Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00385

 

 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02154 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1822 дугаар магадлалтай,

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Чулуунцэцэг, Д.Батдулам нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29,971,092.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаргалмаа, Д.Наран нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2016.02.17-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан. Дараа нь 2016.08 сард 2 дахь нэхэмжлэлээ гаргасан. Зээлийн хүүг 2018.07.03-ны өдөр хүртэл зогсоосон. Бид 1 жил гаран хугацааны хүүг нэмж нэхэмжлэхгүй. 2018.10 дугаар сард нэхэмжлэл гаргах үед шийдсэн бол хүү нэмэгдэхгүй байсан. Хүү нэмэгдээд байгаа асуудалд манай банк бол хамаагүй. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас нэхэмжлэгч бүрэн шаардах эрхтэй учраас нэхэмжлэл гаргасан. Банк болон төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийн үнэ, зээлийн хүү болно гэсэн байдаг. Гэрээгээ бичгээр хийгээгүй бол зээлээ шаардах эрхгүй болно гэсэн байдаг. Илүү төлсөн төлбөрийг дараа сард нь тооцдог. Гэхдээ нийт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд ордог. Тооцооны бүх салбарт хүн нас барах асуудал гардаг. Энэ тохиолдолд бол зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх гэсэн зүйл байхгүй. Гэрээнд ч заагдаагүй юм. Зээлийн гэрээний 5 дугаар бүлэгт тодорхой заасан зохицуулалт байгаа. Нас барсан бол зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх зохицуулалт байхгүй. Өв залгамжлагч нь төлөхөөр хуульд заасан учраас Д.Батдулам нь төлөх зохицуулалттай. 2 удаа өргөдөл гаргасан нь үнэн. Д.Батдулам надтай уулзаж, ... хүү маань нас барсан, зээлийн хүүгээ зогсоолгох хүсэлтэй байна гэсэн. Би албан ёсоор хүсэлт гаргаад өг гэж хэлсэн. Хүү зогсоож болох эсэх талаар харъя гэж би хэлсэн. Би материалуудыг нь татаад харахад зээлийн гэрээний үүргийг Л.Чулуунцэцэг, Д.Батдулам нар төлөхөөр байсан. Би хоёуланг нь дуудаж уулзаад үндсэн зээлдэгч нас барсан бол хамтран зээлдэгч төлнө, хүү зогсоох боломжгүй гэдгийг хэлж байсан. Тодорхой бол бичгээр хариу өгч байгаагүй, амаар хариу өгсөн гэж би ойлгож байгаа. Хариуцагч нар бол үндсэн зээлийн төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Бид Хаан банкийг шууд төлөөлөх эрх байхгүй учраас эвлэрэх эрхгүй юм. Үндсэн зээл, хүү, хүүгийн төлбөрийг төлбөр тооцооны тухай хуулийн дагуу зохицуулсан байгаа гэжээ.

  Хариуцагч Л.Чулуунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчид энэ асуудлаа хэлэхэд хүү нь их байна. 49,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөг илүү өгсөн байхад хүүгээ зогсоох ёстой, хүү тооцоод байдаггүй, үндсэн зээлдэгч нь нас барсан байхад хүүг тооцохгүй гэж хэлж байсан. Нэхэмжилж байгаа үлдэгдэл зээл 16,985,808.89 төгрөг, зардал 32,000 төгрөгийг бол төлөх нь тодорхой. Хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаатай холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартайгаа санал нэг байна гэв.

