| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2019/0277/З |
| Дугаар | 128/ШШ2021/0172 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2021/0172
2021 03 11 128/ШШ2021/0172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Ц.Батбаатар, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Нг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр албан тушаалаас нь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, зөрүүг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, иргэдийн төлөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н миний бие Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай Б/96 тоот тушаалаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд шилжин ажиллахаар болсон. Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б-60 тоот тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/32 тоот тушаал болон 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/65 тоот тушаалаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.
Миний бие төрийн албанд тасралтгүй 25 жил ажилласан, мөн төрийн албан хаагчийн тангараг өргөсөн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/05 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Нг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай Б/05 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/17 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б.Нг албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай Б/17б дугаар тушаалууд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна.
Дээрх тушаалуудыг гаргахдаа хариуцагч Төрийн нарийн бичгийн дарга нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэсэн ба хууль бус тушаал гаргаж, тэр тушаал нь шүүхэд хүчингүй болсны улмаас миний бие хохирох ёсгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй., Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасны дагуу надаас саналыг минь асууж, намайг ангилал, зэрэглэл, шатлал бууруулахгүйгээр тохирох албан тушаалд нь томилох ёстой байсан.
Дээр дурдсанчлан намайг ажлаас чөлөөлөхдөө маш олон төрлийн тушаалыг /зарим тушаалууд нь нэг он, сар, өдөр, дугаартай байсан/ үйлдсэн. Тодруулбал эхний 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар шууд ажлаас чөлөөлсөн, дараагийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар мөн шууд ажлаас чөлөөлсөн, дахин өөр нэг Б/05 дугаар тушаалаар намайг ажлаас минь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд уг тушаалаар ямар нэгэн албан тушаалд томилоогүй. Би энэ тушаалуудын аль нь эцсийн байдлаар хүчинтэй эсэхийг ойлгохгүй, мэдэхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 44.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно, 44.3-т Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж зааснаас үзэхэд намайг хэрвээ сэлгэн ажиллуулж байгаа тохиолдолд тодорхой төрлийн албан тушаалд томилох ёстой байсан ба ингэж томилохдоо миний ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулах ёсгүй байсан.
Үүний дараагаар яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Б/17 тушаалаар шууд ажлаас минь чөлөөлж өмнөх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. Гэтэл 3 өөр төрлөөр үйлдсэн аль Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байна.
Мөн өдрөө бас хариуцагчийн зүгээс Б/17б тушаалыг үйлдэж, намайг тус яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан байна.
Мөн уг заалтын тайлбарт Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж тайлбарласнаас үзэхэд намайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлэх хууль зүйн боломж бүрдээгүй байхад шилжүүлсэн байна.
Дээрх Төрийн нарийн бичгийн даргын гаргасан хууль бус тушаалуудыг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд Б.Н миний бие хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн хариуцагчид хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 242 тоот албан бичигтээ ... Б.Н нь төрийн захиргааны байгууллагад 25 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх тул түүний ажиллах, нөхцөл нийгмийн баталгааг хангаж, өөр ажил, албан тушаалд томилох боломжийг судлан шийдвэрлэнэ үү гэснээс үзэхэд Төрийн нарийн бичгийн дарга одоог хүртэл энэ үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана, 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн намайг дээрх баталгаагаар хангах ёстой.
Хариуцагч Төрийн нарийн бичгийн даргын хууль бус шийдвэрийн улмаас би хохирох ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд тун удахгүй тэтгэвэртээ гарах гэж буй намайг ажлаас чөлөөлсөн нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь илтэд зөрчиж байна. гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгах байдлаар тодруулж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, зөрүүг гаргуулах гэж тодруулж байна. Хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаа 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар, Б/17 дугаар тушаалаа мөн өдрийн Б/17б тушаалаар тус тус хүчингүй болгосон тул эдгээр тушаалтай маргах шаардлагагүй, үр дагаваргүй болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгах шаардлагаасаа татгалзаж байна. Энэ шаардлагаасаа татгалзсанаар дахин энэ шаардлагаар нэхэмжлэл гаргах эрхээ алдах үр дагавартайг ойлгож байна.
