Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн Д.Байгальмаад холбогдох эрүүгийн 201601070066 дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                   Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Цэнд-Аюуш

 Хохирогч                                                       Б.Цэрэнхүү        

 Шүүгдэгч                                                       Д.Байгальмаа нар оролцов.

Монгол улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, эмэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 16-22 насны хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгай 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд оршин суух, ЧВ65110300 дугаарын регистертэй, Боржгин овгийн Дамбын Байгальмаа

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч Д.Байгальмаа нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо 40 дүгээр байрны 2 дугаар орцны подвальд байрлах “Seraz” гоо сайхны газарт иргэн Б.Цэрэнхүүтэй маргалдан, улмаар үснээс нь зулгааж, толгойн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Д.Байгальмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…Цэрэнхүү бид хоёр хамт сүмд явдаг. Би сүлжээний бараа бүтээгдэхүүн зарж талхныхаа мөнгийг олж амьдардаг. Цэрэнхүү нь 1 жилийн өмнө манай гэрт ирж, надаас эмэгтэйчүүдийн саван, гаа зэрэг 20.000 төгрөгийн бараа зээлээр авсан. Энэ мөнгөнөөсөө 3.000 төгрөг өгсөн. Би гэртээ нүүрсгүй болоод, гэр хүйтэн, нүүрс зээлээр өгөх хүн олдохгүй байсан учраас Цэрэнхүүгээс 17.000 төгрөгөө очиж нэхтэл намайг “удмаар чинь дарамтлана” гэж хэл амаар доромжилж, намайг хөөсөн. Бид хоёр барьцалдаж аваад харилцан зодолдсон. Би Цэрэнхүүгийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна, миний буруу, би уучлалт гуйж байна” гэв.

Хохирогч Б.Цэрэнхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...Би Байгальмаа эгчээс эмэгтэйчүүдийн саван болон гаа зэргийг зээлж аваад 3.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Мөнгөнийхөө оронд хоол хүнс, нүүрс өгч болно гэсэн юм. Би Байгальмаа эгчийг гэртээ аваачиж хооллож, мөн 2 удаа хонины гэдэс өгсөн учраас тооцоо дууссан гэж ойлгосон. Гэхдээ хонины гэдэс өгөхдөө тооцоондоо оруулаарай гэж хэлж өгөөгүй. Тэгээд тухайн өдөр хамт олноороо эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэх гэж байтал Байгальмаа эгч ирээд 17.000 төгрөг өг гэж нэхэхээр нь би өргүй гэдгээ хэлсэн. Гэтэл миний толгойг хөлөндөө хавчуулж байгаад намайг эрэгтэй хүн шиг зодсон. Одоо нэгэнт надаас уучлалт гуйж байгаа учраас надад хүнийг уучлах сэтгэл байгаа. Тиймээс би Байгальмаа эгчийг уучилж, эвлэрч байна, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний төлбөр гэж 157.000 төгрөг өгсөн, нэхэмжилсэн байсан 600.000 төгрөгөөсөө татгалзаж байна” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Л.Одгэрэлийн мэдүүлсэн: “... 2016 оны 3 дугаар сарын 6-ны 18 цаг өнгөрч байхад 40 дүгээр байрны подвальд гоо сайхан ажиллуулдаг найз Цэрэнхүүгийн өрөөнд байж байхад гаднаас Байгальмаа эгч орж ирээд Цэрэнхүү би чамтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь Цэрэнхүү намайг түр гарч байгаач гэж хэлсэн. Би тэдний өрөөнөөс гарсан. Тэгээд 5 минут орчмын дараа Оогий гээд намайг дуудахаар нь хаалгыг нь онгойлгоод ортол Байгальмаа эгч Цэрэнхүүг газарт хэвтүүлээд дээр нь гараад суучихсан, хоёр гараараа үснээс нь зулгааж байхаар нь салгасан. Байгальмаа эгч Цэрэнхүү хоёр 17000 төгрөгний тухай яриад хоорондоо муудалцаж байснаа Байгальмаа эгч дахиад Цэрэнхүү рүү дайрсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 09 шэ/147 тоот актын:

  1. Б.Цэрэнхүүгийн биед тархины доргилт, зүүн тохойны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хурц ир үзүүртэй нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 25/

Д.Байгальмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан  болно.

Дээрх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж үзэж, эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны, үнэн зөв гэж дүгнэж нотлох баримтаар үнэллээ.

  Шүүгдэгч Д.Байгальмаа нь 2016 оны 3 дугаар сарын 6-ны орой 19 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо 40 дүгээр байрны 2 дугаар орцны подвальд байрлах “Seraz” гоо сайхны газарт иргэн Б.Цэрэнхүүтэй “зээлж авсан барааны үнэ болох 17.000 төгрөгөө өг” гэснээс болж маргалдан, улмаар түүний үснээс нь зулгааж, толгойн тус газар гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “би Цэрэнхүүгийн биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Цэрэнхүүгийн “Байгальмаа эгч миний толгойг хөлөндөө хавчуулаад эрэгтэй хүн шиг зодсон” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 09 шэ/147 тоот актын “Б.Цэрэнхүүгийн биед тархины доргилт, зүүн тохойны гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдов” гэсэн дүгнэлт, гэрч Л.Одгэрэлийн “хаалгыг нь онгойлгоод ортол Байгальмаа эгч Цэрэнхүүг газарт хэвтүүлээд өөрөө дээр нь гараад суучихсан, хоёр гараараа үснээс нь зулгааж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Д.Байгальмааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Д.Байгальмаа нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь "зээлж авсан барааныхаа мөнгийг өг" гэж уурлан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

Хохирогч Б.Цэрэнхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт "эмчилгээний зардал 157.000 төгрөг авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй" гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Байгальмааг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн шүүх хуралдаанд хохирогч Б.Цэрэнхүү нь эвлэрч байгаа тухайгаа, шүүгдэгч  нь хохирогчтой эвлэрсэн талаараа тус тус мэдүүлж байна.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-41/ тогтоогдсон болно.      

     Иймд шүүгдэгч Д.Байгальмаа нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч Б.Цэрэнхүү нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар  зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржгин овгийн Дамбын Байгальмааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржгин овгийн Дамбын Байгальмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч Д.Байгальмаа нь хохирогч Б.Цэрэнхүүгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 157.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Б.Цэрэнхүү нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Д.Байгальмаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Байгальмаад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Д.Байгальмаа болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Байгальмаад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАЙГАЛМАА