Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 723

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг, 23-р хороолол, 1-20 тоотод оршин суух, Боржигон овогт Хишигнямын Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 10-р хэсэг 5 гудамж 13 тоотод оршин суух, Баяд овогт Эрдэнэдалайн Бат-Оргилд холбогдох, 

 

6 584 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагч Э.Бат-Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбартаа:

Миний бие Х.Саранцэцэг нь Э.Бат-Оргилтой зээлийн гэрээ бичгээр хийж нотириотоор гэрчлүүлэн 4.500.000 төгрөгийг сарын 3.5%-н хүүтэйгээр 9-н сарын хугацаатайгаар зээлдүүлсэн юм.

            Э.Бат-Оргилоос гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч элдэв шалтаг тоочин үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Э.Бат-Оргилоос үндсэн зээл 4.500.000 төгрөг, түүний хүү 2.084.000 төгрөг бүгд 6.584.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Э.Бат-Оргил шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Х.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би нэг ч төгрөг аваагүй. Түүнээс 2017 оны 3 сард 4 сая төгрөг зээлэхээр тохиролцоод гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэхээр болж нилээд хэдэн нотариат орсон боловч зээлэх мөнгийг бэлнээр эсвэл дансаар хийсэн баримт үзүүл гээд гэрээ хийж өгөхгүй байсан. Тэгээд Эрдэнэс плазагийн 2 давхарт байгаа нотариат гэрээ хийж мөнгө өгсөн юм уу гэхэд би аваагүй байна гэсэн чинь Саранцэцэг би одоо гараад өгчихнө гээд түүнд хэлсэн. Надад гараад өгье гэсэн. Тэндээс гараад надад өгсөн нотариатын гэрээний хувийг Саранцэцэг чамд хэрэггүй гэж аваад би ажил руугаа явлаа орлогоо харна тэгээд мөнгө өгнө явж бай гэсэн. Тэгээд би орой асуухад мөнгө бүрдээгүй байна гэж надад хэлсэн. Маргааш, нөгөөдөр нь мөнгө бүрдээгүй гээд өгөөгүй. За өгөхгүй юм байна гээд орхисон. Тухайн үед надад 4 сая төгрөг, 10 хувийн хүүтэй гэж тохирч байсан чинь сая шүүхэд өгснийг үзэхэд 4 500 000 төгрөг, 3,5 хувийн хүүтэй гэж бичсэн байна. гэрээний хувьд гарын үсэг зураад уншиж амжаагүй байхад чамд хэрэггүй гээд авсан нь ингэх гэж анхнаасаа төлөвлөсөн байна. би тэр үед мөнгөний хэрэг болоод л гуйсан. Тэрийг далимдуулж залилсан байна. би түүнээс нэг ч төгрөг аваагүй. Тэр худлаа ярьж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Э.Бат-Оргил шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Би Саранцэцэгийг Олон Улсын худалдааны төв дээр хүмүүст өдрөөр мөнгө зээлдэг гэдгийг мэддэг. Би эхнэрийн хамт ОУХТ-д лангуу ажиллуулж байхдаа мөнгө өдрөөр зээлж буцааж төлдөг байсан. 2017 оны 3 сард надад мөнгө хэрэг болоод байна 4 сая төгрөг зээлээч гээд эхнэрийн хамт уулзахад тэгье мөнгө бүрдэхээр нотариат орж гэрээ хийж өгнө гэсэн. 3-4 хоногийн дараа Саранцэцэг утсаар эхнэр лүү ярьж ярьж иргэний үнэмлэхээ өгчих гэрээ хийнэ гэж хэлэхээр нь би биеэрээ очиж байж хийнэ гэж хэлсэн, би өөрөө хотод явж байсан. Хэд хоногийн дараа над руу утсаар ярьж холбооны нотариат дээр уулзъя гэж хэлсэн. Би очиход нотариат хаалттай байсан. ОУХТ дээр байдаг нотариат дээр очиход мөнгө чинь хаана байна гэхэд Саранцэцэг гаргаад өгнө гэхэд нотариатч гэрээ хийхгүй гэсэн. Тэгээд үйлчилгээний төвийн Эрдэнэс плазад байдаг нотариатч орсон. Тэнд гэрээ хийсэн. Нотариатч мөнгө төгрөгөө өгч авсан юм уу гэхэд Саранцэцэг гараад өгнө гэсэн чинь нотариатч гэрээ хийхгүй гэхэд мөнгөө гаргаж харуулсан. Гэрээ хийгээд гарын үсэг зураад дуусаад би унших гэсэн чинь чамд хэрэггүй гээд гэрээгээ авсан. Гараад мөнгөө авах гэсэн чинь энэ байгууллагын мөнгө, чамд орой мөнгө цугларахаар өгнө гэсэн. Би итгээд орой болтол хүлээгээд утсаар ярихад мөнгө байхгүй гээд өгөөгүй. Сүүлд таараад мөнгө өгөхгүй бол гэрээгээ авъя гэхэд утгасан гэж хэлсэн. Тэгээд л тийм юм байлгүй гээд бодоод өнгөрсөн. Тэр зээлийн гэрээнд тусгасан мөнгийг аваагүй учир тэр гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Саранцэцэг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Х.Саранцэцэг би Э.Бат-Оргилоос 6.584.000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан байгаа бөгөөд, одоо дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