Миний бие 25 дахь жилдээ төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж байна. Анх ТЗ-5 ангилал зэрэглэлээс 2000 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Тус яаманд ТЗ-8 ангиллаар ахлах мэргэжилтэн хийж байгаад удирдлагын зүгээс уг албан тушаалд томилох санал тавьж, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс тус яамны Санхүүгийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Төрийн жинхэнэ албаны удирдах албаны сонгон шалгаруулалтад орж уг албан тушаалд томилогдсон. Өмнө нь ажиллаж байсан хүнийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосонтой маргаагүй. Гэхдээ одоо Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын албан тушаалд Х.Отгонзулыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон томилгоог үндэслэн энэ албан тушаалд томилохыг даалгуулах шаардлага гаргаж байсан.
Миний бие өрх толгойлсон эмэгтэй, ажлаас гарсан цагаас хойш сэтгэл санаа бүх зүйлээр хохирч байна. Энэ хугацаанд би Төрийн албаны зөвлөл, Төрийн нарийн бичгийн даргад өргөдөл өгч байсан. Миний бие Санхүүгийн зохицуулах хороонд ажилд орсон боловч мөн л түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, ямар ч ажлын байрны баталгаа алга. Анх нэхэмжлэл гаргаснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар олон ч солигдсон, тэр бүр өмнөх тайлбараа дэмжиж байна гээд байдаг. Энэ хэргийн байдлыг судалдаггүй. Би ямар ч алдаа дутагдал гаргаагүй байхад намайг ингэж хохироож байгаад үнэхээр гомдолтой байна. Төрийн албанд нийтлэг болсон түр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаал маш их байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 сарын 18-ны өдрийн Б/17б дугаартай тушаалын Б.Нг ажлаар хангалгүй, хэлбэр төдий Цэвэр усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, зөрүүг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.
Б.Н нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад, өмнө нь ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ үйл баримтын дагуу захиргаа шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсгийн заалтыг баримталж, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр бололцооны дагуу өөр ажилд шилжүүлэх захиргааны актыг гаргасан байна. Б.Нг тус яамны харьяа төвд шилжүүлсэн боловч тухайн тушаалыг гаргахдаа шилжүүлэх, сэлгүүлэх гэдэг эрх зүйн ойлголтыг хольж хэрэглэж, тус төвийн мэдэлд шилжүүлсэн. Гэтэл уг тушаал нь шилжүүлэх, сэлгүүлэх гэдэг хууль эрх зүйн ойлголттой тохироогүй буюу ямар нэгэн байдлаар өөрийнх нь зөвшөөрлийг авалгүй, Б.Нгийн ажил мэргэжилд тохирсон ажил албан тушаалд шилжүүлээгүй учраас Б/17б дугаартай тушаал нь бодит байдалд нийцээгүй, Б.Н нь дахин ажлаар хангагдах бодит боломж өнөөдрийг хүртэл бүрдээгүй тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд тухайн тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл цалин 6,370,173 төгрөгийг, Санхүүгийн зохицуулах хороонд ажилласнаар цалин буурсан учраас цалингийн зөрүүг одоог хүртэл 4,253,977 төгрөг, нийт 10,625,150 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд О.Г эгүүлэн томилогдох болсон тул Б.Нг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд сэлгэн ажиллуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцсон. Б.Н нь эгчийн бие муу байна, би эргэж ирээд ажлаа хүлээлцэнэ гэсэн. Б.Нг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаал гарсан. Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирж ажлаа хүлээлцсэн. Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Ц уулзаж, чөлөөлөгдөх тушаал гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдмөөр байна гэсний дагуу П.Ц дарга надад хамтарч ажиллаж байсны хувьд цалингийн лизингтэй, ажилгүйдлийн тэтгэмж авахад хугацаа нь хэтэрсэн байх тул ажлаас чөлөөлөх тушаал гаргаад өгчих гэсний дагуу "Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг гаргасан. Энэ тушаалаар Б.Нг албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Гэтэл Б.Н нь тушаалаа аваад гарын үсэг зураагүй. Энэ тушаалаар Б.Н нь ажилгүйдлийн тэтгэмж авсан.
Б.Н нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв рүү сэлгэн ажиллах тушаалыг хүчинтэй хэвээр нь үлдээж, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах мэргэжилтнээр томилж өгөөч, та бүхэн шийдэх хүртэл би хүлээж байя гэсэн. Үүний дагуу Б.Нг албан тушаалаас чөлөөлөх тухай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаал гаргаж, Б/17 тушаалыг хүчингүй болгосон.
Эдгээр тушаалуудыг гаргахад Б.Нгийн хүсэлтээр, түүнд нийцүүлж удаа дараа өөрчилж гаргасан. Удирдлагууд баг болж хамтарч ажиллаж байсны хувьд түүний байдлыг хүлээн авч, тушаалуудыг түүний хүссэнээр гаргаж өг гэсний дагуу миний бие боловсруулж гаргасан. Б.Н нь Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга нартай удаа дараа уулзаж, эгч нас барсан, цалингийн зээлтэй, ажилгүйдлийн тэтгэмж авмаар байна гэж уйлж, загнаж, гүтгэж олон янзаар аашилж байсан ч яамны зүгээс аль болох түүнд нийцүүлж хохиролгүй байлгах талаас нь шийдвэрүүдийг гаргасан нь үнэн болно. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд О.Г томилсон. О.Г нь урьд албан тушаалд ажиллаж байсан бөгөөд О.Г үндэслэлгүйгээр албан тушаалаас нь чөлөөлж, нэхэмжлэгч Б.Нг уг албан тушаалд томилсон. Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр өмнө нь эрхэлж байсан албан тушаалд томилох ёстой гэсэн үндэслэлээр уг маргаан бүхий тушаалыг гаргасан. Тухайн үед хүний нөөцийн мэргэжилтэн н.Батсайханы тайлбараар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал болон Б.Нтай тохирч уг тушаалыг гаргасан гэдэг тайлбарыг хүргүүлсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилох үүргийг хэрэгжүүлэх үүднээс уг маргаан бүхий тушаалыг гаргасан. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд сул орон тоо байгаагүй учраас боломжит буюу харьяа байгууллагад Б.Нгийн мэргэжилд тохирсон албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тушаалыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж тодруулсны эцэст шүүх хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Нг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр албан тушаалаас нь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг гаргуулах шаардлагаа дэмжиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Б/05, 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17 дугаартай тушаалууд нь хүчингүй болсон тул үр дагавар үүсгэхгүй болсон үндэслэлээр уг тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжихгүйгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ТЗ-11 ангилал зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгах шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлжээ.
Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ТЗ-11 ангилал зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Нг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр албан тушаалаас нь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг гаргуулах шаардлагын хүрээнд хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2001 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг, 2012 онд аудитын ажилтны тангараг өргөсөн, сүүлд хашиж байсан албан тушаалуудаас дурьдвал Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад яам татан буугдсанаар 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны мэдэлд шилжиж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б-60 дугаар тушаалаар тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар тус газрын ахлах мэргэжилтнээр, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтаар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад маргаан бүхий тушаалуудаар ийнхүү чөлөөлөгдсөн, төрийн жинхэнэ албан хаагч байна.
Тэрээр түүнийг чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын нэг огноо, дугаар бүхий өөр агуулгатай 2019 оны Б/05 дугаар тушаалууд болон Б/17 дугаартай тушаалуудаа хариуцагч хүчингүй болгосон, эрх зүйн үр дагаваргүй үндэслэлээр дэмжихгүйгээ илэрхийлсэн тул шүүх уг тушаалуудын хууль зүйн үндэслэлийг дүгнэх шаардлагагүй, нөгөө талаас эрх зүйн үр дагаваргүй болсон тушаалуудын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан буюу тухайн шаардлагаасаа татгалзсан гэж үзээгүйг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Нг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр албан тушаалаас нь чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг Төрийн албаны тухай хуулийн шилжүүлэх, сэлгэн ажиллуулах заалтыг буруу хэрэглэсэн, төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхгүй байх, ажлын байраар хангуулах баталгааг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь бололцооны дагуу өөр ажлаар хангах заалтаар мэргэжлийн дагуу албан тушаалын зэрэглэл, цалин бууруулахгүй ажлын байраар хангаагүй үндэслэлээр эс зөвшөөрч хууль бус хэмээн маргажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаал нь урьд ажиллаж байсан албан хаагчийг эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж буйгаас гадна Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулах хэсгийг баримталсан байдаг ч дараах байдлаар хууль, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчжээ.
1. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн нь урьд ажиллаж байсан албан хаагчийг эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээр тухайн албан тушаалд ажиллаж байсан албан хаагчийг бололцооны дагуу өөр ажлаар хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг хэрэгжүүлээгүй буюу ажлын байр, албан тушаалд томилоогүй байна.
2. Мэдэлд нь шилжүүлсэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь ТӨҮГ буюу төрийн захиргааны албан тушаалын орон тоо байхгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах ажлын байртай тул төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг зөрчжээ. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь бололцооны дагуу өөр ажлаар хангах зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулиар тогтоосон баталгаанд халдах үндэслэл болохгүй буюу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны хүрээнд хэрэгжих учиртай.
3. Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах талаарх зөвшөөрлийг өөрөөс нь аваагүйгээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг хэрэглэх урьдач нөхцлийг хангаагүй буюу уг заалтыг зөрчжээ. Хариуцагч нь тайлбартаа чөлөөлөгдөх тушаал гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдмөөр байна, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах мэргэжилтнээр томилж өгөөч зэргээр түүний хүсэлтээр шийдвэрлэсэн гэх боловч ийнхүү өөрийнх нь зөвшөөрлийг авах хуулийн шаардлагыг хангуулсан гэх баримт гаргаж мэтгэлцээгүй, түүний гаргасан гэх хүсэлтийн агуулгатай маргаан бүхий шийдвэрийн агуулга нийцэхгүй байна.
4. Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн тодорхой ажлын чиглэлээр сэлгэн ажиллуулах шаардлагыг хангуулаагүй байна. Өөрөөр хэлбэл түүнийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв ТӨҮГ-т төрийн захиргааны албан тушаалын орон тоо байхгүйн зэрэгцээ тодорхой ажлын чиглэлийг тушаалд заагаагүй.
5. Мөн заалтын сэлгэн ажиллуулах 2 жил хүртэл хугацаа заах шаардлагыг хэрэглээгүйгээс шийдвэр нь баримталсан хуулийн зохицуулалтаа зөрчжээ.
6. Тушаал хууль зүйн үндэслэл талаасаа ийнхүү хуульд нийцээгүйн дээр агуулгаас нь үзвэл нэхэмжлэгчийг Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн буюу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулсан гэж ойлгохоор байвч энэ тохиолдолд мөн л төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон байх, албан ажлын зайлшгүй шаардлага байх урьдач нөхцөл шаардана. Түүнтэй тохиролцоогүй, зөвшөөрөл аваагүй талаар дээр дүгнэсэн, мөн албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг хуульд тайлбарласан байдаг ч ийнхүү албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн хэмээн хариуцагч тушаалынхаа хууль зүйн үндэслэл болгож тайлбарлаагүй тул дэлгэрүүлж дүгнэх шаардлага үүссэнгүй. Харин уг заалтын тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа гэх удирдлагын санаачлагаар шилжүүлэн ажиллуулах нөхцөл нэхэмжлэгчид хамаарахгүй.
Маргаан бүхий тушаалаар Б.Нг сэлгэн ажиллуулсан, шилжүүлэн томилсон аль нь байлаа ч эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байхыг 44 дүгээр зүйлийн 44.3-т заасныг мөн л зөрчсөн байна. Учир нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь түүнд хүний нөөц, захирлын туслах, дотоод ажил хариуцсан ажилтны буюу төрийн үйлчилгээний ТҮ-7 шатлалаар цалинжих хүүхэд асрах чөлөөтэй ажилтны оронд түр ажиллах ажлын байрыг санал болгосон байдаг.
Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах ч уг хуулиар зохицуулаагүй асуудлыг тухайлбал ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтныг бололцооны дагуу өөр ажилд томилох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгээр зохицуулсан, харин хэрхэн өөр ажил, албан тушаалд томилон ажиллуулах нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг заасан Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Учир нь Төрийн албаны тухай хуулиар төрийн албанд сонгон шалгаруулж томилохоос эхлээд төрийн албанаас чөлөөлөх, халах, түүнд гомдол гаргах бүхий л харилцааг нарийвчлан зохицуулсан.
Тиймээс ч Б.Нгаас үл хамаарах шалтгаанаар түүний сонгон шалгаруулалтын дагуу томилогдон ажиллаж байсан албан тушаалд шүүхийн өөр шийдвэрээр албан хаагч эгүүлэн тогтоогдсон байх ба энэ тохиолдолд түүнийг мэргэжлийн дагуу албан тушаалын зэрэг дэв, цалин хөлс бууруулахгүйгээр ажил, албан тушаалд томилж, ажлаар хангах үүргийг хариуцагч хүлээнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Нг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хууль бус, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Ийнхүү нэхэмжлэгч Б.Нг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлстийн даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл бололцооны дагуу ажлаар хангаагүй, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн тул хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүүг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар олгуулах үндэслэлтэй байна.
Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 91 дүгээр тушаалаар тус хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх тул ажил хүлээлцсэн өдрийн дараагийн өдрөөс буюу 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс Санхүүгийн зохицуулах хороонд томилогдож ажилласан 2019 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг, 2019 оны 4 дүгээр сарын 15-наас шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэлх хугацаанд бага цалинтай ажил эрхэлсэн бол цалингийн зөрүүг олгуулахаар байна.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн эрхэлж байсан яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын ТЗ-10 зэрэглэлийн 5 дугаар шатлалын цалин 1,044,602 төгрөгөөр тогтсон ба, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт өөрчлөгдөхөд Яамны хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-11 зэрэглэлээр батлагдаж, мөн өдрийн 277 дугаар тогтоолоор ТЗ-11 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалин хэвээр 1,044,602 төгрөгөөр тогтсон, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор ТЗ-11-5 зэрэглэл, шатлалын цалин 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 1,128,170 төгрөгөөр, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолоор 2020 оны 2 дугаар сарын 01-нээс 1,566,903 төгрөгөөр тус тус тогтжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор өмнөх 2008 оноос үйлчилсэн төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт баталсан 2007 оны 354 дүгээр тогтоолоо хүчингүй болгон, төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтаа өөрчлөн батлахад яамны хэлтсийн даргын албан тушаалын зэрэглэл ТЗ-11 болж батлагдсан тул нэхэмжлэгчийн хувьд урьд эрхэлж байсан албан тушаалын цалин бодох албан тушаалын зэрэглэл, шатлалыг ТЗ-11-5 гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь төрийн захиргааны ахлах түшмэлийн тэргүүн зэрэгтэй бөгөөд Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн тэргүүн зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь байсныг 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг шинэчлэн тогтооход төрийн захиргааны ахлах түшмэл ангиллын тэргүүн зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь болж нэмэгджээ.