  Хариуцагч Д.Батдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү 50,000,000 төгрөгийн зээл авах гээд 49,500,000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. 500,000 төгрөгийг юунд авсан бэ гэдгийг гайхаад байгаа. 1 хувийн шимтгэлд авсан 500,000 төгрөгийг бол 16,500,000 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байна. Миний хүү сарын 1,900,000 төгрөгийг төлдөг байсан. Хаан банкны итгэлт харилцагч байсан. Хугацаа хэтэрч байгаагүй. Би хүүгээ нас барсны дараа хүү алдангиа зогсоогоод өгөөч гэж өргөдөл бичиж өгсөн. Гэтэл хариу өгөөгүй сүүлдээ аргаа бараад 12 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны төв банк дээр нь өргөдөл өгсөн. Гэтэл бас л хариу өгөөгүй. Яагаад хариу өгөхгүй байсан талаар гомдож байна. Өмнөх нэхэмжлэлд бол Хаан банкны нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэр зөрөөд хэрэгсэхгүй болгож байсан. Энэ хугацаанд мөн хүү алданги тооцогдож байсан. Миний хүүг нас барахад зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөг гаруй байсан. Гэтэл миний хүүгийн оршуулгын зардалд 600,000 төгрөг орж ирэхэд Хаан банк хураагаад авсан. Хэнд ч үхэл тохиолдоно. Тухайн мөнгийг шууд татаад авсан. Яагаад авсан талаар асуухад Д.Батчулууныг аргалж тархийг нь угааж байгаад гарын үсэг зуруулсан байсан. Би тухайн үед шүүх хуралдаанд очиход 16,985,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 50 хувийг нь би төлнө гэж хэлж байсан. Ах дүү нараасаа мөнгө олоод 8,000,000 төгрөгийг төлнө гэсэн гэтэл Хаан банк үгүй гэсэн. Гэтэл би байрандаа 1 нялх хүүхэдтэй байдаг байсан. Тэд нар гудамжинд гарна гэж би учир байдлынхаа талаар тайлбарлаад шүүхэд хэлсэн. Гэсэн хэдий ч Хаан банк зөвшөөрөөгүй. Хүү маань 49,500,000 төгрөгөөс 51,624,000 төгрөгийг илүү тушаасан. Хаан банк илүү төлөлт авсан, хохироогүй байгаа. Хаан банк дээр би гэрээ хийгээгүй. Хүүгийнхээ авч өгсөн байранд би байдаг байсан. Тал мөнгийг нь би төлөөд тал мөнгийг нь хүү маань төлсөн байр юм. Би 16,985,808.89 төгрөгийн тал хувь 8,492,904.445 төгрөгийг зардалтай нь төлөхөд бэлэн байна. Би анх нэхэмжлэл гаргасанд буруугүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Төв аймгийн банк болон Хаан банкны төв банкинд өргөдөл өгөөд байхад хариу өгөөгүй. Би тэтгэврийн хүн учраас шоронгоос гарч байгаад энэ асуудлыг зохицуулна. Илүү нэхэмжлээд байгаа мөнгийг бол өгч чадахгүй. Хүү алданги, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 101/ШШ2019/02154 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 515 дугаар зүйлийн 515.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Чулуунцэцэг, Д.Батдулам нараас 26,145,709.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,825,383.5 төгрөгийн болон гэрийн эд хогшил, Нарантуул ОУХТ дэх бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Чулуунцэцэг, Д.Батдулам нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, 41 дүгээр байрны 9 тоотод орших улсын бүртгэлийн Ү-1427000584 дугаартай 37 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 307,805 төгрөг төлснийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч ХААН банк ХХК-аас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.Чулуунцэцэг, Д.Батдулам нараас 358,878 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.23-ны өдрийн 1822 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 101/ШШ2019/02154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 26,145,709.23 төгрөг гэснийг 16,985,808 төгрөг гэж, 3,825,383.5 төгрөгийн гэснийг 12,985,284 төгрөгийн гэж, болгосугай гэснийг болгож гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 358,878 төгрөг гэснийг 242,879 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 288,679 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнийг хариуцагч тал мэдэгдсээр байтал нэхэмжлэгч тал уг хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэж шүүх үзэж, хүсэлт гаргасан үеэс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 12,985,284 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийг хэрэглэхдээ ердийн учрах эрсдлийн хэм хэмжээнээс илэрхий хальсан тохиолдолд гэрээний суурь үндэс ноцтойгоор өөрчлөгдсөнд тооцдог. Энэ тохиолдолд шүүхээс учрах байсан өөрчлөлтийг урьдчилан харах боломжтой байсан эсэхийг нь давхар харгалзан үзэх ёстой. Гэрээ байгуулагдах үед хожим тухайн саад учрахыг мэдэж байсан этгээд гэрээндээ энэ талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх үр дагаврыг тухайн этгээд өөрөө хүлээдэг. Өөрөөр хэлбэл өөрчлөгдсөн нөхцөл байдалд зориулсан зохицуулалт гэрээнд тусгагдсан эсэхийг, шаардлагатай бол гэрээнд тайлбар хийх замаар шүүх нягталж тогтоох ёстой. Гэтэл нэхэмжлэгч /Зээлдүүлэгч/-ийн зүгээс Гэрээ байгуулагдах үед хожим тухайн саад учирч болохыг урьдчилан харж гэрээндээ зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж 2013.07.25-ны өдрийн БЗГ-13/270 дугаартай Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.18 дах заалтдаа Монгол улсын Иргэний хуулъд заасан нөхцөл бий болсон /тухайлбал, зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу Зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээх-ээр талууд гэрээгээр зохицуулсан байтал давж заалдах шатны шүүхийн магадлалд банк буюу зээлдүүлэгч нь өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг аваагүй, үүргээ зөрчсөн гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд гэрээний уг заалтад шүүх ямар нэгэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу юм. Зээлийн гэрээний дээрх заалтаас үзэхэд зээлдүүлэгчийн хувьд зээлдэгч, үндсэн зээлдэгч нь нас барсан эсэхээс үл хамаарч өв залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах, зээлийн төлбөр гаргуулах болохыг талууд гэрээгээрээ харилцан тохиролцсон байтал давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хариудагч нарын зүгээс ямар нэгэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх дур мэдэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгон пшйдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадсангүй. Шүүх зээлдэгчийн хүсэлтэд бичгээр хариу өгөөгүй гэж буруутган, банкийг арга хэмжээ аваагүй гэдэг дан ганц үндэслэлийг барьж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж байгаа нь хэт нэг талыг барьсан буруу шийдвэр гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болох, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тодорхой тусгасан байхад банкны зээлийн үнэ буюу хүүнээс зээлдэгчийг чөлөөлсөн нь гэрээний чөлөөт байдалд халдсан, цаашид банк, санхүүгийн байгууллагын хууль ёсны эрх, эрх апшгт сөргөөр нөлөөлөх буруу практик тогтоох урхагтай шийдвэр болсон. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны едрийн №101/ШШ2019/02154 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №1822 тоот магадлалд зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэж егөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Л.Чулуунцэцэг, Д.Батдулам нараас зээлийн гэрээний үүрэгт 29,971,092 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч  нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн мөнгөн шаардлагаас 26,145,709 төгрөг хангаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх 16,985,808 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулсан ба хоёр шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар заажээ.