            Э.Бат-Оргил нь 2017.02.21-нд надаас 4.500.000 төгрөг зээлэн, зээлийн гэрээний хугацааг 9 сарын хугацаатай, зээлийн хүүг сарын 3.5% гэж тохирсон, мөн зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцохоор гэрээнд тусгаж үүрэг хүлээсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг үндсэн зээл болон хүүнээс төлөөгүй, харин ч бүр би мөнгө тоолж хүлээж аваагүй, гараад мөнгө өгнө гээд өгөөгүй мэтээр гүтгэж надаас авсан мөнгөө эргүүлж төлөхгүйгээр санаархаж байгаад гомдолтой байна.

             Тэр өдөр надад бэлэн 2.500.000 төгрөг байсан ба би данснаасаа 2.000.000 төгрөг аван нийт 4.500.000 төгрөг болгон нотариат дээр гэрээ хийхдээ өгсөн. Тийм ч учраас бидний хийсэн гэрээний 2.2-т:“Зээлдүүлэгч мөнгийг зээлдэгч талд гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн болно.” Мөн 2.5-д: “Үндсэн зээлээс сар тутамд 500.000 төгрөг зээлийн хүүг сар бүрийн 21-ний дотор төлнө” гэж үүрэг хүлээн нотариатаар баталгаажуулсан билээ. Иймд би Э.Бат-Оргилоос:1. Үндсэн зээл 4.500.000 төгрөг, 2. Зээлийн гэрээний хүү 4.500.000*3.5%=157.500*9 сар=1.047.500 төгрөг, 3. Үндсэн зээл болон хүү нийлээд 5.917.500 төгрөгийг 2017.11.21-ээс хойш 2018.05.10 хүртэл төлөөгүй ч алдангийг хоногийн 0.5%-иар бодож үзэхэд 180 хоног хэтэрсний 5.220.000 төгрөг болж байгаа боловч төлөөгүй үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн алданги тооцож болохгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан 5.917.500-ийн 50% 2.958.750 төгрөгийн алданги дээр нь төлөх ёстой үндсэн зээл, 9 сарын хүүг нэмж 8.876.250 (Найман сая найман зуун далан зургаан мянга хоёр зуун тавин төгрөг)-г нэхэмжилж байна гэжээ.

 