Иймээс ажилгүй байсан 2019 оны 1 дүгээр сарын 17-ноос 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацааны цалинг яамны хэлтсийн даргын албан тушаалын буюу нэхэмжлэгчийн урьд авч байсан ТЗ-10-5 зэрэглэл, цалингийн шатлалаар үндсэн цалин 1,044,602 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25, зэрэг дэвийн 25, мэргэшсэн нягтлан бодогчийн 15, нийт 65 хувийн нэмэгдэл 678,991.3 төгрөг, сард 1,723,593.3 төгрөгийн (1 өдрийн цалин 78,345.15 төгрөг, 1 дүгээр сард ажлын 11 хоногоор 861,796.65 төгрөг), 2019 оны 2 дугаар сарын 01-нээс зэрэг дэвийн нэмэгдлийг 32 хувиар буюу нийт нэмэгдлийг 72 хувиар тооцон ТЗ-10-5 зэрэглэл, цалингийн шатлалаар үндсэн цалин 1,044,602 төгрөг, нэмэгдэл 752,113.44 төгрөг, сарын цалин 1,796,715.44 төгрөгөөр (2, 3 дугаар сард 3,593,430.88 төгрөг, 4 дүгээр сард ажлын 10 өдрийн 816,688 төгрөг) нийт 5,271,915.53 төгрөг олгуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2019 оны 4 дүгээр сарын 15-наас төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний АА-4/5 шатлалаар үндсэн цалин 1,065,841 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25, зэрэг дэвийн 32, мэргэшсэн нягтлан бодогчийн 15, нийт 72 хувийн нэмэгдэл 767,405.52 төгрөг, сард 1,833,246.52 төгрөгөөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл үндсэн цалин 1,160,280 төгрөг, 72 хувийн нэмэгдэл 835,401.6 төгрөг, сард 1,995,681.6 төгрөг (цалингийн картаар) олгогдсон байх тул энэ хугацааны цалинг яамны хэлтсийн даргын албан тушаалын цалинтай харьцуулж үзвэл, 2020 оны 2 дугаар сарын 1-нээс хойших цалинд дараах зөрүү гаргуулахаар байна.
Тодруулбал, яамны хэлтсийн даргын албан тушаалын цалин ТЗ-11-5 зэрэглэл, шатлалаар Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 277 дугаар тогтоолоор үндсэн цалин 1,044,602 төгрөг, 72 хувийн нэмэгдэл 752,113.44 төгрөг, 1,796,715.44 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 1,128,170 төгрөг, 72 хувийн нэмэгдэл 812,282.4 төгрөг, сарын цалин 1940,452.5 төгрөг буюу агентлагийн хэлтсийн даргын цалингаас бага, өөрөөр хэлбэл зөрүү олгогдохгүй.
Харин Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолоор яамны төрийн захиргааны албан тушаалын цалин нэмж, агентлагийн ажлын албаны цалин нэмээгүйгээс ТЗ-11-5 зэрэглэл шатлалын үндсэн цалин 2020 оны 2 дугаар сарын 01-нээс 1,566,903 төгрөг, 72 хувийн нэмэгдэл 1,128,170.16 төгрөг, сард 2,695,073.16 төгрөг болсноор цалингийн зөрүү үүссэн, өөрөөр хэлбэл энэ үеэс Санхүүгийн зохицуулах хороонд бага цалинтай ажил эрхэлсэн үндэслэлээр цалингийн зөрүү тооцогдохоор байна.
Тухайлбал, яамны хэлтсийн даргын албан тушаалын ТЗ-11-5 зэрэглэл, шатлалын цалин, нэмэгдэл сард 2,695,073.16 төгрөг, Санхүүгийн зохицуулах хороонд хэлтсийн даргын албан тушаалын цалин, нэмэгдэл сард 1,995,681.6 төгрөг гэж тооцоход 2020 оны 2 дугаар сарын 01-нээс 2021 оны 3 дугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд сард 699,391.56 төгрөгийн бага цалинтай ажил эрхэлсэн байх тул энэ зөрүүг 13 сар, ажлын 9 хоногоор тооцоход 9,378,204.96 төгрөг олгуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тэрээр 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж цалингийн 70 хувиар, 76 хоногоор тогтоолгосон байх тул ажилгүй байсан хугацааны олгогдох цалин хөлснөөс түүнд олгогдсон ажилгүйдлийн тэтгэмж нийт 3,517,680 төгрөгийг хасч тооцохыг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилгүй байсан хугацааны цалинд ногдох хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, ажилтны төлөх хувь хэмжээгээр суутган тооцож, дэвтэрт бичилт хийх үүрэгтэйг тус тус дурьдах нь зүйтэй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын 1 дэх заалтын Б.Нг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 5,092,434.75 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл хугацаанд цалингийн зөрүү 9,378,204.96 төгрөг, нийт 14,470,639.71 төгрөгийн (ажилгүйдлийн тэтгэмж 3,517,680 төгрөгийг суутгана) Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргын ТЗ-11 ангилал зэрэглэлийн албан тушаалд томилохыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад гомдол гаргах эрхгүйг, тогтоох хэсгийн бусад заалтыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН