Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1825002320164 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1973 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Хабитатын 1-12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Нургууд овогт Гомбодэчингийн Б РД /ИЦ73060268/

Прокуророос, шүүгдэгч Г.Бг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком” компаний үйлчилгээний хэсэгт үйлчлүүлж байсан О.Дгийн Самсунг Эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлан 420 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мобиком” компаний үйлчилгээний хэсэгт үйлчлүүлж байсан О.Дгийн Самсунг Эс-7 загварын гар утсаар түүний бага насны хүүхэд тоглож байгаад сууж байсан сандал дээрээ орхиж босоод явахад нь Г.Б харж байгаад очиж нууцаар аваад гарсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/, камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/, хохирогч О.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн .... “2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 3 настай хүүгийхээ хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Мобиком” ХХК-ний байранд үйлчлүүлж байхдаа би хүүхэддээ гар утсаа өгөөд сандал дээр суулгасан юм Миний хүүхэд гар утсаар тоглоод намайг хүлээгээд хүлээлгийн танхимд сууж байсан. Тэгээд би үйлчлүүлж дуусаад хүүхэд дээрээ ирэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд Мобикомын хяналтын камерийг шүүж үзэхэд манай хүүхэд миний гар утсаар тоглож байгаад сандал дээр тавиад босоод яваад өгсөн, энэ үед хажууд нь ирж суусан хар өнгийн куртиктэй 40-45 орчим насны эмэгтэй гар утсыг нь аваад гарсан юм... Би 2018 оны 04 дүгэрэ сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Самсунг Эс-7 загварын гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Иймд миний зүгээс гаргах гомдол саналгүй “ гэх мэдүүлэг, “Бан Хас”ХХК-ний эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2018/э-0130 дугаартай: ” ... Самсунг Эс-7 загварын гар утас 420 000 төгрөг” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн....Тиймээ би авсан. Тухайн гар утас нь хүлээлгийн танхимд үйлчлүүлж байхад сандал дээр нь босоо байрлалтай шар өнгийн гар утас байсан. Хажууд нь нэг жоохон хүүхэд зогсож байсан. Тэгээд би тэр гар утсыг аваад шууд гараад явсан” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирогчид буцааж өгсөн” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Г.Бгийн, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн “Мобиком” компаний үйлчилгээний хэсэгт үйлчлүүлж байсан О.Дгийн бага насны хүүхдийн тоглож байгаад сандал дээр орхиод явсан Самсунг Эс-7 загварын гар утсыг хууль бусаар нууцаар авч 420 000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй, бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан, нийгэмд аюултай, санаатай үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй байна. Г.Б бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг зориуд санаатайгаар нууцаар авсан байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй баримт авагдаагүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан, хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно. Хохирогчид эд зүйлийг нь буцааж өгсөн бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг зааж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахаар заасан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Шүүгдэгч Н овгийн Гийн Бг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Г.Бд тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Г.Бд оногдуулсан тэнсэн болон зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчхохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