            Хариуцагч Э.Бат-Оргил шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Бат-Оргил би Х.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Э.Бат-Оргил би Х.Саранцэцэгээс 2017 оны 2-р сард Олон улсын худалдааны төвд уулзаж “та хүүтэй мөнгө ззэлж байгаа юу гэж асуухад Х.Саранцэцэг зээлж байгаа хэд хэрэгтэй вэ? ” гэж асуухад 4.000.000 төгрөг хэрэг болоод гэхэд за би бодож байгаад хэлье гээд 2017.02.21-ны өдөр Х.Саранцэцэг рүү залгахад аан за арай гүйцээгүй байна, гэж хэлээд өдөр 12 цагийн үед утасдаад Бат-Оргилоо Иргэний үнэмлэхээ аваад ажил дээр хүрээд ир гэж дуудахаар нь би очтол хоёулаа эхлээд нотариат ороодохьё гээд намайг машиндаа суулгаад 2 ч нотариат орсон. Уг 2 нотариат нь бэлэн юм уу дансаар хийсэн баримтаа авчирч ирээд нотариат батална гэж байсан. Ингээд бид 2 Эрдэнэс Плазагийн 2 давхарт байрлах нотариат дээр очиход нотариатч залуу Х.Саранцэцэг та Э.Бат-Оргилд 4.000.000 төгрөгөө өгсөн үү гэхэд аан би одоо аваад ирье гээд гарч яваад 20иод минутын дараа орж ирсэн. Орж ирэхдээ жижиг ууттай юм барьсан байсан. Ингээд нотариат аан за та мөнгөө аваад ирсэн үү гэтэл тиймээ би аваад ирлээ гэж хэлээд би итгээд гарын үсэг мөнгө хүлээлцсэн дээр гарын үсэг зурсан. Урьд өмнө Х.Саранцэцэгээс хэд хэдэн удаа мөнгө зээлж авч өдрөөр нь төлдөг байсан болохоор би итгэсэн. Гэтэл нотариатаас гараад би за мөнгөө гэтэл за би орой чамд мөнгөө гүйцээгээд өгье энэ ажлын мөнгө юм гэж байсан гэж хэлээд бас болоогүй чи мөнгөө авахаараа энэ нотариатын 1%-ыг аваарай гэж хэлээд нотариатын 2%-ыг хоёуланг нь аваад явсан. Би ингээд орой дансруу хийчих байх гээд итгээд байж байгаад бүр 3 хоног байдаггүй. Тэгэхээр нь за Сараа эгчээ гүйцэхгүй байна уу? Гэж өдөр бүр залгаж лавладаг байсан. Ингэж явсаар нилээн олон сар өнгөрөөд нэг удаа Х.Саранцэцэгтэй тааралдахад манай эхнэр Сараа эгчээ та өнаах нотариатаар орсон 2% гэрээгээ яасан бэ устгасан уу гэж асуухад Өө аль дээр л устгачихсан ш дээ гэж хариулахад би итгэсэн. Ингээд тэр мөнгө ч аваагүй, мөн нотариатын гэрээгээ устгасан гэсэн болохоор би огт анзаарсангүй. Тэгээд саяхан Х.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй бүр 4.500.000 төгрөг зээлсэн гэсэн нотариатын гэрээтэй шүүх дээр дуудахад бүр гайхаад Х.Саранцэцэгтэй уулзах гэтэл огт зугтаагаад уулзахгүй, залгахаар утсаа ч авахгүй хүнийг ингэж гүтгэж, гүрдэж болмооргүй л баймаар. Би Х.Саранцэцэгээс мөнгө зээлж аваагүй бөгөөд Х.Саранцэцэг нь зөвхөн нотариатын гэрээгээр ингэж хүнийг гүрдэж гүтгэж байгаад би шат дарааллан шалгуулах хүсэлтэй байна. Мөн шүүх хурал дээр Х.Саранцэцэгийг биеэр ирж нүүрэлдэхийг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Анх 6,584,000 төгрөгийг нэхэмжилж байгаад явцын дунд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Анх зээлийн гэрээ байгуулахдаа сарын 3,5 хувиар бодож 0,5 хувийн алдангитай байдлаар гэрээ байгуулсан. Надаас авсан мөнгөө одоо эргүүлж төлөхгүй гэж санаа гаргаж байгаад гомдолтой байна. Уг мөнгийг бэлнээр өгч өгсөн. 180 хоног хугацаа хэтэрсэн алданги нийт 8,876,250 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч уг мөнгийг аваагүй гэж байгаа. Тэгтэл энэ хүнтэй нотариатын газар албан ёсоор гэрээ байгуулсан. Хавтаст хэрэгт гэрчээр Хишигбаатарыг хүртэл асуусан байгаа. Мөнгө хүлээлцсэн болон хүлээж авсан гарын үсэг байгаа. Манай зүгээс илүү мөнгө нэхээгүй зөвхөн зээлийн гэрээнд дурдсан зүйлүүдийг л нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага 8,876,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х.Саранцэцэгээс 4 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй мөнгө зээлхээр болсон. Хоёр нотариат дээр очсон боловч гэрээ хийгээгүй. Тэгээд “Эрдэнэс плаза” дээр очиж гэрээ хийсэн. Тухайн үед надад мөнгө харуулсан боловч мөнгө өгөөгүй. Мөн нотариатын гэрээг хүртэл өгөөгүй. Намайг зүгээр гарын үсэг зурчих гараад мөнгийг өгье гэж хэлээд гэрээгээ аваад гарсан боловч энэ мөнгө байгууллагын мөнгө учир орой өгнө гээд явсан. Энэ хугацаанаас хойш нээх их харьцдаггүй байж байгаад олон улсын төвд эхнэртэйгээ хамт явж байгаад Х.Саранцэцэгтэй тааралдаад мөнгө зээлэх талаар асуухад нотариатаар батлуулж байж болно. Хэд хоногоос болъё гэсэн. Тэгээд дараа нь Х.Саранцэцэгтэй хамт очиж нотариат дээр гэрээ хийгээд гарын үсэг зурчих гэж зуруулаад надад одоо байгууллагын мөнгө явж байна. Орой мөнгө цугларахаар өгнө гэж хэлээд нотариатын гэрээг надад харуулаагүй. Урьд нь Х.Саранцэцэгээс мөнгө зээлдэг байсан учир итгэсэн болохоор гарын үсэг зурсан. Өнөөдөр би өөрөө хохироод явж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

