Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 02348

 

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/02348

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж,  дугаар байр,   тоотод оршин суух, А овогт Б.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  байр,  тоотод оршин суух, Т овогт Л.А /РД: /-д холбогдох,

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б ийн зоорийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Л.А нь түрээслэхээр ирсэн. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Урьдчилгаа 1,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхгүй байна. Иймд хариуцагчаас үлдэх 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь манай төрсөн эцэг юм. Манай аав Баянгол дүүрэг, Монгол телевизийн ард байрлах “А” нэртэй ногооны зоорийг бусдад түрээслүүлдэг. Хариуцагч Л.А нь уг ногооны зоорийг өмнө нь түрээслэж авдаг байсан. Тэрээр 2016 онд ирж аавтай уулзаад 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд нийт 4,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Ингээд ногооны зоорийг ашиглаж эхлэхдээ урьдчилгаанд 1,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч үлдэх 3,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу үлдэх 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б нь хариуцагч Л.А д холбогдуулж, 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. 

 

Хариуцагч Л.А с 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацааны зоорины түрээсийн төлбөрийн үлдэгдэл” гэж тайлбарласан. 

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн агуулгаар өөрийн шаардлагаа тайлбарлажээ.

 

Иргэний хэрэгт зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээр оролцдог.

 

Нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул Л.А с 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж шүүхээс үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А с 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б ид олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А с 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Н.ХАНГАЛ