Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0268

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: ОАТХТУБГ.Т, Г.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварт ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-20230000037 тоот нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 119/ШШ2024/0007 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч ОАТХТУБГ.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2023/0043/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Т, Г.Г ом нарт холбогдуулан “Татварт ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-20230000037 тоот нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 119/ШШ2024/0007 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 73 дугаар зүйлийн 73.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн дугаар № 119/ШШ2024/0007 тоот анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэрлэсэн.

3.1. Иймд нэхэмжлэгч “Г” ХХК-ний зүгээс дараах гомдлыг гаргаж байна. “Г” ХХК 2020 онд Эрдэнэт үйлдвэртэй Вандан кран нийлүүлэхээр захиалгын гэрээ байгуулан тус бараа материалыг ОХУ-аас авч ирсэн. Гэтэл манай захиалсан бараа бүтээгдэхүүн тээврийн буруу ачилтын улмаас маш их эвдрэлтэй захиалагч тал хүлээж авах боломжгүй ирсэн. Улмаар бид судалж байгаад эвдэрч гэмтсэн тухайн краны бүхий л хамгаалалтын хашлагыг ахин янзлуулахаар өөрсдийн авлагатай засвар хийдэг хүмүүстэй тохирон янзлуулсан. Нийт 332,424,180 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Нэгэнт мөнгөний өр төлбөрийн асуудал яригдаж байгаа учраас бид тухайн хүмүүсээс НӨАТ-ийн баримт нэхэхэд бидэнд 3 газраас буюу хэсэгчилсэн байдлаар 1. "ЭЙ БИ ЭЛ ЭЙЧ" ХХК-иас 94,235,054 төгрөгийн 2020.08 24-ний өдөр, 2. "Бодит тунамал" ХХК-иас 93,734,036 төгрөгийн 2020.08.24-ний өдөр, 3. "Бадам-Эрдэнэ" ХХК-иас 144,455,090 төгрөгийн 2020.08.24-ний өдөр Нийт 332,424,180 төгрөгийн НӨАТ-ийн баримтыг тус бүр өгсөн. Бид хоорондоо зохицоод нэгэнт биднээс гарч байгаа бодит зардал учраас засварын ажил ингээд дуусгавар болсон. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 31 өдрийн дуустал хугацааны албан татвар ноогдуулах шалгалтын дүнд манайхаас дээрх баримтууд Татварын ерөнхий газраас гаргасан хий бичилттэй компанийн жагсаалтад орсон газрууд байна гээд бидэнд тус актыг тавьж 96,361,792 төгрөгийн торгууль тавьсан.

3.2. Дээрх зөрчлийг бид мэдээгүй, татварын шалгалтын дүнд л мэдсэн. Эргээд тус хүмүүстэй уулзаж ийм зөрчил дутагдал гарсан талаар хэлэхэд тухайн баримт гаргасан компаниуд хариуцлага хүлээхгүй алга болсон. Хариуцагчийн анхан шатны шүүх дээр ярьж байгаагаар тухайн буруутай хуулийн этгээдүүдийг олж тогтоож хариуцлага хүлээлгэнэ гэж тайлбарлаж байсан. Үүнийг бид зөв гэж үзэж байгаа. Бид ч мөн ялгаагүй хохирогч нар болсон учраас. Манай компани хувьд 2022 оноос өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй маш хүнд байдалд байна, гэхдээ нэгэнт буруу үйлдлийнхээ улмаас төлөх ёстой торгуулаа огт төлөхгүй гэж байгаа зүйл биш. Зөвхөн бидний худалдан авсан үнийн дүнгийн 10% болох 33,242,418 төгрөгийг төлж үлдэгдэл торгууль болох үнийн дүнг хасаж өгөхийг хүсэж байгаа юм. Иймд манай компанид гаргасан татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдөр гаргасан НА-20230000037 дугаар бүхий актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Удирдамж, маягт батлах тухай” А/32 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэхээр 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023601937 дугаар томилолтоор ОАТХТУБГ.Т, Г.Г нарыг томилжээ.

2.2. Уг хяналт, шалгалтаар “Г” ХХК нь 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татвараар нийт 332,424,181.80 төгрөгийн бараа материалыг худалдан авснаар тайлагнаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг буруулсан, мөн онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 332,424,181.80 төгрөгийн баримтаар нотлогдоогүй өртөг, зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа бууруулсан зөрчил  илрүүлж, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №НА-20230000037 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 66,484,836.36 төгрөгийн нөхөн татвар, 19,945,450.9 төгрөгийн торгууль, 9,931,504.86 төгрөгийн алданги, нийт 96,361,792.12 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

2.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Орхон аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолоор төлбөрийн хэмжээг нийт 75,273,881.41 төгрөг болгон багасгасан байна.

3. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч компани нь нийт 332,424,181.80 төгрөгийн худалдан авалт хийгээгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар ... татварын Таблью системээс гаргасан НӨАТ-ын хий бичилттэй компаниудын мэдээлэл зэргээр нотлогдож байна ... татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг зөв тогтоож, тооцооллын алдаагүй, хуульд заасан хэмжээ хязгаарыг хэтрүүлээгүй байна” гэж дүгнэн “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

3.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1-д анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болохоор тус тус заасан.

3.2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь дээрх хуулийн заалтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсантай холбоотой санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас өөр ажил, үйлчилгээ, гүйлгээ гарсныг нотолсон анхан шатны баримтгүй байх тул уг худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

3.3. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 332,424,181.80 төгрөгийн бараа материалыг худалдан авсан мэтээр тайлагнаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг буруулсан, мөн онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 332,424,181.80 төгрөгийн баримтаар нотлогдоогүй өртөг, зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа бууруулсан болох нь хэрэгт авагдсан “Эйч Би Эл Эйч” ХХК, “Бодит тунамал” ХХК, Бадам-Эрдэнэ” ХХК-иудаас худалдан авалт хийсэн гэх баримтууд, “Г” ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх нь мэдүүлсэн “хувь хүмүүсээр засвар хийлгэсэн, засвар хийсэн хүмүүс падаан авчирч өгсөн. Бидний буруутай үйл ажиллагаанаас болсон учраас төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн тайлбараар тогтоогдсон байна.

3.4. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт ... алданги тооцох бөгөөд ...”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж тус тус заасны дагуу “Г” ХХК-ийн гаргасан зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги тооцож нийт 96,361,792.12 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... манай компанийн хувьд 2022 оноос өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй маш хүнд байдалд байна. Гэхдээ нэгэнт буруу үйлдлийнхээ улмаас төлөх ёстой торгуулиа огт төлөхгүй гэж байгаа зүйл биш. Зөвхөн бидний худалдан авсан үнийн дүнгийн 10 хувь болох 33,242,418 төгрөгийг төлж, үлдэгдэл торгуулийн дүнг хасаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

4.1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1-д заасан “зайлшгүй байх”, 5.1.3-д заасан “шударга байх” гэж заасан бөгөөд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн зөрчлийг үгүйсгэх, албан татвар, торгууль, алдангийг хасах боломжгүй.

4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 119/ШШ2024/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