  Нэхэмжлэгч Х.Саранцэцэг нь хариуцагч Э.Бат-Оргилд холбогдуулан үндсэн зээл 4 500 000 төгрөг, үндсэн хүү 2 084 000 төгрөг нийт 6 584 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж үндсэн зээл 4 500 000 төгрөг, хүү 1 417 500 төгрөг, алданги 2 958 750 төгрөг нийт  8 876 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э.Бат-Оргил нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

 

   Хариуцагч Э.Бат-Оргил нь зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээг хүчингүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.

 

   Нэхэмжлэгч Х.Саранцэцэг, хариуцагч Э.Бат-Оргил нар нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 4 500 000 төгрөгийг, 9 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн зээлээс сар  тутамд 500 000 төгрөг, зээлийн хүүг сар бүрийн 21-ний дотор төлөхөөр, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөхөөр гэрээ байгуулсан байна.

 

Дээрхи гэрээний дагуу 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 4 500  000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багт байрлах, Эрдэнэс плаза төвийн 2-р давхарт байрлах нотариатчийн ажлын байранд бэлнээр хүлээлгэн өгсөн талаар Мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн байна.

 

Хариуцагч Э.Бат-Оргилын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэнэс плазагийн 2 давхарын камерийн бичлэг, Үйлчилгээний төв орчмын камерийн бичлэгийг хуулбарлан авахыг хүссэн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 37/3/2763 дугаартай албан бичиг, мөрдөн байцаагчийн тэмдэглэлд ...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн камер устгагдсан гэсэн тэмдэглэл, Барилга трейд ХХК-наас ирүүлсэн албан бичигт ...манай байгууллагын камерийн бичлэг 30 хоног хадгалагддаг тул 2017 оны 2 дугаар сарын 21-ний бичлэг манай байгууллагад байхгүй гэж ирүүлсэн байна.

 

Мөн хариуцагчийн хүсэлтээр Б.Пүрэвсүрэнд хууль сануулсан мэдүүлэг авсан байх бөгөөд хариуцагч Э.Бат-Оргилоос сонссон зүйлээ дамжуулан хэлсэн байх тул гэрчийн мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолгүй, гэрч М.Хишигбаатар нь ...би тухайн үед мөнгийг тоолоогүй, миний ажлын байранд мөнгө хүлээлцэж байгаа бол гэрээний хавсралтаар мөнгө хүлээлцсэн баримт үйлддэг, дансаар шилжүүлж байгаа бол гэрээнд нь зээлдэгчийн дансанд шилжүүлнэ гээд заалт болгоод оруулж өгдөг гэж мэдүүлсэн нь талууд мөнгө хүлээлцэж баримт үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Э.Бат-Оргил нь зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй болохоо  нотлож чадаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл тул хүчингүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлүүд нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэлүүд орох бөгөөд 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл орно.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд Х.Саранцэцэгээс 4 сая төгрөг зээлээч гэж гуйсны дагуу зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг өгөөгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь зээлийн гэрээ байгуулж зээл авах, нөгөө талаас гэрээ байгуулан мөнгө зээлдүүлэх санаа зорилго хэн алинд нь байсан байх тул дүр үзүүлэн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл гэрээ хуулийн дагуу байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Э.Бат-Оргил нь мөнгө аваагүй болохоо нотлож чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д  Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээний 2.6-д Зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлнө, 3.2-т Гэрээ нь зээлдүүлэгчээс  зээлдэгчид мөнгийг бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар хариуцагч Э.Бат-Оргилоос үндсэн зээл 4 500 000 төгрөг, 9 сарын хүү 1417 500 төгрөг нийт 5 917 500 төгрөгийн үндсэн үүргээс алданги тооцож 2 958 750 төгрөг нийт  8 876 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Саранцэцэгт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Э.Бат-Оргилоос 8 876 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Саранцэцэгт олгож, гэрээ хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158294 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 156970  төгрөг гаргуулж нэхэмжлэгч, төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 1 324 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА