонгойход миний хамарнаас цус гоожиж эхэлсэн. ...Тухайн залууг Г гэдэг. ...” гэх /хх-13/,

шүүгдэгч Д.Гын “...Би ингээд явлаа гэхэд намайг барьчихаад явуулахгүй байсан. Тэгээд би тавиулахын тулд нэгийг нь нэг удаа цохисон. Тэгээд би зугтсан. Би тухайн үед эрэгтэй хүнийг үү, эмэгтэй хүн цохисон уу мэдэхгүй байна. ...” гэх /хх-20, 46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “1. Н.Нарантогосын биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 8030 дугаартай дүгнэлт /хх-25/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Гын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гын хохирогч Н.Нарантогосыг цохиж, түүний биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Гд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Харин Д.Гд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх үед хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Д.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 846 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.Гд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