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

а). ХААН банк ХХК, Б.Батсайхан, Л.Чулуунцэцэг (Л.Батчулуун гэрээ байгуулах үеийн нэр) нартай 2013.07.25-ны өдөр БЗГ-13/270 тоот Зээл, БГ-13/270 тоот Барьцааны гэрээ байгуулжээ. Хамтран зээлдэгч Л.Батчулуун нь хожим нэрээ сольж Л.Чулуунцэцэг гэсэн нэрээр албан ёсны бичиг баримтыг авсан нь хэргийн 45 дугаар талд авагдсан баримтаар тогтоогджээ.

Зээлийн гэрээгээр банк зээлдэгч нарт 50,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгож, үүргийн гүйцэтгэлд Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, 41 дүгээр байрны 9 тоотод орших улсын бүртгэлийн Ү-1427000584 дугаартай 37 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, нэр бүхий хөдлөх хөрөнгө барьцаалжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болсон байна.

б). Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал нь нэг гэр бүлийн хүмүүс болох Б.Батсайхан, Л.Чулуунцэцэг нар бөгөөд хэн аль Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар  зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу мөнгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн, зээлдэгч нар ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн эргэн төлөлтийн хугацааг зөрчихгүйгээр үндсэн зээл, хүүгийн төлбөрт 51,624,000 төлснийг үгүйсгээгүй ба харин 2015.10 дугаар сард зээлдэгч Б.Батсайхан нас барж, үүнээс хойшхи хугацаанд зээлийн буцаан төлөлт хийх үүргийг зээлдэгч Л.Чулуунцэцэг нь зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй байна.

в). Нэхэмжлэгч ХААН банк ХХК зээлийн гэрээний үүрэг шаардаж зээлдэгч Л.Чулуунцэцэгт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Д.Батдуламыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Д.Батдулам талийгаач Б.Батсайханы ээж нь байх ба зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй, гэрээний тал биш байхад хоёр шатны шүүх зээлийн үүргийг хамтран хариуцуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэснийг болон мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасан өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр үүрэг хүлээх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэхүү зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь дээр дурдсанаар Б.Батсайхан, Л.Чулуунцэцэг нар бөгөөд зээлдэгч Б.Батсайхан нас барсан, Л.Чулуунцэцэг хамтран зээлдэгчийн хувьд гэрээний үүргийг биелүүлнэ.

Харин иргэн Д.Батдуламын хувьд, тэрээр зээлдэгч,талийгаач Б.Батсайханы төрсөн эх тул түүний өв залгамжлагчийн хувьд, хуульд зааснаар өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хариуцах боловч, зээлийн гэрээний хамтран хариуцагч биш юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг барагдуулах өөр ямар нэгэн этгээд, хөрөнгө байхгүй тохиолдолд Д.Батдуламд өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр зээлийн төлбөр төлөх үүрэг хуульд зааснаар үүснэ.

Хоёр шатны шүүх Д.Батдуламыг зээлийн гэрээний хамтран хариуцагч гэж хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байх тул энэ үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж Д.Батдуламд холбогдох зээлийн үүрэг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

г).Түүнчлэн хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч Л.Чулуунцэцэгээс гаргуулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зээлдэгч Б.Батсайханыг 2015.10 дугаар сард нас барсны дараа эх Д.Батдулам нь банкны холбогдох ажилтнуудтай уулзаж ар гэрийн нөхцөл байдлын талаар танилцуулан зээлийн хүү төлөлтийг зогсоох, үндсэн зээлийн үлдэгдэл 16,985,000 төгрөгийн хэмжээгээр үүрэг тооцохыг хүсэж байсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Мөн нэхэмжлэгч банкнаас хариуцагч Л.Чулуунцэцэгт (Л.Батчулуунд хуучин нэрээр нь) Зээлийн буцаан дуудах мэдэгдэл гэх албан бичиг 2015.12.08, 25-ны өдрүүдэд хүргүүлжээ.(хх- 34, 36)

2015.12.25-ны өдрийн 470 тоот бичигт ...үндсэн зээлийн үлдэгдэл 17,650,462.29 төгрөг, зээлийн хүү 78,181.26 төгрөг,нэмэгдүүлсэн хүүд 4,260.23 төгрөг нийт 17,732,894.18 төгрөг байна, зээлийн төлбөрөө 2015.12.28-ны өдрийн дотор төлж барагдуулахыг дахин шаардаж байна... төлж барагдуулаагүй тохиолдолд.... шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болсныг үүгээр таньд мэдэгдэж байна гэжээ.

Иймд дээрх албан бичгийг хүргүүлснээр зээлийн гэрээг банк цуцалсан гэж үзэх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан Талуудын аль нэгэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэснийг зөрчихгүй гэж үзлээ.

Энэ үндэслэлээр хариуцагч Л.Чулуунцэцэгээс гэрээний үүрэгт 17,732,894.18 төгрөг гаргуулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

д). Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Л.Чулуунцэцэг, талийгаач Б.Батсайхан нарын өмчлөлийн Төв аймаг Зуун мод хот 6 дугаар баг 41 дүгээр байрны 3 өрөө сууц, хариуцагч Л.Чулуунцэцэгийн эзэмшил өмчлөлийн Ниссан алеон маркийн, мөн Тоёото клүгэр маркийн автомашин, Нарантуул захын 469 дүгээр лангуун дахь 3,400,600 төгрөгийн үнэ бүхий бараа болон 400,000 төгрөгийн гэрийн зарим эд хогшил барьцаалжээ.

Шүүх барьцааны хөрөнгө болох лангууны бараа болон гэрийн эд хогшлын хувьд бодитоор байхгүй, зарим нь үрэгдэж муудсан,автомашинаар үүрэг хангуулах шаардлага гаргаагүй гэж дүгнэн зээлдэгч нарын өмчлөлийн орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр .... Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.18 дах заалтад Монгол улсын Иргэний хуульд заасан нөхцөл бий болсон /тухайлбал, зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч..., нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээх-ээр талууд гэрээгээр тохирсон байхад давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан 12,985,284 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх хариуцагчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК, зээлийн гэрээгээр гэрээний талуудын хүлээх үүргээс хальж, гэрээний үүргийг өв залгамжлагчид шууд хариуцуулахаар заасан гэрээний дээрх заалт Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т заасантай нийцээгүй болохыг тэмдэглэж байна.

Дээр дүгнэснээр хариуцагч Л.Чулуунцэцэгээс гэрээний үүрэгт 17,732,894 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12,238,198 төгрөгийг, Д.Батдуламд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1822 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг :

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1,153 дугаар зүйлийн 153.1, 515 дугаар зүйлийн 515.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Чулуунцэцэгээс 17,732,894 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,238,198 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Батдуламд холбогдох нэхэмжлэлийг болон гэрийн эд хогшил, Нарантуул ОУХТ дэх бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Чулуунцэцэг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, 41 дүгээр байрны 9 тоотод орших улсын бүртгэлийн Ү-1427000584 дугаартай 37 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,

-шийдвэрийн 2 дахь заалтын ...хариуцагч Л.Чулуунцэцэг, Д.Батдулам нараас 358,878 төгрөг гаргуулж... гэснийг ...хариуцагч Л.Чулуунцэцэгээс 242,879 төгрөг гаргуулж... гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 222,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Х.ЭРДЭНЭСУВД

                                                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН           Г.АЛТАНЧИМЭГ

                                                      ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                                                   Б.УНДРАХ